Үндэсний бөхийн спортод царай төрх, уран барилдаан, амжилтаараа бөх сонирхогчдын хайр, хүндлэлийг хүлээсэн “Z” үеийн бөхчүүд цөөнгүй бий. Тэдний нэг нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан П.Хүрэлбаатар билээ. Түүнийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор урилаа.
-Та Орхон аймгийн наадамд долоо давж, аймгийн арслан цол хүртсэн. Үзүүр түрүүнд харцага Б.Бат-Эрдэнийг давсан. Түүний хувьд чөлөөт бөхөөр хичээллэдэг байх аа?
-Орхон аймгийн баяр наадмын 128 бөхийн барилдаанд түрүүлсэндээ баяртай байна. Нэгийн даваанд Архангай аймгийн сумын заан Д.Ариунболдтой учраа таарсан. Харин хоёрын даваанд Орхон аймгийн начин Б.Түмэнбаатартай барилдлаа. Ингээд гурвын даваанд аманд очих байх гэж бодсон. Гэтэл Төв аймгийн Б.Энхбат начинтай тунасан.
Харин дөрвийн давааны учраа нь Өвөрхангайн Т.Чулуунгэрэл арслан байсан. Тавын даваанд Увс аймгийн Э.Лхамхүү харцагатай таарлаа. Ингээд зургаагийн даваанд Архангай аймгийн О.Баярбаасан ахтай таарлаа.
Долоогийн даваанд Булган аймгийн Б.Бат-Эрдэнэ харцагыг давж арслан цолны болзол хангасан. Харцага чөлөөтөөр барилддаг учраас хөл авах магадлалтай.Тиймээс би түрүүлж шийдсэн мэх хийж, шуурхай барилдахыг хичээсэн.
-Тухайн үед барилдаанууд нь их шуурхай болж харагдсан. Хамгийн удсан нь тавын даваа байх шүү?
-Бүх даваатай харьцуулахад тавын даваа мэх хийхээр болж өгөхгүй, их мэдрэмж шаардсан барилдаан болсон. Ер нь би дэвжээнд гарахдаа өөрийн бодсон мэхээ хийж, хурдан барилдахыг хүсдэг. Арслан болсон барилдаануудаа эргээд үзэхэд өрсөлдөгч бөхчүүдээ минутын дотор давсан байсан. Харин тавын давааны барилдаан дөрвөн минут 30 секунд үргэлжилсэн.
-Энэ жилийн наадмаар хоёр цол хүртлээ. Эхлээд Говьсүмбэрийн наадамд начин цолны болзол хангасан бил үү?
-Наадмын бэлтгэлээсээ буугаад Говьсүмбэр аймгийн наадамд зодоглосон. Дөрвийн даваанд аймгийн хурц арслан Н.Баттүвшин ахтайгаа таарсан. Харин начны даваанд Хөвсгөл аймгийн арслан Э.Баасанжав ах намайг амласан. Начин болсны дараа шинээр малгай, тэмдэг авах гэсэн чинь наадам дөхсөн учраас ихэнх газар хаалттай байсан юм. Ингээд ахынхаа харцагын тэмдгийг зүүгээд, өвөөгийнхөө арслангийн малгайг өмсөөд начны залаагаа зүүгээд наадмын дэвжээг зорьсон. Өвөөгийн малгайны тэмдгийг барилдахаасаа өмнө машин дотроо хараад ийм тэмдэг зүүхсэн гэж нууцхан бодож байлаа.
-Говьсүмбэрт харцагын даваанд барилдахдаа цолоо ахиулах боломж байсан болов уу?
-Говьсүмбэрийн наадамд бүртгүүлэх гээд заал руу орох гэтэл мөрөн дээр шувууны сангас унасан юм. Үүнийг хүмүүс цол нэмэхийн бэлгэдэл гэж ерөөдөг юм билээ. Би ч дотроо их бэлгэшээж, сайн барилдах юм байна гэж бодсон. Үүнийг дагаад сэтгэл санаа ч тайван болоод ирсэн. Начны болзол хангасныхаа дараа зургаагийн даваанд аймгийн харцага Г.Мөнхбаяртай таарсан. Бага зэргийн тактикийн алдаа гаргаад тахим буулгасан. Би дэвжээнд гараад хэтэрхий хурдан барилдах гэсэн нь алдаа болсон болов уу. Харцага намайг мушгиад унагасан. Энэ барилдааны дараа өөртөө дүгнэлт хийж, их эргэцүүлсэн шүү.
-Нутгийн наадамдаа бус Орхон аймаг руу явж барилдсан. Үүний шалтгаан юу байсан юм бэ?
-Би Хөвсгөл аймагтаа очиж барилдаж болох байсан ч хотоос очих гэсээр байтал цаг нь тулчихсан. Тиймээс Орхон аймгийн наадамд Э.Өлзийсайхан ахтай хамт явж барилдсан. Ах өнгөрсөн жил Орхон аймагт барилдаад тавын даваанд өвдөг шороодсон. Ер нь манай нутгийн бөхчүүд Орхон аймагт очиж барилдаад түрүүлж байсан удаа цөөнгүй байдаг. Магадгүй дэвжээ нь Хөвсгөл нутгийн хүчтэнд ээлтэй байдаг шиг санагдсан. Би ч цолоо ахиулж аав ээж, ойр дотны хүмүүсээ баярлууллаа. Мөн Орхон аймагт суурьшсан нутгийнхан минь баярлаж, бахархаж байсан.
-Та яахын аргагүй энэ жил бэлтгэл сайн байжээ. Наадмаас өмнө хайрханы тахилга наадамд түрүүлсэн шүү дээ?
-Би өмнө жил Дорнод аймгийн наадамд барилдаж, гурвын даваанд өвдөг шороодсон. Тэгээд аймгийнхаа ойд барилдаад хоёрын даваанд Б.Даваа-Очир ахад унасан юм. Тиймээс наадам өнгөрөөгөөд л бэлтгэлдээ орсон.
Өнгөрсөн хугацаанд хүчний бэлтгэлээ түлхүү хийсэн. Зарим үед өглөө өдөр гээд хоёр удаа бэлтгэл хийж байлаа. Ингээд наадмаас өмнө зургадугаар сард хоёр удаа тахилга наадамд түрүүлсэн. Энэ хоёр наадмаас их урам авч, энэ жил цолоо ахиулах боломжтой юм байна гэж бодоод өөртөө итгэх итгэл нэмэгдсэн.
Учир нь сайн бөхчүүдтэй таарч даваа авсан болохоор тэр л дээ. Манай “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээнийхэн зургадугаар сарын 17-ноос 21 хоногийн хугацаатай Тэрэлжид Улсын начин С.Дэлгэрбат ахын удирдлага дор наадмын бэлтгэлээ базаасан. Миний бэлтгэл, амралтыг улсын начин Б.Даваа-Очир ах тааруулсан. Наадмын бэлтгэл дээр их хайрлаж, гамнасан. Өглөөний дасгал дээр намайг бараг гүйлгээгүй. Өдрийн барилдаан дээр зөвлөж, цөөхөн удаа барилдуулж байлаа. Начин ах нэгийг бодож, энэ чигээр нь барилдуулъя гэж шийдсэн байх. Мөн би жин багатай болохоор их бэлтгэлийн үед цөмрөх магадлалтай байсныг анзаарсан ч байж болох юм.
-Та жүдо суурьтай. Энэ нь үндэсний бөхөөр хичээллэхэд давуу тал болсон уу?
-Би 2014 оноос жүдо бөхөөр хичээллэсэн. Үүнээс гурван жилийн дараа Япон улс руу суралцахаар явсан юм. Гурван жил тэнд сурахдаа хичээлийнхээ хажуугаар бэлтгэлээ орхиогүй. 2019 онд Японоос зуны амралтаараа ирээд сумынхаа наадамд түрүүлсэн. Дараа нь 2021 онд цар тахлаас болоод наадам болоогүй өнжсөн. Харин өвөл нь суманд цол олгох барилдаанд түрүүлснээр заан цолоо баталж байлаа. Ингээд 2021 онд эх орондоо суурьшсан. Тухайн жилийнхээ арванхоёрдугаар сар хүртэл жүдогийн бэлтгэлээ хийгээд, он гарсны дараа үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн түүхтэй. Энэ үед өмнө нь жүдогоор барилдаж байсан учир үеийнхнээсээ хөл мэх болоод хөмрөх, хутгах тал дээр илүү байсан. Үүнээсээ их урам авч үндэсний бөх рүү эргэлт буцалтгүй орсон. Өнгөрсөн хугацаанд заал танхимын сумын заан, залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол барилдлаа. Ихэвчлэн таваас дээш даваа авч, олон удаа шөвгөрсөн байна.
-Японоос ямар зорилго тээж эх орондоо ирсэн бэ?
-Монголд тэмцээнд ороод амжилт гаргаад маргаашаас нь амардаг. Харин Японд ямар ч амжилт гаргасан шууд л бэлтгэлдээ шамддаг юм билээ. Би Японоос их том зорилго тээж, эх орондоо ирсэн. Тэндээ ажиллаад үлдэх, Монголд ирж барилдах гэсэн хоёр сонголттой тулсан. Энэ үед Л.Цолмонбаатар ах Монголд ирвэл сайн дэмжиж тусалъя гэж хэлж билээ. Тэрбээр надаас “Төрийн наадамд түрүүлж чадах уу” гэж асуусан. Би ч “чаднаа” гэж хэлээд л ирсэн дээ. Японд байхдаа сахилга баттай байх, бэлтгэлээ цаг тухайд нь хийх, цаг баримтлах зэрэг олон зарчмыг сурсандаа талархдаг. Мөн бөхийн спортоос хувь хүнийхээ төлөвшилд буурь суурьтай, тайван байж, бусдыг хүндлэх, мэндлэх зэрэг олон ухааныг олж авсан гэж боддог.
-Өнгөрсөн хугацаанд жүдогийн тэмцээнд оролцож байв уу?
-Японд байхдаа тэмцээнд оролцдог байлаа. Харин Монголд ирээд Залуучуудын улсын аваргаас хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн жил жүдогийн улсын аваргад ороод энэ жил аймгийн начин болсон Б.Гончигсүрэнд ялагдсан юм. Цаашид жүдогийн бэлтгэлээ давхар хийх ч, үндэсний бөхдөө илүү шамдана гэсэн зорилго тавиад байна.
-Та ямар бөхөөс суралцаж, үлгэр дууриалал авдаг вэ?
-Нутгийнхаа бөх ах нараас бүгдээс нь суралцдаг. Манай хамаатны ах нар үндэсний бөхөөр барилддаг. Би аав ээжийн хоёулангийнх нь талаас бөхийн удамтай. Эмээгийн аав аймгийн арслан н.Лхам-Янжин гэж бөх байсан. Харин ээжийн төрсөн дүү нь аймгийн харцага Л.Цолмонбаатар ах юм. Харин аавын төрсөн ахын хүүхэд нь улсын арслан Ц.Содномдорж билээ. Мөн аймгийн харцага Э.Ширнэн, аймгийн начин Э.Өлзийсайхан гээд ах нар бий. Бага байхаасаа л тэднийхээ барилдааныг үздэг байсан. Тиймдээ ч бөх болох хүсэлд хөтлөгдсөн. Энэ үеэс ёс жудагтай, олны хайр хүндлэлийг хүлээсэн бөх болно гэж шийдэж байлаа. Харин хамгийн их үлгэр дууриалал авдаг хүн бол Л.Цолмонбаатар ах. Намайг бүхий л зүйл дээр дэмжиж, зөвлөдөг. Ааваас минь ялгаагүй түшигтэй хүн дээ. Түүнээс гадна намайг дэмждэг “Мон Линк” группын “Чамбай Зам” ХХК-даа баярлаж явдгаа илэрхийлье.
-Танай дүү нар нь барилддаг уу?
-Миний бага нас ээжийнхээ аав ээж дээр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд өнгөрсөн. Өвөө тээврийн жолооч байлаа. Эмээ минь одоогоор Их-Уул сумандаа амьдарч байна. Би багадаа моринд их дуртай, хурдан морь унадаг хүүхэд байснаа тод санадаг. Харин 12 настай байхдаа хотод аав ээж дээрээ ирсэн. Миний доод талын дүү барилдах сонирхолтой. Гэхдээ шамдаж бэлтгэл хийхгүй л байна. Одоо XI анги, П.Хүсэлбаатар гэж залуу бий.
-Үеийн бөхчүүдтэйгээ хэр ойр дотно нөхөрлөж байна?
-Энэ жил харцага болсон С.Сүхбат, аймгийн заан н.Баянсүх, сумын заан н.Сумьяабазар, сумын заан Ж.Мягмардэмбэрэл, сумын заан М.Цогт-Эрдэнэ, сумын заан н.Балжинням, сумын заан Б.Сундуйжадамба бид анх бөхөөр хичээллэж эхлэхдээ л нөхөрлөсөн. Барилдааны давуу тал, алдаа оноогоо хоорондоо ярилцаж, зөвлөлдөж, нэгнийхээ амжилтаар бахархаж чаддаг. Хэзээ ч нэгнээ орхихгүй тийм сайхан нөхөрлөлийг бий болгож чадсан. Найзууд минь их шударга зантай. Мөн хамт байхад уйдахгүй, хөгжилтэй байж чаддаг. Миний хувьд зарим үед санасандаа хүрч барилдаагүйдээ харамсдаг. Тэр үед найзууд “Зүгээрээ, бэлтгэлээ сайн хий” гэж хурцалдаг.
-Цол бүхэн сайхан л байх. Гэхдээ сэтгэлд илүү ойр гэвэл ямар цолыг онцлох вэ?
-Том цолтой ах нарыгаа хүндэлж байж тэр цолонд нь хүрнэ гэж ярьдаг. Энэ нь ч үнэн юм шиг санагддаг юм. Үндэсний бөхийн цол бүр хүндлэлтэй. Түүнээс миний хувьд улс болон аймгийн арслан цол сайхан санагддаг. Арслан гэхээр цаанаасаа л хийморьтой, золбоолог шүү дээ.
-Бөхчүүдийн гол зорилго Улсын наадамд зодоглож, амжилт гаргах байх. Дараа жил таныг төрийн наадмын зүлэг ногоон дэвжээн дээр хармаар байна?
-Тууштай байж, сайн хөдөлмөрлөсөн хүн зорилгодоо хүрдэг. Үүнээс гадна амжилт гаргахад сахилга бат их чухал. Зорилго тавиад түүнийхээ төлөө хичээхэд бүх зүйл боломжтой. Ирэх жил төрийн наадамдаа анх удаа зодоглоно. Тиймээс улсын цолтны эгнээнд орох зорилго тавьсан. Төрийн наадам их хариуцлагатай. Илүү хөдөлмөрлөсөн, аз ёндоо нь гийсэн хүнийг ивээдэг дэвжээ. Бөхчүүд бүтэн жилийн хөлс хөдөлмөрөө үнэлүүлж, шалгалт өгдөг.
Баатарын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
deerees ny az
Содномын аав Цэдэв гуайн маань торсон дуугийн нь хуухэд юм Байна, аавыг нь сайн танихгуй Байна, манай Цэдэв ах шиг шиг шаагсан шуугисан Сайхан Эрик байгаа байлгуйдээ, Цэдэв ах шигээ олонтой сай хун, Сайхан бох болоорой гэж эчнээ танил Аймгийн арслан гое Хурэлбаатартаа ероое доо