sonin.mn

Танилцуулга


Төв болон Зүүн Азид байрлах, далайд гарцгүй Монгол, Узбекистан хоёр улс тээвэр, ложистикийн салбар дахь хамтын ажиллагаагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжүүлж байна. Газарзүйн алслагдмал байдал, хилийн зааггүй нөхцөл байдал нь шууд тээврийн холбоо үүсэхэд саад болж ирсэн ч улс төрийн хүсэл эрмэлзэл, худалдаа-эдийн засгийн шинэ чиглэл, санаачлагууд харилцааг шинэ түвшинд гаргахад түлхэц өгч байна.


Түүхэн тойм: Дипломат харилцаанаас шинэ түншлэл рүү


1992 оны 1 дүгээр сарын 25-нд хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш эхний хорь гаруй жилд тээвэр, ложистикийн салбар дахь хамтын ажиллагаа сул байсан ч 2010-аад оны дунд үеэс Узбекистаны “Нээлттэй бодлого” болон Монголын олон тулгуурт гадаад бодлого зэрэг нь хоёр орны тээвэр-ложистикийн харилцаанд шинэ эрин үеийг нээв.

2019 онд Улаанбаатар хотноо болсон Монгол, Узбекистаны дугуй ширээний уулзалтаар “Харилцааг хөгжүүлэх өргөн боломж” байгааг онцолж, Монгол Улсаас Узбекистан улсад хавсран суух Элчин сайд томилогдсон нь анхны чухал алхмуудын нэг байв.

2022 оны 6 дугаар сард хоёр улсын Зам, тээврийн яамд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, иргэдийг 30 хоног харилцан визгүй зорчих нөхцөл бүрдүүлсэн. Энэхүү алхам нь бизнес, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх шийдвэртэй арга хэмжээ болж, логистик салбарын хөгжлийг дэмжих суурь тавигдсан юм.

2023 оны 3 дугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ташкент хотод албан ёсны айлчлал хийж, хоёр орны Зам, тээврийн сайд нар автотээвэр, агаарын тээвэр, түүний дотор шууд нислэгийн талаар хэлэлцсэн. Хамтарсан Засгийн газар хоорондын комисс байгуулах гэрээ байгуулж, тээвэр, ложистикийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн механизмыг бүрдүүлэв.

2024 оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээгдсэн нь хоёр талын институцийн итгэлцлийг шинэ түвшинд хүргэж, хамтын ажиллагааг тогтвортой, урт хугацаанд үргэлжлүүлэх боломжийг нэмэгдүүллээ.


Тээвэр, ложистикийн өнөөгийн байдал


Автотээвэр


Газарзүйн хувьд шууд авто замын холболтгүй тул хоёр орны хоорондын тээвэр гуравдагч улсуудаар дамжин явагддаг. Гэсэн ч 2024 оны 6 дугаар сард олон улсын автотээврийн хэлэлцээр байгуулснаар гуравдагч орны нутгаар дамжин ачаа, зорчигч тээвэрлэх эрх зүйн үндэс бүрдсэн.

2025 оны эхээр Узбекистаны Зам, тээврийн яам болон Худалдаа, аж үйлдвэрийн танхимын санаачилгаар дараах чиглэлд туршилтын тээвэрлэлт амжилттай хэрэгжүүлжээ:

Узбекистан → Кыргызстан → Хятад → Монгол Улс

Энэхүү төслийн үр дүнд узбек бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд шууд хүргэх боломж бүрдэж, экспорт, импортын шинэ гарц нээгдэв. Ирээдүйд авто замын дэд бүтцийг өргөтгөснөөр энэ чиглэлд тээврийн чадамж өсөх хандлагатай байна.


Агаарын тээвэр


Өмнө нь Улаанбаатар–Ташкент чиглэлд шууд нислэг байгаагүй. Иймээс зорчигчид Москва, Сөүл, Истанбул зэрэг хотуудаар дамжин зорчдог байсан. Энэ нөхцөлийг өөрчлөх зорилгоор 2024 оны төрийн айлчлалын үеэр хоёр талын Засгийн газар хооронд агаарын тээврийн хэлэлцээр байгуулж, шууд нислэг нээх болон дамжин өнгөрөх боломж бүхий бүс нутгийн төв болгон ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн.

2025 оны хоёрдугаар хагасаас эхлэн Монголын Hunnu Air компани долоо хоногт хоёр удаа Улаанбаатар–Ташкентын хооронд Embraer 190 онгоцоор шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.


Төмөр замын тээвэр


Одоогоор Монгол, Узбекистаныг шууд холбосон төмөр замын шугам байхгүй. Харин Орос, Казахстанаар дамжих сүлжээгээр холбогддог. Хоёр орон ижил (1520 мм) өргөн төмөр замын стандарт ашигладаг тул дамжин тээвэр хийх техникийн боломж бүрэн хангагдсан.

Ирээдүйд хэрэгжих Хятад–Кыргызстан–Узбекистан төмөр замын төсөл нь Монголыг Узбекистантай холбох, Зүүн Ази–Төв Азийг холбосон шинэ коридорын чухал зангилаа болох боломжтой.


Дүгнэлт ба хэтийн төлөв


Монгол, Узбекистаны тээвэр, ложистикийн хамтын ажиллагаа чанарын шинэ шатанд гарч, институцийн суурь бүтэц бүрдээд байна. Элчин сайдын яам, Засгийн газар хоорондын комисс, эрх зүйн хэлэлцээрүүд нь хувийн хэвшилд түшиглэсэн хамтын төслүүдийг дэмжих замыг нээж өглөө.

Шинээр хөгжиж буй автозам, агаарын болон төмөр замын холболтууд нь хоёр орны худалдаа, эдийн засгийн эргэлтийг өсгөж, бүс нутгийн эдийн засгийн интеграцид үнэтэй хувь нэмэр оруулах хүлээлттэй байна.



Рахмонов Сирожиддин

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Зам, тээврийн яамны

Тээвэр, ложистикийн хөгжлийн асуудлыг судлах төвийн Ахлах мэргэжилтэн