sonin.mn
Мэргэжлийн холимог тулааны замналаар Д.Батгэрэл, О.Цэнгэл, З.Шинэчагтагаас эхлээд олон тамирчин эх орныхоо далбааг олон улсад мандуулсан. Тэгвэл тэдний араас эх орондоо болж буй тэмцээн бүрт ялалт байгуулж буй энэ цагийн шилдэг тамирчин бол Н.Цацрал юм. Тэрбээр “MGL-1 fighting championship”-д таван тулаан хийж ялалт байгуулаад байна. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаартаа түүний тухай онцоллоо.
 
-“MGL-1 fighting championship”-д хүчтэй өрсөлдөгчтэй таарсан ч ялалт байгуулсан. Тэмцээний дараа өрсөлдөгчөө хүндэтгэн тэвэрч байгаа тань үзэгчдэд их таалагдах шиг болсон?
 
-“Mongolian one championship”-д өөрийн жингийн хүчтэй өрсөлдөгч Н.Батцэнгэлтэй тулалдсан. Өрсөлдөгч маань бэлтгэл сайтай учир амар байгаагүй. Гэхдээ эхний үед хүнд цохилтод оруулж чадсан. Холимог тулааны спортыг ойлгодоггүй хүмүүст эвгүй харагдах нь бий. Гэхдээ тулааны спортыг ойлгодог хүмүүст бол хамгийн төгс спорт. Тиймээс ямар ч өрсөлдөгчтэй таарсан түүнийг хүндэтгэх хэрэгтэй. Учир нь өрсөлдөгч үгүй бол тэмцээн гэж байхгүй.
 
-Та хүчтэй өрсөлдөгч гэж онцоллоо. Н.Батцэнгэлийг ялна гэдэгтээ хэр итгэлтэй байв?
 
-Би дэвжээ рүү гарахдаа зөвхөн маргаашийн тухай л боддог. Айдаггүй тамирчин гэж байхгүй байх. Харин айдсаа нуудаг, нуудаггүй гэж л ялгарна. Би өрсөлдөгч тамирчнаасаа эмээдэг. Тиймээс үргэлж “Маргааш болно. Энэ тэмцээн дуусна” гэж бодож, өөрийгөө тайвшруулдаг.
 
-Та өмнө нь оролцож байсан тэмцээнүүдэд мөн л эхний үед ялалт байгуулсан. Энэ нь бэлтгэлээ нягт хийсний үр шим болов уу?
 
-Бэлтгэлээ сайн хийсэн тамирчин л ялалт байгуулдаг. Мөн сэтгэл зүйгээ ч зөв удирдах нь чухал. Би рингэн дээр гарахын өмнө өөртөө “Чиний дуртай зүйл бол тулалдах” гэж байнга хэлдэг. Ингэж өөрийгөө зоригжуулаад дэвжээ рүү гарах нь эхний үед өрсөлдөгчөө ялах ганцхан шалтгаан болдог.
 
-Тэмцээнд оролцохдоо 25 кг жин хассан гэж дуулсан. Энэ бол үнэхээр их тоо?
 
-Хоёр жил хөл хорионд байсан болохоор жин их нэмсэн. Тэмцээнд орохын тулд өмнөх жиндээ очих хэрэгтэй болсон. Тиймээс нэлээд хүнд сорилтыг тууллаа. Ажлын өдрүүдэд өглөө, оройдоо өдөрт хоёр удаа бэлтгэлээ хийсэн. Харин амралтын өдрүүдэд тогтмол нэг өдөр бэлтгэл хийснээр хүссэн жиндээ хүрч чадсан. Жин хасахад хооллолт их чухал. Тиймээс 24 цагт 200 гр үхрийн хуурсан мах, жаахан лууван, хоёр зүсэм хар талх идэж байсан. Харин бэлтгэлийн үеэр 250 мл амино ууна. Нүүрс усаа багасгахаар тамирддаг. Тиймээс нүүрс усаа тааруулж чадсан хүн л жингээ амархан хасах боломжтой.
 
-Жингээ хассаны дараа тулаанд оролцоход ядрах, тамирдах мэдрэмж төрсөн үү?
 
-Анх энэ спортоор хичээллэж байхдаа ялагдлын амтыг илүү мэдэрдэг байсан. Гэхдээ ялагдал бүхэн том сургамж бодох нь бий. Тэмцээнд ороод ялагдсаныхаа  дараа үргэлж өөрийгөө голж, илүү хичээх хэрэгтэй гэж боддог байсан нь өнөөдрийн амжилтын эхлэл байх.
 
-Өрсөлдөгч нь уначихаад байхад зарим тамирчин үргэлжлүүлээд цохидог талтай.  Энэ нь зөв юм уу?
 
-Тэмцээний үеэр цаг дуусах эсвэл шүүгч зогсоотол тулаанч хүн чадах бүхнээ хийж, ялалтын төлөө тэмцэх  ёстой. Үгүй бол эсрэгээрээ би ялагдана гэсэн зарчмаар холимог тулааны спорт явагддаг. Харин тулааны үеэр эсрэг тамирчны хөдөлгөөнийг мэдэрч, унагааж чадсан бол үргэлжлүүлэн цохих хэрэггүй. Хэрэв үргэлжлүүлбэл эсрэг тамирчнаа хүндлэхгүй байгаагийн шинж юм. 
 
-Зарим хүн холимог тулааныг эрсдэлтэй учир спортын төрөлд оруулах шаардлагагүй гэдэг. Харин мэргэжлийн тамирчны хувьд энэ тухай ямар бодолтой явдаг вэ?
 
-Холимог тулааныг үздэггүй мөртлөө тамирчдыг доогуур үнэлж байгаа хандлага ажиглагддаг. Үнэхээр энэ спортыг ойлгоё гэж бодвол тэмцээнүүдийг тогтмол үзэх хэрэгтэй. Та бүхний тэмцээн үзэж байгаа үзэлтээс хамаараад тамирчид санхүүжилтээ олж, бэлтгэл сургуулилтаа хийдэг. Тиймээс үзэгчиддээ хандаж тамирчдаа дэмжиж, тэмцээнээ үзэж байгаарай гэж хэлмээр байна.
 
-Холимог тулааны тамирчны  хамгийн сайхан мэдрэмж ямар үе байдаг вэ?
 
-Тамирчин хүний хамгийн гоё мэдрэмж нь зөвхөн ялалт байдаггүй. Маш их бэлтгэл хийж, цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан учраас түүнийхээ үр шимийг хүртэж, тулалдаж байна гэдэг л хамгийн сайхан. Мөн тэмцээний дараа өрсөлдөгчөө хүндэтгэн, нүцгэн цээжээрээ тэврэх үнэхээр сайхан мөч.
 
-Тамирчин байна гэдэг амар биш. Тэр дундаа тулаанч байна гэдэг бүр хэцүү. Яагаад тулааны тамирчин болохоор шийдэв?
 
-Би анх барилдах дуртай хүүхэд байсан. Харин 2010 оноос Дорнод аймгийн Матад сумандаа олимпын таеквандогийн мэхийг заалгуулж, долоон жил хичээллэсэн. Үүний дараа зурагтаар холимог тулаан үзээд, эдгээр тамирчин шиг болох зорилго тавиад анх тулааны клубт очиж байлаа. Тухайн үед “MGL fighting” тэмцээнд гурван удаа ялалт байгуулсан Б.Батсүмбэрэл багш хүлээн авч, дасгал зааж, тэмцээнд оролцох боломжийг нээж өгсөн. Мөн бэлтгэл хийдэг заал маань “Хилийн цэргийн 0303” ангийн “Алтан шонхор” клуб байсан учраас ажил мэргэжлээ хослуулан гүйцэтгэх боломж нээгдсэн юм. Тиймээс энэ клубын багш нар болон дэмждэг бүх хүнд талархаж явдаг. Тэдний итгэлийг алдахгүйн төлөө үргэлж бэлтггэл, сургуулилтаа сайн хийхийн төлөө хичээж байна. 
 
-Монголын тулааны спортын хөгжил ямар түвшинд байна гэж та хардаг вэ?
 
-Манай улс холимог тулааны цөөхөн тамирчинтай. Гэтэл хоёр, гурван холбоо байдаг. Эдгээр холбоо нь нэгдэж, чанартай тэмцээн зохиогоосой гэж хүсдэг.  Чанартай тэмцээнд түрүүлж байгаа тамирчид чансаа өндөр болно гэж бодож байна.
 
 
Д.ДАРАМБАЗАР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин