sonin.mn

Увс аймгийн Давс сумын харьяат, "Увс нуур" дэвжээ, ТЦ-4 ХХК-ны бөх аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгстэй Монгол цэргийн баярын барилдаан дээр уулзаж ярилцсан юм.

-Танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг монгол цэргийн баярын    мэндтэй хамтатган хүргье?

-За баярлалааа. Бөх сонирхдог ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргье.

-Таныг Олимп сургуулийн Бүрэнтөгс гэдгээр хүмүүс их мэдэх байх, хэдий үеэс барилдаж, бас Олимп сургуультай хэрхэн холбогдсон тухай дурсамжаас ярилцлагаа эхэлье?

-Нутагтаа 10 жилийн сургуулиа төгсч ирээд 2008 онд Олимп сургуулийн оюутан болсон. Харин барилдаж эхлэхийн хувьд бол 6-р ангиасаа л ноцолдож    эхэлсэн дээ.Тэгээд өдий болтол үндэсний бөхөөрөө хичээллэж байна.

-Бэлтгэл сургуулилтаа одоо хаана хийж байгаа вэ?

-"Увс нуур" дэвжээн дээр нутгийн ах нартайгаа хамт мөн "Алдар" спорт хороонд харьяалалтай болохоор хааяа тэндээ очиж бэлтгэл хийж байна даа.

-Аймгийн начин цолтойгоо хэдэн жил барилдсан билээ?

-Хоёр жил барилдсан. Тэгээд 2010 онд Баян-Өлгий аймгийн 70 жилээр 256 бөх барилдахад найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн дээ.

-Улсын наадамд хэдэн жил барилдаж байна?

-Улсын наадамд гурван жил барилдсан. Эхний жил аймгийн начин цолтой барилдаад хоёрын даваанд у.н Д.Лхагвадоржид унаад, дараа жил нь гурвын даваанд тэр үеийн аймгийн арслан, одоогийн у.н Б.Сангисүрэнтэй тунаж барилдаад унасан. Өнгөрсөн жилийн наадмаар шинээр начны болзол хангасан у.н Ч.Цогбаярт    өвдөг шороодсон доо.

-Таныг А.Сүхбат аваргын гарын шавь нарын нэг гэдэг. Аваргатай хэдий үеэс багш шавийн баридлага тогтоосон бэ?

-Олимп сургуульд орсон цагаасаа л багш шавийн барилдагатай болсон доо. Миний алдаа дутагдалыг их хэлж өгч зөвлөдөг. Өдий зэрэгтэй яваа маань багшийн минь ач тус. Багшдаа их баярлаж явдаг шүү гэдгээ энэ дашрамд хэлье.

-Биеийн жин өндөр хэд байна?

-Өндөр 192 см жин 135 кг л байна даа.

-Бөхийн удамтай билүү, бас танай удмыхан биерхүү хүмүүс байдаг уу? Та үеийхнээсээ нэлээд биерхүү шүү дээ?

-Манай аав нутагтаа өндөр Пүрэвээ гэж алдартай хүн бий. Ер нь манайхан биерхүү хүмүүс байдаг даа. Бөхийн удам гэвэл цоорч барилдаж байсан хүн байхгүй ээ , тухайн үедээ зүгээр цэрэгг ч юм уу, сум багдаа ноцолддог сумын цолтой ганц нэг хүн л бий дээ.

-Үндэсний бөхөөс өөр спортоор хичээллдэг үү? Уг нь их спортоор хичээллэх нь эргээд үндэсий бөхдөө их хэрэгтэй гэх юм билээ?

-Тийм л дээ. Гэхдээ одоохондоо үндэсхий бөхөөр л хичээллэж байна.

-Барилдахаас өөр ямар хоббитой вэ?

-За даа, барилдахаас өөр зүйлд ч маруухан даа (Инээв). Гэхдээ хааяа ном унших , тэмдэглэл хөтлөх дуртай.

-Сүүлийн хоёр жил Увс нутгийхан сайхан наадлаа шүү дээ. Төрийн наадмын түрүү бөхчүүд хоёр жил дараалан танай нутгаас тодорлоо?

-Өө, их сайхан наадсан шүү манай нутгийхан. Хоёр ах маань бидэнд их зүйлийг зааж зөвлөдөг. Өнгөрсөн жил манай нутагт баруун бүсийн их даншиг Увс хурд-2011 наадам болсон энэ наадамд би нутгийн гурван ахтайгаа их шөвөгт үлдсэн. Их билэгшээж байгаа.

-Таны үеийнхнээс хамгийн эвгүй өрсөлдөгч гэвэл хэн бэ? Барилдаан таардаггүй ч юм уу...?

-Яг эвгүй гэх өрсөлдөгч байхгүй дээ. Бүгдэнтэй нь л барилдаад давахдаа даваад, унахдаа унаад л явж байдаг.

-Таныг бөхийн хүрээнийхэн сүүлийн үед жин их нэмж байна гэлцэх нь дуулдаад байгаа?

-Харин жаахан жин нэмээд байгаа /Инээв/ .Гэхдээ одоо жингээ барьж байгаа.

-Бэлтгэлийн горимийг яаж хийж байна? Цээжнээс, суугаа хэдийг шахаж байна?

-Бэлтгэлийн горим бол бусад бөхчүүдийн л адил. Нэг их бусдаасаа онцгойрсон юм алга. Цээжнээсээ 100 суугаад 120-130-ын хооронд шахаж байна даа.

-Та бөхийн өргөөнд болсон барилдаануудад нэлээд хэдэн удаа түрүүлж, үзүүлэж, шөвгөрсөн байх шүү?

-Ноднин жил цагаан сарын АЦЦБЗБ-ийн барилдаанд түрүүлсэн. Энэ жил Талх чихэр ХХК нэрэмжит барилдаанд түрүүлсэн. Шөвгийн дөрөвт бол нэлээн олон удаа үлдсэн. Аймгийн начин цолтой байхдаа гэхэд 10 гаруй шөвгөрсөн байдаг.

-Сайхан мартагдашгүй баридаанаасаа эргээд дурсвал...?

-Цол авсан барилдаан л сайхан даа. Ялангуяа аймгийн арслан болсон барилдаан бүр сайхан. Өмнө нь аймгийн арслан цол горилж хоёр гурван ч газар очоод цолгүй буцаж байлаа.

-Аль аль аймгийн наадамд цол горилж очиж байв?

-Төв аймгийн наадамд очоод Гурвын даваанд одоогийн у.н Б.Батмөнхтэй тунаад унаж байлаа. Мөн Дорнод аймагт тавын даваанд Ш.Мөнгөнбаатар арсланд унаж байсан. Бас бүх цэргийн баяраар Ховдын Б.Пүрэвсайхан арсланд унасан даа.

-Өөрийн тань хүндэлж явдаг бөх гэвэл?

-Өөрөөсөө дээш цолтой ахмад бүх бөхчүүдээ л хүндэлж явдаг. Энэ завшааныг ашиглаад нийт залуу бөхчүүддээ ахмад бөхчүүдээ хүндэлж, жудагтай сайхан барилдъя гэж уриалж байна.

-Ойрын ирээдүйн зорилго гэвэл?

-Улсын цолонд л хүрэх зорилготой байна даа. Зорилгодоо хүрэхийн төлөө бас их хичээж байна /инээв/.

-Таны бусад бөхчүүдээс ялгарах барилдааны онцлог юу вэ?

-Жаахан чацархуу болохоор золгооны барьцнаас арай давуу байх болов ууу даа. Өөр ч ялгарах онцлог байхгүй дээ. Бусдын л адил.

-Хамгийн анх улсын цолтой ямар бөхтэй барилдаж байв, мөн хэн гэдэг цолтныг анх давж байв?

-Анх 2007 онд байхаа, Магалжав харцгатай таараад унаж байсан. Улсын цолтон гэвэл аймагтаа Тулгаа зааныг давж байлаа. Заалны барилдаанд Хатансайхан начиныг нэг хаяж байсан Баасандорж зааныг бас нэг хаяж байсан.

-За ярилцлагаа өндөрлье.Та манай сониноор дамжуулаад хэн нэгэнд мэндчилгээ хүргэх боломжтой?

-Намайг дэмжиж тусладаг нутгийн сайхан ах нартаа , ТЦ-4 ХХК хамт олондоо "Увс нуур" дэвжээний хамт олондоо мөн багш нартаа баярлаж явдгаа хэлье.

Ч.Доржбат
Эх сурвалж: "Бөх" сонин