sonin.mn

Хятад 2023 оны 2-р сараас эхлэн нүүрсний импортоо багасгаж эхэлсэн “Bloomberg” мэдээлж байна. Ингээд 2025 оны эхний хагаст Хятадын гадаадаас авах нүүрсний хэмжээ 2024 оны мөн үеийнхээс 18%-иар унажээ. Хятадын нүүрсний импорт 18% унана гэдэг бол бодит хэмжээгээр маш их нүүрс юм…


Хятадын нүүрсний бодлогын өөрчлөлт


Энэ үзэгдлийн шалтгааныг гадаадын экспертүүд хятадын барилгын салбар удааширсан, аж үйлдвэр хөрсөн гэх мэтээр янз бүрээр тайлбарлаж байна. Үүнтэй холбоотойгоор хятадын нүүрсний дотоод олборлолт эрс ихсэв. 2025 онд хятадын нүүрсний дотоод олборлолт 5% өснө гэсэн прогноз гарчээ.   


Улмаар Хятад нүүрсний экспортоо яаралтай ихэсгэв. Нүүрсний үнийг хэт буулгасан нь хятадын нүүрсний дотоод хэрэглээг ихээхэн нэмэгдүүлжээ.  


Хятадын нүүрсний зах зээлд ийм том өөрчлөлт гарсны улмаас Хятадад нүүрс нийлүүлдэг ОХУ болон МУ-д хүндээр тусч байна. Лав л ОХУ нүүрсний салбар хямралд орлоо гэсэн дүгнэлт хийж, 2050 он хүртэлх нүүрсний стратегаа шинэчилж Европ болон бусад чиглэлд илүү анхаарах болов. Харин манайх юу ч хийхгүй, алтаа ухаж зарна гэж тэнэглээд сууж байна.



Хятадууд ОХУ болон Монголын нүүрс фтор ихтэй гэсэн шалтгаан хэлж байна. Монголын нүүрс энэ жилээс гэв гэнэт их фтортой болсон гэж дүгнэж болохгүй л дээ. Тэгэхлээр энэ бол шалтгаан биш, шалтаг болох нь тодорхой.  



Хэдий ийм боловч Хятадыг манайхаас нүүрс авахгүй, биднийг боож байна гэж буруутгах нь үндэслэлгүй. Энэ бол Хятадын дотоод асуудал юм. Хятадад нүүрс их хэмжээгээр нийлүүлдэг бүх орнууд хохирч байна. ОХУ гэхэд л энэ оны эхний 3 сард нүүрсний салбартаа 79,9 млрд рублийн алдагдал хүлээгээд байна. Мөн Австрали, Индонези зэрэг орон ихээхэн алдагдал хүлээж байна.  


Мангар Монгол


Дэлхийн аль ч ашигт малтмалын үнэ өгсөх, буурах хэлбэлзэл дундуур явдаг зүй тогтолтой. Энэ нь ашигт малтмалын төрлөөс хамааран тодорхой хугацаа бүхий циклтэй байдаг. Лав л нүүрс, зэс хоёр 10 орчим жилийн интервалтай. Өөрөөр хэлбэл 10 орчим жил өсөж байснаа дараа нь 10 орчим жил унах жишээний.


Энэ зүй тогтлыг дэлхийн бүх улс орнууд мэддэг бөгөөд төлөвлөлт, төсөв, төсөл хийхдээ заавал харгалздаг. Харин Монголын төр засаг дэлхий нийтийн эдийн засгийн зүй тогтлын яг эсрэгээр ажиллаж тэнэгтэж өгөв. 


Эхний тэнэглэл. Хятад 2023 оноос эхлэн нүүрсний импортоо багасгаж эхэлснийг Монголын төр засаг бүхэл бүтэн 3 жил “мэдсэнгүй.” Bloomberg”-ийн мэдээллээр Хятадын нүүрсний бодлогын өөрчлөлт 2023 оны 02 сард эхэлжээ. Том өөрчлөлт аажмаар, бага хэмжээгээр эхэлдэг гэдгийг харгалзвал үүнийг манайхан анзаараагүй байж болох юм. Үүнийг бол уучилж болно.


2024 онд Монголын нүүрсний экспорт 83,7 сая тн болж, 8,6 их наяд доллар хүрч, өмнөх оныхоос 20%-иар өсчээ. Энэ амжилтыг “үүрд мөнх” үргэлжлэх мэт манай аваргууд ойлгожээ. Цаана нь Хятадын импортын бодлого хатуураад 2 жил болж байгаа аюултай хандлагыг анзаарах сөхөөтэй хүн Монголын төрд байсангүй. Тэр олон гавъяат эдийн засагч, эрдэмтэн мэргэд нь хааччихсан юм, бүү мэд.   



Ингээд 2024 оны амжилтад суурилан 2025 онд валютыг “хуу хамна” гэж тооцоод 2025 оны төсвийг өмнөхөөс бараг 2 дахин илүү мөнгөөр хийжээ.



Гашуунсухайт-Ганц модны төмөр замын асуудлыг шийдчихвэл Монголын нүүрсийг Хятад руу асар ихээр гаргана хэмээн тооцоолж, үүнийгээ дэлхий дахинд зарлав. Энэ нь асар их валют юм. Ингээд үй түмэн мега төсөл өрсөлдөн хийж, алаагүй баавгайн арьсыг хувааж эхлэв. Энд санамсаргүй тэнэглэл гэмт хэрэг болон хувирч байна.  


Удаах тэнэглэл. Бүх төрлийн төлөвлөлт, төсөв, төсөл хийхдээ тухайн үеийн ханшаар биш, явагдаж буй зайлшгүй хандлагыг харгалзаж төлөвлөх нь зүй тогтол юм. Гадаадын экспертүүд 2025 онд нүүрсний үнэ 1 тонн нь 40-70 $ болтол унаж, дараагийн 2 жилд энэ түвшиндөө байна гэж сануулсаар байтал манай аваргууд 1 тонн нүүрсийг 105 $-оор бодож улсын төсвөө хийж “баярхажээ.”


Үр дүн нь сүйрэл


Дээр дурдсан 2 тэнэглэлийн үр дүнд жил орчмын дотор МУ-ын эдийн засаг сүйрлийн байдалд оров. Үүнийг албан ёсны тоо баримтаар өгүүлье:


Нэг. Нүүрсний үнэ 2025 оны эхний 5 сард дунджаар 72 доллар болон буурч өмнөх оны мөн үеийнхээс 39% унав.


Хоёр. МУ-ын нийт экспорт 2025 оны эхний 5 сард 5,4 тэрбум болон буурч, өмнөх оны мөн үеийнхээс 15% буурсан буюу 931 сая доллараар багасав.


Гурав. Төсвийн нийт орлого 11,4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 11% буурсан буюу 1,3 их наяд төгрөгөөр багасав.


Дөрөв. Эдийн засгийн өсөлт 2023 онд 7,4 хувь, 2024 онд 4,9 хувь байсан бол 2025 оны эхний улиралд 2,4 хувь болж буурав.


Үүнийг эдийн засгийн аль ч сургааль номлолд сүйрэл гэж нэрлэдэг. Гэтэл монголын давуу эрхтнүүд хэдэн буруу тоо бичээд, түүнийгээ баллуурдаж арилгасан нэгдүгээр ангийн сурагч шиг аашилж байна. Үгүй дээ, энэ бол санамсаргүй хийсэн буруу тооцоо биш, харин санаатай үйлдсэн гэмт хэрэг мөн.       


Хэн нэгэн хүн өөрийн барааг 105 төгрөгөөр зарна гэж бодож төлөвлөж байтал үнэ нь 72 төгрөг болон буурч, барааны хэмжээ ихээхэн буурсан тохиолдолд тэр айлын эдийн засаг сүйрэх нь зүй тогтол юм.



Манай аваргууд энэ тэнэг алдааг Л.Оюун-Эрдэнийн рүү бухаж, төсвийн тодотгол хийж илүү зардлаа хасаад юу ч болоогүй мэт цааш явах гэж байна.



Тэгж ярих юм бол 2025 оны тэнэг төсвийг Л.Оюун-Эрдэнэ биш, харин Сангийн сайд Б.Жавхлан зүтгүүлж, одоогийн УИХ баталсан. Б.Жавхлан ч хэвээрээ байгаа, УИХ ч бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаа. Л.Оюун-Эрдэнийн алдаа бол том олигархуудын дарамтад орон буулт хийж, хэт олон мега төслийг хүлээн зөвшөөрсөнд оршино.


Монголын уул уурхайн орлогын бүтцийг авч үзвэл:  


60,4 % нь нүүрснээс

35,3 % нь металл хүдэр буюу зэснээс

3,1 % нь нефтээс

1,2 % нь бусад ашигт малтмал (жонш, хар цагаан тугалга г.м) олборлосноос оржээ.

МУ-ын экспортын 96,8% нь уул уурхайн баялаг, ялангуяа нүүрс, зэс хоёрт ногдож, монголчууд бид уул уурхайн баялгаа зарж амьдарч байна.


Хятадын нүүрсний бодлогын хандлага 


Хятадын нүүрсний импортын хатуу бодлого лавтайяа 2 жил үргэлжилнэ гэж экспертүүд дүгнэж байна.


Хятадын Нүүрсний Үндэсний Ассоциацийн (CNCA) Чан Хуны дүгнэлтээр Хятадын нүүрсний хэрэглээ өсөж, 2028 онд оргил цэгтээ хүрэх аж.


Мөн Хятадын Эдийн засаг, Технологийн Судалгааны Институтын (ETRI) прогнозоор Хятадын нүүрсний хэрэглээ мөн л 2028 онд оргил цэгтээ хүрнэ гэж дүгнэжээ.  


Гэхдээ энэ нь 2028 оноос цааш Хятадын нүүрсний хэрэглээ “шууд буурна” гэсэн хэрэг биш, дараагийн 5-10 жилийн турш хэлбэлзэх болно гэдгийг онцлон дурджээ.   


Эдгээр Хятад мэдээнээс дүгнэлт хийвэл: Хятадын нүүрсний хатуу бодлого лавтайяа 2028 он хүртэл үргэлжлэх юм байна. Түүнээс хойш нааш цааш “хэлбэлзэх” аж. Нүүрсний үнэ багцаагаар 5-8 жилийн дараа өсч магадгүй. Өөрөөр хэлбэл монголчууд 5-8 жил “бүсээ чангалах” хэрэгтэй болж байна.


Ямар ч гэсэн Хятад манайхаас огт нүүрс авахаа больж байгаа биш, харин манай нүүрсийг маш их хямд авах нь гарцаагүй.


Юу хийх вэ ?


Хятадын нүүрсний хатуу бодлого лавтайяа 8 жил үргэлжлэх нь тодорхой байна. Энэ нөхцөлд бид юу хийх ёстой вэ ?    


Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн бүтэц үлэмж гажиж, дан ганц нүүрс, зэс зарж амьдардаг тэнэг улс болон хувирсан. Үүнийг би ганцаараа мэдээд байгаа юм биш, бүгдээрээ мэдэж байгаа. Ийм ч учраас хэдэн жилийн өмнөөс эдийн засгаа “солонгоруулна” баахан давхисан. Энэ нь хэдийгээр зөв лоозон ч гэсэн түүнийгээ хэрэгжүүлэх талаар юу ч хийгээгүй болохоор хоосон чалчаа яриа болон хувирав.


МУ ашигт малтмалаа уралдан зарж амьдардаг арчаагүй тэнэгүүд болон хувирсан нь МАН-ын төр засгийн тэнэг бодлогын үр дүн мөн. Өнөөгийн Монгол төрийг нүүрсчин төр гэж нэрлэж болно.  



Одооноос эхлээд эдийн засгийн ашигт малтмалаас бусад салбаруудаа хөгжүүлэх ёстойг амьдрал биднээс шаардаж байна. Амаараа эдийн засгаа солонгоруулна гэж орилох нэг хэрэг. Харин бодит байдал дээр солонгоруулах хүнд боловч ирээдүйтэй ажил. 



Нэг. Хамгийн эхлээд эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний аж үйлдвэрээ хөгжүүлэх нь зүйд нийцнэ. Ашигт малтмал зарж амьдрах нь үнэндээ бол хамгийн амархан боловч найдвартай арга биш юм.


Хоёр. Гаднаас орж ирэх валютын сургаар онгирон хөөрч, улсын төсвийг хагартал нь нэмж, мега төсөл нэрээр идэж уух гэдэг тэнэг зангаа зогсоо.


Гурав. Нүүрсний үнэ унасан, экспорт багассаныг далимдуулан үнэ татвар зэргээр ард түмнээ дарамтлахаа зогсоо. Хэрэв замаас нь идэж ууж цуслахгүй бол монголын ашигт малтмал, тухайлбал нүүрсний орлого ард түмнээ тэжээхэд хангалттай хүрэлцэнэ.


Дөрөв. Ганцхан жилийн амжилтыг баримжаалан улсын төсвийг гэв гэнэт олон дахин нэмдэг тэнэг зангаа тат. Эдийн засгийн шинжлэх ухааны үндэстэй тооцоо, судалгаа, прогноз хийж сур.


Тав. Ямар ч сайн ЗГ-ын бодлого үйлдэлд хаях юм бий, ямар ч сайн ЗГ-ын бодлого үйлдэлд авах юм бий гэсэн зарчмыг үндэслэн төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг ханга. Өөрөөр хэлбэл шинэ ЗГ гарч ирээд “шинэ бодлого” тунхагладаг явцгүй тэнэглэлээ зогсоо.


Эдийн засгийн уналтыг зогсоохгүй бол төр засаг тогтвортой байна гэж найдах ч хэрэггүй бөгөөд ЗГ унах гол шалтгаан нь эдийн засгийн хүндрэл байх болно…


Судлаач Х.Д.Ганхуяг.


2025 оны 07 дугаар сарын 24.  



Эх сурвалж: https://gankhuyag.com/




Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу