sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад Израилын тал цохилт өгсний улмаас 20 хүн амиа алдсантай холбогдуулан "сэтгүүлчид болон эмнэлгүүдийг онилох ёсгүй" гэж НҮБ мэдэгдлээ. Цохилтын улмаас таван сэтгүүлч амь үрэгдсэн байна. 


НҮБ-ын Хүний эрхийн газрын хэвлэлийн төлөөлөгч Равина Шамдасани мэдэгдэхдээ, Газад сэтгүүлчдийг хөнөөсөн нь дэлхий нийтийг цочирдуулсан явдал болж байгааг дурдаад, үүнд хариуцлага, шударга ёсыг шаардаж, арга хэмжээ авах ёстой гэж хэлжээ. “Сэтгүүлчид, эмнэлгүүдийг онилж болохгүй” гэж тэрбээр нэмж хэлэв.


НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн тэргүүн Филипп Лаззарини хэлэхдээ, өлсгөлөнгийн улмаас чимээгүйхэн үхэж буй хүүхдүүдийн тухай мэдээлсэн сүүлчийн дуу хоолойг энэ цохилт чимээгүй болгож байна гэжээ. “Үүнийг хэвийн зүйл гэж үзэж болохгүй” гэж тэрбээр X хаягтаа нийтлээд, дэлхий дахины хайхрамжгүй, идэвхгүй байдлыг “жигшмээр” гэж тодорхойлсон байна.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мөн өөрийн X хуудсандаа бичихдээ, Израилын пуужингийн цохилтод өртсөн тусламжийн ажилтнуудыг дурдаад, агаарын цохилтыг зэмлэн буруушаажээ. “Бид хангалттай чангаар дуу хоолойгоо өргөж чадахгүй байна: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ рүү дайрахаа ЗОГСОО. Яг одоо гал зогсоо!” гэж тэрбээр бичсэн байна.


Харин Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэхдээ, тус улсын арми Газын зурвасын өмнөд хэсэгт байрлах Нассер эмнэлэгт цохилт өгөх үеэр 20 хүн амиа алдсаны дунд сэтгүүлчид болон тусламжийн ажилтнууд байсанд харамсаж буйгаа илэрхийлжээ.


“Израилын тал сэтгүүлчид, эмнэлгийн ажилтнууд болон энгийн иргэдийн хөдөлмөрийг үнэлдэг” гэж Израилийн удирдагч X хуудсандаа нийтлээд, Батлан хамгаалах хүчний удирдлагууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг онцолсон байна. “Бид ХАМАС-ын террористуудтай дайн хийж байна. Бидний зорилго бол ХАМАС-ыг ялж, барьцаанд байгаа хүмүүсийг эх оронд нь авчрах явдал юм” гэж Б.Нетаньяху хэлжээ.


Израилын холбоотнууд болон хүний ​​эрхийн байгууллагуудын зүгээс Израилын цохилтыг өргөнөөр зэмлэн буруушааж байгаа энэ үед дээрх мэдэгдлийг хийсэн байна. 2024 оны наймдугаар сард Израилын тал Газад хүнсний тусламж үзүүлэхээр явж байсан “World Central Kitchen” байгууллагын цуваанд цохилт өгч, долоон тусламжийн ажилтан амь үрэгдэж юм. Тухайн үед Б.Нетаньяху уг халдлагыг эмгэнэлтэй, санамсаргүй явдал гэж хэлж байв.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг