
2025 оны Хятад, Өмнөд Солонгосын бизнес эрхлэгчдийн эдийн засгийн уулзалт 17-18-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо болов. Хоёр орны бизнесийн салбарын төлөөлөгчид шинэ эрчим хүч, шинэ материал, хиймэл оюун ухаан, робот техник болон бусад салбарын талаар гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Уулзалтыг БНСУ-ын Ажил эрхлэгчдийн ерөнхий нийгэмлэгийн дарга, Өмнөд Солонгосын CJ группийн захирал Сун Кён Сик болон Хятадын банкны ерөнхийлөгч Жан Хуй нар даргалан явуулав.
Жан Хуй энэ үеэр хэлэхдээ, "Хятадын технологийн үйлдвэрлэл, санхүү, ложистикийн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байгаа уг уулзалт нь Хятад, Өмнөд Солонгосын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хоёр орны аж ахуйн нэгжүүд сайн сайхан ирээдүйн төлөө хамтран ажиллахад илүү өргөн дэлгэр индэр байгуулж өгөх зорилготой юм " гэжээ.
Сун Кён Сик хэлэхдээ, "Өмнөд Солонгос, Хятадын бизнес эрхлэгчид худалдааны ивээх үзэл зэрэг хүнд сорилтуудтай тулгарч байна, Өмнөд Солонгос, Хятад хоёр орон хамтран тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн таатай орчныг бүрдүүлэх ёстой. Ялангуяа хоёр орны бизнес эрхлэгчид хамгийн сүүлийн үеийн технологийн шинэчлэл болох хиймэл оюун ухаан, робот техник хийгээд шинээр гарч ирж буй салбаруудыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой. Хоёр тал төсөл болон техникийн хамтын ажиллагаагаар дамжин нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд хүрч, шинэ зах зээлийг судлан нээж, ирээдүйн өсөлтийн эрч хүчийг хамтдаа бий болгохыг хүсэж байна" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0