sonin.mn

Энэ бол бөхийн сорилгууд дотроо хамгийн эртнийх нь юм. Түшээт хан аймгийн Дайчин ван Ханддоржийн дээд өвөг Чавагдоржийн үеэс барилдах сонирхолтой, бөхийн удам угсаатай залуучуудыг хошууны төвд дуудан ирүүлж тусгай байранд байрлуулж сорилго хийлгэдэг, энэ сорилгыг хошууны ноёноос томилогдсон даамал эрхлэн явуулдаг байжээ. Суралцах хүмүүс нь аль ч хошууных байж болох агаад нэг хэсэг нь туршлагатай бөхчүүд, нөгөө хэсэг нь шинээр барилдаж байгаа залуучуудаас бүрддэг байв.

Хичээллэх журам: 1.Ам ярилцлага, 2.Биеэр үзүүлж мэх заах, 3. Засуул хөлийн цэц шүүгч гэсэн гурван хэсгээс бүрэлддэг байж.

Ам ярилцлаганд ахмад бөхчүүд барилдаж байхдаа ямар алдаа гаргаж унасан, хэн гэдэг бөхийн ямар алдаа хийг ашиглаж хаяж байсан, аль аймаг хошууны хэн гэдэг бөх яаж уран сайхан дэвж гардаг, угсраа олон даацтай дархан мэхүүд хийдэг, түүнийг хариулдаг аргыг илэн далангүй ээлж дараалан ярьдаг ажээ.

Туршлагатай ахмад бөхчүүд хоорондоо барилдан залуу бөхчүүдэд үзүүлж түүний дараа тэднийг хооронд нь биеийн өндөр нам, хүч мэхийг тэнцүүлэн барилдуулж туршлагатай ахмад бөхчүүд даамлын хамт сууж мэх заана. Барилдаж байгаад зодог тайлсан бөхчүүдээр дархан мэхий нь биечлэн хийлгэж заалгуулдаг байжээ. Түшээт хан аймгийн бөхийн сорилгонд Лувсанжамбаа аварга, Уламбаяр, Дагва, Нямхүү, Цогбадрах зэрэг нэрд гарсан арслан аваргууд нэлээд сүүлийн үед багшилж байжээ. Эдгээр арслан аваргууд нь өсвөр залуу үедээ энэхүү сорилгод бас сурч байгаад барилдахыг больсон хойноо эргээд тэндээ багшилдаг байсан аж.

Тухайн үед Дайчин вангийн хошууны бөхийн сорилго үлгэр жишээ нь байсан тул ойр зэргэлдээ орших Эрдэнэ ван Намсрай өөрийн хошуунд бөхийн сорилго байгуулахаар хошууныхаа хүчит бөх Цэрэн арслан, Шагдар, Самбуу, Чойндон зэрэг заануудыг Дайчин вангийн бөхийн сорилгод гурван жил дараалан оролцуулан сургаж эцэст нь Дайчин вангийнхны туршлагаар одоогийн Сэлэнгэ аймгийн Төвөнхан Цагааннуурт байгуулан Зүүнбүрэн, Хараа, Ерөө, Орхон зэрэг газруудын залуучуудаас оролцуулан байгуулж, Дайчин вангийнхантай үе үе хамтран сорилт хийх буюу талцан барилдуулдаг байжээ. Энэхүү сорилгоос төрсөн нэрт бөхчүүдийн нэлээд сүүлийн үеийнх нь Сэлэнгийн Данзан, Дамдин, Зундуй зэрэг арслан, заанууд юм.
Дайчин вангийн бөхчүүд нь цээжний хүч их хөгжсөн, хурдтай, цэрвүү барилдааныг голлодог байжээ.