sonin.mn

Ерөнхий сайд Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, Япон Улсын Ерөнхий сайд Ишиба Шигэрү захидал ирүүлсэн байна.


Захидалд:

“Эрхэмсэг ноён Таныг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд тань чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Монгол Улс нь Япон Улсын хувьд эрх чөлөө, ардчилал, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэдэг бүс нутгийн орлуулшгүй түнш юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн дор бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байна.


Цаашид хоёр орны үйл ажиллагааны хөтөлбөр (2022-2031)-т тулгуурлан хоёр орны харилцааг улам бэхжүүлж, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн Эрхэмсэг ноён Тантай гар нийлэн бодитой хамтын ажиллагааг өрнүүлэхийг хүсэж байна. 


Түүнчлэн энэ оны 7 дугаар сарын эхээр Япон Улсын Цог Жавхлант Хаан, Эрхэм Дээд Хатан нарын Монгол Улсад хийх айлчлал төлөвлөгдөж байгаа бөгөөд энэхүү айлчлалаар энэ жил түүхэнд тэмдэглэгдэх жил болж, манай хоёр улсын найрсаг харилцаа улам өргөжин батжих болно гэдэгт найдаж байна” гэжээ.