sonin.mn
Монголын спорт сонирхогчид гуравдугаар сард шайбтай хоккейгоор амьсгаллаа. Энэ сарын эхээр "U18" насны Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болоход манай хөвгүүд хүрэл медалиар энгэрээ мялаасан.
 
Үүний дараа буюу өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын түүхэнд тод үсгээр бичигдэх IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж манай шигшээ баг маань Филиппинд нэмэлт цагт 6:7-гоор харамсалтай хожигдож Кувейтийг 8:0-ээр, Индонезийг 5:1-ээр буулган авснаар мөнгөн медаль хүртэж Монголын өвлийн спортын түүхэнд сайхан үйл явдал боллоо.
 
Монголын шигшээ багийн ахлагч Намжилын Мишигсүрэн, түүний хүү Мишигсүрэнгийн Чинзолбоо нар дэлхийн аваргад хамтдаа мөсөн дээр мөр зэрэгцэн тоглож медаль хүртсэн нь хоккей төдийгүй Монголын спортод урьд өмнө байгаагүй ховорхон хувь заяа хийгээд аз завшаан тохиосон юм. Н.Мишигсүрэн сүүлийн 20 гаруй жил Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын “Хангарьд” клубт үнэнчээр хүчин зүтгэсэн. Харин энэ жил лигийн тэмцээнд өөрийн төрж өссөн, унаган баг Дархан-Уул аймгийн Шарын голоос тоглож мөнгөн медалийн эзэн болсон. Мишгээ 2006 онд анх Монголын хоккейн шигшээ багт, 2012 оноос хойш өнөөг хүртэл Монголын шигшээ багийн ахлагчаар тоглож 2018 онд Филиппинд, 2019 онд Малайзад болсон “Challenge Cup” тэмцээнд түрүүлж, 2013, 2014, 2015, 2016 онд хүрэл медаль хүртэхэд бүгдэд нь гар бие оролцсон. 
 
Тэрбээр шигшээ багтаа хийсэн тоглолтын тоо, авсан оноогоороо Монгол Улсынхаа бүх цаг үеийн рекорд амжилтыг эзэмшдэг. Өдгөө 40 настай түүний хувьд өнгөрөгч долоо хоногт нутгийн мөсөн өргөөндөө багийн ахлагч хүн ямар байдгыг, туршлага гэж юу байдгыг тоглолтоороо үлгэрлэн харуулж 2 шайб оруулснаас гадна дүү нартай 4 гоолын боломжийг гаргаж өгч багаа хэрхэн тоглуулсныг монголчууд бид харсан.
 
Ирэх наймдугаар сард 17 нас хүрэх түүний хүү Чинзолбоо хар багаасаа аавыгаа дагаж тэшүүр углаж, цохиуртай нөхөрлөж хоккейн спортыг сонгосон. Орхон аймгийн IV дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч хүү гуравдугаар сарын 6-11-нд “Степп Арена”-д болсон 18 хүртэлх насны Ази, Номхон далайн орнуудын “Challenge Cup” тэмцээнд шигшээ багтаа  сонгогдож хүрэл медаль хүртэхэд багийн довтолгооны гол цөм байж 9 гоол, 11 дамжуулалт өгч, нийт 20 оноо авч, мэргэн буучдын жагсаалтад аман хүзүүдсэн. Монголын хоккейн ирээдүйг авч явах М.Чинзолбоо хүү IV дивизионы дэлхийн аваргад томчуудын багт зүгээр ч нэг сонгогдоогүй гэдгээ хоккей сонирхогчдод харуулж 3 тоглолтоос 4 гоол оруулж, 1 дамжуулалт өгч ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтад аавтайгаа хамт "Топ-10"-т багтжээ.
 
Эх сурвалж: MGLSPORT