sonin.mn

9-р сарын 19-ний орой БНХАУ-ын дарга Ши Жиньпинь, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар утсаар ярьж, хоёр улсын харилцаа болон харилцан сонирхсон асуудлуудаар нээлттэй, гүнзгий санал солилцож, цаашдын Хятад–АНУ-ын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд стратегийн чиглэлийг тодорхойлжээ.


Ши Жиньпинь онцлохдоо, "Хятад, Америк хоёр улс Дэлхийн II дайнд хамтдаа тэмцсэн холбоотнууд байсан бөгөөд саяхан Хятад улс Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ Америкийн нисэх хүчний “Нисдэг барс” (Flying Tigers) ангийн ахмад дайчдын үр хүүхдийг урьж, парад үзүүлсэн. Хятадын ард түмэн Америк болон бусад холбоотон улсуудын өгсөн үнэтэй тусламжийг мартахгүй. Тиймээс бид түүхийг дурсаж, баатруудын гавьяаг хүндэтгэн, энх тайвныг эрхэмлэж, ирээдүйг хамтдаа бүтээх учиртай. Хятад–Америкийн харилцаа асар чухал ач холбогдолтой. Хоёр улс харилцан хүндэтгэж, эвтэй зэрэгцэн оршиж, хамтдаа хөгжин цэцэглэж чадна, ингэснээр зөвхөн хоёр орны ард түмэнд төдийгүй дэлхий дахинд ашиг тустай. Энэ зорилгод хүрэхийн тулд хоёр тал хамтдаа хүчин чармайлт гаргаж, тэгш хүндэтгэл, хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтын хөгжлийг хэрэгжүүлэх ёстой.


Сүүлийн үеийн ажлын хэсгийн зөвшилцөл нь тэгш, харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай байх зарчмыг харуулсан бөгөөд хоёр орны харилцаанд тулгамдаж буй асуудлуудыг зохистойгоор шийдвэрлэх боломжтой болохыг нотоллоо.


Түүнчлэн Америкийн тал ганц талын худалдааны хязгаарлалт авахгүй байх, олон шатны зөвшилцлөөр олсон ололт амжилтыг алдагдуулахгүй байх ёстой. TikTok-ийн асуудлаар Хятадын байр суурь тодорхой. Хятадын Засгийн газар компаниудын хүсэл сонирхлыг хүндэтгэж, зах зээлийн зарчимд нийцсэн бизнесийн хэлэлцээ хийж, Хятадын хууль тогтоомжид нийцсэн, ашиг сонирхлын тэнцвэртэй шийдэлд хүрэхийг дэмждэг. Мөн Америкт хөрөнгө оруулах Хятадын компаниудад нээлттэй, шударга, ялгаваргүй бизнесийн орчин бүрдүүлэхийг найдаж байна" гэлээ.


Дональд Трамп хэлэхдээ, "Японы түрэмгийллийн эсрэг Хятадын Ард түмний дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэсэн парад үнэхээр сүр жавхлантай болсон. Мөн Хятад–Америкийн харилцаа дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцаа бөгөөд хоёр орны хамтын ажиллагаа дэлхийн энх тайван, тогтвортой байдалд тустай олон ажлыг хэрэгжүүлэх боломжтой. Америкийн тал Хятадтай урт хугацааны, тогтвортой, эерэг “агуу харилцаа”-г хадгалахыг хүсэж байна. Түүнчлэн хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлж, TikTok-ийн асуудлыг ажлын хэсгүүдийн зөвшилцлөөр зохистойгоор шийдвэрлэхийг дэмжинэ. Америкийн тал цаашид ч Хятадтай хамтран дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад хүчин чармайлт гаргахад бэлэн байна" гэв.


Г.Бямба