sonin.mn


Улсын шинэ гарьд Д.Рагчаагаас ярилцлага авахаар ХУД-т байх Максын байрыг зорьж очлоо. Гарьдынх зочин ихтэй байв. Гэрийн эзэгтэйн цай идээг амсах зуур зочдынх нь өрөөг ажаадахлаа. Хоймрын том сервантын хамгийн дээд талд гарьдын малгайнууд залаастай. Дараагийнх нь тавиуруудад өрж тавьсан цол, чимгийн бололтой үнэмлэхүүд, том жижиг цом, гоёмсог сувинер, түүх шастир зонхилсон цөөнгүй ном гээд бүгд өөр өөрийн байрыг эзэлжээ. Харин баруун хананд нь гарьдын бүхий л барилдаанаас авсан янз бүрийн хэлбэр дүрс, өнгө загвар бүхий медалиудыг 2-3 туузанд зүүн байрлуулжээ. Мөн ч их медаль байна лээ. Зочдыг нь өндөрлөсний дараа бид ярилцлагаа эхлэв.
 


Түрүү булаалдахаар зүүний магнайд гарахад өөрийн эрхгүй сэтгэл огшсон


-Гарьд цол хүртсэн танд уншигчдынхаа өмнөөс дахин баяр хүргье?

-За баярлалаа. Баяр наадам маань сайхан боллоо.Миний хувьд төрийнхөө баяр наадмын үзүүр түрүүнд хүрч барилдан монгол улсын гарьд цол хүртсэндээ баяртай байна аа.



-Зун хаагуур амрав, энд тэндхийн наадамд зодоглов уу?

-Зуны амралт одоо л өндөрлөх гэж байна даа. 8-р сарын 13-нд манай Булган сум Пүрэвдагва начин бид хоёрын шинэ цолны наадмыг хийлээ. Наадам маань сайхан болсон. Мөн Архангайд болсон ганц нэг наадамд оролцлоо. Хотонт суманд Хатант хайрханы тахилга болсон. Хатант интернэшл компаний захирал Ням-Осор ах Баярмаа эгч хоёрынхоо зохион байгуулсан тэр тахилгад очлоо. Дараа нь Эрдэнэмандал суманд Архангайн шигшмэл хурд наадам болсон. Тэнд очлоо.Энэ наадмуудад оролцохдоо барилдсангүй ээ, зүгээр сайхан нутгийнхаа олонтой уулзаж учирч, нутаг усандаа залбирч явлаа. Бас энэ жил Макс группийн маань 20 жилийн ой тохиож байгаа.Хүмүүс бараг мэдэх байх. Би Макс группээр овоглоод 14 жил болж байна. 10 жилийн өмнө Яармагийн дэнжид болсон 10 жилийнх нь ойгоор би шөвгийн дөрөвт үлдэж байв.Харин энэ жил 20 жилийнх нь ойн наадамд түрүүллээ. Дараа нь хадмынхаа нутаг Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Тарагт сумдаар амарч байгаад саяхан ирлээ.



-Бэлтгэлдээ орж амжаагүй байна уу?

-Бэлтгэлдээ ороогүй л байна. Цолныхоо найр наадмыг зохион байгуулах гээд ажил ихтэй л яваад байна.Тэгж байгаад бэлтгэлдээ тууштай орно доо.



-Маргааш ямар наадамд явах гэж байгаа юм бэ?

-Энэ жил Архангай аймгаас төрсөн спортын алдартнууд гэж олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, начин Пүрэвдагва бид нарт зориулсан бэсрэг наадам хийхээр аймгийн удирдлагууд шийдсэн юм байна. Тэр наадамдаа Архангай руу маргааш явцгаах гээд л байж байна.

 


-Наадмаас хойш уулзсан хүн бүр л тантай наадмын тухай, шинэ цолны тань тухай ярьж хөөрцгөөж байгаа байх. Хоёулаа ч гэсэн тэр талаар ярьцгаах уу?

-Тэгэлгүй яахав. Надаас дутуугүй баярласан олон хүн байна, аав ээж, хань ижил, найз нөхөд, нутаг усныхан гээд л. Тэдэндээ юуны өмнө баярлаж талархаж сууна.Намайг энэ цөөнгүй жил барилдахад үргэлж дэмжиж, түшиж тулж явсан энэ олны хүчээр би өдий зэрэгтэй барилдаж яваа. Намайг давчихаасай гэсэн хүн их олон байсан юм билээ. Үүнийг наадмын дараа явсан газар бүртээ мэдэрч, сонсож байлаа. Гэхдээ тухайн үед нэгэнт даваагүйгээс хойш одоо ингэх байсан, тэгэх байсан гэж яриад яахав.



-Та наадмын даваануудынхаа тухай  уншигчдад маань дэлгэрэнгүй сайхан ярьж өгнө биз дээ. Танд аль даваа хамгийн хүнд байсан бол?

-Хүнд гэхээр... Даваа болгон л хүнд, хариуцлагтай байдаг. Нэг, хоёрын даваанд ч гэсэн хичээж барилдахгүй бол болохгүй шүү дээ.Энэ жилийн тухайд гэх юм бол бэлтгэл сайхан ханачихсан байсан. Манай дүүгийн “Сити номадс" гэж амралт байдаг юм. Хадам аав багштайгаа тийшээ гарч бэлтгэлээ базаасан. Байгаль дэлхий сайхан ивээлээ. Бас миний олон жилийн хичээл зүтгэл талаар болсонгүй. Бүх юмаа дайчлаад сайхан л барилдсан. Мэдээж улсын наадмын түрүү булаалдана гэдэг бахархалтай сайхан байлгүй яахав. Зүүний магнайд босоод гүйж байхад өөрийн эрхгүй сэтгэл огшиж байсан. Тухайн үедээ мэдээж давъя гээд л барилдсан. Бүрэнтөгс бол дороос эрч хүчтэй гарч ирсэн сайхан залуу. Бодож санах зүйлгүй сайхан л өрсөлдсөн. Хэн хэнийгээ давахын төлөө л зүтгэсэн. Ганц энэ даваа ч биш доогуур олон хариуцлагатай даваа байлаа. Бүгдэд нь байгаа бүхнээ дайчилж барилдсан.



-Тав дээр та Сайнбаяр зааныг амласан. Барилдааныг нь бол сайн мэдэх бөх?

-Тийм ээ. Монгол бөхийн цолны эрэмбээр амлах эрх нь надад байсан. Барилдах эрх нь Сайнбаярт байсан. Хэн хэн нь л хүчээ гаргаж сайхан барилдсаан.ъ



-Дараагийн даваануудад та их шийдэмгий барилдсан шүү. Мэхнүүд ч даацтай...?

-Барилдаан бол тухайн үеийн нөхцөл байдалд тааруулж хэн шийдэмгий хурдан сэтгэж мэх хийсэн нь давдаг шүү дээ. Тэрнээс биш наана нь би тэгж барьц аваад, тэгж барилдана гэж төлөвлөх аргагүй зүйл. Мэдээж тэр үед надад барьц, хөдөлгөөн гээд бүх юмний тохироо тараад сайхан даваануудаа авсан гэж бодож байна.



-Лав л Бат-Орших харцага танд нэг их хийгээд байдаггүй мэх хийх гэж байгаад хонгодуулаад унаж байгаа харагдсан?

-Харцага дотроос хагалж цохих гээд байх шиг байсан. Яг тэрэн дээр нь дагаад орчихсон юм.



-Наймын даваанд Х.Мөнхбаатар арсланг мундаг татсан шүү?

-Бас л барьц яг тэгж сайхан таарч орж ирээд л татсан хэрэг. Тэгээд л хөдөлсөн. Арсланг тэнцвэр алдангуут нь “энэ бол боломж” гэж бодоод л хамаг хүчээ дайчилсан даа.Тэрнээс биш тийм масстай, том хүнийг хөдөлгөх амаргүй. Үүнийг алдах юм бол дахиад ийм боломж олдохгүй гэж бодоод ёстой л нүдээ аниад зүтгэчихсэн.Тэгж л давсан даа.

 


-Их хүч гарсан байх аа?

-Хүч гарсан шүү. Нэлээд их гарсан.



-Мэдээж улсын наадмын түрүү булаалдсан тэр торгон агшинг энд дурсахгүй байхын аргагүй. Энэ бол олон бөхийн мөрөөдлийн нэг хэсэг байдаг байх?

-Олон жил төр түмнээ баясган, наадмын торгон дэвжээгээ чимэн барилдаж байхдаа төрийн наадмын үзүүр түрүүнд гарч барилдах юмсан гэж бодолгүй яахав. Олон ч бөх үүнийг боддог, мөрөөдөг байх.Тэр боломж надад ирсэнд баяртай байгаа.Тухайн үед хамаг хүчээ шавхаад л барилдсан Үнэхээр хүч хүрэлгүй унасан даа.

 


-Гарсныхаа дараа та нэг хөдөлгөж үзээд тэгээд тогтчихсон. Ер нь л тогтоож барилдъя гэж бодсон юм уу?

-Ер нь тогтоож л барилдъя гэж бодсон. Тэр бодлоороо л барилдсан.



-Бүрэнтөгс өмнөх даваануудад нь дандаа мордох мэхээр даваад байсан. Танд ч гэсэн тэр мэхийг хийнэ гэдгийг мэдэж байсан байх?

-Сурсан зүйлийг хорьж болдоггүй гэдэг шиг, мэдсээр байгаад л унасан даа.



-Таныг гарахад олон хүн зөвлөж байсан. Аваргууд юу гэж захисан бол...?

-Ерөнхийдөө тогтоогоод барилдаад үз гэцгээж байсан. Манай хадам аав бол аав гэхээсээ илүү бөхийн багш маань шүү дээ. Наадмын өмнө “Чиний бэлтгэл ер нь их аятайхан байгаа. Сайхан үзнэ шүү” гэж байсан. Би ч өөрөө болох юм байна даа гэж бодож байлаа.Тэгээд гарахад “Тогтоож байгаад явж барилдана шүү" гэж хэлж байсан. Харин би явах юман дээрээ яваагүй юм шиг байна лээ. Сүүлд нь “Өөрийгөө дайчлаад, яваад барилдчих байж дээ” л гэж бодогдож байна даа.



-Цэнгэлдэх хүрээлэнд үзэгчдийн дэмжлэг маш их байсан. Рагчаа, Рагчаа гээд л...Тэрийг та сонсож, мэдэрч байсан байх, тиймээ?

-Олон жил барилдсан болохоор үзэгчид “Энэ маань түрүүлчихээсэй” гэж бодож, илүү их дэмжсэн байх. Бөхдөө хайртай, бөхөө хүндэлдэг тэр хүмүүсийн халуун сэтгэлийг мэдрэлгүй яахав. Би ч төрийнхөө наадамд түрүүлчих юмсан гэж хичээсээн, хичээсэн. Даанч болоогүй.



-Таныг дэмжсэн олон хүн тэр үед нулимс унагасан тухайгаа ярьж байсан. Харин танд нулимс хэр ойрхон байв?
-Нулимс нэг их гараагүй ээ, гайгүй. Тухайн үед шөрмөс татаад бие жаахан хямаргаатай байсан л даа. Тэрнээс нэг их уйлж бариагүй.

 


-Та хоёр хоёулаа луу жмлтнүүд. Тэрт тусмаа 12 насны зөрүүтэй луунууд. их сонин тохиол шүү ?

Өөрөөсөө 12 дүү залуутай төрийн наадмын түрүү булаалдаад зогсож байна гэдэг сонин, ховор тохиолдол л доо. Луу жил маань бас луу жилтнүүддээ ээл ивээлээ хайрлалаа.Сайхан байна аа.



-Ер нь луу жилд төрсөн хүмүүс хүчтэй бяртай, алдартай бөх болдог гэдэг үг бараг батлагдчихжээ?

-Шинжлэх ухаан талаас нь Дагвасүрэн арслангийн бичсэн зүйл байдаг юм билээ. Амьдрал дээр хараад байхад үнэхээр тийм зүйл байна. 1964 оны луутнууд гээд Бат-Эрдэнэ аварга, Мөнх-Эрдэнэ арслан, Хишигдорж заан гээд олон сайхан хүчтэн байна. Тэрний өмнөх луу нь Гочоосүрэн заан, Амгаа заан гээд бөхчүүд бий. 1976 оны луутнууд гэхээрээ Ганхуяг, Ганбат арслангууд, тэгээд би. у.х Ганхуяг. у.н Цогтжаргал гээд  олон бөх байна. Одоо дараа үеийн луутнууд гарч ирж байна. Би үеийнхээ луу жилтэй бөхчүүдээр бахархдаг юм. Нэг жил төрөөд, нэг үед барилдаад, төрийн наадмаа чимээд, хойч үеийнхэндээ үлгэр дуурайл болоод бүгдээрээ сайхан барилдаад явж байна гэдэг сайхан шүү.

 


-Уржнангийн наадам бас л саяхан санагдаж байна. Та их шөвөгт шалгарч үлдээд заан цолоо баталсан?

-Тэгэхэд бас л сайхан барилдсаан. Нутгийнхаа аваргатай үнэн хүчийг үзэж барилдаад барьц сонголцоод унасан.Би эхэлж барьц сонгоод алдчихсан юм шүү дээ.Тэгээд дараа улсын наадмын үзүүр түрүүнд хүрэх өдөр ирнэ гэж бодоод бэлтгэлээ базаасан.



-Цолоо батлана гэдэг өөрөө бас мундаг амжилт шүү?

-Тэгэлгүй яахав. Заан цол бол өндөр цол.Тэрийг батлана гэдэг их чухал. Нөгөө талаар өөрт их итгэл нэмж байгаа юм л даа. Хэр баргийн аавын хүү санаагаараа хүрчих амжилт биш байх.Тийм болохоор заан цолоо баталчихаад сэтгэл өндөр байлаа.Заан цолтнуудаа магнайлаад барилдах бас сайхан байсан.



-Ноднингийн тухайд таныг бас дээшээ барилдана л гэж харсан?

-Мөнхбат аваргатай уржнан бас барилдаад би давсан байсан. Ноднин харин амалж барилдаад унасан. Мөнхбат маань цаашаа сайхан барилдаад түрүүлсэн.Төрийн наадам бол нэг нь давж, нөгөө нь унаж байдаг жамтай хойно.



-Хааяа давчихаар даваанд уначихаад харамсах үе гарна биз?

-Байгаа, байгаа. Дөрвийн даваанд Батзаяад, Чинзоригт гээд унаж байсан үе бий. Лхагвадоржийг начин болдог жил тавын даваанд унаж байлаа. Хариуцлага алдаж унасан талууд бий. Алийг тэр гэхэв.



-Ер нь өөрөөсөө доош цолтой бөхтэй барилдах, дээш цолтонтой барилдах хоёрын хооронд ялгаа хэр мэдрэгддэг вэ?

-За даа, нэг их ялгаа байхгүй дээ. Харин танихгүй, барилдааныг нь мэдэхгүй бөхтэй барилдах хэцүү шүү. Ор танихгүй хүн гарч ирээд тачигнасан мэх хийгээд бужигнуулчихвал амаргүй. Тэрнээс үе тэнгийн ч юм уу, барилдааныг нь мэддэг хүмүүс бол харьцангуй гайгүй л дээ.

 


-Наадмын дараа элдвийн л яриа дуулдах юм. Тэдэн саяар начин болж гэнэ гээд л. Та дотор нь байдаг хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Яахав, нутгийнхаа гайгүй барилддаг залуусыг харьж яваа ахмад бөхчүүд амалж аваад гар амар давуулах зэрэг бол байдаг л зүйл шүү дээ. Эртнээс уламжлаад л ирсэн зүйл. Тэрнээс биш яг мөнгө төгрөг тоолж аваад, өгөөд байгаа зүйл үнэндээ харсангүй. Би хувьдаа 14 жил улсад барилдахдаа хүн хуураад, худлаа барилдаад байсан удаа байхгүй. Төрийн наадмаа, дэвжээгээ, үзэгчдээ хүндэтгээд үнэн хүчийг үзээд л барилддаг.



-Гэхдээ цол горилж яваа залуучуудаас тав дээр ч юм уу “Ахаа намайг битгий аваарай. Намайг үлдээчихээч” гэж гуйх бол байна биз?

-Тиймэрхүү зүйл бол байна аа, байна. Гэхдээ өрсөлдөөн л бол өрсөлдөөн, наадам бол наадам. Давахаа л авна шүү дээ.



-Гарьд цолныхоо талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Төр түмнийхээ хайрласан энэ цолыг хүндэтгэж хүлээж авалгүй яахав. Ард олон минь ч шинэ гарьд гээд баярлаж хүлээж авч байна.



-Дахиад арслан, аварга гээд цолнууд байна даа. Түүний төлөө зүтгэх үүрэг хариуцлага шинэ цолыг тань дагаж ирсэн болов уу гэж бодож байна?

-Бүх юм миний хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээс шалтгаална. Тийм болохоор бэлтгэлээ сайн хийж биеэ сайхан зөв авч яваад, ард олныхоо итгэлийг даан сайхан барилдана л гэж бодож байна.Надад ямар л боломж бололцоо байна, тэрийгээ дайчлаад л барилдана даа.



-Та өөрөөрөө хэр бахархдаг вэ?

-Би хааяа боддог юм. Улсын начин болсноосоо хойш ерөөсөө л улсын цолуудыг дэс дараалж авсан юм байна.Начин, харцага, заан, гарьд гээд л. Энэ нэг талдаа бас их гоё юм л даа. Улсын цолуудыг шат дараагаар аваад явч байна гэдэг бахархалтай л санагддаг юм. Хааяа үнэмлэх, тэмдэг, одон медалиа хараад сууж байхад өөрийнхөө хийсэн хөдөлмөрөөрөө бахархах сэтгэл төрнө шүү.



-Сум, аймгийн цолнуудыг бас дараалж авсан уу, үгүй юу?

-Үгүй ээ. Би залуу бөхөөс шууд аймгийн арслан болсон юм шүү дээ. 1997 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлээд арслан болж байлаа.Тэрнээс хойш улсын цол бодоод л бэлтгэлээ эрчимтэй хийж эхэлсэн. Одоо эргээд бодоход 14 жил төрийнхөө баяр наадамд зодоглосон байна.



-Олон жил барилдаад ирэхээр туршлагын хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч их өөр болно биз?

-Тийм шүү. Ер нь догдлох, нервтэх тал дээр гайгүй ээ. Анх улсын цол аваагүй байхад догдлоод жигтэйхэн байдаг байсан.Одоо бол харьцангуй гайгүй ээ. Гэхдээ тодорхой хэмжээний юм байлгүй яахав.Тэрийгээ дараад барилдах сэтгэл зүйн бэлтгэл шал өөр болчихдог юм байна.



-Гэхдээ наадмын өмнөх шөнө ямар нэг догдлол эсвэл дарамт мэдрэгддэг үү?

-Байна аа, байна. Манай гэрийнхэн гэхэд намайг унтах гэж байвал чимээ шуугиан гаргахгүй гээд хаалга хаагаад өөр өрөөнд ороод нам жим болцгоочихно. Бараг өлмий дээрээ явах дөхөөд.Тиймээс наадмын урьд өдөр сайхан амарч чаддаг юм аа.



Зааланд тогтмол барилдаад, амжилт гаргахаар залуу үе үлгэр дуурайл авна гэж боддог



-Та түрүүн хадам аавтайгаа шинэ газар бэлтгэлд гарсан гэж ярьсан. Танай галд ямар ямар бөхчүүд гарсан юм бэ?

-Хадам аав, би, Сайнбаяр заан, Ганбат начин, аймгийн цолтнуудаас а.а Ванданцэрэн, Чимэддорж, а.з Баярхүү гээд 30-аад бөх гарсан шүү.



-Таны өндөр, жин одоо хэд байгаа вэ?

Өндөр 182 см, жин 140 орчим л байна даа.



-Та хүчний бэлтгэл хэр хийдэг вэ?

-Нэг хэсэг нэлээд түлхүү хийдэг байсан. Сүүлийн үед арай багассан. Би нэг хэсэг хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийг сонирхож хичээллээд найзуудтайгаа нийлж пауэрлифтингийн холбоог анх үүсгэн байгуулалцаж байлаа. Бас анхны тэмцээнд нь ороод хэвтээ шахалтаар монголын дээд амжилт тогтоож байв.



-Тийм үү, тэр үзүүлэлт нь хэд байсан бол?

-Тэр нэг их шальтай биш ээ. Тухайн үед мэргэжлийн зориулалтын цамц энэ тэрийг өмсдөггүй байлаа. 172.5 кг-аар дээд амжилт тогтоолоо гэсэн өргөмжлөл нь одоо надад байдаг юм. Нэмэх жинд Одгэрэл заан бид 2 өрсөлдөөд, заан шахалт, мөрлөж суух хоёроороо надаас илүү гараад, би хэвтээ шахалтаар илүү гарч байсан юм. Тэгээд шахалтаараа алт, суулт, таталт хоёроороо мөнгө аваад нийлбэр дүнгээрээ мөнгөн медаль авсан.Ингэж анхны тэмцээнээс 4 медаль авч байлаа.Тэр үеийг бодвол хүчний бэлтгэл хийх нь харьцангуй багассан байна. Гэхдээ тодорхой хэмжээнд хийнэ ээ.



-Таны хүчний  үзүүлэлтүүдийг сонирхвол...?

-Шахалт 180-190 орчим, суулт, таталт 200 гаргаад л татчихна. Заримдаа 250-260-д сууна аа, сууна.Гэхдээ байнга тэгж дээшээ хамаагүй татаад байж болохгүй шүү дээ.Хамаагүй хүнд жингээр татвал бэртэх аюултай. Багаар олон давталттай орсон нь дээр байдаг юм.



-Та бүхий л барилдаанд шөвгийн дөрвөөс буулгүй тогтмол амжилттай барилддаг. Үүний нууц нь таны хөдөлмөр, хичээл зүтгэлд л байдаг байх?

-Өөрийгөө магтах ч хаашаа юм. Гэхдээ монгол бөх хэмээх сайхан өв соёлыг хадгалж, уламжлуулах үүрэг хүлээж бөх болсон болохоор нэр хүндийг нь дааж явах ёстой. Заан бол заан шиг, гарьд бол гарьд шиг л барилдах ёстой гэж боддог. Тэрнээс биш нэг цол авчихаад тэр амжилтандаа ханах, бэлтгэл сургуулиа цалгардуулах зүйл байж болохгүй. Ард олныхоо хайр хүндэтгэлийг амжилтаараа хариулах ёстой. Амжилт гаргахын тулд бэлтгэл сургуулиа сайн хийх, ёс жудагтай байх, дараа үедээ үлгэр дуурайл болж явах гэж зарчмууд байдаг гэж боддог. Энэ зарчмуудыг баримталж явдгийн үүднээс гэх юм уу даа, ямар ч барилдаанд тогтомол амжилттай барилдъя, ард түмнээ баясгая, энэ цолыг надад зүгээр май гээд өгчихөөгүй, тодорхой хэмжээний хариуцлага ноогдуулсан шүү гэж дотроо үргэлж бодож, хичээж явдаг. Ийм үзэл бодолтой бөхчүүд ч олон байдаг байх. Ингээд зааланд тогтмол барилдаад, амжилт гаргахаар залуу үе үлгэр дуурайл авна. Их хөдөлмөрлөж байж амжилтанд хүрдэг юм байна гэдгийг ойлгож өөрсдөд нь ингэж хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлэл төрдөг гэж боддог. Мэдээж монгол бөх маань залуучуудыг бие хүн болж төлөвшихөд нь, өрхийн сайн тэргүүн болоход нь, нийгэмд хэрэгтэй хүн байх талаас нь асар их хөрөнгө оруулалт хийдэг спорт шүү дээ.Тиймээс бөхдөө үргэлж залбирч, сүслэж явдаг.

 


-Олон жил бэлтгэл сургууль хийгээд барилдаад явах үед шантрах өдөр байв уу?

-Гайгүй дээ. Нэгэнт л бөхдөө хайртай, дуртай, энн спортыг сонгоод зүтгэж яваа юм чинь шантрана гэсэн зүйл байхгүй шүү дээ. Би зөндөө олон удаа бэртэж, гэмтэж байсан. Тэр болгонд би шантраагүй, ард нь гараад, даваад явж байна. Аймгийн арслан байхдаа хүзүүнийхээ сээр ясанд хүнд гэмтэл аваад хоёр жил шахуу барилдаагүй шүү дээ. Урагшаа явж эмчлүүлээд сайхан болсон.Тамирчин хүний гол дайсан чинь бэртэл гэмтэл байхгүй юу.Тийм болохоор бэртэл гэмтлээс л холхон явах юмсан гэж боддог юм. Өрсөлдөгч бол яахав, нэг унана, хоёр унана, гурав дахиа давж болно шүү дээ.

 


-Бөхчүүд өөрийн гэсэн онцлогтой байдаг. Таныг үзэгчид бяртай, бяралхаж барилддаг гэж дүгнэх юм билээ?

-Мэдэхгүй юм даа. Ямар ч байсан түргэн шуурхай явсхийгээд барилдчихъя гэж л боддог юм шүү дээ.Хүмүүст бяртай харагддаг юм байлгүй дээ /инээв/.Олон жил барилдаж байгаа болохоор бие бялдар, хүч тамир өөр болно л доо.



Аав минь сумын наадамд түрүүлж байсан юм билээ



-Таны нэлээд дээр үеийн нэг ярилцлаганд “Аав маань бага байхад байнга дагуулаад бөх үздэг байсан” гэж байсан. Тэр үеийг одоо нэг дурсвал?

-Намайг мэдээ орсон цагаас хойш л манайхан, хөршүүд, хамаатнууд “Энэ хүү бөх болно” л гээд байдаг байсан. Яагаад ч тэгж хэлцгээдэг байсан юм. бүү мэд. Тухайн үедээ гайхдаг л байсан. Аав маань ч бөхөд их дуртай. Бөх үзэхдээ байнга л намайг дагуулдаг. Сүүлд сургуульд ороход ангид маань барилддаг хөвгүүд их байлаа.Одоо Хүмүүнлэгийн ухааны дээд сургуулийн япон хэлний багш, доктор Батсайхан гэж миний багын найз бий. Хүүхэд байхдаа мундаг барилддаг байсан.Чөлөөт бөхөөр аймгийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гээд бүгдийнх нь аварга болдог байлаа.Хотод ирээд бас медалийн төлөө үздэг хүүхэд. Арваа төгсөөд хэлний сургуулиар явчихсан юм. Тэр найз маань санаачлаад ангийнхаа хөвгүүдтэй карманд байгаа мөнгөө нийлүүлж дэвтэр, ном бал үзэг аваад, барилдаад хэн давсныгаа шагнадаг байлаа.Дараа нь Архангайн Буян багшийнхаа секцэнд орсон.Бидний үед барилддаггүй хөвгүүд бараг байгаагүй дээ. Хичээл тараад л урд талынхаа сааданд ороод үзэж гарна шүү дээ. Бас намайг жааханд ээжийн аав, миний өвөө намайг бөх болно гэж их хэлдэг байсан. Хүн болгон тэгээд байхаар хүн чинь урам ордог юм уу, эсвэл үнэхээр амных нь бэлгээр болдог юм уу.Өнөөдөр ийм сайхан цолонд хүрчихээд сууж байна даа.

 


- Аав тань ямар ажил мэргэжлийн хүн бэ?

-Аав маань залуудаа Архангайд удирдах ажил хийдэг байсан. Сүүлд гаалийн байгууллагад ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ гарчихсан.



-Их ануухан хүн байна лээ. Бөх байнга үздэг бололтой?

-Байнга шүү. Хүмүүс их ануухан л гэдэг юм.Бидэндээ үлгэр дуурайл үзүүлээд, заавар зөвөлгөө өгөөд байж байх нь сайхан шүү. Ээж минь дөнгөж дөч гараад залуугаараа өнгөрчихсөн л дөө. Аав бид нарын очиж бэлтгэл хийсэн дүүгийн амралтын газар байдаг. Зохион байгуулах маягтай байж байдаг юм.



-Аав тань залуудаа барилдаж байсан болов уу?

-Огт барилдаагүй биш барилддаг байсан гэсэн. Цэрэгт байхдаа Өмнөговьд сумын наадамд түрүүлж байсан юм гэнэ лээ. Тухайн үед нь сумын зааны үнэмлэх байгаагүй юм уу, үнэмлэх өгөөгүй юм гэсэн. Намайг жаахан байхад аав аймгийн захиргаанд ажилладаг байхдаа нэг удаа барилдаад, би очиж гарыг нь барьж өгч байснаа бүдэг бадаг санадаг юм. Би тэгэхэд сургуульд ороогүй байсан байх. У.х Жавхлантөгс ахын аав нь Болд гэж аймгийн арслан байдаг юм. Тэр барилдаан дээр Болд арслантай таараад хөлийг нь аваад эвгүйтүүлж яваад унасан юм билээ.Сүүлд нь Болд арслан аавыг явуулаад “Чи гурван хөлтэй бөх дийлдэггүй” гээд бөөн инээдэм болдог байсан гэдэг. Хөлийг нь авчихсан түрж хөөж яваад өөрөө сунаад уначихсан гэсэн. Аймгийн наадамд 3 давж байсан гэхээр бас хоосонгүй л гэсэн vr.

 


-Та чинь айлын том хүү билүү?

-Би дороо 2 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Хоёр эрэгтэй дүү бид гурав дэрсхэн л дээ.Жил дараалан гарсан. Эмэгтэй дүү 10 гаруй насны зөрөөтэй. Дүү нар одоо дор бүрнээ ажил алба эрхлээд явж байна. Хоёр эрэгтэй дүүгийн нэг нь жуулчны бааз эрхлээд, нөгөө нь реклам чимэглэлийн компанитай. Харин эмэгтэй дүү Худалдаа хөгжлийн банкинд ажилладаг.

 


-Барилдахгүй байна уу, хоёр эрэгтэй нь?
 

-Багадаа бөхийн секцэнд явж байсан. Харин одоо надаас тэс өөр мэргэжлийн хүмүүс. Нэг нь зураач, нөгөө нь хувцасны дизайнер. Ахыгаа амжилт гаргачихаасай гээд цаг ямагт дэмжээд явж байдаг, залуучууд бий.



-Гарьд маань багадаа ямархуу хүүхэд байсан бол...?

-Ер нь даруухан талдаа л хүү байсан. Үеийнхэн үймүүлж байхад зургаа зураад л сууж байдаг байсан. Хичээлдээ дуртай, барилдах дуртай, тийм л хүү байсан.



-Зураг зурах авьяастай байх нь ээ?

-Хүүхэд байхдаа сав л хийвэл дэвтрийнхээ араас эхлээд зураг зурчихсан л суудаг байсан. Дүү нар зураач, дизайнер болохыг бодоход тэр талын авьяас байсан юм шиг байгаа юм, манайханд Ангийн ханын булан хийх болохоор би толгойг нь гаргадаг байлаа. Бусдыг нь манай ангийнхан хийнэ/инээв/.



-Одоо хааяа зурах уу?

-Нэг их зурахгүй ээ. Харин манай охин сүрхий зурж байгаа шүү.Ер нь мундаг зурж байгаа.


Зундаа л арай илүү цаг зав гаргах юм, гэрийнхэндээ



-Гэр бүлийнхээ тухай ярих уу, тамирчин хүний амжилтын ард гэр бүл нь байдаг гэдэг шүү дээ?

-Манай эхнэрийг бөх сонирхдог хүмүүс бараг мэднэ дээ. Дархан аварга Д.Цэрэнтогтохын ууган охин Урансүрэн. Дороо 2 эрэгтэй дүүтэй. Манайх гурван хүүхэдтэй. Хоёр хүү, нэг охин. Том хүү 9-р анги, охин 5-р анги, бага хүү 4 настай. Ийм л ам бүл байна даа.



-Бөхчүүд маань бэлтгэл сургууль гээд зав багатай л хүмүүс байдаг байх. Гэр бүлдээ цаг зав хэр гаргадаг вэ?

-Хүн харахад нэг л завтай хүмүүс шиг бэлтгэл гэр гээд л. Заримдаа амьдрал ахуйгаа зохицуулах гээд гадуур дотуур ажил  хөөцөлдөнө. Ажил төрлөөрөө очно. Би чинь НХЭГ-т бэлэн байдлын офицер хүн шүү дээ.

 


-Хүүхдүүд чинь аав бидэнтэй тоглосонгүй, бидэнд цаг зав гаргасангүй гэж гомдол гаргах үе байх уу?

-Гайгүй шүү. Би анхнаас нь ингээд сургачихсан юм шиг байгаа юм. Манай хүүхдүүд чинь ааваасаа илүү ээжтэйгээ их харьцдаг юм шүү дээ /инээв/. Би ч ихэвчлэн нэг их ядарсан хүн орж ирээд зурагт үзвэл үзчихээд унтаад өгнө шүү дээ. Гэхдээ аль болох цаг зав гаргахыг боддог юм аа. Бодоод байгаа мөртлөө чадахгүй үе олон. Зундаа л арай илүү цаг зав гаргах юм даа, гэрийнхэндээ. Агаар салхинд гараад, нутаг орноороо сайхан яваад ирсэн. Одоо тэгээд бэлтгэл эхэлчихвэл өөрийгөө бодох талдаа, өөрийгөө бодуулах талдаа ороод л явчихна шүү дээ/инээв/.



-Та ямар нэг бизнесийн ажил эрхэлдэг үү?

-За даа, нэг их хийсэн юм алга даа.



Тэр үед хоёр ах маань тусалж дэмжээгүй бол би,бөхөөрөө ингэж тууштай яваа ч билүү



-Саяхан Максын Ганбаатар захирлаас яриа авахад таныг “Яг л бидний хүссэн бөх мөн байсан болохоор компанидаа авсан” гэж байна лээ. Олон жил нэг байгууллагаар ингэж тууштай овоглосон бөх ховор л санагддаг юм?

-Олон жилийн өмнө Мөнх-Эрдэнэ арслан маань намайг дагуулж очин Максын захирлуудтай уулзуулаад компанийх нь бөх болгож байсан. Тухайн үед Макс импекс компани гэж байсан.Тэндээс л би бөхийн замыг тууштай сонгож, хоёр ахтайгаа хамт 14 жил зовлон жаргалаа хуваалцан хамт явж байна гэдэг бас бахархалтай сайхан санагддаг юм. Нэг компанитай тууштай ингэж явна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг шүү дээ.



-Тэр үед компаниуд нэр дээрээ бөх авах нь ховор байсан байх аа?

-ЁСТОЙ ховор байсан шүү. Тэр үед хоёр ах маань тусалж дэмжээгүй бол би бөхөөрөө ингэж тууштай яваа ч билүү. Ийм амжилт гаргах ч билүү.Аймгийн арслан цолтой залуу юугаараа бэлтгэлээ хийж, юугаараа амьдралаа залгуулах билээ, тийм ээ? Ядаж автобусныхаа мөнгийг олж байж бэлтгэлдээ явна шүү дээ. Тийм хүнд үед намайг тоож, дэргэдээ авсан энэ хүмүүстээ их баярлаж явдаг юм. Хүн чинь дотроо л баярлаад явахаас биш  “Ахаа баярлалаа" гээд ам нээгээд хэлчих нь ховор юм даа. Хоёр захирал маань өөрсдөө багадаа барилдаж байсан юм билээ. Бөхөд их дуртай. Манай компанид Ду.Батбаяр начин, Б.Сангисүрэн гээд бөхчүүд байна. Энэ дашрамд Бөх сониноороо дамжуулаад хоёр захиралдаа 20 жилийн ойн мэнд дэвшүүлээд, үргэлж баярлаж явдаг шүү гэдгээ уламжилъя. Мөн хурандаа Эрдэнэном даргатай НХЭГ- ын хамт олондоо баярлаж талархаж явдгаа илэрхийлээд ажлын өндөр амжилт хүсье.

 


-Та бөхөөс өөр юу сонирхох вэ?

-Бөхөөс өөр сонирхох зүйл байлгүй яахав. Дуунд дуртай.Хааяа караокед орж дуулах дуртай.



-Хуучны дуунуудад илүү сонирхолтой юу. Утсандаа тавьсан дууг чинь сонсоод тэгж бодлоо?

-Тийм шүү. Хуучны дуунууд үг нь ч, ая нь ч их гоё.Сонсоход их сайхан цаанаа л өөр байдаг юм. Хобби гэвэл хоккей үзэх.Энэ талаар ч өмнөх ярилцлагандаа дэлгэрэнгүй ярьсан байх аа даа.



-Таны бодлоор монгол бөхөд маань засаж залруулахаар, хараад эмзэглэдэг зүйл байна уу?

Сүүлийн үед аймгуудын наадмыг ёстой завхруулж байна аа. Энэ нь монгол бөхийн нэр хүндийг шороотой хутгаж байна гэж их эмзэглэж явдаг. МҮБХ энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй байх аа. Дүрэм журамд нь өөрчлөлт оруулдаг юм уу, эсвэл өөрсдийн бие төлөөлөгчөө явуулж л журмынх нь дагуу наадам хийдэг болгох юм уу. Аймгийн наадамд 512 бөх барилдана л гэх юм. Энэ чинь улсын наадмын нэр хүндийг унагана биз дээ. Аймагт бол 128 бөхөөс илүүг барилдуулах хэрэггүй шүү дээ. Бас залуучуудын маань бөхийн жудаг, ухамсар их дорой болчихжээ. Ахмад цолтноо хүндэтгэх асуудал их бага болж. Биднийг залуу байхад ахмад цолтой хүнтэй ойролцоо уналаа гэхэд тахимаа өгөөд л явчихдаг байсан. Одоо бол улаан цайм уначихсан хэрнээ гараа алдлаад гүйчих юм, залуучууд. Үзэгчид ч залуучуудынхаа талд их орох юм. Эсвэл усны саваа дэвжээ рүү шидээд л... Тиймэрхүү зүйлүүд анзаарагдаж байх юм аа. Сэтгэлд их таагүй санагддаг юм.Залуучууд маань жудаг ёсоо жаахан анхаараасай.

 


-Нэлээд олон запуучууд таныг үлгэр дуурайлтай бөх гэж нэрлэсэн байдаг юм. Танд өөрт тань үлгэр авдаг бөх гэвэл?

-Тийм бөх байлгүй яахав. Бат-Эрдэнэ аварга биеэ их сайхан зөв авч явдаг. Манай Мөнх-Эрдэнэ арслан байна. Намайг бөхийн замд хөтөлсөн багш гэж болох хүн. Анх наадмын бэлтгэлд арслангаа дагаж гараад бэлтгэл сургуулийн “а" үсэг заалгаж байлаа шүү дээ. Бэлтгэлийг бол бүх юмаа дайчлаад яс хийнэ шүү дээ. Манай хадам аав, багш маань байна. Их энгийн, хээгүй сайхан хүн. Хичнээн дархан аварга ч гэлээ хэнтэй ч энгийн дотно харьцана. Хүмүүс уулзсаныхаа дараа их хэлдэг юм. Аварга ямар сайхан энгийн хүн бэ гэж. Би ч гэсэн тийм л байх юмсан гэж боддог.



-Булган сумаас энэ жил хоёр цолтон төрлөө. Энэ бас давхар баяр болсон шүү?

-Тэр сайхан нутаг усанд төрж, усыг нь ууж, агаарыг нь амьсгалж өссөндөө баярлаж явдаг юм. Жинхэнэ байгалийн үзэсгэлэн манай суманд бий дээ. Олны зам хөлөөс зайдуу, уул ус ургамал ногоо нь нь тэгширсэн сайхан нутаг. Манай сумаас улсын арслан, гарьд, харцага, начин гээд олон бөх төрсөн. Мөнх-Эрдэнэ арсланг начин болчихоод Булган суманд очиход нь би жаахан хүүхэд байлаа. Морь унаад гэрийнх нь хаяанд очоод зогсчихсон тэр том бөхийг харах юмсан гээд зогсож байтал Мөнх-Эрдэнэ арслан гарч ирээд суниагаад, машиныхаа араас зүүгдээд тэгсэн машин нь хөдлөөд ч байх шиг. Их л сүртай сайхан харагдаж билээ. Одоо манай сумаас Пүрэвдагва маань сайхан барилдаж байна. Бат-Отгон, Гансүх гээд сайн арслангууд бий. Чөлөөтийн Азийн аварга Ганзориг байна. Бид нар чинь бүгд садан төрлийн хүмүүс. Нэг аймгаас, нэг сумаас хоёр цолтон төрнө гэдэг бахархал шүү. Тэр сайхан байгаль дэлхий бидэнд хүч бяр заяасан байна, өвөг дээдсийн минь буян хишиг байна. Тийм болохоор нутаг усандаа их хүндэтгэлтэй ханддаг шүү.



-Цаг зав гарган уншигчидтай минь уулзсан танд их баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсье. Бас дараа дахин шинэ цолтойгоор уншигчидтай маань сайхан яриа өрнүүлээрэй гэж хүсэн ерөөе.
-За, их баярлалаа. Тэр ерөөл бат сайхан орших болтугай. Бөхчүүдийн маань үзэл бодол, намтар түүхийг ард олонд үнэн зөвөөр хүргэдэг, бөхийн төлөө цаг үргэлж ажиллаж байдаг Бөх сониныхоо хамт олонд ажлын их амжилт хүсэн ерөөе. Монгол бөхийн босоо цагаан хийморь та бүхнийг мөнхөд ивээж, ажил үйлс тань дандаа өөдөө байх болтугай.

С.Бадамгарав
Эх сурвалж:“бөх”