sonin.mn

Тэртээ 2004 оны сүүлчээр Х.Цагаанбаатартай уулзаж "Өнөөдөр" сонинд "Шинэ зууны олимпийн анхны медальтан"-г нийтлүүлснээс хойш цаг хугацаа улиран одсоор талийжээ. Өнгөрсөн жилүүдэд тэр харьж цуцашгүй хүчтэн гэдгээ бөмбөрцөг даяар нотолсоор явна. Бразилийн Рио де Жанейро хотноо 2007 онд болсон жүдо барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр "Бээжин-2008" их наадамд барилдах болзлоо хангасан бөх гол тулааныхаа бэлтгэл дээр хавиргаа хугалсан хэдий ч өөрийгөө ялж хоёр дахь олимпдоо барилдсан билээ.

Олимпийн дэвжээнд анхны учраатайгаа цаг сунган үзээд наадмаа дуусгасан эр. "Бээжин-2008"-д Цагаанаа 60 кг, 66 кг гэсэн хоёр жинд барилдах болзол хангасан ховор амжилтын эзэн юм шүү. Түүний хөдөлмөрийн үр дүнгээр 66 кг-д олимпод барилдахаар очсон С.Миярагчааг дэлхийн жүдогийн холбоо барилдуулахгүй гээд өөр улсаас бөх барилдуулсан билээ. 60 кг-д биш 66 кг жингийнхэнтэй барилдахаар шийдсэн бол наанадаж арваад кг жин хасч ядрахгүй, сульдаж ядрах нь гайгүй байсан бол бэртээ ч билүү, яаж мэдэх билээ.

Олимпийн наадамд хоёр бөхийн болзол хангасан түүний хөдөлмөр зүтгэлийг талаар болгосон буруутныг одоо хайгаад яах вэ. Цаашид бодож, санахад хэрэг болж магадгүй гээд сонирхоход хоёр асуултын тэмдэг гарна л даа. Нэг нь жүдо барилдааны дэлхийн холбоо байж магадгүй. Яагаад гэвэл монголын холбоог номхчилсон, эсвэл хүчирхийлсэн байх талтай.

Нөгөө нь манай жүдогийн холбоо хийгээд мэргэжилтнүүд. Ажил хэргийн мэдлэг нь дутаж аманд орсон шар тосыг хэлээр түлхсэн байж мэднэ. За аль нь байсан дүүрч гээд орхиё. 2009 оны наймдугаар сарын сүүлчээр Голландын Роттердам хотноо эхэлсэн жүдо барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай өгүүлье.

Роттердамд 66 кг жингийнхэнтэй бяр, ухаан сорьсон манай аварга анх даваанд хийлж, хоёрын даваанд Казахстаны Сергей Лимтэй барилдав. Зохион байгуулагч орны бөхийг ялсан казах эр гурван жилийн өмнө залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд үзүүрлэчихсэн хүчтэн. Түүнийг манай гавьяат базари үнэлгээгээр
дийллээ. Гурвын даваанд Бельгийн    Фабрис Фламандыг юүкогоор гурав унагаж, вазаригаар нэг шидээд шөвгийн наймд шалгарч, шагналт байр
эзлэгчдийн эгнээнд багтаад амжиж.

Дөрвийн даваанд Румыний Дан Фазиег ялж хагас шигшээд үлдэн баталгаатай медалийн төлөө ОХУ-ын бөх, дэлхийн супер цомын төлөөх барилдаанд ялагдаж үзсэн Алим Гадановыг нэмэлт цагт юүкогоор хожоод, алтан медалийн төлөө Испанийн Сүгон Урнартетэй барилдахад тулав. Түүнийг Москвагийн их дуулгын тэмцээнд дийлснээ мартаагүйн дээр манай аварга дэлхийн аварга болох хүсэл зорилгоо илэрхийлэн бүсэн дээрээ аварга гэж бичүүлснийхээ учрыг дэлхийд таниулахад ганц барилдаан, ганц даваа үлдсэнийг тэр зөвхөн өөрөө л мэдэж байлаа.

Цагаанаа хичээлээ, зүтгэлээ яллаа. Нөгөө бичигтэй бүсээ цэнхэр дэлгэцээр түмэнд харуулж, аварга болох гэсэн зорилгоо биелүүлснээ тунхаглахыг харахад, сонсоход гайхамшигтай сайхан байж билээ, тэр өдөр. Голландын дэвжээн дээр жүдо барилдааны төрлөөр монгол эр ингэж анх удаа дэлхийн аваргын алдарт хүрч алтан медалиар энгэрээ мялааснаар шинэ түүх эхлүүлэв. Түүх гэснээс 1981 онд Голландад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Р.Даваадалай (78 кг) шагналт тавдугаар байрт шалгарсан удаатай билээ.

Цагаанбаатар дэлхийн аварга болсноороо монголын жүдочдоос олимп, дэлхийн хос медальтай ууган тамирчин болж чадлаа. Бас олимпийн их наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрлөөр дэлхийн аваргын алдарт хүрсэн Монгол Улсын тав дахь алдартан. Өмнө нь байт сурын Д.Дэмбэрэл (1971 он), чөлөөтийн З.Ойдов (1974, 1975), Х.Баянмөнх (1975), буудлагын Д.Мөнхбаяр (1998 он) дөрөв л тэрхүү нэр хүндтэй тэмцээний аваргын алтан медалиар энгэрээ мялааж явсныг бодоход шинэ XXI зууны хувьд анхдагч болно.

Роттердамд хуран цугларсан 100 улсын 543 жүдочдын барилдаан өндөрлөхөд Монголчууд Х.Цагаанбаатарын амжилтын ачаар наймдугаар байранд бичигдсэн байдаг юм даа. Энэчилэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчны тухай тэмцээн болгонд үзүүлсэн амжилтын үүх түүхийг бүгдийг бичье гэвэл баримтат томоохон туужийн түүхий эд нэгэнт бэлхэн болчихоод байгаа нь эргэлзээгүй. Гэхдээ бичилгүй орхимгүй хэд хэдэн тэмцээн байна. Түүний нэг нь жүдо барилдааны өлгий нутаг Японд 2010 оны намар зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээн.

Манай баатарын жинд Токиод 74 жүдоч барилдаж эхэлсэн. Цагаанбаатар эхлээд хийлж, дараа нь Пакистаны Айатуллахыг цэвэр ялж, залгуулаад Гүржийн Шалва Кардава, Ажербайжаны Тарлан Карим хоёрыг мөн л барилдааны хугацаа гүйцэхээс өмнө "амрааж" японы бөхөд нь биш шүүгч нарт дийлдээд дагах барилдаандаа дэлхийн аваргын гурван медалы Миклош Унгриг (Унгар) торгуулиар    дийлж, медалийн төлөө хуучин танил, байнгын өрсөлдөгч Испангийн тамирчин Уриартег, бас шүүгчийг даралтаар цэвэр ялж дэлхийн дэвжээнээс жил дараалан медаль авч үнэхээр шилдэг бөх гэдгээ нотолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд дэлхийн аварга Х.Цагаанбаатарт хөдөлмөрийн баатар цол олгохдоо амжилтаа баталж яваарай хэмээн захисныг өрсөлдөгчөө даралтад оруулахдаа аварга санан хэрэгжүүлсэн байх л даа.

Тэмцээнийг зурагтаар харснаа бодсоноо Токиод сурвалжлагчаар ажиллаад ирсэн "ТЦ" сонины сэтгүүлч Ж.Батмөнхтэй ярихад:

-Саяны тэмцээн дээр Цагаанбаатарыг Японы Моришита, Исгтанийн-Униарте хоёртой барилдахад тэмцээнйи шүүгч нар түүний өрсөлдөгчдийн нь талд илт ажилласан. Манай бөх сэтгэлийн тэнхээтэй юмаа. Японтой барилдаж байхдаа баруун тохойны шөрмөсийг сунгасан юм    билээ.

Барилдааны завсарлагаар бэлтгэлийн өрөөнд нь ороход тохойгоо мөсөөр жигнээд хэвтэж байсан шүү. Түүний дараа хоёр барилдаж, хоёр ялаад медаль авахыг хараад тамирчнаараа бахархаж, түүнд баярлаж явлаа, гэсэн. Батмөнхийн яриа хүмүүст юм юм л бодуулах учигтай. Тэр тэмцээнээс авсан Цагаанбаатарын хүрэл медалийг тэмцээний дараахан хэн нэгэн сэтгүүлч, судлаач шальтай юм бичилгүй өнгөрсөнд учир шалтгаан бий.

Нэгдүгээрт чөлөөтийн С.Батцэцэг охин тэр үеэр дэлхийн аварга болчихлоо. Түүний тухай бичихээс биш яах вэ. Бас эмэгтэй жүдоч М.Бундмаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медальтай ирлээ. Бундмаа ирэнгүүтээ С.Батцэцэг шигээ гавьяат цолоор мялаалгах байх гэж хүлээгчид дахин хүлээхэд тулав. Ийм ийм учир шалтгааны улмаас хөдөлмөрийн баатар тамирчны нэн хүнд тэмцээн, чамлахын аргагүй амжилтыг төдийлөн бичиж, ярилгүй манай нөхөд даруу зан гаргаад өнгөрсөн санагддагаас энэ тухай хожуу ч гэлээ энд зориуд өгүүлж буйг минь илүүдэхгүйд итгэж сууна.

Цагаанбаатар гуравдахь олимпийн наадамдаа зодоглохоор бэлтгэлээ хийсээр л байна. Ер нь 66 кг хүртэлх жинд барилддаг орон орны жүдочдын олонх манай аваргаас эмээж, бэргэж яваа нь нууцгүй. Тэд айж эмээдэг ч ялж, дийлэхийн тулд Монголын "66"-г улам бүр нарийвчлан судалж, арга эвийг олохыг хичээсээр буйг манайхан бас мартах учиргүй.

Шинэ зууны олимпийн анхны медальтан, шинэ зуунд дэлхийн аваргын тэмцээнээс хос медаль авчирагч, олимпийн их наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний удаад зүй ёсоор тооцогддог нэр хүндтэй, дэлхийн цомын тулаанаас өчнөөн, төчнөөн медаль цуглуулах явцдаа 60, 66, 73 кг жингийнхтэй барилдсаар жин тус бүрт түрүүлэн бас нэг өвөрмөц дээд амжилтын эзнээр тодорсон баатар.

Жүдо барилданаар олимп,    дэлхийн медальтайгаар, дэлхийг аваргаас  хос шагналтайгаар, дэлхийд түрүүлснээрээ, дэлхийн цомын төлөөх барилдаанд гурван ч жинд аваргалснаараа Хашбаатарын Цагаанбаатар онцгой амжилтын эзэн болж чаджээ.

Сайны хажуугаар саар гэгчээр түүнийг гэмтэл ч үе үе шаналгах юм даа. Тухайлбал 2011 оны IX сарын 19-нд хөлөндөө хагалгаа хийлгээд яг 60 хоногийн дараа тэмцээнд ороход хэвийн барилдаж чадах болов уу гэж эргэлзэгч цөөнгүй байсанд гайхах хэрэггүй. Эргэлзэгчдийн зөв. Эргэлзээ одоо нэгэнт тайлагдсан байна. Тэр мэс заслын эмчилгээнийхээ дараа Голландад очиж барилдахаар шийдсэнээ:

-Надад өлзийгөө хайрладаг нутаг л даа гэж тайлбарласан юмдаг. Голландын нийслэл Амстердам хотноо 64 орны шилдэг жүдочдыг цуглуулсан Гранпри тэмцээний дэвжээн дээр "цоо шинэ" Цагаанбаатар Кипр,  АНУ, ОХУ-ын бөхчүүдийг ялаад хүрэл медальтай ирсэн Амстердамд ажрахгүй ирээд БНСУ-ын Чэжү аралд зохиогдссн дэлхийн цомын тэмцээнд Цагаанаа жин өгсөж 73 кг хүртэл жингийнхэнтэй үзэлцээд Мексик, Румын, ӨАБНУ-ын жүдочдыг ялаад дэвжээний эзэнд бүдэрч мөнгөн медаль авчихаад гэртээ ч ирэлгүй тэндээсээ шууд нисэж Японы Токио хотноо болсон "Их дуулга"-д үндсэн жиндээ барилдаж бас медальтай ирсэн.

"Их дуулга"-аас медальтай ирлээ гээд орхих нь учир дутагдалтай л даа. Японы "Их дуулга"-д тухай оны хамгийн шилдгүүдийг урьж, зардал мөнгийг нь даадаг, бас медальтнуудыг мялаадаг. "Японы их дуулга" тэмцээнээс өнгөрсөн жилүүдэд Монголын жүдочид зургаан медаль авчирсан санагдах юм. Тэр зургаагийн тэн хагасыг Х.Цагаанбаатар үлдсэн тавин хувийг 1991 онд Д.Баттулга мөнгө, 1995 онд Х.Болдбаатар хүрэл, 2007 онд Х.Эрдэнэт-Од мөнгө нар авьяас чадвараа тодрон авчирчээ.

Олимпийн жил 2012 оны нэгдүгээр сарын сүүлчээр хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатартай уулзахад,

-Олимп хоног хоногоор ойртлоо. Оны өмнө хийлгэсэн хагалгаанаас хойш оролцсон тэмцээн болгоноосоо медаль авч байгаадаа сэтгэл өег явна аа. Парисаас бас нэг юм аваад ирэх санаатай мордох гэж байна. Зарим тэмцээнд барилдахгүй өрсөлдөгч нараа тандах бодолтой. Бөх болгон л сайн барилдахыг бодно. Би тэдний л нэг. Сэтгүүлч та бас сайн бичихийг хичээдэг биз. Дэвжээн дээрх барилдаан, түүний үр дүн бидний үг шүү дээ. Барууны орнуудаар барилдаад гуравдугаар cap гаргаж ирнэ.

Тэгээд таньтай утсаар ярих уу гээд нохойтоод өнгөрснөөс хойш нэлээд удлаа. Тэр хэлсэндээ хүрч Парисын тэмцээнээс медаль авсан нь аль хэдийнэ олны хүртээл болов. Энэ эрчээр барилдсаар Х.Цагаанбаатар "Лондон-2012"  наадмын талбараас олимпийн хоёр дахь медалиа авчраасай.

Р.Чулуун
Эх сурвалж: "Бөх"