sonin.mn

“Орчин үед том загас нь жижиг загасыг барьж идэх бус хурдан загас нь удаан загасаа барьж иднэ” Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч Клаус Шваб


Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хурдацтай хөгжил нь олон улсын харилцааны уламжлалт парадигмыг эрс өөрчилж, кибер орон зай гэх шинэ талбарыг бий болгосон бөгөөд энэ нь улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын салбаруудад гүнзгий нөлөө үзүүлж байна. Үүнээс үүдэн улс орнууд үндэсний ашиг сонирхлоо хамгаалах, олон улсын хамтын ажиллагааг шинэ хэлбэрээр хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгараад байна.


Технологийн хөгжлийн түвшний ялгаатай байдлаас үл хамааран өндөр хөгжилтэй улс орнууд болон хөгжиж буй орнуудын аль алинд нь интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг үр ашигтай ашиглах нь стратегийн тэргүүлэх зорилтын нэг болж байна.


Түүнчлэн кибер аюулгүй байдлыг хангахын тулд цахим орчинд суурилсан хөгжлийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрөх, дэмжих шаардлага улам бүр өсөн нэмэгдсээр буй. Ийнхүү кибер дипломат ажиллагаа нь дижитал эрин үеийн сорилтуудад хариу өгөх үр нөлөө бүхий механизм болон хөгжихийн зэрэгцээ улс орнууд кибер аюулгүй байдлын бодлогоо тодорхойлох, кибер халдлагад хариу арга хэмжээ авах, мөн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор кибер дипломатын арга барилыг идэвхтэй ашиглах болсон. Үүний дүнд цахим орчин дахь улс орнуудын хариуцлагыг зохицуулах олон улсын эрх зүйн баримт бичиг, дүрэм, хэм хэмжээг боловсруулах үйл явц урагшилж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад кибер дипломат ажиллагаа бодитой хувь нэмэр оруулж эхлээд байна.


КИБЕР ДИПЛОМАТ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ БА ХӨГЖИЛ


Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хурдацтай хөгжил нь дэлхийн геополитикийн бүтэц, харилцааны шинэ нөхцөл байдлыг бүрдүүлж, үүний үр дүнд ‘кибер дипломат ажиллагаа’ гэх ойлголт төлөвшин бүрэлдэж байна


Тэгвэл: Кибер дипломат ажиллагаа гэж юу вэ?


Кибер дипломат ажиллагаа гэдэг нь кибер орон зайд үүсэж буй сорилт, боломжуудыг зохицуулах, шийдвэрлэх зорилгоор кибер аюулгүй байдал, дижитал засаглал, дэлхийн интернэтийн экосистем зэрэг салбарт дипломат арга хэрэгсэл, стратегийг ашиглах үйл явц юм.


Kuehl, D. T. (2009). From Cyberspace to Cyberpower: Defining the Problem судалгаанд тодорхойлсноор кибер орон зай нь “мэдээллийн орчин дахь бүх нийтийн домэйн” бөгөөд зөрчилдөөнийг удирдах, улс орон болон төрийн бус оролцогчдыг харилцааг зохицуулахад тодорхой дипломат хүчин чармайлтыг шаарддаг бөгөөд дараах үндсэн чиглэлүүдийг багтаадаг байна. Үүнд:


  • Кибер аюулгүй байдлын дипломат ажиллагаа – Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, түүнийг мөрдөн шалгах, хариу арга хэмжээ авах үйл явцад олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн дипломат хүчин чармайлт.
  • Олон улсын хэм хэмжээг боловсруулж, хөгжүүлэх – Кибер орон зайд хариуцлагатай, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд улс орнуудын харилцан зөвшилцсөн, эрх зүйн болон ёс зүйн үндэслэлтэй хэм хэмжээ, дүрэм журмыг тогтоох, олон улсын түвшинд хэрэгжүүлэх.
  • Чадавх нэмэгдүүлэх – Технологийн хувьд дэд бүтэц сул, хоцрогдсон улс орнуудад кибер дэд бүтцийг бэхжүүлэх, дижитал засаглалын тогтолцоог төлөвшүүлэх, хүний нөөц болон институцийн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тусламж, дэмжлэг үзүүлэх.


Cyber Diplomacy: A Systematic Literature Review” судалгаанд кибер дипломат ажиллагаанд засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг олон талт оролцогчдын үүрэг, хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон байдаг. Мөн Найе (2011) “The Future of Power” бүтээлдээ кибер орон зайн давхар ашиглалтын (dual-use) шинж чанарыг онцлон тэмдэглэж, аюулгүй байдал, эрх чөлөө болон эдийн засгийн хөгжлийн хоорондын тэнцвэрийг хангах нарийн төвөгтэй стратегийн шаардлагыг тодорхойлсон нь кибер орчин дахь бодлого тодорхойлолтод чухал ач холбогдолтойг харуулж байна.


Кибер дипломат ажиллагааны үүсэл хөгжил


Кибер дипломат ажиллагааны түүхэн хөгжил ХХ зууны сүүл үеэс эхтэй бөгөөд энэ үеэс улс орнууд кибер орчны стратегийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, дипломат бодлого, зохицуулалтад тусгах шаардлагатайг ойлгож эхэлсэн билээ. Түүхэн үечлэлд онцлох дараах үйл явдлууд нь кибер дипломат ажиллагааны төлөвшил, хөгжилд чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг.


  • 2001 оны Будапештийн конвенц: Кибер гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн анхны олон улсын хууль эрх зүйн баримт бичиг бөгөөд гишүүн орнуудын хувьд мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт үүсэж буй сорилт, бэрхшээлийг хамтран шийдвэрлэх үндэс суурийг тавьсан. Тус конвенц нь хожмын олон улсын гэрээ, хэлэлцээрүүдэд үлгэр жишээ болсон гэж үздэг.
  • НҮБ-ын Засгийн газрын шинжээчдийн бүлэг (UNGGE): 2004 оноос хойш UNGGE нь гишүүн орнуудын дунд итгэлцэл бий болгох, кибер орон зайд олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх боломж, хязгаарлалтыг судлах, холбогдох зөвлөмж боловсруулах зэрэг чиглэлээр ажиллаж ирсэн. Тус бүлгийн санал дүгнэлтүүд нь олон улсын бодлогын баримт бичиг боловсруулахад суурь болсон.
  • Хоёр талт гэрээнүүд: Кибер дипломат ажиллагааны хүрээнд байгуулсан хоёр талт хэлэлцээрүүдийн жишээнд АНУ–ОХУ-ын 2013 оны кибер орчны зөрчил, үл ойлголцлыг бууруулах зорилготой шуурхай харилцаа холбооны механизм (cyber hotline), АНУ–БНХАУ-ын 2015 оны оюуны өмчийн хулгайтай тэмцэх тухай гэрээг дурдаж болно. Эдгээр нь кибер орчны асуудлаар хоёр талын итгэлцэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байв.
  • Бүс нутгийн стратеги, хэлэлцээрүүд: Европын Холбооны 2013 оны кибер аюулгүй байдлын стратеги болон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо (ASEAN)-ны кибер аюулгүй байдлын хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг нь бүс нутгийн түвшинд кибер дипломат ажиллагааг системтэйгээр хөгжүүлэх чиглэлд хийгдсэн чухал алхмууд юм.


Cyber-Diplomacy: The Making of International Society in the Digital Age” (2021) судалгаанд дурдсанаар, эдгээр хөгжлүүд нь олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд цахим орчны засаглалыг институтчилэх шилжилтийг илэрхийлж байна. Тухайлбал, цахим тусгаар тогтнол, дижитал хуваагдал болон бүх нийтийн итгэлцлийн хомсдолыг шийдвэрлэхэд кибер дипломат ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн, сүүлийн жилүүдэд гарсан хамгийн ач холбогдолтой үйл явдал нь бүх нийтэд тулгарч буй технологийн сорилт, бэрхшээлийг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх, мөн бүх нийтийн хүлээн зөвшөөрсөн, заавал дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгийг боловсруулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74/247 тоот тогтоолоор Мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх иж бүрэн конвенц боловсруулах тусгай хороог байгуулсан явдал юм.


Хорооны зүгээс мэдээллийн технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх чиглэлд үндэсний, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд гаргаж буй хүч чармайлт, сайн туршлага, олон улсын эрх зүйн баримт бичгүүдийг бүхэлд нь авч үзэж, эрх зүйн баримт бичиг боловсруулах зорилгыг биелүүлэхээр 2021-2024 онд ажиллаж, 2024 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей Кибер гэмт хэрэгтэй тэмцэх Конвенцыг баталсан. Ийнхүү олон улсын хамтын нийгэмлэг технологийн хөгжлөөс үүдэлтэй бүх нийтийн өмнө тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, цахим орчин дахь улс, орнуудын хариуцлагатай байдлыг зохицуулах бүх нийтийн хүлээн зөвшөөрсөн, иж бүрэн анхны эрх зүйн баримт бичигтэй болсон юм.


Кибер дипломат ажиллагаанд тулгарч буй сорилтууд


Хэдийгээр кибер дипломат ажиллагаанд тодорхой ахиц дэвшил гарч байгаа ч тодорхой сорилтууд тулгарсаар байна:


  • Илрүүлэх, хариуцлага тооцох: Кибер халдлагыг илрүүлэх, хариуцлага тооцох асуудал нь томоохон сорилт үүсгэдэг бөгөөд энэ нь хариуцлагын хүлээлтэд саад болж байна. АПТ (Advanced Persistent Threats) болон төрийн дэмжлэгтэй /State-sponsored/ хакеруудад зориулсан дэвшилтэт арга техникийг ашиглах нь халдлагын гарал үүслийг нуухад тусалдаг. Энэ тодорхойгүй байдал нь улс орнуудын хоорондын үл итгэлцлийг нэмэгдүүлж, кибер аюулгүй байдлын салбарт өөрчлөлт, зохицуулалт хийхэд саад учруулдаг.
  • Эрх зүйн хэм хэмжээ, түүний хэрэгжилт: Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн, заавал дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээг боловсруулах нь улс орнуудын ашиг сонирхлын зөрчлөөс үүдэн удааширч байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх анхны конвенц батлагдсан ч, олон улсын эрх зүй болон хэм хэмжээг хэрэгжүүлэх явцад их гүрнүүд өөрийн ашиг сонирхолд тохируулан ханддаг бөгөөд эрх зүйн баримт бичигт нэгдэхгүй байх, тэднээс гарч буй түүхүүд хангалттай байдаг. Ардчилсан улс орнууд интернет эрх чөлөөг чухалчилдаг бол, авторитар дэглэмүүд цахим тусгаар тогтнол, мэдээллийн хяналтдаа анхаарлаа хандуулдаг байна.
  • Төрийн бус оролцогчид: Кибер гэмт бүлэглэлүүд, олон улсын корпорацууд, хүмүүнлэг, хүний эрхийн байгууллагууд зэрэг төрийн бус оролцогчдын өсөж буй нөлөөлөл нь цахим орчин дахь хэм хэмжээ болон бодлогыг тодорхойлоход уламжлалт төр төвтэй дипломат парадигмд сорилт болж байна.


Цахим орчин дахь хариуцлагатай байдлыг бэхжүүлэхэд кибер дипломат ажиллагааны ач холбогдол


Цахим орчинд улс орнуудын хариуцлагатай байдлыг зохицуулахад юуны өмнө дэлхийн үзэл баримтлал, зарчим болон үндэсний бодит байдлыг тусгасан стратегийн, эрх зүйн болон институцын чадавхын үр дүнтэй уялдаа холбоог бүрдүүлэх шаардлагатай.


Монгол Улсын хувьд, эдийн засаг, нийтийн үйлчилгээ нь цахимжиж байгаа энэ үед, энэ хүү хэм хэмжээг нэвтрүүлэх нь зөвхөн кибер аюулгүй байдлын асуудал төдийгүй үндэсний сөрөн тэсвэрлэх болон олон улсын итгэлийг бий болгох ач холбогдолтой билээ.


Кибер аюулгүй байдлын чиглэлд Монгол Улс нь ахицтай алхмуудыг хийж байгаа ч стратегидаа шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулснаар тус баримт бичиг нь онц ач холбогдол бүхий дэд бүтцийг хамгаалах, тусгаар байдлыг хүндэтгэх болон мэдээлэл, харилцаа холбооны технологийг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэхэд нэн ач холбогдолтой юм. Эрх зүй бол нөгөө гол тулгуур багана юм. 2021 онд батлагдсан Кибер аюулгүй байдлын хууль нь суурь болж байгаа ч иргэний мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хамгаалах эрх зүйн үүргийг бий болгох, мэдээллийг хариуцлагатай солилцох, хувийн хэвшлийнхний кибер аюулгүй байдалд оролцох оролцоог зохицуулах хамтын ажиллагааг илүү сайжруулах боломжтой юм. Ингэхдээ, инновац ба зохицуулалтын балансыг хадгалах нь нэн чухал. Цаашлаад, кибер гэмт хэрэг, аюул занал илүү боловсонгүй болж байгаагийн хирээр байгууллага хоорондын хамтын ажиллагаа, мандатын тодорхой байдал болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай юм.


Үүний нотлох цөөн баримт дурдвал: Өнөөдрийн байдлаар, дэлхийн кибер аюулгүй байдлын индекс 2024-т Монгол Улс нь 193 орноос 103-т жагсаж байна. Үүнээс, эрх зүйн – 20 онооноос 19.18, Техник, технологийн хөгжил – 6.64, Зохион байгуулалт – 13.62, Чадавх нэмэгдүүлэх – 10.43, Хамтын ажиллагаа – 6.49 оноотой байна. Дутуу байгаа салбаруудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийснээр Монгол Улс нь кибер аюулгүй байдлын сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхаа бэхжүүлээд зогсохгүй олон улсын хэм хэмжээг дэмжиж буйг нотолж, дижитал домейн дахь хариуцлагатай улсын нэр хүндээ бататгах юм.


Олон улсын хэм хэмжээг хэрэгжүүлэхэд үндэсний төвүүдийн /CERTs/ гүйцэтгэх үүрэг


Кибер хадлага, зөрчилтэй тэмцэх төвүүд нь абстракт хэм хэмжээг практик үйл ажиллагаа болгодог гол бүтцүүд юм. Монгол Улсын хувьд, тус төвүүд нь олон улсын хэм хэмжээг өдөр тутмын кибер аюулгүй байдлын үйл ажиллагаандаа интеграцчилдаг чухал анхан шатны цэг билээ.


Цаашлаад, Төвүүд нь улс төржилтөөс гадуурх зохицуулалтын үүргийг гүйцэтгэнэ. Геополитикийн хурцадмал нөхцөл байдал үүссэн үед ч энэхүү бүтцүүд нь харилцаа холбооны зам сувгийг хадгалж, аливаа цахим халдлага нь дипломат хямралд хүргэхээс сэргийлэх юм.


Иймд, манай улсын төвүүд хамтарсан сургуулилт, мэдээлэл солилцоонд оролцоогоо нэмэгдүүлэх замаар кибер дипломат ажиллагаанд стратегийн үүргийг гүйцэтгэх боломжтой юм. Монгол Улсын хувьд, боловсон хүчний хөгжил, эрх зүйн мандат, олон улсын оролцоонд анхаарал хандуулж, шаардлагатай үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хийх нэн чухал. Энэхүү төвүүд нь кибер хадлага, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлээд зогсохгүй кибер аюулгүй байдлын олон улсын хэм хэмжээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, цахим орчин дахь хариуцлагатай байдлын хамгаалагч болон элч байх үүргийг давхар гүйцэтгэнэ.



Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв