sonin.mn

“Шинэ цолтон” булангийн маань энэ удаагийн зочноор Архангай аймгийн Булган сумын харъяат, Алдар спорт хороо, Херо холдинг компаний бөх шинэ залуу начин Рэнчинбямбын Пүрэвдагва уригдлаа.



-Улсын начин цол хүртсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэн ярилцлагаа эхэлье?

-За баярлалаа. Ардын хувьсгалын 91 жилийн ойн улсын их баяр наадмаараа тав давж улсын начин цол хүртсэндээ баяртай байна. Олон сайхан залуучууд цол хүртсэн сайхан наадам болсон.



-Хэдэн жил улсын наадамд зодоглоод цолонд хүрэв ээ?

-Гурав дахь жилээ зодоглоод улсын цолтны эгнээнд орж ирлээ.



-Улсын цолны мэдрэмж ямархуу байна вэ?

-Улсын цолтон гэдэг маань их том айл шүү дээ. Хүссэн аавын хүү болгон аваад байдаг зүйл биш гэдэг шүү дээ. Гэхдээ эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үг бий. Нутаг ус, аав ээждээ залбираад бэлтгэлээ сайн хийгээд явж байсны үр дүнд энэ сайхан цолонд хүрлээ. Бөхийн ёс жудгаа сахиад, бэлтгэл сургуулиа тогтмол хийгээд, хувийн сахилга батаа анхаараад явж байхад хүссэн цолоо авах өдөр байдаг юм байна. Цаашдаа улам сайн барилдаж цолоо ахиулах урам зориг дүүрэн байна.



-Шинэ цолтойгоо намрын нээлтийн барилдаандаа түрүүллээ. Гараа сайн бол бариа сайн гэж үг бий. Эхлэл сайхан байлаа?

-Улсын цолтой бөхийн өргөөндөө анх удаа барилдаад түрүүлсэндээ их бэлгэшээж, баяртай байгаа. Цолныхоо хэмжээнд, цолоо дүүргэж барилдах их чухал гэж ярьдаг шүү дээ. Тийм болохоор гараагаа амжилттай эхлүүлсэндээ сэтгэл дүүрэн байна. Цаашдаа ч тогтмол сайн барилдана гэж бодож байна.



-Сүүлийн жилүүдэд барилдаануудад тогтмол барилдаж, барилдаанаас барилдааны хооронд чангарч, амжилт тань ахиж байсан. Ялангуяа энэ жил бэлтгэл сургууль их сайн байсан гэж ойлгож байгаа?

-Ойрын гурван жил бэлтгэл тасалсан өдөр бараг байхгүй дээ. Ноднингийн хувьд жаахан бэртэл гэмтэлтэй байсан болохоор ачаалал ихээр авч чадаагүй. Харин энэ жил бэлтгэлээ үнэхээр сайн хийсэн. Барилдаанууддаа ч тогтмол оролцсон. Улсын цолтных ч бай, аймгийн цолтных ч бай апиваа барилдааныг алгасахгүй барилдахыг хичээдэг. Барилдаж байж л өөрийгөө ямар түвшинд байгааг мэднэ шүү дээ. Наадмын өмнө нутагтаа очиж хэд хоног бэлтгэл хийж байгаад ирээд аваргынхаа галд дахин хэд хоног гарсан.



-Наадмын бэлтгэлээ хэрхэн базаав?

-Гурван жил улсын цол авна гэж бодож зүтгэсэн. Хүн өөрийгөө голж болдоггүй юм билээ. Адилхан аавын хүүгийн авдаг цолыг би ч гэсэн авна гээд өөртөө зорилго тавиад зүтгэсэн. Гэхдээ зорилго минь ингээд зогсохгүй. Цаашлаад дахин өндөр том цол авахын төлөө шаргуу хөдөлмөрлөнө. 8 сарын 15-наас бэлтгэлдээ орсон. Одоо надад амрах, дараа гэж хойш тавих цаг байхгүй, эрх байхгүй. Одоо хэн бэлтгэлээ сайн хийсэн нь л амжилт гаргадаг болсон цаг шүү дээ.



-Өмнөх хоёр жилийн наадамд та дөрвийн даваанд өвдөглөсөн. Энэ барилдаанууд танд юу бодогдуулж байв?

-Жил ирэх тусам л хүн алдаанаасаа суралцаж, туршлага сууж, бэлтгэл сайжирна. Өмнөх хоёр наадам намайг их ирлэсэн байх. Наадам болгоны дараа бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй юм байна гэдгийг хамгийн их бодсон. Хэрвээ ингээд дөрөв дээр унаад байх юм бол би цолгүй хоцрох нь тодорхой.



-Наадам дөхөхөөр хэр их нервтдэг вэ?

-Би ер нь нэг их нервтдэггүй юм аа. Харин баярлаж байгаад уначихдаг /инээв/. Өмнө давчихна гэж гараад унаж байсан болохоор энэ жил их л хашир барилдлаа. Ер нь хашир болохгүй байхын аргагүй юм билээ. Өрөслөдөгчөөс айх юм гэвэл туршлага л гэж боддог. Хүний туршлага гэдэг ямар ч мэх, ямар ч бярнаас илүү байдаг юм билээ.



-Өнөө жилийн наадмын даваа, учраануудынхаа тухай...?

-Энэ жилийн учраанууд маань ерөнхийдөө азтай таарсан гэж болно. Бас хэнтэй ч таарсан сайхан барилдчихаар бэлтгэл их сайн байсан. Хоёрын даваанд Завханы шинэ арслан Ганбаатартай таарч даваад, гурав дээр намайг Б.Одхүү начин авсан. Одхүү начинг даваад дөрвийн оноолтод Г.Ганхуяг харцагатай таарч даваад, тавд И.Доржсамбуу гарьдаар начин болсон доо.



-Начин болох агшин ч мэдээж хамгийн гоё байсан биз дээ?

-Начин болчихоод уу? Харцага, заан гээд цолнууд ойрхон санагдсан л даа. Хойтон гэхээр тэр цолнуудын төлөө дахиад 5,6 давах шаардлага гарна. Бүтэн жил гэдэг тамирчин хүний хувьд алдаж болохгүй их хугацаа. Тийм болохоор дараагийн даваануудыг их бодож гараад сайхан барилдаад л унасан. Гэхдээ нас залуу, наадам олон байна. Тэр даваануудыг давах өдөр ирэх байх аа.



-Аав тань энэ дээлийн чинь захыг мушгисан уу?

-Тийм ээ. Аав маань жил бүр ирж хүүгийнхээ дээлийн захыг мушгидаг юм. Манай аав орон нутагтаа бөх засдаг, цоллогч засуул хүн. Намайг бүр багаас л бөх болгоно гэж ярьдаг байсан. Тэр хэрээр би өнөөдөр өдий зэрэгтэй барилдаж, аав ээжийнхээ ачийг хариулсан гэх нь хаашаа юм, гэхдээ нэгээхэн хүслийг нь биелүүлсэндээ их баяртай байгаа.

Ер нь миний төрж өссөн Архангай аймаг бөхийн өлгий нутаг. Улсдаа хамгийн олон улсын цолтонтой аймаг. Ийм сайхан нутаг усанд төрснөөрөө би үргэлж бахархаж явдаг. Энэ олон алдар цуутай бөхчүүдээ залгамжилж сайн барилдах ёстой гэдгээ ойлгодог, дүү нартаа ч хэлдэг. Миний хувьд одоогийн байдлаар хамгийн залуу начин нь болоод явж байна.

Хойшдоо миний араас олон дүү нар маань улсын цолны босгоор алхана гэдэгт итгэл дүүрэн байгаа. Сэтгэл гаргаад хөдөлмөрлөж яваа хэнд ч давахгүй даваа гэж байхгүй л гэж боддог. Үндэсний бөх бол их том өв соёл. Ёс жаягаасаа эхлээд өмсөж байгаа дээл хувцас нь хүртэл ямар мундаг билээ? Бас эр хүн гэвэл бүгд л адилхан эр  хүн. Тэр дунд жинхэнэ эрчүүд нь ховор байдаг. Харин манай бөхчүүд тэр жинхэнэ эрчүүд нь байж чаддаг гэж боддог. Тэр эрчүүдийн тоонд ороод явж байгаадаа бас баяртай явдаг.

 


-Бөх болох хүсэл мөрөөдөл хэзээнээс эхэлсэн бол?

-Өө, хүүхэд байхаасаа л бөх болно гэж бодсон. Би хоёр талаасаа бөхийн удамтай. Аавынхаа талд очсон ч тэр, ээжийнхээ талд очсон ч тэр бүгд л чи бөх болно гэдэг. Өөрөө ч бөхөд дуртай байлаа. Дургүй байсан бол мянга албадаад ч болохгүй шүү дээ., тийм ээ?



-Тийм шүү. Хамгийн анхны “би бөх болох нь” гэсэн урамшил хэзээ төрсөн бэ?

-Дунд сургуулиа төгсөөд хотод ирж Аварга БТДС-д сурсан. Нэгдүгээр курсээсээ л заалны барилдаанд гарах гэж бөхийн өргөөний гадаа өглөө эрт ирж оочерлоод л... Заалны барилдаанд нэг, хоёроос дээш давдаг цөөхөн залуу бөхийг том барилдаанд бүртгэдэг шүү дээ. Би чинь өсвөр, залуучуудын улсын аваргаар шагналт байранд орж барьдаг, хэрдээ л амжилттай нөхөр бүртгүүлчих гээд үзээд байдаг. Нэг удаа өглөө эрт ирээд хөлдөж үхэх шахан зогсож, зогсож хасагдчихаад нүдэндээ нулимстай буцаж байлаа. Тэр санаанаас ер гардаггүй юм. Сүүлдээ ч гайгүй барилдаад ирэхээр хоцорч ирсэн ч гэсэн ор, ор гээд л ордог болсон /инээв/. Давах тусмаа урамшаад л, ер нь бөх гоё шүү дээ.



-Чөлөөт бөхөөр барилдаж анх бөхийн гараагаа эхэлсэн гэдэг байх аа?

-Тэгсэн шүү. Архангай аймгийн БТСГ- ын дасгалжуулагч Ч.Буян гэж багш байлаа. Багш маань аймгийн хурц арслан цолтой. Би отгон шавь нь л даа. Өсөхөө аварга Рагчаа гарьд гээд Архангайн олон сайхан бөхийн анхны багш нь байгаа юм. Ийм сайхан багштай байсандаа баярлаж явдаг. Намайг анх барилдаж эхпэхэд “Миний хүү багш шигээ аймгийн хурц арслан болно оо" л гэдэг байсан. Дөнгөж 6, 7-р ангийн хүүхдэд аймгийн хурц арслан гэхээр их л том цол сонсогдож байгаа юм чинь.

Сүүлд 2010 онд хурц арслан болчихоод байж байхад багшийн маань хэлж тэр үг санаанд их ойрхон байсан. Анх чөлөөт бөхөөр барилдаад өсвөр үе, идэрчүүдийн УАШТ-нд ордог байлаа. Медаль энэ тэр аваагүй ээ, аваагүй. Тусгай байранд л орж байсан. Чөлөөтийн улсын аваргаар анх удаа бөхийн өргөөнд орж ирж үзээд, даралтанд орчихоод дээшээ харахад гадаа байгаа юм шиг их л том харагдаж байж билээ /инээв/.

Одоо ч бөхийн өргөөндөө барилдаад бүр дасчихаж дээ. Бөхийн өргөөнөөс өөр газар барилдахаар нэг л эвгүй оргиод, биеэ бариад байгаа ч юм шиг санагддаг болсон байна лээ.



-Та их дайчин барилдаантай бөхчүүдийн нэг?

-Би ямар ч үед гараад хурдан шуурхай барилдчихъя л гэж боддог. Давбал даваад, унавал унаад л...
 

-Зан чанарын хувьд нэлээд хурц байх аа?

-Аа, хурц хурц. Би хүмүүс шиг дотроо шаралхдаггүй, их ил шартай /инээв/.



-Дэвжээн дээр гарахаараа өөрийгөө яаж ирлэдэг вэ?

-Тамирчин хүн болгон өөрийгөө ирлэж, зоригжуулж байх ёстой. Өөрийгөө дийлсэн хүн бусдыг дийлэхэд хялбар байдаг юм болов уу гэж боддог.



-Дүүгүүрдэх мэхийг үе үе мундаг хийх юн. Бөх болгон хийгээд байдаггүй мэх...Энэ хэзээ, хэрхэн сурсан мэх вэ?

-Дүүгүүрдэх үү? Дээхнэ үед бол энэ мэхийг их хийдэг байсан гэсэн. Анх хав золгооноос шахаж татахыг сурч байхдаа дүүгүүрдэхийг сурах гэж оролдож эхэлсэн юм. Хүмүүс хийгээд л байдаг юм билээ, би яагаад хийж болохгүй гэж... гэж бодоод л. Ер нь бөх хүн мэх болгоныг хийдэг, мэх болгоныг хариулж чаддаг байх хэрэгтэй гэдэг. Дүүгүүрдэх мэхийг бөх болгонд хийгээд байж болохгүй л дээ. Тухайн үеийн барилдааны онцлог, хоёр бөх яаж өрсөн, яаж золгосон, барьц яаж авснаас л шалтгаална. Огцом хурдтай, тэсэрч бас нэлээд бяр гаргаж хийдэг мэх шүү дээ.



-Ялангуяа гараас нэлээд бяд шаардана биз?

-Тийм шүү. Бас нурууны өндөр нам, жин  их нөлөөтэй.



-Таны жин, өндөр хэд байгаа вэ?

-Өндөр 182 см, жин 107-108 орчим л байгаа. Би тийм ч их масстай бөх биш. Жилд 2-3 кг л нэмэгдэх юм. Жин нэмье гэж нэг их боддоггүй юм аа.



-Наадмын өмнө их сайхан зузаарчихсан байдал анзаарагдсан?

-Хавар би бэлтгэлээ хэтрүүлж, өөрийгөө цөмлөөд байсан юм билээ. Энэ хавар жаахан амарсан. Амралт, бэлтгэлээ тохируулаад, ерөнхийдөө сэргэлтийн байдалтай. Хүүхэд байхаасаа эхлээд л бэлтгэлийг тэгж хийвэл сайн, ингэж хийвэл сайн гээд нэлээд ачаалалтай бэлтгэл хийгээд байхаар мэдээж сайжирна л даа. Гэхдээ өөрийнхөө биеийн онцлогт тохируулж ачаалал авах нь чухал гэдгийг их ойлгож байгаа.

Зааж зөвлөх хүмүүс ч их байна л даа. Улсын харцага М.Батжаргал ахаас эхлээд Өсөхөө аварга гээд бөхчүүд бүгд л бидний насыг тойроогүй дайраад гарсан болохоор дүү нарыгаа алдаа мадаг бага гаргаасай гэж дор бүрнээ хэлж зөвлөж байдаг даа. Та нар их азтай үед төрсөн гэж хэлдэг юм. Нээрээ л цаг үе сайхан болсон, бас ард түмэн маань бөхөө их дэмждэг болсон. Бөхчүүд бид бөхийнхөө буян хишгээр сайн сайхан амьдарч болж байна. Тийм болохоор олны хайр хүндэлийг зөв дааж, амжилтаар ачийг нь хариулах үүрэгтэй гэж ойлгодог доо.



-Дараагийн зорилгыг чинь сонирхоё. Танд ямар цол хамгийн их бодогдож байна вэ, одоо?

-Мэдээж дараагийн цол бодож, мөдөөдөлгүй яахав. Их том цол бодож байгаа /инээв/. Гэхдээ тэр цолоо авчихаад ярилцлага өгөхдөө ямар цол бодож байснаа хэлье.



-Тэгээрэй. Нээрээ наадмын дараа нутаг орныхон тань цолны наадам хийлээ гэж дуулдсан?

-Тийм ээ. Манай суманд гарьд Рагчаа ах бид хоёрын цолны мялаалга наадам их болсон. Намар оройдуу болсон ч гэлээ наадам маань өргөн дэлгэр сайхан боллоо. Дараа нь аймгийн удирдлагууд хүлээн авч бас бэсрэг наадам хийсэн. Ойрын хэдэн жил манай аймгаас улсын шинэ цолтон тасраад байсан л даа. Тэгээд ноднин Санжаадамба заан, Амарзаяа начин болж, энэ жил гарьд начин хоёр төрлөө.

Нутаг орныхон маань ч сэтгэл их өндөр байгаа. Ер нь шинэ цолтнууд төрж байгаагийн уг үндэс нь манай Бөхбилэгт дэвжээний үйл ажиллагаатай их холбоотой. Энэ жил УИХ-ын гишүүнээр сонгогдсон Болор ах маань дэвжээний тэргүүн болсноор хийсэн ажлуудынх нь үр өгөөж нь гарч байна. Цаашдаа ч олон шинэ цолтон төрнө гэдэгт итгэлтэй байна.



-Таныг анх Эрдэнэбулган сум гэж зарладаг байснаа сүүлдээ Булган гэдэг болчихсон. Та яг хаана нь төрсөн юм бэ?

-Манай аав Булган сумынх. Булган сум бол аймгийн төвөөс 35-хан км-ийн зайтай. Би болохоор аймгийн төвд төрсөн. Аймгийн төвийг Эрдэнэбулган сум гэж нэрлэдэг. Энэ хоёр бараг нэг сум гэсэн үг. Булган сумын нутаг дэвсгэр дээр Архангай аймгийн төв оршдог. Тийм болохоор хоёулаа л миний нутаг. Нэр нь хүртэл бараг адилхан. Анх өсвөрт барилдахдаа Эрдэнэбулган гэж бичүүлээд түүгээрээ нэрлээд явчихсан. Сүүлд нь аавын минь төрж өссөн нутаг, нэг л нутаг дэвсгэр юм чинь ялгаа юу байхав гээд л Булганаараа зарлуулдаг болсон.



-Түрүүн хоёр талдаа бөхийн удамтай гэж ярьсан. Тэр талаараа тодруулвал...?

-Манай аавын талд у.г Д.Рагчаа, у.х М.Батжаргал, а.а Бат-Отгон, Гансүх гээд олон бөхчүүд бий. Миний ээжийн аав нь Архангай аймгийн Өгийнуур сумын харъяат аймгийн заан Шагдар гэж хүн байсан. Сумандаа агент хийдэг. Ээж нь нүд муутай хүн байсан болохоор өвөө маань бэлтгэл сургууль хийж амждаггүй, ийш тийшээ явж нэг их барилдаагүй юм гэнэ лээ. Хэрвээ тогтмол барилдсан бол сайн барилдах байсан гэж үеийнх нь хөгшчүүл ярьдаг юм.



-Та эцэг эхээс хэдүүлээ вэ, багадаа ямархуу хүү байв?

-Гурвуулаа, дороо эрэгтэй эмэгтэй хоёр дүүтэй, айлын ууган хүү. Хөдөөний хүүхдүүд
яаж өсдөг билээ, тэр замаар л өссөн. Нэлээд хөдөлгөөнтэй, сахилгагүй талдаа хүү байлаа. Тиймдээ ч их хөдөлгөөнтэй барилддаг байх / инээв/.



-Эхнэр хүүхдээ танилцуулна уу?

-Эхнэрийг минь Цэрэнлхам гэдэг. Өвөрхангай аймгийн харъяат, багш мэргэжилтэй бүсгүй бий. Манайх хоёр сайхан хүүтэй. Бид гэрлээд 5 жил болж байгаа.



-Гэр бүлдээ цаг зав гаргаж чадаж байна уу?

-Манай бөхчүүд харахад ажил багатай юм шиг хэрнээ их л завгүй хүмүүс байдаг юм шүү дээ. Биеийн хүчний хөдөлмөр гэдэг асар их ядаргаа, бэрхшээл агуулж байдаг. Өдөрт гурван удаа бэлтгэл хийвэл өглөө гараад л орой ядарч унах шахсан юм л гэртээ орно шүү дээ. Тамирчин хүний гэр бүл асар их тэвчээр, хүлээлт шаарддаг байх. Гэхдээ гэр бүлдээ боломжоороо л зав гаргахыг боддог доо.

 



Бөхийн өргөөний баруун хойд талын хамгийн дээд эгнээнд улсын начин Р.Пүрэвдагва, аймгийн арслан Н.Батсуурь, аймгийн заан Д.Гансүх, аймгийн харцага Б.Төрмагнай, сумын заан Г.Балжинням нарын бөхчүүд байнга хамт суудаг. Газар газрын бас үе тэнгийн тэдний нөхөрлөл бусдаас нэг л онцгой харагдаад байдаг юм. Начин найзуудынхаа талаар ийн үгүүлэв.

 


-Танай найзуудыг бөхчүүд дотроо их сайхан нөхөрлөдөг сонссон юм байна?

-Тийм шүү. Анх Тэмүүжин клуб байгуулагдахад бид хамт секцэнд явж эхлэхдээ танилцаж, нөхөрлөж байлаа. Одоо бүгдээрээ сайхан барилдаад л явцгааж байна. Архангай, Увс, Ховд, Хөвсгөл гээд ёстойл нутаг нутгийн залуус бий. Бөхчүүд маань ихэвчлэн аймаг аймгаараа бөөгнөрч суудаг бол бид хэд тэгдэггүй, найзуудаараа л хамт суудаг. Тогтмол суудаг нэг газартай. Барилдааны үед бие биенээ их ирлэнэ. Хэдийгээр адилхан өрсөлдөгчид боловч нэгийгээ барилдах гээд гарахаар барилдааныг нь анхаараад, биеэ чангалаад, давбал баярлаад л...



-Хоорондоо таарч барилдах үе ч бишгүй л байдаг байх?

-Таарна аа, таарна. Бодож санах юмгүй шударга сайхан барилдаад л явцгаадаг. Орж ирээд би чи намайг тэгж хаялаа, дараа би чамайг тэгж хаяна гээд л инээж хөхрөөд л өнгөрдөг. Хамт бэлтгэл хийхэд ч сайхан, үр өгөөжтэй. Ер нь л сайхан найзуудтай шүү.



-Бөхчүүдийн гараа, дэвээ өөр өөр байдаг. Таныг харж байхад гуяа бүр ором гартал нь их чанга апгадаад гарч байгаа нь анзаарагддаг. Нэг төрлийн өөрийгөө ирлэдэг зан чанар уу?

-Анх надад Буян багш маань “Бөх хүн сайхан дэвж, шаваад гарахаар өөрт ч өрсөлдөгчид ч их нөлөөтэй байдаг” гэж хэлж байсан юм. Тэр үг хүүхэд наснаас минь надад бүр хоногшчихсон. Тийм болохоор их чанга алгадчихаад байдаг юм.



-Одоо ямар мэхийг сурах юмсан гэж сонирхож байна вэ?

-Ямарваа мэхийг төгс сурахад их цаг хугацаа шаардах нь ойлгомтой. Би аль нэг мэхийг дор нь сураад дахиад шинэ мэх сурахаараа өмнөхөө хаяад явчихдаг талтай. Зөндөө л олон гоё гоё мэхнүүд байдаг. Тэднээс сурах юмсан гэж бодож байгаа мэх байна аа. Хав золгооноос сайхан шахаж татаж байгаад мордоод сурчих юмсан гэж бодож байна. Ер нь бөхчүүдийн хийж байгаа мэхийг ажиглана. Энэ мэхийг сурчихаад тэрэнд хийвэл тохиромжтой юм байна гэдэг ч юм уу... Би ч ихэвчлэн сэрвүүгээс барилдчихдаг болохоороо сүүлийн үед хав барилдаанд нэлээд анхаарал хандуулж байгаа.



-Санаанаас гардаггүй нэг гоё барилдааныхаа тухай дурсаач гэвэл...?

-Бэлтгэл сайтай үедээ бөхчүүд их мэдрэмтгий болчихдог л доо. Ямар мэх ирэх гэж байгаад таагаад ирдэг гэх үү дээ. Гэхдээ зарим үед хүчтэй мэхэнд өртөөд унаж явах үедээ хариу мэх хийгээд хаячих тохиол ч байдаг. Миний хувьд 2008 оны цагаан сарын барилдаан дээр Тогтохбаяр начинд шахаж татуулаад бараг унаж яваад давхар ачаад хаясан удаа бий.



-Таныг бас галбир сайтай бөхчүүдийн нэг гэдэг юм билээ. Хүчний бэлтгэл хэр хийдэг вэ?

-Их бага хийдэг юм аа. Барилдааны бэлтгэлээ голлодог. Харин энэ жилээс хүчний бэлтгэл арай түлхүү хийж эхэлж байгаа. Бөхчүүдийн жин масс нэмэгдээд золгож барилдах шаардлага зайлшгүй нэмэгдэж байгаа болохоор хүч, бяраа нэмэх үүднээс хүчний бэлтгэлдээ анхаарч эхэлсэн.



-Бөх болгонд өөрийн гэсэн давуу тал, онцлог байдаг. Таны хувьд юугаар давуу гэж боддог вэ?

-Гар сайтай л гэж боддог юм шүү дээ.



Шинэ начин маань цолныхоо мялаалгыг хийхээр гадуур ажил ихтэй байсан болохоор ихэд яарч байсан ч асуулт болгонд минь чин сэтгэлээсээ илэн далангүй хариулж байв. Тэр их ажлынхаа хажуугаар зав гарган ирж уншигчидтай минь уулзсан түүнд талархлаа илэрхийлээд дараа шинэ цолтойгоор тухтай, сайхан яриа өрнүүлээрэй хэмээн хүсэхэд тэрээр:



-За баярлалаа. Дараа шинэ цолтойгоор сайхан яриа өрнүүлж уулзацгаая. Бөх сониныхоо нийт уншигчдад аз жаргал, амжилт хүсээд цаашдаа цолоо ахиулж, сайхан барилдана гэдгээ амлая хэмээсэн юм. Энэ сайхан амлалт тун удахгүй биелнэ гэдэгт эргэлзэхгүй байна.


С.Бадамгарав
Эх сурвалж: “Бөх Сонин”