sonin.mn

 

Дорнод аймгийн “Дорнод нутаг” дэвжээний бөхчүүд сүүлийн жил гаруй хугацаанд нэгдсэн зохион байгуулалтад орж, тусдаа гал болж гардаг болсон. Тус аймгаас төрөн гарсан улсын цолтнууд нутгийнхаа залуусыг удирдан, бэлтгэл сургуулилтыг нь тааруулж байгаа юм. Улсын начин Д.Цогзолдорж ч гэсэн нутгийн залуусаа дасгалжуулаад хэдэн жил болсон. Дорнодын бөхчүүд наадмын галдаа гарах гэж байхад нь Цогзолдорж начинтай уулзаж ярилцлаа.

-Начны бэлтгэл ямархуу байна вэ? Наадам дөхсөн болохоор бэлтгэлээ улам эрчимжүүлээд байна уу?

-Бэлтгэл ерөнхийдөө гайгүй. Бехчүүд жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийдэг болчихсон.

-“Дорнод нутаг” дэвжээний бөхчүүд удахгүй наадмын галд гарах гэж байгаа гэсэн. Хаана, хэдэн бөх гарах вэ?

-“Дорнод нутаг” клубийн захирал С.Отгонбаатарын ивээн тэтгэлгээр манай аймгийн бөхчүуд ноднингоос тусдаа галд гарч байгаа. Нэг үеэ бодвол залуучууд олон болсоон.

Өмнө нь арав дотор л багтдаг байсан бол энэ жил 30 гаруй бөх гарах байх. Дэвжээ авч өгөөд, бэлтгэл хийх заалных нь түрээсийг төлөөд нөхцөл боломж бүрдээд ирэхээр залуучууд их цуглаж байна.

Бас манай дэвжээнийхэн нэг сараас улсын начингуудын нэрэмжит барилдааныг хийж байгаа. Маргааш (ярилцлагыг баасан гаригт авав. сур) Монгол шилтгээнд наадмын бэлтгэлийн нээлтийн барилдаантай.

-Дэвжээнд хамрагдах бөхчүүдийн тоо эрс нэмэгджээ. Нэгдсэн зохион байгуулалтад ороод, дэмжиж туслаад ирсний хүчинд ийм болсон байх?

-Өмнө нь барилдах хүсэл, зорилготой хүүхдүүд байсан ч дэмжлэг туслалцаагүй болохоор хэцүү байлаа. “Цатгалан муур хулгана барьдаггүй” гэдэг шиг баян айлын хүүхдүүд бөхөөр хичээллэж өөрийгөө зовоохыг хүсэхгүй, харин жаахан боломж муутай хуүхдүүд л ихэвчлэн барилдахыг хүсдэг...


Гэхдээ хүсэл байсан ч нэгдэж чадахгүйгээс болж бөх төрөх нь ховор байсан болов уу. Говь-Алтай л гэхэд саяхныг хүртэл цөөхөн улсын цолтонтой байлаа. Харин дэмжээд ирсний хүчинд том цолтнууд төрөн гарч байна. Одоо бол Говь-Алтай аймгийн барилдаанд бараг 256 бөх гарна шүү. Дээрээс дэмжээд өгвөл ямар ч спорт гараад ирнэ гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

-Дорнод нутгаас ойрын хэдэн жилд улсын цол авах магадлалтай залуус хэр олон байна?

-Одоо бэлтгэлээ сайн хийгээд, өөрсдөө л хичээвэл том, жижиг гэлтгүй ямар ч хүн цол авах боломжтой болсон. Аймгийн заан Т.Баасанхүү гэхэд жижиг биетэй хэрнээ ямар ч том цолтонтой сайн барилдаж байна. Бас Хөвсгөлийн А.Батмөнх, Булганы Э.Энхбат байна. Тэгэхээр хүн өөрөө л хичээж, дээрээс нь жаахан хэлээд өгвөл болохгүй юм гэж алга. Өмнө нь манай нутгийнхан буриад хүний хэнэггүй зангаар гаргасан амжилтдаа ташуурч, эрт сулардаг байсан байх. Одоо бол залуучууд өөр болсон.

-Наадам ойртож байна. Та хэд дэх наадамдаа зодоглох гэж байна вэ?

-2000 онд анх барилдсан гэхээр 13 дахь жилдээ улсын наадамд зодоглох гэж байна. 2000 онд цэргийн наадамд түрүүлж, арслан болсноосоо хойш тасралтгүй улсад барилдаж байна даа.

-Наадам дөхөөд ирэхээр сэтгэл гэгэлзээд нэг л өөр болно биз?

-Бүтэн жил хийсэн бэлтгэлийнхээ үр шимийг үзэж, цолоо ахиулах гэж зодоглодог болохоор сайхан байлгүй яахав. Одоо миний хувьд нас ахичихлаа. Тиймээс өөрийнхөө хэмжээнд сайхан барилдах, хажуугаар нь залуу бөхчүүдээ дэмжиж туслах л зорилготой барилдана.


-Нас хэд хүрч байгаа билээ?

-38.

-Өмнө нь зөвхөн өөрийнхөө төлөө бэлтгэл хийдэг байсан бол одоо хажуугаар нь залууст зааж зөвлөнө гэдэг амаргүй байх...

-Өөрсдийнхөө төлөө бэлтгэл хийдэг байхдаа ачаалалтай байна гэж боддог байв. Гэтэл тэр үеийг одоогийнхтой харьцуулахад хамаагүй амар байж. Хүн дасгалжуулна гэдэг хэцүү юм байна. Хүн хүний онцлогт тааруулж харьцахгүй бол болохгүй. Гэхдээ хоёр, гурван жил хийгээд эхлэхээр бага зэрэг сурч л байна. Ямар ч байсан бөхийн төлөө гээд явж байгаа хүүхдүүдийг нэг юманд хүргэхийг хичээж л байна. Одоо үндэсний бөхөөр сайн барилдаад явбал амьдрал нь сайхан болох боломжтой болсон. Нөгөө талаар бөхийн спорт хүнийг хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд чухал нөлөөтэй байдаг. Ер нь гурван жил бөхөөр хичээллэсэн хүн олны дунд биеэ зөв авч явахаас эхлээд огт өөр болно шүү.

-Залуу бөхчүүд дээд үеийнхнийгээ хараад “Энэ хүн шиг болчих юмсан” гэж хүсдэг. Таны хувьд бөхөөр хичээллэж эхлэхдээ хэнийг дууриан хүндэлдэг байв?

-Намайг хөдөөнөөс ирээд удаагүй байхад О.Одгэрэл заан “Хүч” спорт хороонд аваачиж байлаа. Тэр үед Б.Бат-Эрдэнэ аварга “Хүч”-ийн дарга байсан. Аваргыг хараад энэ хүн шиг болох юмсан гэж хүсдэг байв. Ер нь Бат-Эрдэнэ аварга бүх талаар тэгш хүн шүү. Би лав хараалын үг хэлж байхыг нь сонсоогүй. Бас Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг гээд сайхан бөхчүүд зөндөө.

-Начин болж байсан үеийн дурсамжаа хуваалцвал?

-Анх 1998 онд хотод ирэхдээ аймгийн цол авчих юмсан гэж бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. Харин цэргийн арслан болсныхоо дараа улсын цол бодож эхэлсэн дээ. Тэгээд 2006 онд улсын начин болчихоод их л баярлаж билээ.

-Тэр хүртэл та улсын начны тааварт нэлээн олон жил орсон. Цол авч чадахгүй болохоор шантарч байв уу?

-Шантарч байгаагүй ээ. Харин бэлтгэлээ л сайн хийе гэж бодцог байсан. Наадамд уначихаараа миний бэлтгэл дутуугаас боллоо гээд 13-наас нь л бэлтгэл хийдэг байсан.

-Таны хувьд бэлтгэл сургуулилт жигдэрсэн хамгийн оргил үе хэзээ байсан бол?

-2000-2003 он хүртэл бэлтгэл сургуулилт гайгүй байсан. Дараа нь өвдөгтөө бэртэл авснаас болж жаахан суларсан. Гэхдээ бэртлийг бэлтгэл хийж л эдгээдэг юм билээ. Харин бэртэл авчихлаа гээд амраад байвал эдгэж өгөхгүй. Үүнийг би өөрийн биеэр мэдэрсэн.

-2006 онд хэн, хэнтэй барилдаж цол авлаа?

-Гурвын даваанд Т.Нармандах харцагыг даваад дөрөв дээр Ду.Батбаяр начинтай оноолтоор таарсан. Тэгээд барьц сонгож давсан. Тавын даваанд О.Одгэрэл заан авсан Тэгж багшаараа начин болсон доо.

-Тухайн үед таныг начин болоход олон хүн баярласан байх?

-Ер нь улсын цолыг хэн хүссэн нь авдаггүй байх. Нутаг ус, уул ус, анд нөхөд, бүх хүн хүсч байж тэр бүгдийн эерэг энергийн хүчээр авдаг байх. Хэн их хөдөлмөрлөж хөлс гаргана, түүнийг бурхан хардаг болов уу. Би 2006 онд өвөг дээдсийнхээ тахидаг байсан оноог тахиж наадам хийсний дараа улсын цол авсан. Тэр үеэс л хойш хүн, байгаль хоёр хүйн холбоотой гэдэгт итгэдэг болсон. Ду.Батбаяр чинь тэр жил наадмын өмнөх гурван барилдаанд түрүүлчихсэн, их сайн байсан үе. Харин уул, ус маань түшсэнии хүчинд тэр сайн бөхийг хаясан даа.

-Нутаг ус, хүүхэд насныхаа талаар ярьж өгөөч?

-Би Дорнодын Цагаан-Овоо суманд төрж, өссөн. Манай нутаг тал, хээр хосолсон байгальтай. Би сумын төвд өссөн хүүхэд. Харин амралт болохоор ээжийн дүүгийнх рүүгээ хөдөө яваад өгнө.

-Хот руу бөх болох зорилготой ирсэн үү?

-Манай аав аймгийн начин цолтой. Миний удаах дүүг л бөх болно гэдэг байсан. Би болохоор сайн барилдаж чадахгүй. Харин 1994 онд цэрэгт яваад халагдаж ирсэн жилээ сумандаа барилдаад түрүүлчихсэн. Түүндээ урамшиж энд тэндхийн овооны наадам хэсч хоёр жил явсан. Тэр үед аймгийн заан Д.Энхболд гэж ахын зөвлөснөөр 24-тэйдөө хотод ирж байлаа. Ер нь оройтож хичээллэсэн гэж болно. Тэгэхэд миний үеийнхэн эхнээсээ улсын цол авчихсан байсан. Хотод ирж нэг жил бэлтгэл хийгээд 1999 онд нутгийнхаа наадамд барилдаад нөгөө Энхболд ахтайгаа үлдэж, аймгийн заан болсон. Дараа жил нь дахиж явна даа гэж бодож байтал хавар нь бүх цэргийн наадамд түрүүлсэн юм.

-Хотод нэг жил бэлтгэл хийгээд нутагтаа очиход арай өөр болно биз?

-Тэгэлгүй яахав..

Аймагт бэлтгэл хийж, байгаад суманд л очиж барилдахад ямар байдаг л билээ. Тэрэнтэй адилхан улсад бэлтгэл хийсэн хүн аймагт шал өөр барилдана. Одоо ч гэсэн би залуучуудыг аймагт очоод барилдахад “Та нар улсад бэлтгэл хийсэн хүмүүс. Илүү байх ёстой” гэдэг юм. Дэлхийд үзэж байгаа Э.Энхбат зэрэг бөхчүүд бас л өөр байдаг биз дээ.

-Бөх болгоно гэж байсан дүү чинь яасан бэ?

-Аймгийн начин болсон. Одоо морь мал гээд явж байгаа. Уг нь ясаараа надаас илүү л байсан. Өөрөө сонирхол муутай болохоор нэг их хичээгээгүй байх.

-Танайхан ер нь биерхүү хүмүүс байх?

-Ер нь биерхүү шүү. Аав л гэхэд надаас өндөр. Удахгүй аавыг гүйцнэ гэж ярьдаг байсан, чадаагүй. Эгч нар ч гэсэн том шүү. Манайх эхээс долуулаа. Би дээрээ гурван эгч, гурван эрэгтэй дүүтэй.

-Та одоо “Хүч” спорт хороонд харьяалагдаж байна уу?

-“Хүч” спорт хороо, нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар харьяалагддаг. Цагдаагийн ахлах дэслэгч цолтой. Мөн Дорнод бүсийн эрчим хүчний компанийн нэр дээрээс барилддаг. 1998 онд хотод анх орж ирж байхад цалинжуулж, ивээн тэтгэж эхэлсэн юм.

-Таныг харахад төмөртэй нэлээн ноцолддог болов уу гэж бодогддог. Олон жил төмөр өргөж байна уу?

-Хөдөөнөөс ирээд л төмөр өргөсөн дөө. Одоо ч гэсэн хүчний бэлтгэл хийнэ. Хүчний бэлтгэл хийчихээр нэг л сайхан шүү. Ер нь ажил төрөл бүтэмж муутай үед штанг өргөж, хөлсөө гаргачихаар бүтдэг юм шиг санагддаг. Арав гаруй жил бөхөөр хичээллэхэд дунд нь нэг жил биеийн байдлаас болж алаг цоог хийсэн байх. Бусад үед бол өнжсөн өдөр цөөхөн дөө. Олон жил хийчихээр тасалж чаддаггүй юм билээ.

-Бөхчүүд төдөн кг-ыг өргөсөн гээд ярьдаг. Та харин хэр хүндийг өргөдөг байв?

-2001-2002 оны үед 240 кг-д гурван удаа суучихдаг л байсан. Харин шахалт бол тийм их байгаагүй ээ. Гэхдээ одоо бол тэр юу ч биш болсон байна лээ. Нэг үе Д.Сумъяабазарыг 200 шахдаг гээд гайхдаг байсан бол одоо захын хүн өдий зэргийг өргөдөг болж. Одоо нас ахисан болохоор айхтар хүндийг өргөхгүй байгаа. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд хийгээд л байгаа.

-Бөхөөс гадна өөр ямар спорт сонирхдог вэ?

-Хөлбөмбөг, сагс, волейбол харна шүү.

-Европын аваргаар хаанахыг дэмжих бодолтой байна?

-Германыг л дэмжинэ дээ.

-Өөрөө хэр тоглодог билээ?

-Нэг их сайн биш ээ. Харин бөхчүүдийн сагсны тэмцээнд “Хүч”-ээс орж, нөөцөнд сууж байгаад гурван мөнгөн медаль авчихсан шүү (инээв).

-Сайхан ярилцсанд баярлалаа.


Г.Баярсайхан

Эх сурвалж: "Бөх"