
БАНГКОК, 2025 оны есдүгээр сарын 5 /DW/. Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинават шүүхээс өөрийг нь шоронд хорих шийдвэр гаргахаас өмнө пүрэв гарагт гэнэт эх орноосоо гарч явжээ.
Түүний охин Пхетхонгтхан Чинаватыг ёс зүй зөрчсөн гэх үндэслэлээр албан тушаалаас нь огцруулсны дараа дараагийн Ерөнхий сайдыг сонгох парламентын санал хураалт болохоос хэдхэн цагийн өмнө дээрх үйл явдал болсон байна.
Дээд шүүх Т.Чинаватыг шоронд хорих шийдвэрийг ирэх мягмар гарагт гаргах төлөвтэй байжээ. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар Сингапур руу нисэж байгаа гэж албаны хүмүүст мэдэгдсэн боловч түүний онгоц нислэгийн дундуур чиглэлээ өөрчилж, түүний өмнө нь амьдарч байсан Дубай хотод буужээ.
Баасан гаргийн өглөө тэрбээр нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгдэхдээ, мягмар гарагт болох шүүх хуралд оролцохын тулд буцаж ирнэ гэсэн байна. 2006 онд хилийн чанадад байхад нь төрийн эргэлт гарч албан тушаалаас нь огцруулах хүртэл тэрбээр Тайландын Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. 2008 онд эх орондоо богино хугацаагаар буцаж ирсэн боловч авлигын хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гарахаас өмнө дахин зугтсан байна. Олон жил цөллөгт байсны эцэст тэрбээр 2023 онд буцаж ирээд найман жилийн хорих ял сонсож, дараа нь хааны өршөөлөөр түүний ялыг нэг жил болгон бууруулжээ. Гэхдээ түүнийг эмнэлгийн өрөөнд хорьсон нь тусгай эмчилгээ хийлгэсэн гэх шүүмжлэлийг дагуулсан байна.
Шүүхийн шийдвэр биелүүлэх газар түүнийг хугацаанаас нь өмнө сулласан нь хуульд нийцэж буй эсэхийг Дээд шүүх мягмар гарагт шийдвэрлэх ажээ. Хэдийгээр түүний гэм буруутай эсэх нь хэргийн гол цөм биш боловч шүүхийн шийдвэрийн дагуу тэрбээр шоронд хоригдож магадгүй гэж зарим шинжээч үзэж байна.
2023 оны сонгуулиар хүчирхэг Чинаватын гэр бүлтэй холбоотой “Тайландын төлөө” эвсэл Тайландын засгийн эрхийг авсан юм. Гэвч Тайландын шүүх өнгөрсөн баасан гарагт Т.Чинаватын охин, Ерөнхий сайд Пхетхонгтхан Чинаватыг албан тушаалаас нь огцруулжээ. Түүний эрхийг түдгэлзүүлснээс хойш ойролцоогоор хоёр сарын дараа Үндсэн хуулийн цэцийн эл шийдвэр гарсан байна. Түүнийг Камбожийн удирдагч Хун Сентэй хилийн маргааны талаар өрнүүлсэн харилцан ярианых нь төлөө буруутгаж, улмаар олон нийт эсэргүүцэж, түүний чадвар, үнэнч байдалд эргэлзэх болжээ.
Улс төрийн үймээн самууны дараа барилгын магнат, “Тай үндэстний бахархал” намын дарга Анутин Чарнвиракул баасан гаргийн санал хураалтад тэргүүлэх магадлал нэмэгдсэн байна. Тэрбээр сөрөг хүчний хэд хэдэн бүлгээс дэмжлэг авчээ. А.Чарнвиракул нэгэн цагт “Тайландын төлөө” эвслийг дэмжиж байсан боловч Пхетхонгтханы гаргасан үйлдэлд хариу болгож энэ зун тэднээс зайгаа барьсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Нотой хүмүүс баривчлах болохоор эх орноосоо зугтаадаг. Элбэгдоржийг баривчлах сургаар тэр монголоос зугтаасан.