СИДНЕЙ. /BBC/. Австралийн Сидней хотын “Stadium Australia” цэнгэлдэх хүрээлэнд өнөө орой эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолт болж, Английн шигшээ баг тэмцээнийг зохион байгуулагч орон болох Австралийн багийг 3-1 харьцаагаар буулган авлаа. Ингэснээр англи бүсгүйчүүд хөлбөмбөгийн түүхэнд анх удаагаа финалд шалгарч байна.
Австрали бүсгүйчүүд шигшээ наймын тоглолтонд торгуулийн цохилтоор Францыг буулган авснаар анх удаа хагас шигшээ шатанд шалгараад байсан юм. Харин англичуудын хувьд гурав дахь удаагаа дараалан хагас шигшээд шалгарсан боловч финалын шатанд гарч чадалгүй өдийг хүрчээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон нөхөрсөг тоглолтод Английн баг австраличуудад 2-0 харьцаагаар хожигдож байжээ. Харин энэ удаагийн тоглолтод англичууд тоглолтыг эрч хүчтэйгээр эхлүүлж, Элла Тун 36 дахь минутад эхний гоолыг орууллаа. Үүний хариуд 63 дахь минутад Австралийн хөлбөмбөгч Сэм Керр онооны харьцааг тэнцүүлсэн боловч англичууд 71 ба 87 дахь минутанд дахин хоёр гоол оруулснаар финалын шатанд шалгарах эрхээ авчээ.
Англи бүсгүйчүүд одоо мягмар гарагт Шведийг 2-1 харьцаагаар буулган авсан Испанийн шигшээ багтай ням гарагт тоглоно.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0