sonin.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн гурван байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр боллоо. 


Вокзалын баруун талд “Хермес”-ийн нүхэн гарцыг барих ажлын хүрээнд есөн аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар 4 ААН-тэй зөвшилцөөд байна.  Харин Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажлын газар чөлөөлөлт дууссан. Уг нүхэн гарцын трасс нь Энхтайваны өргөн чөлөөг Цахилгаан станцын зам буюу Эрчим хүчний гудамжтай холбох чухал ач холбогдолтой. Энхтайваны өргөн чөлөөний буюу Улаанбаатар хотын төв авто замын түгжрэлийг бууруулахад 10 орчим хувиар нөлөөлөх юм. Мөн Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барьснаар Ханын материал, Толгойт, Баянхошуу чиглэлээс ирэх авто замын хөдөлгөөнийг Улаанбаатар хотоос урагшаа босоо тэнхлэгээр нэвт гарах боломжийг бүрдүүлнэ. Иргэд заавал зүүн эргэж Гурвалжингийн гүүрээр урагш нэвтрэх, мөн баруун эргэж Таван шарын нүхэн гарцаар урагш нэвтрэх шаардлагагүй. Геологийн төв лабораторийн нүхэн гарцаар Яармаг руу нэвтэрч, Нисэхийн хурдны зам руу гарах боломж бүрдэнэ.


Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нүхэн гарцууд барих ажлын явцыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.