sonin.mn


1964 оны луу жилтэй бөхчүүдийн нэг, чөлөөт бөхийн ОУХМ, улсын харцага Б.Жавхлантөгсийн 2001 онд Бөх сонины сэтгүүлч П.Хашчулуунтай хөөрөлдсөн нэгэн сонирхолтой ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна. Улсынхаа их баяр наадамд 3 удаа зургаа давсан шилдэг харцагуудын нэг тэрээр АНУ-д ажиллаж амьдраад олон жилийн нүүр үзэж буй.

 

-Нөгөө олон луу жилтэнүүд барилддаг 1982 оны өсвөр үеийн улсын аваргаар барилдсан хүүхдүүд дотор жүжигчин “Хасар” Жаргалсайхан та хоёрыг хамгийн том биетэй хүүхдүүд нь байсан гэж ярьцгаадаг?

-Одоо бодоход Жаргалсайхан бид хоёр үнэхээр тэр дотроо хамгийн том нь байсан санагдана. Даваадорж /у.н/ хамгийн жижиг нь байсан болов уу. Тэр улсын аваргаар Жаргалсайхан ганц ч унаагүй явж байгаад одоо энэ хоёр ихэр байна шүү дээ. /у.н Л.Энхбаяр, Л.Эрхбаяр/. Тэр хоёрын нэгтэй нь барилдаж гэмтсэн юм. Энхбаяртай нь барилдсан байх аа. Энхбаярыг даваад цаагуур нь давж унахдаа тохойгоо мулталчихсан. Тэрнээс Жаргалсайхан чинь гол өрсөлдөгчидөө давчихсан бараг түрүүлэх байсан болов уу. Бузгай барилдаантай  хүүхэд байсан шүү дээ.
 

-Тэр үед одоо энэ Бат-Эрдэнэ аварга, том Сүхбат заан, Амараа начин нар ямаршуухан хүүхдүүд байв. Тэр жилийн улсын аваргаар эхний арван тавд орсон хүүхдүүд бүгд өнөөдөр нэр цуутай бөхчүүд болцгоож?

-Бараг тэгсэн байна. Сүхбат бол биднээс арай илүү, барилдаан сурчихсан байсан. Аварга бол нэг их онцгой юмгүй байлаа. Ер нь тэр дотроо хамгийн барилдаанч нь у.н Х.Амараа байсан даа. Тэр үед жижигхээн биетэй хүүхэд яс үзсээр байгаад гуравт орчихоод явсан. Бүгд л хөдөөний хүүхдүүд байлаа.
 

-Танай үеийнхэн дараа нь армиар дамжиж хотод ирцгээсэн биз?

-1982 оны нэг сард тэр улсын аварга болсон юм. Тэгээд 6 сард нь бүгдээрээ цэрэгт татагдаад ирсэн. Би 023-р ангид ирсэн чинь Алтангэрэл гэж ахмад цолтой бөхөд дуртай дарга намайг каринтинд явуулалгүй аваад үлдлээ. Учир нь наадамд барилдуулах санаатай байсан юм билээ. Тэгсэн чинь Завханы цэргүүд ирлээ гэсэн чинь Дармаабазар /у.н/ буугаад ирдэг юм. Ингээд л бид хоёрыг авч үлдээд үндэсний бөхийн бэлтгэл хийлгээд тусад нь байлгаж эхэлсэн дээ. Тэр жилээ улсын наадамд барилдаж нэг даваад унасан. Ер нь намайг армийн гурван жил чөлөөт бөхөөр барилдуулж дөр суулгасан хүн чинь Дамдиншарав багш шүү дээ. Урьд жил нь би өсвөр үеийн чөлөөт бөхийн улсын аваргад түрүүлэхэд Дамдиншарав багш намайг өрөөндөө оруулж уулзаж байсан юм.
 

-Таныг чинь анх “Алдар”-т гар бөмбөгийн тамирчнаар авч байсан гэдэг биз дээ?

-/инээв/ Өө тэр хөгтэй юм болсон. Цэрэгт очиод би чинь армийн гар бөмбөгийн аваргад оролцдог юм. Тэгсэн Алдарын rap бөмбөгийн дасгалжуулагч нь намайг өндөр биетэй юм гээд авчихлаа. Тэгээд бэлтгэл хийгээд байж байтал манай Алдарын дасгалжуулагч Лодой багш: Яахаараа бөхийн хүүхэд энд бөмбөг нүдчихсэн явж байдаг билээ, би авна гэснээс болж маргаан гараад нөгөө хоёр  багш чинь дарга дээр орсон. Тэгсэн дарга нь надаас асуулаа. Чи өөрөө ямар сонирхолтой юм гэж. Тэгэхээр нь би бөхдөө дуртай л гэсэн. Ингээд л чөлөөт бөхдөө зүтгэсэн дээ. Тэр үед Давдиншарав багш шигшээгийн ахлах дасгалжуулагч байсан. Цэргийн гурван жилийг шигшээгийн луухгаруудын гарын шүүс болж л өнгөрөөсөн дөө.
 

-Тэр үеийн шигшээгийн томчууд гэж хэн хэн байв?

-Дүвчин, Даваажав, Баатархүү, Энхээ, Энхээ, Болд багш гээд “аймаар" юмнууд байсан. Би Баатархүү ахтай ганц нэг техник давтсан болно. Юу болохов дээ. Дамдиншарав багш “чи хүчний бэлтгэл хангаж чадахгүй байна” гэж аашилна. Ийм хүмүүс бараадсаны хүчинд л бөхийн дөр жаахан суусан. Нэг харамсаад барахгүй юм болсон. Юу гэхээр Баатархүү ах ид үедээ бэртээд барилдахгүй болсон юм. Тэрнээс Баатархүү ахаас би их юм сурах байсан илүү их сайжрах байсан. Даанч Баатархүү ах бэртчихсэн. Тэгээд би залгаж гарч ирж байгаа, ухаантай юм. Тэрнээс Баатархүү ах чинь дэлхийн залуучуудын аварга болчихсон. Дэлхийн аваргад тэр жил 4-р байранд орчихсон. Дэлхийгээс юм авна гэж байсан үе нь байхгүй юу. Баатархүү ах азгүй юм.


-Үндэсний бөхөөр яаж барилдаж эхлэв. Тухайн үед багш нар чинь юу гэж зааж зөвлөж байв?

-Манайд барилддаг 20-иод цэрэг байсан. Бид нар жагсаж ирээд барилдчихаад явдаг байлаа. Тухайн үед хаях гэж битгий яар, зүгээр зуураад зогсож бай гэдэг байсан. Тэр чинь л юм өгч байгаа юм. Сүүлдээ манай салааны цэргүүдээс хоёр давж 20 төгрөг олдог болсон нь Баярсайхан /у.з/ бид хоёр л байсан. Барилдаан тараад бид нар буцахдаа их дэлгүүрийн тэндээс хорин хэдүүлээ зогсож байгаад нэгнийхээ 20 төгрөгөөр танзур боорцог аваад идчихнэ. 20 төгрөгөнд ер нь их юм авдаг байсан шүү / инээв/.

 

-Залуу бөх байхад чинь биширмээр барилдаан харуулдаг ямар бөхчүүд байв?

-Ганбаатар арслан начин байхдаа сайн байсан. Цэрэнтогтох аваргын барилдааныг биширдэг байлаа. Баяраа гарьд бол гайхамшигтай тэвчээртэй хөдөлмөрч хүн. Ер нь олон бөх байсан даа.
 

 

-Өнөөдрийн хэдэн шижигнэсэн арслан, зааны тухай?
 

-Би энэ хэдийг хараад өмнөөс нь халширдаг юм. Нэг дэвжээн дээр багталцаж ядсан хэдэн сайхан залуу байна. Миний бөх мэдэж мэдэрч барилдаж явах үед ийм эн тэнцүүхэн хүмүүс нэг дор гарч ирж байгаагүй санагддаг. Дээр нь энэ хэд бусдаасаа илүү бэлтгэл хийж, хөдөлмөрлөж байна. Би дээр Сумъяабазартай бэлтгэлийн завсарлагаар бага сага зүйл ярьж суухад Сумъяа хэлж байна. Жавхаа ахаа бэлтгэлийг чинь сайн хийхгүй бол нөгөө хэдэд чинь уначих гээд байна гэж. Ингэж л энэ хэд чинь бие биенийгээ сайжруулж ирсэн байна шүү дээ.

-Таны бодлоор энэ хэдээс арай илүү нь...

-Нарийн байна л даа. Барилдааны аргачлалын хувьд Сүхбат нь арай илүү юм шиг. Гэхдээ нөгөө хэдийг нь ажиад байхад Сүхбат биднээс арай илүү, түрүүлчихсэн хүн юм шүү гэдэг ч юм уу, тийм сэтгэл зүйн юм байх шиг санагддаг. Тухайлбал өнгөрсөн жилийн наадмаар Сумъяабазар бол Сүхбатыг хэтэрхий үнэлж байгаа байхгүй юу. Хүн зүгээр барьц авахад айхавтар чарж биеэ чангалснаас болоод тэр гар ачаан дээр хөнгөхөөн хийсчихэж байгаа юм.


-Үндэсний бөхийн хувьд энэ хэд нэгнийгээ ирлэж байна. Тэгвэл чөлөөт бөхийн хувьд яагаад нэгнийгээ айхавтар ирлэж чадахгүй байна. Бараг бүгдээрээ л нэг жингийн бөхчүүд шүү дээ?

-Ер нь бол манай 130 кг жингийн бөхчүүд л дэлхийд үзээд байхаар болчихсон юм биш үү. Сиднейд бол Сумъяабазар Кубын бөхийг ялж болох л байсан. Сая Өсөхөө ОУ-ын цуврал тэмцээнд түрүүлээд ирлээ. Гантогтох бол тэртэй тэргүй дэлхийд барилдах л болчихсон бөх. Эд нарт бол боломж байгаа. Хамтарч бэлтгэл хийхгүй байна гэж ярьцгаадаг. Гэтэл өнөөдөр Өсөхөө Зүүн Азийн тоглолтонд явах гээд Сумъяабазар бэлтгэлийг нь хангаад байж л байна. Дээр нь Гантогтох хүрээд ирвэл бүр болоод л явчихлаа.
 

-Энэ жил 80 жилийн ой болно. 768 бөх барилдана. Ер нь та наадмын өнгийг яаж тодорхойлж байна?

-Гурван бөх үлдэж нэг бөх сондгойрно. Энэ бол аваргад шанс байгааг хэлж байна. Ер нь бэлтгэл сургуулилтын байр байдлыг хараад Өсөхөөд их найдаж байна.
 

 

-Ганбат заан танай тамирчин. Та бол бэлтгэл сургуулилтынх нь байр байдлыг нь мэдэж байгаа. Ер нь залуу заан маань барилдаан жаахан тогтоод байна уу?
 

-Их авьяастай бөх шүү дээ. Их хурц эрэмгий байсан харин тогтчихлоо. Бие нь жаахан муудсан түүнтэй холбоотой юм уу. Энэ хэдээсээ хамаагүй залуу, насаар бага шүү дээ.

 

-Доржсамбуу, Батзориг зэрэг начингууд их спортоор хичээллэсэн бол өнөөдөр байгаагаасаа илүү барилдах юм шиг санагддаг?
 

-Эдгээр начингууд нэг зүйлийг сайн харах хэрэгтэй. Энэ Сүхбат, Сумъяабазар, Гантогтох гэх мэт бие бялдраар тэнцүүхэн улсууд өөрсдөөс нь яагаад илүү барилдаад байна гэдгийг энэ хэд чинь нөгөө их спортоор хичээллэж буй юмныхаа нарийн ширийнээр л давж байгаа юм. Бодол доо, жижиг Сүхбат чөлөөтөөр барилддаггүй бол тэгж хөл авч чадах ч үгүй.

 

-Ганбаатар арсланг 1985 онд улсад түрүүлдэг жил та хамт бэлтгэлд гарсан биз?
 

-Арслан болдог жил нь бид нар Төв аймгийн Баянчандаманьд наадмын бэлтгэл хийсэн. Тэр жил Ганбаатар өөрийгөө сайн барилдана гэдгийг мэдэж байсан шүү. Бид нар наадмын гал дээр таавар явуулдаг байсан. Тэгэхэд Ганбаатар: За Бороо /у.н/ чи бид хоёр тав, зургаагийн аль нэгэнд тунах юм байна. Давсан нь дээшээ гарна гэж байсан.

 

-Тэгэхэд Хадаа аварга Ганбаа арслан хоёрын аваа өгөө ямар байв?
 

-Тэр үед Хадаа аваргыг хаядаг хоёр хүн нь Ганбаатар, Бор хоёр л байсан шүү. Бор начин бол ер нь л Хадаа аваргыг хаячихна шүү.
 

 

-Бор начинд арслан зааны босго ойрхон байсан гэж ярьцгаадаг?
 

-Бор ах бөхийн хувьд агуу авьяастай мөртөө дутагдалтай тал их байдаг. Бэлтгэлийн дэг алдана, хамаа намаагүй байсан. Бөхийн тодорхой зорилгогүй л явсан хүн. Тэрнээс биш ховор заяасан авьяастай бөх. Хоёр шуу бол аймаар шүү дээ. Ер нь бол урсгалаар явчихсан хүн. Тэрнээс зорилго тавьсан бол...

 

-Баяраа заан тэр жил аваргатай нэг их ширүүхэн үзсэн дээ. Тэгэхэд арслан цол ойрхон байсан гэж боддог уу?
 

-Баяраа ахыг ид байхад нь энэ арслан заануудтай барилдуулвал ер нь зовоочихно. Нэг их задраагүй ч хоёр мөр, гap эд нар ч аймаар шүү дээ. Мөн ч хөдөлмөрч хүн. Тэр жил аварга, Баяраа зааныг амалсан. Миний бодлоор бол Баяраа ах ... Аварга намайг арай авчихгүй байх л гэж бодсон болов уу.

 

-Та сүүлийн үед зодоглохоо байж. Харих гэдэг нь мэдрэгдээд байх юм уу?
 

-Биед эрүүл юм ховор боллоо. Бас нэг ийм юм байна. Дасгалжуулагч хийхээр чинь тэр болгон зааланд гарч унаад байх дэмий юм. Зааланд хүн хаяхгүй байж маргааш нь ирээд нөгөө хэдэн хүүхдээ "чи муу байна” гэж хэлэх хэцүү биз дээ. Ер нь тэгээд барилдах сонирхолгүй болчих юм. Аягүй бол нөгөө хэдэн шавь чинь "багш өөрөө ёстой алуулсан шүү” гэж ярьвал яана /инээв/. Онол бол сайн ярина. Ер нь ярьж л чадаж байна /инээв/.

 

-Танай үеийнхнээс Мөнх-Эрдэнэ арслан жаахан хожуу барилдаж ширүүхэн гарч ирсэн дээ?
 

-Мөнх-Эрдэнэ 1983 оны цэрэг. Нэг их том хөлтэй нөхөр барилддаг байсан. Их хор шартай. Түүнийхээ хүчинд сайн барилдаж байна. Дээр Доржсамбуутай таарахад нь би чадаг бол л гэж бодсон. Тэгсэн давж л байна лээ. Тийм л тэмцэл сайтай бөх байхгүй юу. Биеэ сайхан авч явах юм даа.

 

-Даваадорж начин шиг биеэр жижгэвтэр бөх өнөөдөр гарч ирлээ гэхэд улсын цолонд хүрэх болов уу?
 

-Гарахгүй гэх газаргүй. Даваадорж чинь хэцүү хүн. Бид хоёр ганц нэг таарч байсан. Би лав давж үзээгүй /инээв/. Одоо энэ Говь- Алтайн Тайванбаатар гэж нэг зовлонтой нөхөр байна. Эд нар чинь биеэр жижиг байж их хэцүү.

 

-Заан цолны босго танд тийм хол байсан юм уу?
 

-Тэр цол надад заяахгүй юм шиг байна. Уул нь ганц нэг зургаа давдаг байхад болчих юм шиг л бодогдож байсан. Манай муу аав л жаахан горьдож хардаг байлаа. Ээ дээ миний хүү, наад тугаа нэг долоо тойрчихвол гэж хэлдэг байсан. Одоо ч өнгөрлөө. Би чинь 3 удаа зургаа давахдаа Баянаа багшид нэг унасан. Балжинням аваргад хоёр унасан юм.

 

-Хүмүүс Балжинням аварга таныг хоёр удаа авсанд гайхдаг. Та ямар нэг аргаар давж болоогүй юм уу?
 

-Балжаа бид хоёрын барилдаан ерөөсөө таардаггүй юм. Би бараг хориод унасан байх аа. Нэг удаа давсанаа санадаг юм. Тэрнээс ер нь дийлээгүй шүү.

 

-Яаж давсан гэж...?
 

-Цэргийн баярын барилдаанд л би нэг их мундаг суйлаад хаячихсан юм.

 

-Балжинням аварга сүүлд юм хэлж байх юм уу?
 

-Ойдов багшийн хөдөлмөрийн баатрын найран дээр Балжаа аварга нэг удаа хэлсэн. Жавхаа ах нь чамд их баярлаж явдаг шүү гэж. Тэгэхээр нь та яахаараа надад баярладаг юм гэтэл ... Ах нь чамайг долоогийн даваанд хоёр удаа авсан. Тэгэхэд чи надаас гуйгаагүй, түүнд чинь ах нь баярладаг. Ах нь адилхан цолонд зүтгэж байсан юм шүү. Чи намайг ойлгож, мэдэрч байсан учраас надад юм хэлээгүй байх, түүнд л их баярладаг гэж байна лээ.

 

-Тухайн үед та залуу ч байсан. Балжаа аваргыг хоёр дахь удаагаа авахад нь жаахан хор шар хөдлөх тохиолдол байсан уу?
 

-Хоёр дахь удаагаа авахад нь би салгалаад, нервтээд, шар хөдлөөд начин болсон. Тиймдээ ч сайн барилдаж чадаагүй унасан. Би чинь баруун хүн байж солгой очиж давуулаад унасан даа. Багш нар найз нөхдийнхөө юу хэлж байсныг ч анзаараагүй.

 

-Хариуцлагатай барилдаан дээр багш дасгалжуулагчдын оновчтой тактик зөвлөмж амжилтанд хүргэнэ биз?
 

-Ер нь тамирчин хүн багшдаа бүрэн итгэж байх хэрэгтэй. Нэг тийм зүйрлэл байдаг юм. Өглөө лам багш нь гэрээсээ гарч тэнгэр ажаад орж ирэхдээ гэрт байгаа шавьдаа хандаж “Нар баруунаас мандлаа” гэж хэлэхэд багш хэлсэн юм чинь нар зүүнээс биш баруунаас л мандаж дээ гэж итгэх хэрэгтэй гэдэг шиг багшийн үгийг л дагах нь чухал. Тухайлбал нэг ийм юм болсон. Хэдэн онд билээ дээ. Би интернациональ тэмцээнд оролцож, нэг германтай барилдсан. Эхлээд би хоёр гурван оноо алдлаа. Тэгсэн Баянаа багш /д.а Баянмөнх/ хэлж байна. Жавхаа цаадах чинь хөл гарандаа тэнхээтэй их богинохон хүү байна. Хөл гарыг нь аваад хожиход хэцүү. Тийм болохоор жаахан хөдөлгөөд ажлаад өг. Суганд шижээд, дугтараад өөр юу байдаг юм, зүгээр зогсохгүйгээр хоёр гараа хөдөлгөөд бай гэж. Би яг тэр зөвөлгөөгөөр нь барилдаж ялж байсан. Хүнд жингийн бөхчүүдэд дугтрах гэдэг бол их сайн.

 

-Улсын гурван удаагийн аварга Батнамсан бол танай тамирчин. Тэгэхээр хөнгөн жингийн энэ бөх Пүрэвбаатартай нэг үед гарч ирснээрээ жаахан даруулах маягтай ид үеэ өнгөрөөж байх шиг?
 

-Үнэхээр бөхийн төлөө бүхнээ зориулсан хүүхэд. Пүрэвбаатартай нэг үед гарч ирсэн л дээ. Гэхдээ Пүрэвбаатар нэг удаа сайхан сэтгэл гаргасан юм аа. Юу гэхээр уржнангийн Ази тивийн аваргад Пүрэвбаатар: Би явахгүй, Батнамсан чи яв гэж хэлсэн. Тэгэхэд би Батнамсангаа Азийн аваргад үзүүлчихье. Багцааг нь харая гэж бодсон. Гэтэл зардал нь олддоггүй. У.н А.Ганбаатар бид хоёр зардлыг нь эрж хичнээн гүйгээд олоогүй. Үүнд жаахан харамсдаг л юм.


-Өнгөрсөн жил Сиднейн олимпид бөхчүүдээ үдэж байхдаа хэнд их итгэл тавьж байв?
 

-Би үнэхээр Пүрэвбаатарыг л харж байсан. Медалийн эрэмбэтэй байсан, даанч болоогүй. Үнэндээ Дабиртай бол барилдаан болохгүй юм билээ. Сүүлд бид нар бичлэгийг нь үзэж байхад Сумъяабазар л сайн барилдсан юм шиг санагдсан.

 

-Таныг хамгийн их зэмлэдэг хүн хэн бэ?
 

-Өвөө багш л намайг зэмлэдэг байсан. Саяхан хүртэл хэлж байна лээ. Чи үндэсний бөхдөө их муу анхаарч байна шүү гэж.

 

-Амныхаа жаахан хүүхдэд унаж байсан тохиол байна биз?
 

-Начны тааварт ороод байх үедээ наадмын хоёрын даваанд зааланд огтхон ч гардаггүй нэг залууд санаандгүй уначихсан. Тэгээд уйлаад сууж байтал Гочоо ах /у.з Гочоосүрэн/ нэг их аашилж байсан юм. 70 жилийн ойгоор аятайхан ч барилдчихмаар санагдаад. Аав минь хөдөөнөөс ирчихсэн, балга айраг бэлдчихсэн. Бодвол хөөрхий намайг гайгүй барилдаад цол авчих болов уу л гэж бодсон байх. Тэгсэн би хоёрын даваанд Увсын Сайнбуян гэж нөхөртэй таарлаа. Түүнийг татаад шахаад хаяж явтал жаахан хавираанд нь хөлний өвдөг газар хүрчихдэг юм. Яах ч аргагүй юм болсон. Дуугүй тахимаа өгчихөөд л хүрээд ирсэн. Тэгсэн бас Баярсайхан хоёрын даваанд Мөнх-Эрдэнэд унадаг юм. Ингээд хоёулаа за болъё гээд шууд манайд ирж баахан айраг ууж байлаа.

 

-Хэдхэн хоногийн дараа манай улсад эхлэх гэж байгаа Ази тивийн аваргад манай тамирчид хэрхэн оролцох бол..?
 

-Нэг аварга манай тамирчдаас төрөхөд хангалттай. Хүнд жинд Өсөхөө амжилт гаргах магадлалтай. Гэхдээ Иранаас ирж буй бөх нь манай Өсөхөөг бас ганц хоёр ялж л байсан юм билээ.

 

-Саяын бөхийн шинэ цол, шинэ эрэмбэ, шинэчлэлийн талаархи таны бодол?
 

Би шинэчлэлийг дэмжиж байгаа бөхчүүдийн нэг. Энэ бол зөв зүйтэй юм болсон. Бидний хувьд амжилт л гол байдаг. Үүнийг маань л чухалчихсан шинэчлэл болсон байна лээ. Бодол доо, саяын жүдогийн Азийн аваргын үеэр харж байхад арван коко үнэлгээний дээр гарахгүй л байгаа биз дээ. Энэ чинь л чанар харагдаж байхгүй юу.

 

Бөхийн шинэчлэлийг дэмжих зөвлөл гэж байгуулагдсан гэсэн. Тэр тухай яриач?
 

-Яахав, олон бөх цугласан. Нөгөө эсэргүүцээд байгаа талынх нь бөхчүүд ч ирсэн. Тэнд бол аль аль тал нь шинэчлэл зөв юм. Гэхдээ шинэ юм болохоор бага сага алдаа байна шүүн тунгааж үзье л гэсэн тийм яриа болсон. Шинэ эрэмбэнд зарим нэг бөхчүүд сэтгэл дундуур байх шиг байна лээ. Гэвч Цэрэнпунцагаас эхлээд “Би гэхэд Сумъяабазарын дээр эрэмбэтэй байснаа одоо дор нь орлоо. Гэхдээ харамсах юм алга. Цаг үе нь болсон болохоор энэ шинэчлэл зөв. Ер нь аливаа юмнаас алдаа хайх бол их бага гарч ирээд л байдаг шүү дээ. Тэгэхээр “өө" хайхаа больцгооё” гэж хэлсэн.

П.Хашчулуун
Эх сурвалж:“бөх Сонин”