
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 16 /Reuters/. Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеиг хөнөөх тухай Израилын төлөвлөгөөнд Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн өдрүүдэд хориг тавьсан гэж АНУ-ын хоёр төлөөлөгч Ройтерс агентлагт ням гарагт мэдээлжээ.
АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнуудын нэг нь хэлэхдээ, Иранчууд америк хүнийг хөнөөсөн үү гэвэл үгүй. Тэд үүнийг хийгээгүй байгаа цагт бид улс төрийн удирдах албан тушаалтны араас хөөцөлдөх тухай ярихгүй гэсэн байна.
Нэрээ нууцлахыг хүссэн албаны хүмүүсийн хэлснээр, Израилын тал цөмийн хөтөлбөрийг нь зогсоохын тулд Иран руу томоохон дайралт эхлүүлснээс хойш АНУ-ын өндөр албан тушаалтнууд Израилын албаны хүмүүстэй байнга холбоотой байгаа ажээ. Ираны дээд удирдагчийг хөнөөх боломж израилчуудад байгаа гэж тэд мэдэгдсэн боловч Д.Трамп уг төлөвлөгөөг хүлээж аваагүй байна. Д.Трамп уг байр сууриа өөрөө Израилын талд шууд илэрхийлсэн эсэхийг албаныхан хэлээгүй боловч тэрбээр Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай байнга харилцаж байгаа гэнэ.
Б.Нетаньяхуг ням гарагт Fox News сувгийн нэгэн нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэр нь Ройтерс агентлагийн мэдээллийн талаар тодруулахад, хэзээ ч болж байгаагүй харилцан ярианы талаар маш олон худал мэдээлэл гардаг, би үүнд оролцохгүй гэж хариулсан байна.
"Гэхдээ бид хийх ёстой зүйлээ хийдэг, хийх ч болно гэдгийг хэлмээр байна. Мөн АНУ-ын тал Америкт юу тустай вэ гэдгийг мэддэг гэж би бодож байна” хэмээн Б.Нетаньяху хэлжээ. Д.Трампын хувьд Техраны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх АНУ-Ираны хэлэлцээ үргэлжилнэ гэдэгт найдаж байна. Агаарын цохилтуудын улмаас ням гарагт Оманд хийхээр төлөвлөж байсан яриа хэлэлцээ цуцлагдсан юм. Д.Трамп баасан гарагт Ройтерс агентлагт хэлэхдээ, Израилын цохилтын талаар “бид бүгдийг мэдэж байсан” гэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
жомбог трамп дандаа яс хаяна