
МАНИЛА, 2025 оны аравдугаар сарын 1 /AP/. Филиппиний төв нутагт 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 69-т хүрч, 140 гаруй хүн гэмтэж бэртсэн гэж эрх баригчид лхагва гарагт мэдэгджээ.
Мягмар гаргийн шөнө орон нутгийн цагаар 21:59 цагт болсон газар хөдлөлтийн голомт нь Себу мужийн төв хэсэгт орших далайн эргийн Бого хотоос зүүн хойд зүгт 19 км-ийн зайд, 5 км-ийн гүнд байжээ.
Ерөнхийлөгч Фердинанд Маркос байгалийн гамшигт өртөн амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, эсэн мэнд үлдсэн хүмүүст яаралтай тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Филиппиний Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэнгээс цунамийн аюулаас сэрэмжлүүлж, хүмүүсийг далайн эргээс хол байхыг анхааруулсан боловч давлагаа ажиглагдаагүй тул сэрэмжлүүлгийг цуцалсан байна.
“Энэ бол маш хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байна. Бид хохирлын үнэлгээ болон газар хөдлөлтийн дараах чичирхийллийг хүлээж байна” гэж тус хүрээлэнгийн захирал Тересито Баколкол радиод ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Өнгөрсөн баасан гарагт Себу мужийг хүчтэй шуурга дайран өнгөрч, модод булгарч, үерийн гамшиг нүүрлэсний улмаас 27 хүн амиа алдсаны дараа газар хөдөлсөн байна.
Газар хөдлөлтийн улмаас Филиппиний төв нутагт хоёр сүм, спортын цогцолбор зэрэг олон барилга байгууламж эвдэрч сүйджээ. Хүчтэй чичирхийллээс үүдэн цахилгаан тасарсан тул оршин суугчид харанхуйд балмагдсан гэж албаныхан ярьсан байна. Нийгмийн сүлжээнд цацагдсан дүрс бичлэгүүдээс үзэхэд барилга байгууламжууд нурж, хүмүүс сандралдан гүйж байгаа нь харагдана.
Аврах албаныхан хад чулуу, хөрс нурсан уулын ойролцоох тосгонд хүмүүсийг аврахаар ажиллаж байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна гэж Байгалийн гамшгийн уршгийг арилгах албаны ажилтан Рекс Игот хэлжээ. Филиппин бол байгалийн гамшигт хамгийн их өртөмтгий орнуудын нэг юм. Номхон далайн “Галт цагариг”-т оршдог тус улсад газар хөдлөлт түгээмэл болдог боловч ихэнх нь мэдрэгдэхээргүй сул хүчтэй байдаг.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0