sonin.mn

1963 оны дундуур юмсан. Монголын радиогийн хүүхдийн “Гараа бариа” нэвтрүүлгийг сонсоод, Төв аймгийн дунд сургуулийн сурагч Гочоо ийм нэгэн шүлэг ирүүлж билээ.

“Манай ангийн манлай бөх”

Зангирсан булчинтай, загасан нүдтэй

Яргай биетэй, чаргай мөртэй

Зурайсан зоотой, духайсан хүзүүтэй

Сумалсан нуруутай, нумалсан бэлхүүстэй Дэлээд гарах нь дэлхий гэмээр

Дэвээд тойрох нь шувуу гэмээр

Манай ангийн манлай

бөх өө.......... гэж шүлэглэсэн нь

Бөхийн гадаад байдлыг онож хэлжээ хэмээн ярилцаад Загасан нүд гэсэн нь хурц, дальдаргүйг хэлсэн байна. Энэ хүүд хариу нэвтрүүлэг явуулъя гэж шийдээд, монголын пионерийн ордны үндэсний бөхийн дугуйлангийн багш Гомбыг урьсан юм. Тэрээр:

-Даахин дор эр, дааган дотор хүлэг гэж... ярьдагчлан өнөөгийн хүүхдүүдийн дотор бөхчүүд олон бий. Эсгий үүд сөхөж гарсан хүү эмнэг сургах чадалтай. Эхлээд ангийнхаа, дараа нь сургуулийн бөх болохын төлөө барилдах нь зөв өө. Тэгэхдээ учир зүггүй ноололдож, хувцсаа урахгүй, ухаантай, аргатай, мэхтэй барилдах хэрэгтэй. “Авирвал уул давна. Сэлбэл голыг гатална” гэж үгтэй. Манай дугуйлангийн хүүхдүүд хүч тамир, эр зориг, шантаршгүй тэвчээр, бяр тэнхээтэй болохын тулд хурга, ишиг хүзүүдэх, тугал бяруу татах, даага, шүдлэн сургах, уургалах, үхэр цаламдах, гэрийн бүрээс өргөх, аргал түлээ түүх, ховоо татах зэргээр байгаль, амьтны шүтэлцээг бие сэтгэлээрээ мэдэрч хүчээ үзэж, овсгоо самбаагаа сорьж эхэлдэг. Энэ бол бөх болохын чин хүсэл, сургууль нь болдог тухай ярьж Дагвасүрэн, Намшир,    Батхуяг, Гочоохүү, Мөнгөн нарын зэрэг хүүхдүүдийн нэрийг дурьдаад эндээс ирээдүйн сайн бөхчүүд гарна хэмээн өгүүлж билээ. Гомбо багшийн нэрлэсэн улсын арслан П.Дагвасүрэнтэй уулзаж хуучлах тохиол тэр жил гарав.

Дагвасүрэн арслан 1944 онд Төв аймгийн Батсүмбэр суманд төржээ.Эцэг Ондрооны Пүрэв долоо дахь үеийн бөхийн удамтай,нута гтаа барилддаг, хүчтэй, монгол бичгийн боловсролтой, хавь ойрынхоо хүмүүст үлгэр их ярьдаг. Ялангуяа үлгэрийн далайг уншиж өгдөг хүн байжээ. Шулуун шударга, ажилч нямбай, амьдралын хар ухаанаар хүүхдүүдээ хатуу чанга, журам дэглэмээр хүмүүжүүлж, “Ажил хийвэл, ам тосдоно. Алхаж хэвтвээс хоосон хоцорно” гэдэг ардын санааг ойлгуулж өгсөн хэмээн Дагвасүрэн арслан хуучлав.

-Монгол бөхийнхөө талаар ярина уу гэсэн асуултанд тэрээр хариулахдаа:

-Энэ бол маш өргөн ойлголт юм. Мэдээж, олон сайн бөх гараасай. Монгол бөхийг бүх талаар хөгжүүлж, дэлхийн дэвжээнд, нэр төрөө улам мандуулаасай гэж бодолгүй яахав. Бодох, бодлоо хэрэгжүүлэх, үр дүнг нь үзэх гэдэг тийм амар биш. Хүүхдүүдэд эр зориг, баатарлаг явдлыг буй болгодог хамгийн гол нөхцөл бол монголчуудын өдөр тутмын амьдралаас урган гардаг онцлогийг анхаарах хэрэгтэй. Энэ бол бөхийн үндсэн суурь бөгөөд чухам эндээс л цэцгийн дэлбээ мэт бяр, тэнхээ, оюун санаагаар шалгаран тодорч чадна гэж боддог гэв.

-Таны хэлснээр бол амьдралаас ургасан оюун санааны шантрашгүй хүч нь бөх болохын чухал шинж. Харин тэр шинжийг хөгжүүлэн, хадгалж чадах эсэх нь өөрийн нь чин хүсэл мэднэ гэсэн үг мөн үү?

-Мөн л дөө. Тэгэхдээ аливаа юмыг яг тийм хэмээн шатрын нүүдэл шиг ойлгож болохгүй биз дээ. Орчин ахуйгаас сэтгэл санааны давамгайллаар бөхийн ертөнц хэмээх асар том ойлголттой болж чадаж гэмээнэ бөх, бөхийн алдар хүндийг өргөж, залгамжилж чадна гэж үздэг.

-Энэ мэт ойлголтыг хэдийгээс эхлэн ойлгох болсон бэ?

-Аавын ярьдаг үлгэрүүдэд ямар нэг баатар сайн эр мангасыг дарсан. Ядуу, зүдүүд тусалсан, хар буруу санаатан бол эцэстээ хад мөргөх лугаа адил болдог тухай ихэвчлэн гардаг байв. Энэ нь эр хүсэлтэй болгосон. Тэгээд өөрийн хүчийг улам өрнүүлэх, яавал чадалтай болох вэ гэхчилэн санаа минь үргэлж тэмүүлэх болсон болов уу гэж санадаг. Гомбо багш өөрөө барилддаггүй ч гэсэн бөхийн тухай асар их мэддэг. Бөхийн зориг, жавхаа, мэх тэвчээрийг ярьдаг байсан. Түүнийг сонсоод багшийнхаа ярьсан шиг бөх болохсон гэж их мэрийдэг. Мэрийлт, бодлоо шалгаж уйга(*үй барилддаг байлаа. Бид олуулаа маш чөлөөтэй барилдана. Багш хажууд зогсоод өөрөө барилдаж байгаа мэт ингэ, тэг, болж байна, даалга, гүйцээ, зориг дутлаа, сэрэмж алдлаа, буруу барилаа гэхчилэн өө, алдааг минь хэлж, зүгээр, сайн, дахиад, заавал хая гэх зэргээр зоригжуулдаг байв. Энэ бүхэн бол миний амьдралын алтан зам болсон юм.

-Анх хэзээ, хаана барилдсан бэ?

-Зургаа,    долоо тойгоосоо эхлэн ханцуй шамлаад, хормой шуугаад гуяа алгадаад үе тэнгийнхэнтэйгээ барилдана. Томчууд ч их хөөргөдөг. Аав дэмждэг байлаа. Манай хоёрдугаар багийн наадам Хунцлын аманд болов. Намайг том хүний аманд өглөө. Очтол өргөж тавихдаа “Сайн бөх болоорой" гэв. Тэр хүн боорцог аваад надад хэдийг өгөөд явсан. Би ээждээ өгсөнд тун их баярлаж:

-Эр хүн. Сайн бөхтэй гар зөрүүлж, бөхийн идээ авчирдаг чинь сайн байна гэж хэлээд бөхийн идээг дэргэдэх хүмүүстээ амсуулж байж билээ. 1953 онд Баатар бэйлийн хошуу, одоогийн Батсүмбэр сумын бага сургуульд орж, 57 онд төгсөөд, Зүүнхараагийн дунд Сургуульд очиж суралцан,    улмаар нийслэлийн 23 дугаар сургуулийн 10-р ангийг 1962 онд төгссөн. Сургуульд байхдаа үргэлж барилдана. Анхлан пионерийн ордны бөхийн дугуйланд Гомбо цаг даа. Долоо дугаар ангид байхдаа Зүүнхараагийн наадамд барилдаж, “Задгай шар” гэдэг бөхийг даван дөрөвт үлдсэн. Мөн тэр жилдээ сургуулийн аварга бөх болоход багш, захирал, аав ээж цөм баярлаж, ахиад сайн барилдаж, 'сайн бөх болоорой гэж улам урам оруулсан сан. Чухам эндээс л бөх болох замын эхлэл, миний туйлын итгэл ил гарсан байх аа. 1961 онд анагаахын дээд сургуульд оюутан байхдаа улсын наадамд барилдав. Тавын даваанд Самданжигмэд гуай амлав аа. Өрж зогсохдоо: За, миний хүү намайг бууж өгнө гэж битгий санаарай гэв. Хэд тойрсноо намайг хагалаад цохитол би дагаж ороод хөлийг нь өргөөд давчихлаа. Тахим өгөхдөө: Сайн бөх болоорой гээд үнсэв. Энэ үнсэлт бол ард түмний хайрын үнсэлт, намайг бөх болгож цол авуулах гэсэн их урам байсан гэдгийг ер мартдаггүй. 1967 онд улсын заан цол хүртэхэд Самданжигмэд гуай мөнгө барьсаар ирж үнсээд “Санаа шулаан, зориг чанга, сэтгэл сайхан байж цолоо ахиулаарай” гэж билээ. 1971 онд улсын арслан цол авахад минь Самданжигмэд арслан “Ахынхаа цолыг авсанд маш их баярлалаа. Эрчүүдийн цог хийморь болсон монгол бөхийн алтан шар зам улам өршөө. Аптан төрдөө залбирч улам сайн барилдаж яваарай” хэмээн хэлсэн тэр үгийг цээжний уяа, сэтгэлийн тэнхээ болгож яваа гэж хэлж болно оо.

-Бөх болохын эх үндэс нь өөрийн чин сэтгэл гэж хэлсэн Самданжигмэд гуайн үг нийцэж байна гэсэн үг үү?

-Яах аргагүй тийм. Гэхдээ бөх болох олон нөхцөл байлгүй яахав. Орчин үеийн хөгжлийг дагаж үндэсний бөх бэлтгэх олон арга, туршлага, хэрэглүүр нэмэгдсэн байна.

1994 он

Эх сурвалж: " Бөх"