sonin.mn

 
 


Монголчууд бид энэ жилийн наадмын сониноо ирэх жилийн наадам болтол сэтгэл харамгүй хуучилдаг ард түмэн. Жил жилийн наадмаар заан цолны тааварт нэр нь бичигддэг Г.Эрхэмбаяр начинг гурван цол алгасан арслан болоход нь их олон хүн баярласан, болж дээ... гэж хөөрсөн. Тэр сайхан баяраас хожуухан ч гэлээ уншигчидтайгаа хуваалцаж байгаадаа баяртай байна. Үнэнийг хэлэхэд арслантай ярилцах гэж нэлээд удаан хөөцөлдсөн шүү.

-Хоёулаа ярилцлагаа саяхан болж өндөрлөсөн “Нутгаа дуурсгана” барилдааны талаар эхэлье. Танай дэвжээ амжилттай оролцож түрүүллээ. Сэтгэгдэлээсээ хуваалцах уу?

-Миний хувьд МҮБХ-ноос зохион байгуулдаг энэ барилдааныг их дэмжиж, талархаж явдаг. Бөхчүүд маань төрж өссөн нутаг усаараа овоглож барилддаг болохоор ингэж нутгийнхаа нэрийг гаргах боломжийг нээж өгч байгаа холбооныхоо удирдлагуудад энэ дашрамд баярлаж, талархаж байгаагаа уламжилъя. Энэ барилдаан маань цаашдаа улам өргөн дэлгэр болж үргэлжлэвэл бөхчүүдэд ч, нутаг усны ард олонд ч ойр, хэрэгтэй сайхан барилдаан гэж боддог. Манай аймгийн бөхчүүд түүхэндээ багаараа ийм сайхан амжилт гаргаж байсан тохиолдол байхгүй юм билээ. Тиймээс энэ цаг үеийн бөхчүүд маань нутгаа    дуурсгах барилдаанд тэргүүлж нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөнд дотроо их л баяртай байна даа.

-Танд бас дэвжээгээ манлайлж барилдах том үүрэг хариуцлага ирсэн байх, тийм үү?

-Хариуцлага байлгүй яахав. Манай үндэсний бөхөд хамгийн том цолтой толгой бөх нь хариуцлага өндөр байдаг. Юутай ч нутгийн дүү нараа магнайлан барилдаандаа амжилттай оролцлоо. Бар жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаанд манай дэвжээ бага цолтнуудын бүрэлдэхүүнтэй оролцсон хэдий ч гуравдугаар байранд шалгарсан шүү дээ. Тэр амжилтаа бататгаж, цаашлаад Сэлэнгэ аймгийн бөхчүүдийн бэлтгэл үнэхээр сайн байгаа шүү гэдгийг харуулж, түрүүллээ. Эндээс бас манай дэвжээний бөхчүүдийн эв нэгдэл, зохион байгуулалт сайтай байгаа нь харагдаж байгаа байх аа.

-Нутаг орныхон тань их баярлаж, талархсан нь гарцаагүй. Шагнал урамшил хэр ирэв?

-Манай бөхийн холбооны тэргүүнээр аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбат ажилладаг. Эрдэнэбат дарга өөрөө бөхийн орчинд өссөн хүн. Аав нь аймгийн арслан Жаргалтулга гэж хүн байсан. Бөхийн зовлон жаргалыг ойлгодог, мэдэрдэг учраас бөхдөө их ойр байдаг юм. Бөхөө их дэмждэг, ойлгодог даргадаа бид бүгд их баярлаж, талархаж явдаг. Бөх бол их хүнд спорт. Ар гэр, ах дүү гээд олон талын дэмжлэгтэйгээр амжилт үзүүлдэгтэй адил нутаг орны зүгээс дэмжлэг үзүүлэхгүй бол бөх төрөхөд хэцүү шүү дээ. Ер нь Сэлэнгэ аймгийн удирдлагууд, нутгийн бизнесмэн ах нар маань бөхчүүдээ их дэмжиж тусалдаг шүү.

-Та хэдэн барилдаанд нь оролцож барилдсан бэ?

-Наадмаас хойш уу, оноос хойш уу?

-Үгүй ээ, нутгаа дуурсгах барилдаанд....?

-Аан. Манай багийн дасгалжуулагч Ш.Зоригт начин л даа. Багшийнхаа хийсэн хуваарийн дагуу би гол гол барилдаанд л оролцсон. Таван аймгийн дэвжээтэй барилдахад нь гарч барилдсан юм байна.


Эрхэмбаяр арслангийн аав ээж хоёр нь Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул хүмүүс. Харин арслан өөрийн төрж өссөн Сэлэнгэ аймгийн Мандал сумаараа овоглож явдаг. Ээж нь хүний их эмч, аав нь мөханик мэргэжилтэй. Тэрээр эцэг эхээс зургуулаа. 2 охин, 4 хүүтэй айлын тав дахь хүүхэд. Эрхэмээ арслан багадаа юм юманд өртөмтгий, сахилгагүй талдаа хүү байж. Аав нь нутаг орондоо барилддаг, сумын заан цолтой. Хүүгээ бөх болгохыг хүсч мөрөөдөж явсан аав нь улсын цол авахыг нь харж чадаагүйд битүүхэн харамсаж явдгаа арслан нуугаагүй. Тэрээр одоо эхнэр, охины хамт амьдардаг.


ЦОЛНЫХОО "РАМ"-НД БАРИЛДАХ ГЭЖ ИХ ХИЧЭЭХ ЮМ


-Та наадмаас хойш оролцсон барилдаан бүртээ амжилттай барилдаж, хүмүүсийн хэлдгээр ёстой л цолоо дүүргэж    сайхан барилдаж байна шүү?

-Ер нь том цолоо хамгаалахын төлөө арай л илүү бие, сэтгэлээ зориулж, дайчилж байна. Тэрний маань ч үр дүн гарч 6-7 барилдаанд түрүүллээ. Энэ бол нэгдүгээрт том сайхан цолны буян, хоёрдугаарт өөрийн хичээл зүтгэл, нутаг орны ах дүү нарын тус дэм, гэр бүлийн маань хайр халамжаас гарч байгаа амжилт гэж боддог юм.

-Начин цолтой барилдах, арслан цолтой барилдах хоёрын хооронд ялгаа хэр их мэдрэгдэж байна вэ?

-Мэдээж энэ хоёр цолны хооронд их зай байгаа л даа. Начин байхад дөрөвт юм уу, наймд үлдвэл их баярладаг байлаа. Одоо ийм том цол авчихаар хүнд унах эргүй л болчихож байгаа юм даа. Тийм болохоор цолныхоо "рам"-нд барилдах гэж их хичээх юм. Бат-Эрдэнэ аварга “Хүн амжилт гаргаж болно. Тэр амжилтаа бататгах их хэцүү” гэж хэлсэн байдаг. Тэр их үнэн үг байна. Ямар ч байсан алдарт бөхчүүдийнхээ сургаал, зөвлөмжийг дагаад хичээж л явна даа.

-2010 онд та манай сонины уншигчидтай уулзахдаа “Хичээл зүтгэл гаргаад хөдөлмөрлөж байхад бөхийн дэвжээ хэзээ нэг цагт ивээх байх аа” гэж хэлж байсан. Тэр сайхан хүсэл биелж, та улсын арслан хэмээх эрхэм цолонд хүрлээ. Цол авсан наадмынхаа талаар сайхан ярих уу?

-Хүн хэдий чинээ их хөлс гаргана, тэр хэрээр амжилт ирдэг гэж ахмад бөхчүүд их хэлдэг, би дотроо тэр үгийг байнга санаж явдаг байсан. Ямар ч байсан шантралгүй, хамаг зүйлээ зориулаад явсаны үр дүнд энэ сайхан цолонд хүрлээ. Энэ хугацаанд хааяа няцах асуудал байсаан, байсан. Гэхдээ өөрийн чин хүсэл сонирхлоор өдий хүртэл барилдлаа. Мөрөөдөл минь талаар болсонгүйд зүлэг ногоон дэвжээндээ сүслэж, залбирч сууна даа.

-Та наадмын дараа хэлэхдээ зорилгоо давуулаад биелүүлчихлээ гэж байсан. Та ямар цолыг хүсч, зорьж барилдсан бэ?

-Би 2003 онд начин болсон шүү дээ. Тэгээд начин цолтойгоо барилдаж байгаад 2006 оноос юм уу даа, заан цол авчих юмсан гэж их боддог байлаа. Заан цол бодож барилдаад гурав дээр, дөрөв дээр, тав дээр гээд олон жил унасан. Тэгээд ерөнхийдөө шантрах маягтай болж байсан гэх үү дээ. Гэхдээ хаячихаж чадалгүй бэлтгэлээ хийгээд л байсан. Энэ хугацаанд найз нөхөд, хань ижил минь “Хэзээ нэгэн цагт зүлэг дэмждэг, тайвшруулдаг байсан л даа. Намайг заан болчихоосой гэж олон хүн хүсч байсан юм билээ. Тэр олон хүмүүсийн бэлгэ дэмбэрэл юм болов уу, ийм сайхан цолонд хүрлээ, бас тэр олны хүслийг биелүүлсэндээ их баяртай байгаа шүү.



МӨРӨӨДӨЛ БИЕЛНЭ ГЭДЭГ САЙХАН ЮМ БИЛЭЭ


-Та наадмын бэлтгэлээ шинэ галд базаасан байх аа, Төрхурахын аманд?

-Тэгсэн. Баярсайхан заан маань Сүлд спорт хорооны даргаар очоод намайг “Ахыгаа бараадах уу" гэж санал тавьсан. Заан ах бид хоёр эгс дүүсийн хүүхдүүд шүү дээ. Тэгээд ахыгаа бараадан Сүлдийн тамирчин болоод жил гаруй болж байна. Ноднин манайх Төрхурахын аманд гал болж бэлтгэлээ базаасан. Газар нутаг, орчин нөхцөл нь сайхан таарч тохирч арслан цолонд хүряээ. Бүх юмны тохироо бүрдэнэ гэж үнэхээр байдаг юм шиг ээ. Төрхурахын ам байгаль, уур амьсгал их сайхантай газар. Орчин сайхан байна гэдэг хүнд бас нөлөөлдөг юм болов уу гэж бодоод байгаа. Нэг их тайван, амгалан газар байсан.

-Биднийг танай галаар очиход Буяндорж захирал оччихсон, танд их л аминчлан юм захиж байгаа бололтой байсан?

-Миний өнөөдрийг хүртэл туулсан спортын замнал, амжилт Буяа захиралтай салшгүй холбоотой. Намайг залуу бөх байхаас минь эхлэн өөрийн компаний бөх болгож, тусалж дэмжин 12-13 жил хамтдаа явж байна. Бараг л төрсөн ах дүү шиг болсон улс даа, бид хоёр. Аавын минь оронд аав болж, намайг сайн сайхан явуулахын төлөө цаг үргэлж хэлж, зөвлөж, сургаж байдаг юм. Би Буяа захиралдаа сэтгэлийн их өртэй гэж боддог. Тэр өрнөөсөө жаахан ч гэсэн хугаслалаа, энэ наадмаар. Ингэж баярлуулахсан гэж бодоод л явдаг, байсан. Бодож явахад бүтдэг юм байна.

-Наадмын өглөө бөхчүүдийн сэтгэл хөдөлдөг нь дамжиггүй. Танд ямар нэг дарамт эсвэл догдлол мэдрэгддэг үү?


Би төрийн наадамд 10 дахь жилдээ барилдаж байгаа юм байна. Цол бодсон аймгийн арслан биш болохоор тийм айхтар дарамт, нерв гэхээр зүйл байгаагүй л дээ. Олон жил барилдах тусам гайгүй болчихдог юм билээ. Унасан ч начинтайгаа... гээд л гарсан. Энэ бол бөхчүүдийн хэлдэг үг л дээ, бас өөрийгөө хурцалж байгаа нэг хэлбэр юм уу даа.

-Та харцага, заан, гарьд гээд гурван цол алгасч арслан болсон. Аль цол нь сэтгэлийг чинь бусдаас илүү хөдөлгөсөн бол...?

-Миний олон жил мөрөөдсөн мөрөөдөл минь долоогийн даваа байсан. Долоод Сайнбаяр зааныг хаячихаад л их баярласан даа. Ер нь амьдралдаа баярлаж үзээгүйгээрээ баярласан гэж хэлж болно. Тэр бол хэзээ ч мартагдахааргүй баярт мөч байсан шүү. Бусад цолон дээр баярлаагүй гэх нь хаашаа юм. Гэхдээ долоогийн даваанд л хамгийн их баярласан даа.

-Нулимс унагасан уу?

-Унагахаар барах уу. Жигтэйхэн их уйлж баярласан л даа. Хүний мөрөөдөл биелнэ гэдэг сайхан юм билээ.

-Аль ч даваанд тэр ам авах     хамгийн хариуцлагатай байсан байх, тийм ээ?

-Бөхчүүдийн анхаарах зүйлийн нэг бол ам авах байдаг л даа. Амаа буруу авбал бүтэн жилийн хөдөлмөр нурна. Ер нь хэцүү шүү дээ. Их л судалгаа орно доо. Нэг талдаа мэргэжил гэж ч хэлж болох юм.

-Гарахдаа барилдаан бүрээ төлөвлөөд л, боловсруулаад л гарсан уу?

- Сайнбаяр бид хоёр өмнө нь олон барилдсаан. Өгөө аваатай л байсан. Бас Ганбаатартай ч тэр, Баяржавхпантай ч тэр өмнө барилдаж байсан болохоор өөрийнхөө гарын барилаар барилдаж болж байгаа юм л даа. Огт барилдаж үзээгүй хүнтэй бол хэцүү шүү дээ.


АРСЛАН БОЛОХООСОО БҮР ӨМНӨ ДОЛОО ДАВААД Л ТАЙВШИРЧИХСАН БАЙСАН


-Төрийн наадмын түрүү булаалдсан тэр агшинг одоо нэг дурсвал. Баргийн хүнд тохиохгүй сайхан хувь гэдэг шүү дээ?

-Апь ч спорт адилхан, хүн болгон түрүүлнэ л гэж оролцдог шүү дээ. Мэдээж бөх болсоных, энэ мэргэжлийг сонгоод, зориод хичээллэж байгаа хүний хувьд 1024 бехөөс магнайд гарч түрүү булаалдах гээд 16 засуулаа ханаруулаад гарахад юм бодогддог юм билээ. Өөрийн эрхгүй сэтгэл огшоод... Ер нь их сайхан байсан шүү. Энэ спортыг сонгон хөлс хүчээ гарган хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртээд төрж өссөн нутаг ус, эрүүл чийрэг өсгөсөн ээж аав, хайрлаж халамжилдаг хань ижилдээ л хамгийн их баярладаг юм билээ. Болдогсон бол бөх хүн болгон тэр агшинг мэдрээсэй, үзээсэй гэмээр...

-Та ес давж арслан цолоо зүүчихээд арвын даваанд барилдахаар гарсан. Сэтгэл ханах, тайвширах тал байсан уу?

-Би чинь арслан цол зүүхээс бүр өмнө долоо даваад л тайвширчихсан хүн шүү дээ /инээв/. Хүн хүсч мөрөөдөж явсан зүйлдээ хүрчихээр өөрийн эрхгүй тайвширчихдаг юм шиг байгаа юм.

-Гэхдээ л дараагийн даваануудад тодорхой хэмжээний “бодол”-той л барилдсан байх, тийм ээ?

-Аа, байлгүй яахав. Тавь тавин хувьтай. Сүүлд нь бодож байх нь ээ, долоо давчихаад “би болчихлоо” л гэж бодсон. Сэтгэл их хөөрчихсөн, тэрнээс хойших барилдаануудад үнэнийг хэлэхэд юу болж өнгөрснийг сайн мэдэхгүй байгаа /инээв/. Сэтгэлээ барьж чадахгүй байсных л байх даа.

-Хүмүүс юу гэж байх юм бэ, таны барилдаануудын талаар?

Янз бүрээр л дүгнэцгээж байгаа. Харин надад “Ингэх байсан, тэгэх байсан. Би аварга цол авах байсан” гэж харамсах зүйл байхгүй. Би олон жилийн мөрөөдлөө давуулж биелүүлсэн болохоор юунд нь харамсахав? Мэдээж унаснаа зөвтгөж байгаа юм биш. Гэхдээ л би мөрөөдлөө биелүүлсэн.

-Одоо дараагийн наадам хаяанд ирчихлээ. Аварга цолны төлөө зүтгэнэ дээ, тийм ээ?

-Тийм ээ, тийм. Тэр сайхан цолыг авахын төлөө зүтгэнэ. Болохгүй байлаа гэхэд харамсах зүйлгүй ээ.

-Шинээр цол хүртсэн бусад бехчүүдийнхээ тухай ямар бодолтой байна вэ?

-Олон ой давхцсан энэ наадмаар цол авсан хүмүүс их хувь тавилантай хүмүүс юм болов уу гэж боддог юм. Тэр болгон давтагдаад байхгүй ховор наадам болсон шүү дээ. Монгол бөхийн бүх цолтон төрлөө. Арай л өөр наадам болсон шүү, тийм ээ?


АЙМГИЙНХАА ОЙД АРСЛАН ЦОЛООР БЭЛЭГ БАРЬСАНДАА БАЯРТАЙ БАЙНА


-Наадмын дараа аймгийнхаа ойд арслан цолтой очоод... Том бэлэг шүү?

-Тэгэлгүй яахав. Аймгийнхаа түүхт 80 жилийн ойгоор Монгол улсын арслан хэмээх эрхэм цолоор бэлэг барьсандаа их баярлаж суугаа. Өдгөөгөөс 78 жилийн өмнө манай нутгаас “Боохой” Данзан гэдэг бөх арслан цол хүртсэн байдаг. Харин Мандал сумынхаа арслан нь би болж байгаа юм.

-Ойрхон болохоор нутаг руугаа байнга явдаг уу?

-Миний ээж Мандал сумандаа аж төрж байгаа. Ээждээ, нутагтаа сардаа заавал нэг очдог. Гараад давхихад 2 цаг яваад л хүрчихнэ шүү дээ.

-Ээж тань наадмыг хотод үзсэн үү, нутагтаа үзсэн үү, хүүгийнхээ барилдааныг хараад хэр догдолсон бол...?

-Нутагтаа үзсэн. Зурагтаар хүүгээ хараад л... Ээж минь сэтгэлийн хөөрөл багатай хүн. Гэхдээ төрүүлж өсгөсөн хүү нь төрийн наадмын түрүү булаалдах гэж байхад баярлалгүй яахав.



ӨНДӨРХӨН УУЛЫН ОРОЙ ДЭЭР ГАРААД ЗОГСОЖ БАЙХ Ч БАС САЙХАН ШҮҮ

 

-Намар 6016 бөхийн барилдаанд та бас амжилттай барилдан шөвгөрсөн. Тэр барилдааны талаар ямар бодолтой яваа бэ?

-Тэгэхэд би цол аваад удаагүй байсан. Гэхдээ газар газрын шилмэл 6000 гаруй бөхийн өмнө магнай хэсэгт гарна гэдэг үнэхээр сайхан байдаг юм билээ. Нэг ёсондоо хийморь сэргэнэ гэх юм уу даа. Ямар ч байсан монгол бөхөөрөө бас өөрөөрөө бахархах сэтгэл төрж байсан шүү.

-Хийморь сэргэх гэснээс хүмүүс бөхчүүдийг гэрт нь орвол гэрийн жавар үргэлээ, хийморь сэргэлээ гэх зэргээр их хүндэтгэлтэй ханддаг. Харин бехчүүд маань өөрсдөө хийморь лундаагаа яаж тэгшитгэж, бас яаж сэргээдэг юм бол оо?

-Хийморь лундаа гэдэг нь өөрийн сэтгэл санаа, бодол, үйл хэрэг гээд бүх зүйл цэвэр ариун байхын нэр юм шүү дээ. Тиймээс ямар ч үед өөрийгөө зөв зохистой авч явж, сахилга бат, ёс жудагтай байвал хийморь лундаа нь тэгшхэн, өөдөө байдаг болов уу гэж бодож байна. Би хувьдаа нутаг орондоо очоод, ээжийнхээ гарын цай хоолыг идээд, төрж өссөн газрынхаа уул усанд сүслэж залбираад ирэхээр хийморь сэргэх шиг санагддаг юм. Өндөрхөн шиг уулын орой дээр гараад зогсож байх ч бас сайхан шүү. Ер нь сайхан газраар явахад хийморь сэргэдэг шүү дээ.

-Та хэр шүтлэгтэй вэ?

-Өөрийнхөө боломжийн хэрээр шүтэлгүй яахав.

Та хэзээний л бяралхаж барилддаг бөхчүүдийн нэг. Гэхдээ цол дагаж бяр гэж нэг үг бий. Таны барилдаанд хэр өөрчлөлт орж байна вэ?

-Барилдаанд өөрчлөлт орсон гэх нь хаашаа юм. Хувь хүний хувьд хариуцлага нэмэгдчихэж байгаа юм. Тэр хариуцлагаа ухамсарлаад, тэрэн дээрээ тулгуурлаад өөрийгөө дайчлах чадвар нэмэгдсэн юм болов уу даа.


-Цолны үүрэг хариуцлагаас үүдэлтэй биеэ барих асуудал гарах юм уу?

-Наадмын дараахан бол тиймэрхүү зүйл байсан. Одоо цолондоо дасаад ч тэрүү, арай л өөр болчихож. Цаг хугацаа ч нэлээд өнгөрчихөж, гайгүй байна аа.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Ерөнхийдөө бэлтгэлийнхээ цагийг нэгдүгээрт тавьдаг л даа. Тэгээд яахав зав чөлөөгөөрөө амьдрал ахуйгаа зохицуулна. Бага сага ажил төрөл хөөцөлдөөд гадуур гүйх юм аа. Гэхдээ ихэвчлэн бэлтгэл гэр, бэлтгэл гэр гэсэн л “маршрут”-тай.

-Гадуур ямар нэг ажил хөөцөлдөх боллоо гэхэд бөхийн нэр, буян хэрэг болно биз?

-За даа, одоохондоо би бизнес, янз бүрийн зүйл эрхлээгүй болохоор янз бүрийн улсуудтай уулзаад ажил яриад байх нь ховор юм даа. Бөхийнхөө галд чанагдаж, бөхийнхөө буян хишгээр л голлон амьдарч яваа.

-Та энэ жил бэлтгэлээ хаагуур базааж байгаа вэ?

-Сүлд спорт хорооныхоо бөхчүүдтэй голлон хийж байна даа. Заримдаа Эби багш /Элбэг харцага/ дээрээ оч иж бэлтгэл хийнэ.

-Наадам дөхчихөж. Хаана наадмын бэлтгэлд гарахаар төлөвлөж байгаа вэ?

-Сүлд спорт хороотойгоо Төрхурахын амандаа л гарах болов уу. Спорт хорооны тамирчид цэрэгжилтийн байдалтай хүмүүс шүү дээ. Баярсайхан заан маань хаана, хэзээ гэж тушаал гаргана, тийшээ шүү дээ.

Наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд уншигчидтай минь уулзаж, сэтгэлээ хуваалцсан танд баярлалаа. Таныг дэмжиж байгаа олон, олон хүний итгэлийг биелүүлж, амжилттай барилдан аварга цол хүртээд бидэнтэй дахин сайхан яриа өрнүүлээрэй гэж ереөе?

-За, тэр ерөөл бат орших болтугай. Аварга цол авчихаад, дүүтэй дахин сайхан ярилцах байх аа.


Ярилцсан: С.Бадамгарав

Эх сурвалж: "Бөх"