sonin.mn

НЗДТГ, Дэлхийн банк, Нидерланд улсын Дэд бүтэц усны аж ахуйн яам болон Нидерланд улсын Унадаг дугуйн элчин сайдын яамтай хамтран “Идэвхтэй зорчилт хөдөлгөөн – Улаанбаатар хот” сургалтыг зохион байгууллаа. Олон улсын шилдэг туршлагад тулгуурлан Улаанбаатар хотын зам, гудамжны төлөвлөлт, дугуйн болон явган замын сүлжээний загварыг сайжруулахад оролцогчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулсан юм.


Сургалтад нийслэлийн Замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, НТБГ, Тээврийн цагдаагийн алба, Нэгдсэн төслийн удирдлагын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Монголын авто замын холбоо, Монголын авто замчдын холбоо зэрэг байгууллагын 50 гаруй албан хаагч оролцов. Сургалтаар дугуйн замын сүлжээ төлөвлөлт, дугуйн замын стандарт, аюулгүй байдал сэдвээр мэдээлэл солилцсон юм. Хот байгуулалт, хотын стандартын авто зам замын байгууламжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Анхбаяр “Дэлхийн банкны урилгаар Нидерланд улсын Унадаг дугуйн элчин сайдын яамны эксперт, менежерүүд ирж өнөөдрийн сургалтад илтгэл тавьж байна. Эдгээр мэргэжилтнүүд Улаанбаатар хотын дугуйн замын бодит байдлыг дүгнэж, хоёр дугуйт тээврийн хэрэгслийн дэлхийн чиг хандлагыг Улаанбаатар хотод нэвтрүүлэхэд юунд анхаарах шаардлагатай талаар зөвлөгөө мэдээлэл өглөө” гэв.


Нидерландын Дугуйн элчин сайдын яамны төслийн менежер Шелли Бонже “Бид Монголд ирээд гурав хонож байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотоор явж, скүүтэр, хоёр дугуйт зэрэг нийтийн тээврийн хэрэгслүүдийг унаж, нөхцөл байдалтай танилцсан. Улаанбаатар хот маш гайхалтай, гоё хот байсан хэдий ч, тулгамдаж буй асуудлууд байв. Үүний нэг нь замын түгжрэл байсан. Иргэд ихэнхдээ хувийн машин эсвэл нийтийн тээвэр гэсэн сонголттой байгааг ажигласан. Улаанбаатар хотын замын түгжрэл их учраас нийтийн тээврийг ашиглавал илүү зохимжтой санагдлаа” гэлээ.


Дэлхийн банкны тээврийн ахлах мэргэжилтэн Эдвард Беукес “Би Улаанбаатар хотын тогтвортой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх төслийн багийн ахлагчаар ажиллаж байна. Уг төслийг Дэлхийн банк 2021 онд баталсан бөгөөд өнөөдрийн байдлаар хэрэгжилтийн шатандаа явж байна. Уг төсөлд хэд хэдэн ажил багтсан. Тухайлбал, Өнөр хорооллын арын 2.8 км замыг цогц гудамж зам болгон тохижуулж байна. Ингэхдээ дугуйн зам, явган хүний замыг цогцоор нь шийдэж, хүнд ээлтэй гудамж болгох юм” гэдгийг хэлж байв.