
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан Цельсийн 35 хэм ба түүнээс давж халсан тухай тус улсын цаг уурын алба мэдээлжээ. Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхий даяар хэт халах үзэгдэл улам ойр ойрхон тохиож байна гэж эрдэмтэд үзэж байгаа бөгөөд Япон улс ч мөн адил үүнд нэрвэгдэж байна.
“1875 оноос цаг уурын мэдээллийг эмхэтгэж эхэлснээс хойш анх удаа ийм үзүүлэлт бүртгэгдэж байна” гэж Японы Цаг уурын агентлаг мэдээлжээ. Үргэлжилсэн их халууны 10 дахь өдөр энэ лхагва гарагт тохиосон байна. Японд 1898 оноос хойш цаг уурын мэдээллийг цуглуулж эхэлснээс хойших хамгийн халуун зургаа, долоодугаар сар энэ онд тохиосноос гадна наймдугаар сард тус улсад агаарын хэм урьд өмнө үзэгдээгүй өндөр түвшинд хүрч, төвийн нутгийн Исааки хотод +41.8 хэмд хүрч халжээ.
Зуны улиралд наранд цохиулахаас сэргийлж агааржуулагчтай өрөөнд байхыг эрх баригчдын зүгээс олон нийтэд уриалж байлаа. Монакогийн дараа дэлхийн хамгийн өндөр настай хүн амтай улсад тооцогддог Японы өндөр настнууд томоохон эрсдэлтэй тулгардаг. Өнгөрсөн долоо хоногт Японд 8400 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэний 12 нь нас барсан тухай Гал түймэр, гамшгийн уршгийг арилгах агентлагаас мэдээлжээ.
Өнгөрсөн оны зун Японд 2023 онтой нэгэн адил түүхэн дэх хамгийн халуун зун болсны зэрэгцээ цаг уурын мэдээллийг эмхэтгэн бүртгэсэн 126 жилийн түүхэн дэх хамгийн дулаан намар болсон юм. Улмаар Фүжи уулын алдартай цасан оргил өнгөрсөн онд хамгийн хожуу тогтсон бөгөөд ердийн үед 10 дугаар сарын эхээр тогтдог бол өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын эхэн хүртэл үзэгдээгүй билээ.
Дэлхий даяар агаарын температурын өсөлтийн хурдац жигд бус байна. АНУ-ын Далай тэнгис, агаар мандал судлалын үндэсний газраас /NOAA/ гаргасан тайланд дурдсанаар, тивүүдийн дотроос Европт 1990 оноос хойших арван жил тутамд хамгийн хурдацтай дулаарч байгаа бол дараа нь Ази тив орж байна.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн агаарын температур нэмэгдэж байгаа нь ажилтнуудын эрүүл мэнд, бүтээмжид улам бүр сөргөөр нөлөөлж байгааг НҮБ-аас анхааруулж, ялангуяа хөдөө аж ахуй, барилга, загас агнуур зэрэг салбарт ажилладаг хүмүүст илүүтэй нөлөөлж байгааг сэрэмжлүүлжээ.
НҮБ-ын эрүүл мэнд, цаг уурын агентлагуудын тайланд дурдсанаар, агаарын температур +20 хэмээс дээш нэг хэмээр нэмэгдэх тутамд ажилчдын бүтээмж 2-3 хувиар буурч байгааг тогтоосон байна. Хэт халуунаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлүүдэд наранд цохиулах, бие дэх усны хэмжээ багасах, бөөрний үйл ажиллагаа доголдох, мэдрэлийн эмгэг үүсэх зэрэг ордог.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0