sonin.mn

 
 

Бөхийн хөгжилд нэмэрлэх санал



Редакцийн зурвас

Монгол бөхийн ертөнцөд 2002 оноос эхэлсэн үймээн самуун намжаагүй, монгоп бөхийн нэр хүнд мэдэгдэхүйц унасан, бөх үзэгчдийн тоо эрс цөөрсөн 2006 онд МУИС-ийн багш Л.Ням-Очир энэ үгүүллийг бичиж, нэгэн сайтаар уншигчдад хүргэсэн агаад тухайн үөд чамгүй олон хүн уншиж,  сэтгэгдлээ үлдээсэн байдаг. Эл үгүүллийг танд хүргэж байна.

Үзэгчдийн сонирхлыг бага татдаг, бөхчүүдэд амьдралын баталгаа болж чаддаггүй гэх шүүмжлэлийн давалгаа үндэсний бөхийг нэлээд хугацаанд нөмрөөд байгаа билээ. Нийгмийн шаардлага нэгэнт өөрчлөгдөж байгаа болохоор түүнд зохицож хувирах өнөөгийн боломж, бололцооны хэмжээнд багтан ямар чиглэлд, хэрхэн шинэчлэл хийж болох талаар та бүхэнтэй өөрийн саналаа хуваалцах гэсэн юм.

Энэ жил Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 1024 бөх барилдлаа. Олон бөх барилдуулах гол учир нь “том ойгоор бусад жилүүдийнхээс хамаагүй илүү баярлах” гэсэн санаанд байсан биз. Гэтэл ердийнхөөс 2 дахин их бөх барилдуулахад нийт барилдааны тоо ихсэхээс бус, үзүүштэй барилдааны тоо ер нэмэгдэхгүй нь харамсалтай. Харин ч эсрэгээр сонирхол татахааргүй барилдааны тоо үлэмж ихэснэ.

Ер нь 512 бөх барилдахад ихэнх үзэгчид 2, 3, 4-ийн даваа дуустал зөвхөн төгсгөл хэсгийг сонирхдог нь тодорхой болсон зүйл. Сонирхол татах барилдаан доогуур давааны төгсгөлд болон сүүлийн даваануудад л болж өнгөрнө. Шударга өрсөлдөөнтэй,    хурц барилдаануудын тоо хязгаартай. Мөн наадмаар үзүүлж байгаа бөхчүүдийн амжилтыг үнэлэх бай шагналын хэмжээ тэдний бүтэн жилийн бэлтгэл, хөлс хөдөлмөртэй зүйрлэхэд тун бага.

Иймээс улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулалтын хувьд өөрчилж, үзэгч, бөхчүүдийн аль алиных нь шаардлагад нийцэх зүгт алхам хийхийг санал болгох гэсэн юм. Дагаад    бусад холбогдол, сонирхолтой байдал дээшлэх үндэстэй гэж үзэж байгаа юм.

Нэгдүгээрт: “Наадамд барилдах эрх” гэдэг зүйл бий болгоё. Наадмын дэвжээ бол жилдээ ганц болдог, тухайн жилийн хамгийн үнэ цэнэтэй хариуцлагатай барилдааны тахлбар.

Харин өнөөдрийн байдлаар хүссэн болгон нь хоёр хоногийн өмнө явагдаж дуусах бүртгэлд очсон л бол зодоглох боломжтой болдог. Хүссэн болгон нь амжилт гаргаж чадахгүй нь тодорхой боловч хүссэн болгон нь зодоглож болдог барилдаан нь наадам байж болохгүй гэдэгтэй та бүхнийг санаа нийлнэ гэж найдна. Ур чадвар, нас туршлагын хувьд илт зөрөөтэй барилдаанууд үзэгчдийн сонирхлыг татахгүй нь ойлгомжтой бөгөөд харин ч найрааны будлиан, цуурхал тарьдаг эх үүсвэр болдог билээ.

Наадамд барилдах эрхийг зөвхөн нэг барилдаанаар олгох бус, жилийн турш явагддаг барилдаануудад бөхчүүдийн үзүүлсэн амжилтын чансаагаар олгодог байвал зохимжтой. Гэхдээ том жижиг бүх барилдааныг тооцох бус, тодорхой 10 хүртэлх барилдааныг албан ёсоор зарлаж /өмнөх наадмын, цагаан сарын, улс тунхагласны өдрийн шинэ үндсэн хуулийн, аваргуудын нэрэмжит, арслангуудын нэрэмжит гэх мэт/ зөвхөн тэдгээрт үзүүлсэн амжилтын чансаанд үнэлэх журам тогтоовол дагаад эерэг өөрчлөлтүүд гарч эхлэх үндэстэй юм.

Тухайлбал одоо зарим барилдаанд шилдэг бөхчүүд ирэх эсэх нь эргэлзээтэйн улмаас бөхийн өргөөнд үзэгчид дүүртэл цуглахгүй байх тохиолдол гардаг. Хэрэв ийм өөрчлөлт хийвэл чансаа тооцохоор зарласан барилдаанд үзэгчдийн хүсэн хүлээсэн бөхчүүд ирц, бэлтгэл өндөртэй оролцох байдал бий болно. Сонирхол татах байдал нь урьд өмнөхөөс өсч, ач холбогдол нь нэмэгдэх учраас бай шагналыг ихэсгэх менежмэнтэд мөн таатай нөхцөл үүсэх нь ч гарцаагүй /реклам, бооцоо гэх мэт/.

Хоёрдугаарт: Жилийн хамгийн чухал, хариуцлагатай барилдаан болох наадамд барилдах эрхээ авсан 128 бөхийг барилдуулдаг болгоё. 1024, 512 бус, харин ид хүч чадлаа сорьж, үзэгчдийг уран хурц барилдаанаар баясгах шилдэг 128 бөхийг дээр дурдсан чансаагаар шалгаруулж, улсын их баяр наадамд оролцохыг хэвлэл мэдээллээр зарлаж, урьдаг болвол ямар вэ?

Тооны хувьд эхлээд тодруулъя. Сүүлийн жилүүдэд МҮБХ болон "Таван цагариг” сонин бөхчүүдийн чансааг цагаан сараас цагаан сарын хооронд, наадмаас наадмын хооронд гаргаж үнэлэлт өгч байсан билээ. Эдгээрээс харахад эхний 64-т ид барилдаж буй аварга, арслан, заан, начингуудаас эхлээд шинээр улсын цолд яригдаж байгаа аймаг цэргийн цолтнууд бүгд багтдаг байв. Эдгээр 64 бөх дээр дахин дараагийн чансаатай 64 бөх нэмэгдээд барилдахад үзэгчид, сонирхогчдын барилдааныг хүсэн хүлээдэг нэг ч ид барилдаж буй бөх орхигдохгүй гэж тооцож байгаа юм.

Мөн аймгуудын наадмыг улсын наадмаас Доод тал нь 7 хоногийн өмнө явуулж, үзүүр түрүүний 2 бөхийг наадамд урьдаг журам бас байвал тохиромжтой. 21 аймгийн наадмаас ирсэн 42 бөх болоод чансааны эхний 86 бөх нийтдээ наадамд барилдах 128 бөхийг бүрдүүлэх юм.

Хэрэв чансаагаараа эхний 86-д орсон бөх аймагт түрүүлвэл дараагийн бөх нь уригдах гэх мэтээр орон нутгаас ШУУД урьж байвал улсын чанартай спортын өрсөлдөөн    утгаа хадгалахын зэрэгцээ аль аймгийн бөх ямар амжилт үзүүлснээс хамаарч ирэх жил нь тухайн аймгаас шалгарах бөхийн тоог өөрчилдөг механизм нэмэгдвэл өнөөгийн хотоо тойроод гардаг бөхийн галуудын үйл ажиллагаа улам утга төгөлдөр болон наадамд уригдсан бөхчүүд нь бусдынхаа тусламжтайгаар өндөр түвшний бэлтгэл хийх нөхцөл үүсэх нь гарцаагүй. тухайн галын бүрэлдэхүүн нь багш, дасгалжуулагч, тамирчин, бэлтгэл хангагч гэх мэт илүү тодорхой бүтэцтэй болж мэргэжпийн спортын зүгт хийх алхам болж ч болох юм.

Шалгарсан 128 бөх барилдах наадамд эхний даваа, эхний дүйзээсээ, эхлээд үзүүштэй барилдаан гарна. Урьд урьдынхаас цөөн тооны бөхчүүд оролцож байгаа, учраас бөхчүүдэд очих бай шагналын хэмжээ ч мөн өснө. Хэрэв ингэж өөрчилбөл цолны давааг мөн дагуулж бууруулах нь гарцаагүй. Зарчим нь хуучнаараа үлдэж 16-д үлдвэл начин, 8-д үлдвэл харцага, 4-т үлдвэл заан, үзүүрлэвэл гарьд, түрүүлбэл арслан, аварга гэх мэтээр өгөх юм.

Ингэснээр начин цолыг авахын тулд 512 бөхөөс 5 давах шаардлагатай байсан бол шигшигдэж, шалгарсан 128 бөхөөс 3 давах , болзолтой болж өөрчлөгдөнө. Давааны тоо багасаж байгаа боловч өрсөлдөөний чанар сайжирсан тул шинэ цолны босго өндөрсөж, цолны найрааны цуурхал оргүй алга болж, бөхчүүдийн нэр хүнд өсөх нь дамжиггүй.

Дэвжээнд зэрэг гарах дүйзийн тоо цөөрч, хөлийн цэцэд маргаантай барилдааныг шийдэхэд хялбар болохын зэрэгцээ барилдаан бүр телевизийн дурангаас “мултрахгүй", үзэгчдийг бухимдуулахгүй гэх мэт сайн талууд үүснэ. Эцэст нь дүгнэхэд, ийм тогтолцооны өөрчлөлт нь жилдээ ганц болох наадмын барилдааны ач холбогдолыг улам тодотгож, зөвхөн шилдэг бөхчүүдийн зодоглох шударга дэвжээ болоод зогсохгүй, жилийн турш зориогддог барилдаануудын ач холбогдолыг үлэмж, нэмэгдүүлэн цаашдаа бөхчүүдийн байнгын, бэлтгэл, илүү бай шагналаар дажин мэргэжлийн спортын хэлбэрт шилжих алхам болж чадна гэж үзэж байна. Уг өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд мөнгө санхүүгийн хөрөнгө оруулалт шаардахгүй бөгөөд “Баяр наадмын тухай” хуульд өөрчлөлт оруулснаар амьдралд хэрэгжиж, үр дүн нь харагдах боломжтой болов уу. Уншигч, бөх сонирхогч, бөхийн мэргэжилтэн та бүхэн дээрх саналыг тунгаан үзэж, санаа бодлоо хуваалцахыг хүсье.

Үндэсний бөх улам бүр хөгжин дэвших болтугай

Эх сурвалж: "Бөх"