sonin.mn

ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 25 /NHK/. Япон, Өмнөд Солонгосын удирдагчид хоёр орны хооронд тогтвортой, ирээдүйд чиглэсэн харилцааг хөгжүүлэхээр тохиролцжээ. Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён нар Токио хотноо бямба гарагт хоёр цаг орчмын турш уулзах үеэр дээрх тохиролцоонд хүрсэн байна. Ли Жэ Мён зургаадугаар сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш Японд анх удаа айлчилж байгаа юм.


Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын төлөө хоёр орон АНУ-тай нягт хамтран ажиллана гэдгийг хоёр удирдагч нотолжээ. Мөн төрөлт буурах, гамшгийн эсрэг авах арга хэмжээ зэрэг нийгэм, эдийн засгийн нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн зөвлөлдөх ерөнхий бүтцийг бий болгохоор тохиролцсон байна.


Түүхэн ойлголтуудын тухайд Ш.Ишиба хэлэхдээ, өмнөх засгийн газруудын байр суурийг үргэлжлүүлэн баримталж байгаа гэдгээ тайлбарлажээ. Тэрбээр мөн Өмнөд Солонгосоос Японы далайн зарим бүтээгдэхүүнд тавьсан импортын хоригийг дурдаад, шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан Сөүлтэй харилцах бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. Уг хоригийг 2011 онд Японы “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад осол гарсны дараа тавьсан юм.


Хэлэлцээний дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Ш.Ишиба хэлэхдээ, Япон-Өмнөд Солонгосын харилцаа шинээр бэхжиж, цаашид улам хөгжинө гэдэгт найдаж байна гэлээ. Түүнчлэн яг ийм хүнд хэцүү цаг үед хоёр орны засгийн газар, ард түмэн гар нийлж, сайн сайхан ирээдүйн төлөө хамтдаа урагшлаасай хэмээн хүсэж байгаагаа илэрхийлжээ.


Дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар засгийн газрууд хамтарсан хэвлэлийн мэдээ гаргасан байна. Ингэснээр сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа ийм баримт бичиг гаргажээ. Энэ нь шийдэгдээгүй асуудлууд цөөрч, хоёр орны харилцаа тогтворжиж буйн илэрхийлэл юм гэж Японы засгийн газрын албаны хүмүүс үзэж байна. Засгийн газар удирдагчдын харилцан айлчлалыг хамарсан “зуучлалын дипломат ажиллагаа”-г бий болгож, эдийн засаг, иргэдийн солилцоо зэрэг янз бүрийн салбарт хамтын ажиллагааг ахиулах замаар харилцаагаа улам бэхжүүлнэ гэдэгт найдаж байна хэмээн Японы төлөөлөгчид хэлжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг