sonin.mn
БНСУ-ын волейболын дээд лигийн "Samsung Fire Blue Fangs" багт тоглохоор болсон Ж.Энх-Эрдэнийг “Зууны мэдээ” сонин урьж ярилцлаа.
 
-БНСУ-ын дээд лигийн драфтад тэргүүн сонголтоор сонгогдлоо. Өөрийгөө сонгогдоно гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
 
-Сонгон шалгаруулалт гурав хоногийн турш явагдсан. Долоон улсын 23 тамирчин оролцсон. Эхний хоёр өдөр багт хуваагаад нөхөрсөг тоглолт хийлгэж ур чадварыг нь харсан. Өөрийгөө сонгогдоно гэдэгтээ итгэлтэй байсан. Ингээд сонгон шалгаруулалт болоход драфтын нэгээр гарч ирсэндээ баяртай байна.
 
-Эхний сонголтоор сонгогдоно гэдэг тамирчин хүний хувьд нэр төрийн хэрэг. Энэ үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
 
-Би их үндсэрхэг үзэлтэй. Тиймээс тухайн үед зөвхөн би сонгогдчихлоо биш Монгол Улсын тамирчин Ж.Энх-Эрдэнэ тэргүүн сонголтоор сонгогдлоо гэдгээрээ бахархах мэдрэмж төрж байлаа. Энэ амжилтаараа Монголын тамирчид шилдэг гэдгийг харуулж чадсан.
 
-Манай улсаас шалгаруулалтад дөрвөн тамирчин оролцсон. Та бүхний ур чадвар бусад орны тамирчдаас илүү болон дутуу зүйлс нь юу байв?
 
-Нөхөрсөг тоглолтын үеэр бусад улсын тамирчдын ур чадвар ямар байгааг харж өөртэйгөө харьцуулсан. Ер нь манай дөрвөн тамирчин тоглолт, техникийн хувьд жигд, сайн байлаа. Мөн ур чадварын хувьд ч бусад улсын залуусаас илүү байсан.
 
-Хоёр тамирчин маань дээд лигт шалгарлаа. Бусад улсын тамирчдаас ялгарах давуу тал нь юу байсан бэ?
 
-Шалгаруулалтаас харахад Японы тамирчид хамгаалалт, пасс сайтай байсан. Харин Тайвань, Хонгконг,Филиппин тамирчид манай тамирчидтай эн тэнцүү санагдсан шүү. Гэхдээ манай монгол тамирчид тэднийг бодвол илүү эрэлхэг, шийдэмгий байдаг онцлогтой.
 
-Та Солонгост сурдаг гэсэн.  Ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцаж байгаа вэ?
 
-2017 онд БНСУ-ын шилдэг таван сургуулийн нэг “Sungkyunkwan” их сургуульд элссэн.  Спортын шинжлэх ухааны мэргэжлээр суралцаж байгаа. Энэ жил сургуулиа төгсөнө.
 
-Таны сонгогдсон лиг Азидаа алдартай. Лигийнхээ ямар байрлалд тоглох вэ?
 
-БНСУ-ын волейболын дээд лигийн "Samsung Fire Blue Fangs" багт олон чадварлаг тамирчин бий. Дэлхийн хэмжээний шилдгүүдтэй нэг багт тоглох болсондоо баяртай байна. Би довтлогчийн байрлалд тоглоно.
 
-Солонгосын лигт хэзээнээс дуудагдсан бэ.Танаас өөр дээд лигт хүч үзсэн тамирчин бий юу?
 
-Би 2021 оноос эхлэн Солонгосын шигшээд дуудагдсан. Манай тамирчдаас оюутны лигт Э.Сайханбаатар гэдэг тамирчин  тоглодог байсан. Харин дээд лигт Монголоос тоглож буй анхны тамирчин нь би болж байна.
 
-Анх Солонгост очиход ямар байв. Мэдээж хүндрэл, бэрхшээл их тулгарсан байх даа?
 
-Анх Солонгост ирэхэд юм бүхэн сонин, содон санагдаж байсан. Хоол унд, соёл гээд манай улсаас тэс өөр. Бас биеэ дааж амьдарна гэдэг амаргүй даваа  байлаа. Мөн сургуулийнхаа шигшээд тоглож эхлэхэд хэл мэдэхгүй учир багийнхантайгаа ойлголцохгүй зэрэг асуудал тулгарна. Үнэндээ шантрахаар үе их байсан. Гэхдээ ингээд  бууж өгөхийг хүсээгүй. Тиймээс бэлтгэлийнхээ хажуугаар хэлээ сурч, бэлтгэлээ ч сайн хийсэн. Монголд байхдаа байнгын бэлтгэл хийдэггүй байсан бол энд ирээд долоо хоногийн зургаан өдөр, өдөрт хоёр удаа хийж байгаа.
 
-Танай гэр бүлийнхэн бас гар бөмбөг тоглодог гэж сонссон. Энэ нь таныг мэргэжлийн тамирчин болоход нөлөөлсөн үү?
 
-Аав, ээж маань Дорноговь аймгийн Даланжаргалан суманд амьдардаг. Бага байхдаа аав, ээжийгээ тэмцээнд орох бүрт дагаж явдаг байсан. Энэ нь спортод дурлах, хичээллэх шалтгаан болсон. Нэг үгээр хэлбэл, би аав, ээжийнхээ гаргаж өгсөн жимээр л явж байна даа.
 
-Таны цаашдын зорилгыг сонирхвол ?
 
-Одоо тоглож байгаа  багтаа сайн тоглож, аваргын цом авах зорилго тавьсан.  Мөн сургуулиа төгсөөд энэ багтаа үргэлжлүүлэн тоглох байх.
 
 
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин