sonin.mn

Улаанбаатар хотод тулгамдсан хүн амын хэт төвлөрөл, агаар, хөрсний бохирдол зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хүрээнд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэх бодлогоор Баянхошуу, Шархадны хоёр байршилд нийт 5000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.


Тухайлбал, Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барих юм. Эдгээр төслийн талаар нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөны үеэр танилцууллаа.


Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын Төслийн зохицуулагч Б.Хишигтогтох “Баянхошуу дэд төвийн I шатанд нийт 462 айлын орон сууц баригдаж байна. Өнөөдрийн байдлаар B15 талбарт баригдаж буй 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууссан. B13-1 талбарт 150 айлын орон сууцны барилга угсралтын ажил 67 хувьтай, B13-2 талбарт 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 50 гаруй хувьтай байна. Харин хамгийн сүүлд эхэлсэн B13-3 талбарт 126 айлын орон сууцны гүйцэтгэгчийн ажлын сонгон шалгаруулалт хийгдэж байгаа юм.


Төслийн хүрээнд орчны тохижилт, ногоон байгууламж болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж байгаа бөгөөд дэд бүтцийн ажлын гүйцэтгэл 100 хувьтай, гадна тохижилтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна” гэлээ.


Шархад дэд төвийн I үе шатанд 338 айлын орон сууцыг 5.4 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг төслийн нэгдүгээр шатны ажил болох 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууссан бөгөөд S27-2 талбарын 152 айлын орон сууцны барилга угсралтын ажил 69.6 хувьтай явагдаж байна. Мөн S27-2-1 талбар дахь 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 47 хувийн гүйцэтгэлтэй байна. Шархад дэд төв төслийн хүрээнд гадна орчны тохижилт, ногоон байгууламжийн ажил, инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж, дэд бүтцийн ажлын гүйцэтгэл нийт 99 хувьтай үргэлжилж байгаа аж.


Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн онцлог:


  • 35-75 ам.метр талбайтай нийт 12 төрлийн сууцны сонголттой.
  • Өдөрт хамгийн багадаа 3-4 цаг нар тусгалыг айл бүр авах боломжтой байхаар барилгын өндөр 4-5 давхар төлөвлөсөн.
  • Нэгдүгээр давхартаа худалдаа үйлчилгээ хосолсон дулаан зогсоолтой ногоон орон сууц байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сууц нийт орон сууцны 10 хувьд төлөвлөсөн.