sonin.mn

АЛТАНЦӨГЦ СУМЫН 100 ЖИЛИЙН ОЙД


Өдөрчийн газраас цайранхан сүндэрлэж, үүл манан дундаас өндөрсөн дүнхийдэг Цаст Цамбагарав хайрхан, цуу алдарт Ховд голын хөвөө үржил шимт нутагт алс баруун хязгаарын Баян-Өлгийн аймгийн Алтанцөгц сум оршдог. Уг түүхэндээ бол Ховдын хязгаарын Урианхайн долоон хошууны нэг Зүтгэлт гүний хошуу билээ. Ардын хувьсгал мандаад төдий л удаагүй байхад алс баруун хязгаарт Чандмань уулын аймгийн Алтанцөгц нуурын сум нэртэйгээр 1925 онд анх байгуулагдсан, энэ жил сум байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Миний эцэг, эх энэ сумын хүмүүс болой.  


Харуул Алтайн ус нь

Хадыгаа дагаад урсана

Хан буурал ааваа

Хангинан дурсаж сууна

Эргэт булгийн ус нь

Эргийгээ дагаад урсана

Эмгэн буурал ээжээ

Энхрийлэн дурсаж сууна

Урианхайн “Харуул Алтайн ус” хэмээх дуунд ингэж дуулдаг.


Бичиг зохиолд “Хан тэнгэр эцэг минь, хатан газар эх минь” хэмээн өгүүлдэг билээ. Бидний аав Баатарын Мэнэрэл ёстой л Хан Алтайн уулс шигээ ханхар, уулын хүний гүдэс шулуун атлаа уяхан зөөлөн сэтгэлтэй, уужуу холын бодолтой, ухаалаг цөлх хүн байсан юм. Идэрмэг дунд насандаа ижил ханиа зуурдаар алдаж, өнчин хэдэн хүүхэддээ хойт эхийн гар харуулахгүй хэмээн хатуу тангараг тавьж, хорвоогийн зовлон жаргал дундуур хатуу хүтүүг ганцаараа хатамжлан туучсаар, үрс биднийгээ өсгөж, хүний зэрэгт хүргэсэн хүн. Манай аавын аав нь Хатуугийн голоор голдуу нутагладаг Баатар гэдэг хүн байсан хэмээдэг. Өвөг эцгийн тухай бид сургаар мэдэхээс цаашгүй. Бараа зүсий нь ч хараагүй.


Аав тэртээ 1930-аад оны эхээр, төрсөн ах Баатарын Насанбатын гэрт, Ховд аймгийн төвд сууж, хүн эмнэлгийн сувилагчийн түр сургууль төгсөн, Ховд аймгийн хүн эмнэлэгт санитар-сувилагч хийж явжээ.


Аавын ах Баатарын Насанбат 1910 онд төрсөн, нохой жилтэй, КУТВ хэмээх Дорно дахины Хөдөлмөрчдийн Коммунист Их Сургуульд суралцаж төгссөн хүн байжээ. Баатарын Насанбат бага залуудаа бичиг үсэгт тайлагдаж, 1920-иод оны дундуур хошуу тамгын газар бичээчийн ажил хийж явсан ажээ. “Алтай Урианхай аймгийн чуулган яамны тамгын газарт 1923-1927 онуудад Эетэй хошууны Тэжээвэрийн Сүжигт, Итгэмжит хошууны Баатарын Насанбат, ...Мээрэнгийн хошууны Жанакаан Заяат... нарын зэрэг бичгийн боловсролтой хүмүүс эх зохиогч, дагалдан бичээчээр ажиллаж байв” хэмээн Алтанцөгц сумын уугуул, нам, улсын хариуцлагатай албыг олон жил хашсан, бичгийн хүн, судлаач Чолоогийн Дамчаа агсан “Алтайн урианхай судлалын бүтээл туурвил” номдоо бичсэн байдаг. Баатарын Насанбат Ховд аймгийн Залуучуудын Эвлэлийн дарга, дараа нь Ховд аймгийн Намын хорооны даргаар ажиллаж байгаад 1938 онд хэлмэгдүүлэлтийн хар шуурганд ширвэгдэн, улс төрийн хилс хэрэгт баривчлагдан, 1939 оны эхээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, хэлмэгдсэн түүхтэй юм. “Ховд аймагт их баривчилгаа түймэр мэт дүрэлзэн, газар авч, өдөр өнжихгүй “тэр дарга баригдаж гэнэ, тийм дарга баригдаж гэнэ” гэсэн битүү яриа ам дамжин түгэж байсан цаг.


Ах баривчлагдахаасаа 2-3 хоногийн өмнө эхнэр, 3 настай охиноо хөдөө гаргасан юм. Удахгүй баривчлагдана гэдгээ лав мэдэж байсан байх. Тэгээд Ховд аймгийн баруун сумдаар ажлаар явж ирээд, бид хоёр гэртээ байтал нэг орой аймгийн дотоодыг хамгаалахын ногоон малгайтнууд орж ирж, ахыг баривчлан, эд агуурс орон гэрийг нь битүүмжлээд авч одсон юм. Би тэр шөнө айж чичирсээр ажил дээрээ очиж хоног төөрүүлж байсан” хэмээн аав минь хожим дурсан өгүүлж байсан билээ. Тийнхүү хар дарсан аймшигт зүүд зэрэглээ мэт өдөр хоногууд үргэлжилж, газар дээр түшиж тулах ганц ахынхаа сургийг гаргах гэж чадах ядахаараа гүйсэн боловч, ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу тэр хахир үед эмнэлгийн санитар залуу хаана ч хүрч, хэнтэй ч уулзахсан билээ.


Аавын ах Б.Насанбатыг баривчлагдсаны дараа Ховд аймгийн намын хорооны даргаар томилогдоод удалгүй бас баривчлагдан, хилс хэрэгт ял тулгагдан, 10 жилийн ял сонсож, олон шорон гяндан дамжин үйл тамаа үзсээр 7 жил 8 сарыг биеэр эдлээд гарч ирсэн, Монголын ахмад уран зохиолч Содномын Дашгомбо агсан хожим нь “Голомт хиртсэн жилүүд” хэмээх ном бичсэн нь 1991 онд хэвлэгджээ.


Уг номд “...Гэтэл нэг өдөр миний гэрийн хаалгыг хүчтэй өшиглөх чимээ гарахаар нь тотгоор шагайж харвал, сахал үс нь ургаад танигдах аргагүй шахам болчихсон, эцэнхий цонхигор цагаан царайтай, намын хорооны дарга Насанбат над руу эргэж нэг харчихаад, хашааны буланд байдаг жорлон тийш буутай цэрэгт туугаад явж байна. Баригдаад олон сар болж байгаа энэ нөхөр минь амьд л байгаа юм байж дээ гэж бодон, түүнийг харж байтал, бие засчихаад буцаж ирэхдээ “баяртай” гэж хэлээд гэрийн тотгоор сонинд боосон жижигхэн юм шидчихээд өнгөрөв. Түүнийг нь аваад үзэхэд ганц зүсэм хатсан талх байна. Сонины зах дээр нь “Би хол явлаа. Амьд гарахыг чамд ерөөе! Хэрэв амьд гарвал миний тухай манайханд хэл хүргээрэй, баяртай, Насанбат” гэж бичсэнийг үзээд, төө зайгүй үерхэж, нам улсын ажилд хамтран зүтгэж байсан хайрт нөхрийнхөө төрх байдлыг хараад зүрх шимшрэн өвдөв. Надаас гурав ах, хорин долоон настай, байлдааны гавьяаны улаан тугийн одонтой, хар бага наснаасаа нам, эвлэлийн удирдах ажил хийж явсан, дотно нөхөр минь цөллөгөнд юм уу, эсвэл нөгөө “диваажинд” ч юм уу, алин боловч дахин уулзахгүй холын замд явахдаа нөөцлөн хадгалж байсан эцсийн өчүүхэн талхаа надад өгөөд явж байгаагий нь бодоод, зүрх сэтгэл догдлон өөрийн эрхгүй нүдний нулимс бөмбөрөн унаж билээ. Би түүнийг тэр хашаанд байгаа эсэхийг нь мэдээгүй байхад намайг энэ гэрт байгааг яаж мэдсэн бол оо? Энэ асуултыг тэр нөхрөөсөө хэзээ нэгэн цагт асууж, зовлон жаргалаа ярилцах бололцоо тасарч, дотно нөхөр минь эргэж ирээгүйд нь харамсдаг юм. Тэр жилүүдийн аймшигт шуурганд энэ мэт олон сайхан хувьсгалч нөхөд минь хэлмэгдэн, хорвоо ертөнцөөс салан одсоны алийг тоочиж барах вэ” хэмээн бичсэн байдаг.


“Халуун итгэл цөхөрч, хатан зүрх шархирсан” тэр цагт нам, улсын үйл хэргийн төлөө нэгэн санаагаар зүтгэж явсан журмын нөхөртөө сүүлчийн ганц зүсэм хатсан талхаа үлдээгээд хорин хэдхэн настайдаа хар үхэл рүү одсон тэр хүний аугаа уужим сэтгэл, аймшиггүй хатан зоригийг өнөө эргэцүүлэхүл, өөрийн эрхгүй өрөвдөх, бахархах сэтгэл сүлэлдэн, өр зүрх өмрөн шархирдаг юм.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бөхийн Бааст зохиолч бас бидний аавын ахыг таньдаг, мэддэг байсан тухай дурсамждаа ийн бичиж үлдээжээ. “Ховд аймгийн яамны дэргэдэх дунд сургуульд сурч байхдаа, нэгэн өвлийг аймгийн намын хорооны даргын үүргийг гүйцэтгэж байсан Насанбатынд өнгөрүүлэв. Энэ сайхан хүн аавын минь садан төрлийн хүн байв. Эднийд цахилгаан гэрлийн шил анх үзэв. Бас дугуй хар радио гэгчийг үзэв. Насанбат гуайн аав хүүгээ эргэж ирж баахан байзнаж байгаад буцахдаа, “Газар сайгүй, дээр доргүй, лам харгүй, ямар олон амьтад баригдаад, алга болоод байна вэ! Хүү минь, аавын чинь санаа нэг л зовоод байна. Бодолтой бай!, болгоомжтой бай!” гэж захиж хэлэв. Гэтэл Насанбат гуай “Аав минь, хүүд чинь хийсэн хэрэг байхгүй ээ! Та надад сэтгэл зовох явдалгүй ээ! гэж хэлэв. Тэгээд юу болсон бэ? Эцэг хүү хоёрын энэ яриа, тэр хоёрын сүүлчийн яриа байж. Түүнээс хойш төдийлөн удсангүй, Насанбат гуай баригдаад явсан. Тэдний голомт бас л харлаад хоцорсон сон.” Бөхийн Бааст зохиолч 1993 онд С.Дашгомбо зохиолчтой уулзаж, “Голомт хиртсэн жилүүд” номыг нь гардан авч, “Содномын Дашгомбо” хэмээсэн дурсамж бичиж, уг дурсамждаа Баатарын Насанбатын тухай дурдаж, “...энэ дурсамжийг бичиж суухад гар хөшиж чичрээд хөдөлж (бичиж) өгөхгүй сэтгэл өвдөн, нүдний нулимс бүрхэн ирж байв. Журмын нөхөдтэйгээ сүүлчийнхээ хатсан талхыг хуваалцаад одсон тэрхүү Насанбат ахын минь гэргий Баасангийн Цэрэн, тэдний садан салаа хэн нь хаана явдаг юм бол доо, хөөрхий минь! Тэд энэ номыг уншаасай билээ!” хэмээн чин сэтгэлээсээ хүсэмжлэн бичсэн байдаг. Тиймээ, ардчиллын салхи сэвэлзэж, С.Дашгомбо зохиолчийн “Голомт хиртсэн жилүүд” ном “Цог” сэтгүүлд анх нийтлэгдэхээс 20 гаруй жилийн өмнө буюу 1970-аад онд миний аав хэлмэгдсэн ахынхаа төлөө ёстой л хөлөө хүрэх газар хүртэл явж, 1930-аад оны хэрэг явдлыг нүдээр үзсэн амьд гэрчүүдийг аймаг сумдаар эрж сураглаж, Ховд аймаг хэдэнтээ орж, тэр үед Ховд хотод аж төрж байсан зохиолч С.Дашгомбо хийгээд ахыг нь мэдэх олон хүнийг эрж олж уулзаж, дурсамж дуртгал, үг яриаг нь сонсож, эцэст нь өргөдөл бичиг тэрлэж найруулахдаа гаргууд гэгддэг нутгийн нэгэн сэхээтнээр урт өргөдөл бичүүлж, тэр өргөдөл бичгийг нь, бичгийн хэв гаргац сайтай гэж би хуулж бичиж, дээд газарт өргөн мэдүүлж байсныг би санадаг юм. Тэр үед би 6,7-р ангийн сурагч байсан байх.


Аавын өргөн мэдүүлсэн өргөдөл бичиг зохих газраа хүрсэн хэрэг байх, удалгүй Баян-Өлгий аймаг дахь “Үнэн” сонины тусгай сурвалжлагч нэг өдөр аавыг эрж ирж уулзаж, удсан ч үгүй Улаанбаатар хотоос “Залуучуудын үнэн” сонины сурвалжлагч ирж аавтай уулзан сурвалжилж, Баатарын Насанбатын тухай томоохон сурвалжлага тэмдэглэл сонинд нийтлэгдэж байсан нь санагдана.


Хожим мэдэхүл, 1930-аад онд манай улсад ирж ажиллаж байсан КИМ буюу Коммунист Залуучуудын Интернационалын төлөөлөгч Шарап Утепов гэдэг хүн бас 1960-аад оны сүүлчээр бас “Залуучуудын үнэн” сонингоор дамжуулан Монголын залуучуудад илгээсэн захидалдаа Б.Насанбатын ажил үйлсийн тухай өгүүлж сураглаж байсан юм билээ. Тэгж байтал 1971 оны хавар аавд өргөдлийнх хариу ирж, “Үнэмлэх. Баатар овогтой Насанбат 1939 онд улс төрийн гэмт хэрэгт шийтгэгдснийг хянаж үзээд БНМА Улсын Дээд Шүүхийн Бүгд Хурлын 1971 оны 4-р сарын 07-ны өдрийн 04-р тогтоолоор уг хэрэгт холбогдолгүй болгож цагаатгав” гэсэн алгын чинээ үнэмлэх гардан авч, духандаа хүргэн адислаж, нүдэндээ нулимстай суусан аавын минь дүр төрх өнөөдөр ч надад харагдсаар. Миний аав ийм л цөлх ухаантай хүн байсан юм. Ахынх нь ханилж явсан хань нь, хэлмэгдлийн шуурганд өртөх үед 3 настай үлдсэн, 1970-аад онд УБДС-д багшаар ажиллаж байсан охин ч хийж гүйцээж чадаагүй тэр үйлийг хөдөөгийн жирийн малчин явсан миний аав гүйцээж, хилсээр хэлмэгдсэн ахынхаа ариун нэр төрийг чингэж сэргээж чадсан юм. Миний өвөг эцэг, хэлмэгдсэн хүүгийнхээ төлөө шаналсаар яваад тэнгэрт хальсан Баатар хэмээх тэр хүний сүнс лав дээд тэнгэрээс харж баярласан гэдэгт би итгэдэг. Аав хожим нь тэрхүү амины үнэтэй цагаатгалын үнэмлэхийг ахынхаа төрсөн охин Цэрэнгийн Нинад өгсөн гэдэг. Хожим би оюутан байхдаа ч, албан хаагч болоод ч, Баатарын Насанбатыг баригдах үед 3 настай үлдсэн Цэрэнгийн Нина хэмээх үеэл эгчтэйгээ хамгийн ойр дотно явсан билээ. Намайг хамгийн ихээр ойлгож дэмждэг, сургаж ухааруулдаг хүний нэг байсан даа. ЗХУ-д Их сургуульд сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын мэргэжлээр суралцаж төгссөн, их дээд сургуульд олон жил багшилсан нэртэй эрдэмтэн, шилдэг сурган хүмүүжүүлэгч байв.


Сайн цаг ирж, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсдийг төр засгаас анхаарч, нөхөн олговор, сууц орон олгох үед сайн эцгийнхээ нэрээр буяныг нь хүртэж, сэтгэлд нь хургасан олон жилийн гуниг харуусал нь бага ч болов нимгэрсэн буйзаа хэмээн боддог.


Үеэл эгч маань 2013 онд тэнгэрт хальсан билээ. Нина эгчийн ээж Цэрэн хэмээх сайхан зантай, саруул ухаантай хөгшинтэй би олонтоо уулзаж, үг яриаг нь сонсож явлаа. Нэгэнтээ ярьж суугаад “Танай авга ах хосгүй сайхан хүн байж билээ. Бид Улаанбаатар хотод ирж, засаг шилэн хар машин өгч, Ховд хүртэл машинаар явж хүрч байлаа. Сайхан ч байж дээ” хэмээн санаашран өгүүлж, хоолой нь цахиртан, хэлэх үгээ цааш нь залгив уу гэлтэй, дахин юм яриагүй. Нина эгчийн маань ээж Цэрэн хожим нь Монгол Улсын Ардын жүжигчин Дамчаагийн аав Банзар гэдэг хүнтэй айл гэр болж, олон сайхан үр хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон түүхтэй. Монгол Улсын Ардын жүжигчин Банзарын Дамчаа агсан “Цөвүүн жаран” хэмээх дуртгалын номдоо “Хойд ээжийг Цэрэн гэнэ. Ер нь хойд эхийг сайн хэлдэг хүнийг би өдий наслахдаа үзээгүй билээ. Гэтэл миний хойд ээж хорвоод хосгүй сайхан сэтгэлтэй хүн байсан, намайгаа асарч энхрийлэх гэсэндээ дагавар охин Нинагаа аав ээж дээрээ орхисон байж билээ. Дүү Нина маань сурган хүмүүжүүлэх ухааны доктор болсон доо. Миний ээж Цэрэн одоо ерэн хэдэн нас хүрч байгаа бол, жаран хэдэн жил эх хүү болж явахдаа ээжийнхээ амнаас зэмлэх үг сонсоогүй...” хэмээн өгүүлсэн байдаг юм.


Аав мань түшиж тулах ганц ах нь тийнхүү баривчлагдаж, ор сураггүй алга болсны дараа нутаг орноо тэмцэн ирж, Алтанцөгц суманд суурьшин, миний ээж Риймэдийн Мөнхөштэй айл гэр болж, Алтанцөгц сумын хүн эмнэлгийн салбарыг үүсгэн байгуулалцаж, нутгийн зон олондоо “Доовтор” хэмээн хүндлэгдэж, оношилж эмчлэх нь үгүй боловч, Ховдод хүн эмнэлгийн сувилагчийн түр сургууль төгсөж, хүн эмнэлэгт ажиллаж байсан, эмчлэх сувилахын дөртэй хүн байсан болохоороо нутгийн олондоо ойр зуурын тус дэм үзүүлж, хожим нь сум нэгдлийн малчнаар олон жил ажиллаж, үр хүүхэд биднийгээ өсгөж бойжуулан, өнөр өтгөн айл болсон түүхтэй юм.


Нам улсын хариуцлагатай албыг олон жил хашсан, бичгийн хүн Дамбын Цээрэн агсан “Алтанцөгц миний нутаг” номдоо, “...1940 онд хүний бага эмчийн салбар эсгий гэртэйгээр байгуулагдаж, Ховд аймагт сувилагчийн түр курс төгссөн Х.Хорлоо, М.Дэлгэр, Б.Мэнэрэл, Орлом, бага эмч Ж.Бямбажав, Ж.Ахмед нар ажиллаж байжээ” хэмээн дурдсан байдаг.


Бидний ээж Риймэдийн Мөнхөш Алтанцөгц сумын уугуул хүн. Нутгийн нэгэн номтой лам хүн ээжид Мөнх-Иш гэдэг нэр өгсөн нь хожим сунжирч дуудагдсаар Мөнхөш болж, албан бичиг тэмдэглэлд тийнхүү Мөнхөш нэрээр тэмдэглэгдсэн байдаг. Алтанцөгц сумын уугуул, төр, нийгмийн зүтгэлтэн Түвшиний Хорхой агсан 2004 онд “Алтайн урианхайн иргэд овогтны өвөг дээдсийн уг удмын тэмдэглэл” хэмээх дурдатгалдаа “...Ш.Тавшийн дүү хүүхэн Ш.Аргусан өөрийн нутгийн Аларааштай гэр бүл болсон. Таван хүүхэдтэй. Энэ нь А.Далхжав, А.Жамсран, Буурал А.Төмөржаан, А.Риймэд, А.Тогтох нар болно” хэмээн бичсэн байдаг. Харин 1944 оны хүн амын тооллого, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлд Аларааш гэж бичээгүй, Алдраш гэж бичигдсэн байдаг юм. Энд дурдагдсан А.Риймэд болбоос бидний ээжийн аав нь болой. Бид “хөгшин аав” гэж дууддаг байсан билээ. Аав, ээж хоёр маань нэгдлийн мал маллаж, аж төрж явтал, өнөр өтгөн, тэгш дүүрэн айл гэрт хэмжээлшгүй гай зовлон учирч, ээж маань 1964 онд бидний хамгийн бага дүүг төрүүлээд, цэл залуугаараа мөнхрөлийн оронд одож, тэнгэрт хальсан юм. Энэ тухай би “Би уулын хүн” номдоо бас бичсэн билээ. Аав ээж хоёр маань тэртээ 1960 онд Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 20 жилийн ойгоор ижил зүсмийн хоёр бор морь ижилсүүлэн унаж, миний дараагийн дүүг аваад, аймгийн төв явж, аймаг байгуулагдсаны 20 жилийн ойд очих үеэрээ хамтдаа татуулсан гэрэл зурагт аав, ээж хоёрын маань идэр дунд насны дүр төрх нь мөнхрөн үлдсэн байдаг юм. Бүр хожим 2005 онд багын анд Нямжавын Адилбиш бид нутгаараа тойрч, хар багадаа морин дэл дээр цахилуулж явсан Хоогийн Гануугийн овоо дээр түр саатах үеэр, цулбуураа чирсэн нэгэн сайхан бор морь хөтөл даван уул шил өөдөө гүйж явахтай тааралдан, тэртээ 45 жилийн өмнө аав, ээж хоёрын маань ижилсүүлэн унаж, аймгийн наадамд гоёж явсан сайхан бор морь дээд тэнгэрээс гэнэт бууж ирсэн мэт ер бусын сонин мэдрэмж төрж байсан билээ. Бидний аав өндөр насны тэтгэвэртээ сууж, үр хүүхдүүдийнхээ өсөж өндийхийг харж, үеийн хөгшчүүлтэй өдөржин шатар нүүж, бас янз бүрийн эдээр гоё ганган соруул, хөөрөг урлаж, хүмүүст бэлэглэж, зав чөлөөгүй явсаар тэнгэрт хальсан юм.


Эртний хэдэн судар ном, аавын хэрэглэж явсан нэгэн хуучирч элэгдсэн мөнгөний хэтэвч, өөрөө урлаж хийсэн жижигхэн хөөрөг зэрэг нь эдүгээ манайд хадгалагдаж байдаг.


Эртний самбай хадаг дээр солонгын долоон өнгөөр тойруулж татсан дэлхийн бөмбөрцөг мэт дугуй хүрээний дотор таван морины дүрсийг таван өөр өнгөөр ялган, гоёмсог сайхан зурсан, малын хишиг буян дууддаг хийморийн дарцаг нь манай гэрт байдаг юм. Аав, ээж хоёр айл гэр болоод хийлгэсэн гэдэг. Хишиг буян, аз хийморь бэлгэддэг хэмээн аав, ээж маань хоймортоо залж сүсэглэж явсан тэр эдийг, аав ээжээс минь үлдэж хоцорсон үнэт зүйл хэмээн нандигнан, манайх эдүгээ гэрийнхээ хойморт залж, дээдлэн сүсэглэж явдаг юм. Хамгийн багадаа 80 гаруй жил хадгалагдаж, олон жил нар, салхи, утаа ис аль бүхнийг үзэж сэмэрч элэгдэж хуучирсан ч, зураг дүрс нь тод сайхнаараа, өнгө ялгаран харагддаг хэвээрээ бөлгөө. Намайг сургууль төгсөж, албан хаагч болсны дараа, 1980 оны намар аав хот орж ирэв. Тэгэхэд манайх сайхан сэтгэлтэй хоёр хөгшний гурван өрөө ханхай байранд, хогшил тавилга гэхээр юмгүй амьдарч байж билээ.


Аав тэр өвөл манайд өвөлжиж, хотоор явж, хамаатан садангуудаараа зочилж, танилуудаараа хэсэж, ёстой л очих гэсэн айлдаа очиж, уулзах гэсэн хүнтэйгээ уулзаж, хааяа хонож өнжиж явсаар хавар болоход “Очих гэсэн айлуудаараа очлоо, уулзах гэсэн хүмүүстэйгээ уулзлаа, одоо сэтгэл минь ханав” хэмээн нутаг буцсан юм.


1982 оны намар өвлийн заагаар бие нь чилээрхэж, эмнэлэг домнолгоор явсан боловч, олигтой засал авалгүй гэртээ гарч ирэхэд нь би ажлаасаа чөлөө авч, нисэж очив. Аавыгаа асарч тойлж базаасан ч юмгүй хэд хоног хамт байж, чөлөө ч дуусаж, аав бас “Ард ажил төрөл, орон гэр чинь хэцүүдлээ, одоо явж үз, би зүгээр” хэмээн шахаж шаардан, би буцаж ирэв. Тэр бол аав бид хоёрын хамгийн сүүлчийн уулзалт байсныг тэнэгхэн хүү яахин мэдэх билээ. Ажилдаа гүйж, хааяа төв шуудан орж, утсаар биеийг нь асууж явсаар, сар гаруй болж байтал, нэгэн өдөр эгч утсаар уйлан хайлан ярьж, аавыг бурхан болсныг дуулгав. Ингээд аавгүй боллоо, ачийг нь өчүүхэн ч атугай хариулж юу хийсэн билээ гэж бодохул, толгойд буух тоймтой юм ер байсангүй. Тийнхүү албан газраас томилолт өгч, гэргий юм хүм бэлдэж, Өлгий нисэж очиход, аавын анд нөхөд, нутгийн хэдэн өвгөчүүл намайг гүн эмгэнэл гашуудалтай, их л ёс төртэй угтаж авч билээ. Аав маань угаасаа Сагсай Жаргалант зүгийн хүн байсан болохоор тэр нутгийг нь бараадуулан, насаараа аж төрж амьдарч ирсэн нутаг Цаст Цамбагарав хайрханы цайран дүнхийх мөнгөн зулай алсын алсад үргэлж харагдах уулын нарлаг энгэрт аавыгаа оршоосон юм. Бидний аав модон буюу хөх барс жил төрсөн хүн байв. Аав минь XVII жарны цагаан морин жил эхэлсэн шинэ цагийг үзэж чадаагүй, 1982 онд бурхан болсон юм.


Аав маань үрс биднийгээ “Огторгуйн долоон од болсон хүүхдүүд минь” гэдэгсэн. Орчлонгийн хатуу жамыг яалтай билээ, эдүгээ гурав нь цаг бусаар тэнгэрт хальж дээ.  


Хятадын Нобелийн шагналт зохиолч Мо Янь эцгийнхээ тухай бичсэн “Эцгийн хөрөг” хэмээх зохиолыг 2018 онд монголчлон орчуулж суухад, аавтайгаа байсан он жилүүд эргэн санагдаж, аавын минь гэгээн саруул дүр сэтгэлд гэгээ татуулан амилж байлаа. Одоо болтол аав минь тэр л идэрмэг залуу дүр төрхөөрөө үе үе зүүдэнд эргэж, зүүд нойр дундаа зүс бараагаа харалцаж байдаг юм даа. Эртний Хятадын их сэтгэгч Күнзийн “Шүүмжлэл өгүүлэл” номд “Эцгийг амьд ахуйд зориг санааг нь шинжигтүн, эцгийг бие барсны хойно явдал үйлийг нь шинжигтүн. Эцгийн сургасан ёсыг эс зөрчвөөс ачлалт хэмээж болох буюу” хэмээн өгүүлсэн байдаг. Эцгийгээ амьд сэрүүн байхад нь юу хүсэж мөрөөдөж, юуны төлөө зорьж, зүтгэж явааг нь шинжиж харагтун, эцгийгээ таалал болсны хойно юу хийж бүтээж, яаж аж төрж, зүтгэж явсныг нь шинжиж дуурайгтун хэмээсэн сургаал юм даа.



УРИАНХАН МЭНЭРЭЛИЙН ЧИМЭДЦЭЕЭ (МУСГЗ, ДОКТОР, ПРОФЕССОР)




 2025 оны зургаадугаар сар