sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 5 /BBC/. Японоос импортолж буй авто машинд ногдуулах татварыг 27.5 хувиас 15 хувь болгон бууруулах тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт гарын үсэг зурснаар “Toyota”, “Honda”, “Nissan” зэрэг томоохон компаниудад үүсээд байсан тодорхойгүй байдал үгүй боллоо. 


Ингэснээр долоодугаар сард зарласан Японоос АНУ руу экспортолж буй ерөнхийдөө бүх тээврийн хэрэгсэл, эмийн бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулах гэрээг албажуулжээ. Үүний хариуд Японы тал Америкийн төслүүдэд 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, авто машин, цагаан будаа зэрэг Америкийн бараа бүтээгдэхүүнд зах зээлээ аажмаар нээхээр тохиролцсон гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.


Энэ оны дөрөвдүгээр сард Д.Трамп дэлхийн ихэнх улс орны бараанд татвар ногдуулах шийдвэрээ зарласны дараа АНУ, Японы хооронд олон сарын турш үргэлжилсэн хэлэлцээний дүнд энэхүү хэлэлцээрийг байгуулсан юм. Зарлигт дурдсанаар, энэхүү хэлэлцээр нь Америк, Японы худалдааны алдагдлыг бууруулж, Америкийн бизнес эрхлэгчдэд олон боломжийг нээж өгөх ажээ.


Цагаан ордны мэдэгдсэнээр, Япон улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоо, биоэтанол зэрэг Америкийн бараа бүтээгдэхүүнийг жилд 8 тэрбум ам.доллароор худалдан авна гэдгээ амласан байна. Түүнчлэн АНУ-д тариалсан цагаан будааны худалдан авалтаа аажмаар нэмэгдүүлсээр 75 хувьд хүргэхээр тохиролцсоноор хөдөө аж ахуйн салбараа хамгаалах өмнөх байр сууриасаа ухарчээ.


Д.Трамп долоодугаар сард хэлэлцээрийн талаар зарлах үеэрээ уг баримт бичгийг “даацтай, өргөн хүрээтэй” хэмээн сайшааж байлаа. Тэрбээр хэлэхдээ “Энэ бол хүн бүрийн хувьд гайхалтай тохиролцоо боллоо. Аливаа тохиролцоо нь хүн бүрийн хувьд гайхалтай байх ёстой гэж би үргэлж хэлдэг. Энэ бол гайхалтай тохиролцоо” гэж байв.


Японы эдийн засаг экспортоос үлэмж хамааралтай бөгөөд АНУ бол экспортын хамгийн том зах зээл юм. Тус улсын нийт экспортын 20 орчим хувийг авто машин эзэлдэг. Наймдугаар сараас үйлчилж эхэлсэн Д.Трампын гаалийн татварууд нь дэлхий дахиныг донсолгож, бизнесийнхэн өөрчлөгдөн хувирч буй дэлхийн зах зээлд дасан зохицохыг хичээж байна. Өнгөрсөн сард “Toyota” компани "Трампын татвараас хамааран энэ онд ойролцоогоор 10 тэрбум ам.долларын алдагдал хүлээж магадгүй" гэж мэдэгдэж байв.  



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг