sonin.mn

Улаанбаатар хотод хамгийн сүүлд 1983 онд Дулааны 4 дүгээр цахилгаан станц, 2015 онд Амгалангийн дулааны станц ашиглалтад орж байсан. 1983 оноос хойш 42 жил дулааны цахилгаан станц баригдаагүй. Тиймээс нийслэлээс эрчим хүчний төслүүдэд анхаарч, Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төсөлд ТЭЦ-5, тархмал эх үүсвэр төслийг тусгасан.


340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх ТЭЦ-5 төслийн тухайд төслийг хэрэгжүүлэх эрэмбэлсэн жагсаалтад орсон эхний оролцогчтой гэрээний хэлцэл үргэлжилж байна.


Эрчим хүчний төслүүд улс орны бүтээн байгуулалтын суурь болдог. Улаанбаатар хотоос Сэлбэ, Баянхошуу, Ханын материал орон сууцжуулах төслүүдтэй уялдуулан “Тархмал эх үүсвэр” төслийг есөн байршилд хэрэгжүүлнэ. Үүнээс хийн эх үүсвэртэй дөрвөн дулааны станцыг барина. Тархмал эх үүсвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил үргэлжилж байна.


Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ТЭЦ-5, Дэнжийн 1000 буюу Ногоон нуур орчимд 93 МВт хийн дулааны станц, Дамбадаржаагийн 63 МВт дулаан цахилгаан станц, Хан Хиллс хотхоны баруун талд 110 МВт дулааны цахилгаан станц, Эмээлтийн ДЦС гэсэн таван төслийг хэрэгжүүлнэ.


Тодруулбал, Дэнжийн 1000 орчимд буюу БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгаа 1008 айлын орон сууцны урд хэсэгт 2 га газрыг чөлөөлж, 93 МВт-ын хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.


Энэ онд багтаан уг төслийн олон улсын тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Сэлбэ хот, Дамбадаржаа орчмыг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм.