
“Оросын ахмадууд” хөдөлгөөн тус улсынТөрийн Дум болон Эрүүл мэндийн яаманд хандан, Оросын иргэдийг НАТО-д багтдаг улс орнуудад аялахыг хориглох санал гаргахаар болжээ. Энэ тухай тус хөдөлгөөний дарга Ильдар Резяпов мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, уг хориг нь хэд хэдэн зорилготой. Үүнд: Оросын иргэдийн гадаад аяллын зардлыг бууруулах, жуулчдыг онцгой байдлын эрсдлээс хамгаалах, гадаадад зарцуулсан мөнгө “Киевийн дэглэмд тусламж болохоос” сэргийлэх зэрэг багтаж байна.
Баримт бичигт Франц, Герман зэрэг ОХУ-д “дайсагнасан байр суурьтай” улс орнуудын нэр дурдагджээ. Мөн жил бүр 6 сая гаруй орос жуулчин очдог Турк улс ч НАТО-д харьяалагддагийг онцолсон байна.
Резяповын тайлбарласнаар, “НАТО-гийн орнууд дэлхийн батлан хамгаалах нийт зардлын 67 хувийг эзэлдэг нь тус эвслийн түрэмгий зорилгыг харуулж, Орост шууд аюул учруулж байна. Тиймээс иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал” гэжээ.
Гэхдээ уг санаачилга нь зөвхөн жуулчлалын зорилгоор зорчих хөдөлгөөнд хамаарах бөгөөд эмчилгээ хийлгэх эсвэл төрөл саднаа эргэх зорилгоор гадагш явах иргэдэд үйлчлэхгүй аж.
Резяпов: “Бид эх орныхоо баялагт илүү үнэ цэн өгч, өөрийн амралтын газрууд, газар нутаг, ард түмнээ үнэлж сурах ёстой. Манай дайчид Оросыг хамгаалж байгаа цагт улс тэдний эрх ашгийг хамгаалж, дотооддоо зохистой амралт, нөхөн сэргээх орчин бүрдүүлэх үүрэгтэй” гэж мэдэгдэв.
Оросын эрх баригчдын урт хугацааны аялал жуулчлалын стратегид ч гадаадын амралтаас татгалзах чиглэл тусгагдсан. 2030 он гэхэд дотоодын аяллын тоо 140 саяд хүргэхээр төлөвлөсөн нь 2024 оны үзүүлэлтээс (96 сая) даруй 1.5 дахин их юм.
Гэсэн ч Европ руу аялах сонирхол бүрэн арилаагүй хэвээр байна. 2024 онд ЕХ-руу зорчсон орос иргэдийн тоо 1.4 сая байсан бол 2025 оны зуны байдлаар энэ урсгал 15–20 хувиар өссөн гэж Аялал жуулчлалын операторуудын холбоо мэдээлжээ.
Х.Цэцэнноров
Эх сурвалж: moscowtimes.ru
Сэтгэгдэл2
Монголд гэтэл Орос Европ гэж Буриадууд шоуддаг.
Дайн болж байхад аялаад яваад байдаг хүмүүс бас байдаг байх нээ !! бүгдийн нь чихдээд цэрэгт явуул !