sonin.mn

Боловсролын чанар зөвхөн хичээлийн танхимын багш, сурах бичгээр хэмжигддэггүй. Оюутны өдөр тутмын амьдрал, тэдний сонголт, боломж, хүрээлэн буй орчноос шууд хамаардаг. Ирланд болон Монголын оюутнуудын түүхийг эргэцүүлж харахад энэ байдал ч тодхон. Ирландын нийслэл Дублин хотод өглөөний жавар үлээхэд, гудамжинд ажлаа хийж, хичээлдээ яарах хүмүүсийн урсгал тасардаггүй. Тэдний дунд аягатай coffee барин алхах монгол залуус их. Өдөр нь коллеж, хэлний бэлтгэлийн хичээлдээ суудаг залуус орой нь хагас цагийн ажил хийж амьжиргаагаа залгуулна. Өдөр болгон цагтай уралдаж, ажил амьдралаа зохицуулах эдгээр залуус шинэхэн орчинд хөл нийлүүлэн алхсаар.


Б.Баярчимэг


Эдгээрийн нэг болох нийтлэлийн баатар болох хоёр охины нэг нь Б.Баярчимэг юм. Тэрээр Ирландад ирээд хоёр жил болж байна. Арван жилээ төгсөөд зөөгчөөс зохион байгуулагч хүртлээ дэвшин ажиллаж байгаад Дублинд ирсэн. Айлын гурав дахь хүүхэд. Аав ээжийн хайр халамжинд өсөж торнисон тэрээр өөрийнхөө төлөө илүү зүйлийг хийж бүтээж амжилтад хүрэх гэсэн зорилготой. Зорилгодоо хүрэхийн тулд өглөөний 06:00 цагт тавьсан сэрүүлэгтээ нүдээ нухлан өндийж, шинэ өдрийг эхлүүлнэ. Түрээсийн байрны жижигхэн өрөөндөө яаран босож хувцсаа өмсөөд өглөөний цайндаа ганц хоёр өндөг, буцалсан халуун ус балгаад гарна. Дөнгөж 07:00 цаг болоход тэр аль хэдийнээ дэлгүүрийн тавиур дээр сүү, талх өрж, үйлчлүүлэгчдэд өглөөний цайгаар үйлчилнэ. Хэдхэн цаг үргэлжлэх ажлаа дуусгаад, өдрийн цагаар сургууль руугаа гүйнэ. Ирландын коллежийн түүний анги 100 орчим оюутантай. Багш бүр оюутан бүрийг хичээлдээ идэвхитэй оролцуулахыг зорьдог. Лекцээс гадна практик семинарууд, багийн ажил, лабораторийн дадлага ихтэй.


“Энд суралцах хамгийн том давуу тал бол мэдлэгийг шууд практикт хэрэглэх боломж” гэж Ирландын оюутнууд ярих нь ч их. Гэвч түүний амьдралын сорилт зөвхөн хичээл биш. Хичээлээ тараад тэр ихэнхдээ ресторан руугаа явна. Өдрийн цай, оройн хоолны цагийн ачаалалд хэдэн арван үйлчлүүлэгчид үйлчилж, орой 23:00 өнгөрөхөд л удаах ажил нь тарна.


Хэдий ядарсан ч гэсэн түрээсээ цагтаа төлөх, хоол хүнсний зардлаа даахын тулд энэ бүхнийг даван туулах шаардлагатай. Гэхдээ Ирланд дахь оюутны амьдралын бодит үнэн бол эдийн засгийн дарамт. Түрээсийн төлбөр өндөр, амьдралын зардал тасралтгүй өсөж байгаа нь олон оюутныг хичээлээ таслах хэмжээнд хүргэдэг. Үүнээс үүдэн Монгол оюутнууд ч хэлний бэлтгэлийн визний зөрчил үүсгэх асуудал олон байдаг аж. Ирландын оюутны холбооны 2024 оны тайланд оюутнуудын 70 хувь нь долоо хоногт доод тал нь 20 цаг ажилладаг бол 35 хувь нь оройн цагаар буюу шөнийн ээлжээр ажилладаг гэжээ. Энэ нь боловсрол эзэмшихээс гадна амьдралын хатуу сургамжийг давхар зааж байгаа хэрэг.


Харин Баярчимэгийн хувьд өдөрт 12 цагийн турш ажил, хичээл хоёроо зэрэг амжуулах нь үнэндээ амаргүй. Гэвч тэр энэ бүхэн ирээдүйгээ өөрийн гараар бүтээж байна гэсэн тэмүүллээр урагш алхаж буй нэгэн. Түүний хувьд ирээдүйн амжилт зөвхөн ном, онолын хуудаснаас биш, ажил хөдөлмөр, амьдралын тэмцэл дундаас урган гарч байна.


Харин өөрийнхөө Монголд суралцаж байсан үеийн талаар тэрээр “Би ахлах сургуулиа төгсөхдөө эрүүл мэндийн олон улсын сайн дурын байгууллагад ажиллана гэсэн бодолтой байсан. Түүндээ хүрэхийн тулд англи хэл шаардлагатай болж, зарим сургалтын газруудад суусан ч тийм сайн хүлээлтэд хүрээгүй. Тиймээс зуучлалын байгууллагаар дамжуулж Ирландад суралцах боломжтой гэдгийг мэдсэн. Олон улсын байгууллагад ажиллахад Монголын их сургуулийн сургалт дутмаг учраас энэ замыг сонгосон. Ирландад ирснээр биеэ дааж, санхүүгийн хувьд чөлөөтэй хэдий ч баригдмал байдалд хүрсэн. Тиймээс өөрийн зорьж буй зүйлдээ үе шаттайгаар хүрэхийг хичээж байна. Байрны сарын түрээс 500 еврогоос эхэлдэг учраас цалингийнхаа талийг нь өгчихдөг. Үлдсэнээр нь хоол, автобусны зардлаа зохицуулна. Гэхдээ энд сурч төгсөөд дэлхийн хаана ч ажиллах боломж байна гэдэг бодол намайг шантрахгүй байхад тусалдаг” гэсэн юм. Энэ бол Дублин хотод амьдарч буй нэгэн охины бодол юм. Тэгвэл Монголд сурч буй оюутнууд ямар замыг туулж буй талаар дараагийн хэсэгтээ хуваалцъя.


“Оюутнуудын хүндрэл нь боловсролын чанарын ялгаатай байдал”


Харин улсын нийслэл Улаанбаатарын маань их сургуулиудад сурч буй мянга мянган залуус өөрсдийн замаар алхсаар…


Д.Аминчимэг


Өглөө бүр автобусны чихэлдээнд зогсон, цонхоороо Улаанбаатарын хотын өнгө аясыг ажих зуураа чихэвчээрээ дуртай дуугаа сонсох нь монгол оюутны хамгийн энгийн жаргал. Тэдний нэг бол нийтлэлийн маань дараагийн зочин ШУТИС-ийн хоёрдугаар курсийн оюутан Д.Аминчимэгийн өглөө бүрийн дүр зураг юм. Түүний хувьд амьдралын хамгийн том зорилго бол сурч боловсорч, эцэг эхийнхээ итгэлийг алдахгүйгээр “Мундаг хүн болох. Бас мөрөөдөлдөө хүрэх”.


Түүний амьдралын гол төв нь сургууль. Өглөө 07:00 цагт эхлэх хичээлдээ амжихын тулд гэрээсээ 05:30 цагт гарна. Автобусны буудал дээр дор хаяж 15–20 минут дугаарлаж, чихэлдсэн хүмүүсийн дунд шахцалдан суух нь өдөр тутмын хэвийн үзэгдэл. Заримдаа хичээлдээ хоцорч орж ирэхдээ “Энэ бол миний сонгосон зам” гэж өөрийгөө зоригжуулна.


Түүний сурч буй ШУТИС-ийн сэргээгдэх эрчим хүчний анги онолын суурьт их төвлөрдөг. Танхимд суух оюутан багшийн яриаг бичиж тэмдэглэх бөгөөд заримдаа микрофон ч хүрэлцэхгүй тул арын эгнээнд суусан оюутнууд лекцийн зарим хэсгийг ойлголгүй өнгөрөөх нь бий. Лабораторын тоног төхөөрөмж хүрэлцээ муутай учир зарим хичээл дээр зөвхөн багшийн зааврыг үзээд өнгөрөх нь олонтаа. Энэ талаар “Манай сургалт сайн талтай ч, заримдаа онол хэт давамгайлдаг. Би инженер болохын тулд илүү их дадлага хийх хэрэгтэй гэж боддог” гэлээ. Гэсэн ч тэрээр оюутны амьдралаа гэр бүлтэйгээ ойр, ахуйн дарамт багатай өнгөрөөж байгаагаа давуу тал гэж үздэг.


Ээж нь өдөр бүр “Хоолоо идэж, сайн амраарай” гэж захиж, аав нь “Сайн сураарай, бид чамд итгэж байгаа” гэж дэмждэг нь хичээлдээ бүхнээ зориулах урам өгдөг гэсэн юм. Харин Монголын оюутнуудын хувьд гол хүндрэл нь боловсролын чанарын ялгаатай байдал гэдгийг ч мөн хэлж байлаа. Үүнтэй санал нийлэх хэд хэдэн судалгаа бий.


Олон улсын судалгаагаар Монголын их дээд сургуулиудын сургалтын материал шинэчлэгдэх хурд дэлхийн дундажтай харьцуулахад удаан гэсэн төлөвтэй байдаг. Мөн 2023 онд гарсан Боловсролын үнэлгээний тайланд Монголын их дээд сургуулийн 60 хувьд нь лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт шаардлагатай гэж тэмдэглэжээ. Гэвч Аминчимэгийн хувьд “Монголд сурч байгаа минь хямд зардалтай, гэр бүлтэйгээ ойр, өөрийн хэл дээрээ суралцаж байгаа давуу талтай” гэж боддог ажээ. Харин одоо судалгаан дээр тулгуурласан хоёр хотын боловсролын талаар мэдээллээс хүргэе.


Сүүлийн арван жилд Ирланд Европын “оюутны төв” болжээ


Дээд боловсролын албаны мэдээллээр 2023 онд гэхэд л 32 мянга гаруй олон улсын оюутан тус улсад суралцсан байна. Энэ тоо жил бүр тогтмол өсөж байгаа нь, тэндээс авч буй диплом зөвхөн Европт төдийгүй дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн баталгаа юм. Мөн “Irish Times” сонинд нийтлэгдсэнээр, Ирландын боловсролын систем нь олон улсын ажил олгогчдод өндөр үнэлэгддэг салбарууд болох бизнес, инженерчлэл, мэдээллийн технологид түлхүү чиглэж байгаа нь оюутнуудыг татах гол шалтгаан болж байгаа аж. Харин Монголд сурах өртөг харьцангуй бага.


Жилд дунджаар дөрвөн сая төгрөгөөс дээш сургалтын төлбөр төлөхөд хангалттай бөгөөд амьдралын зардал нь Ирландынхаас хэд дахин бага. Гэхдээ гол асуудал нь чанар.


Үндэсний Статистикийн Хорооны 2023 оны мэдээллээр Монголын их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцаж байгаа ч, зарим судалгаагаар төгсөгчдийн дөнгөж 30 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна. Энэ бол чанар, хөдөлмөрийн зах зээлтэй уялдах байдал сул байгаагийн тод илрэл юм. Гэвч энэхүү нийтлэлээрээ дамжуулан Монголын сургалтыг муугаар харлуулах гэсэнгүй. Ямар нөхцөл байдалд оюутнууд нь суралцаж байгаа гэдэг бидний нүдэнд тодхон харагддаг.


Бид олон улсад оюуны чадамжаараа дээгүүрт эрэмбэлэгддэгийн адил боловсролын чанартаа багахан анхаарч олон улсад хүч үзэх цаг нэгэнт иржээ.


Ийнхүү хоёр хотын мөрөөдлөө биелүүлэхээр урагш зорьж буй залуусын төлөөллүүд нэг зорилгоор чанартай боловсрол эзэмшиж, ирээдүйгээ өөрөө бүтээхээр өөрсдийн боломж, байгаа нөхцөлдөө суралцаж байна. Нэг нь Улаанбаатарын автобусанд багшийнхаа даалгаврыг бодон явж байхад, нөгөө нь Дублин хотын нэг жижиг дэлгүүрт зогсон, дараа нь лекц рүүгээ яарах байдал. Гэвч тэдний мөрөөдөл нь сайн боловсрол, сайхан ирээдүйн төлөөх тэмцэл юм.



Д.ДАРАМБАЗАР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин