sonin.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2025 оны 6-р сарын 12-нд хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулав.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн.


Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-д олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг танилцуулж байна.


Гомбожавын Занданшатар нь 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Эхнэр 4 хүүхэдтэй. 1987 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй.


Г.Занданшатар нь ажлын гараагаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багшаар эхлүүлж, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банканд эдийн засагч, хэлтэс, газрын захирал, 1998-2000 онд Монголбанкны сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банканд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч,


2000-2003 онд “Хаан” банкны дэд захирал, 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2005-2010 онд МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач, 2016-2024 онд УИХ-ын гишүүн, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, 2019-2024 онд УИХ-ын дарга, 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна.


Г.Занданшатар нь 1992 оноос хойш эрдэм шинжилгээ, судалгаа, эдийн засаг, гадаад харилцааны чиглэлээр болон төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлагатай иргэд, олон нийтийн итгэл, улс төрийн манлайлал, бодлогын тогтвортой байдлыг хангах чадвартай хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар санал болгож байна" гэв.


Улмаар УИХ-ын 68 гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.


Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг томилох саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 117 гишүүний 108 нь буюу 92.3 хувь нь дэмжлээ. 



Ингэснээр “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд томилогдсонтой холбогдуулан Улсын Их Хурлын дарга үг хэллээ. 

Тэрбээр хэлсэн үгэндээ, гадаад улс төрийн орчин, эдийн засгийн тодорхойгүй байдлаар нөхцөлдүүлсэн шинэ нөхцөл байдалд, шинэ сорилт, шийдэл хүлээсэн бодлогын түвшний асуудлууд Таны өмнө тулгарч байгааг дурдаад макро эдийн засгийн нөхцөл байдал, гадаад худалдаа, ханшийн асуудал, үнийн өсөлт, зээлийн хүүг эрүүл зохистой түвшинд хүргэх, төрийн албаны болон татварын татварын реформ, дотоодын бизнесийг дэмжих, эрчим хүчний найдвартай байдлыг хангах, хөдөө аж ахуйн салбарын хүндрэлийг даван туулах бодлогод онцгойлон анхаарч, бодит үр дүнтэй шийдлүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, төрийн хэмнэлттэй, үр ашигтай бүтэц, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бодлогууд нь шинэ Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл байх ёстой гэдгийг анхааруулж байлаа.



Мөн Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр өндөр үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэж Монгол Улсын Ерөнхий сайдаар тохоон томилсонд талархал илэрхийлээд эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүссэнийг дурдав. Эрсдэл, сорилтыг даван туулах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүх түвшинд төлөвшүүлэх нь шинэ Засгийн газрын үндсэн зорилт байх болно гэж байлаа. 



Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг, ард түмний Засгийн газар байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана. Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ. Бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрд нэвтрүүлнэ. Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт байх зарчмыг удирдлага болгоно. Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж, удирдлага менежментийг шударга, ил тод, мэргэжлийн хөрөнгийн удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцлов


Э.Солонго