sonin.mn
Хурд хүч, авхаалж самбаагаар салхийг сөрөн уралддаг спорт бол цана. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа гүйлтийн цанын спортын мастер, Архангай аймгийн тамирчин Ж.Уянгыг урилаа. Тэрбээр 2023 оны Бүх ард түмний өвлийн спортын XVI наадмаас хүрэл медаль хүртэж, спортын мастерын болзолоо 18 секундэд биелүүлсэн юм. Үүнээс гадна Ж.Уянга 2018 оны өсвөрийн Улсын аварга, 2019 оны хүүхдийн спортын наадмын мөнгөн медалийг хүртэж байсан юм. 
 
-Монголын бүх ард түмний XVI наадмаас хүрэл медаль хүртэж, спортын мастер боллоо. Өөрийн насны шилдэг мастеруудтай өрсөлдөхөд хэр хэцүү байв? 
 
-2019 оны амжилтаа ахиулж алтан медаль хүртэх зорилготой ирсэн ч багахан алдаанаас болоод хүрэл медаль хүртлээ. Гэхдээ тэмцээн дуусах болоогүй. Өнөөдөр дахиад уралдана. Тиймээс өнгөрснийг ард үлдээгээд түрүүлэх зорилготой байгаа. Өрсөлдөгчдийн хувьд орон нутгийн шинэ, хуучны шилдэг тамирчид ирсэн байна. Миний зорилго бол тэднийг ялж аварга болох. Би зорилгынхоо төлөө хэзээ ч бууж өгөхгүй.
 
-Эхний уралдаан цуваагаар гарсан учир тамирчид цана таягаа хугалах эрсдэл байсангүй гэж ажиглалаа?
 
-Тамирчид бөөнөөрөө гарсан тохиолдолд таягаа хугалах магадлалтай. Уралдааны үед таягаа хугалчихвал цаг алдана. Харин цуваагаар уралдвал гараандаа л анхаарлаа хандуулна гэсэн үг. Өмнөх өдрийн тэмцээн цуваагаар гарсан тул эрсдэл багатай байлаа. Миний хувьд цанынхаа тосолгоонд анхаарч чадаагүй учир хурд саарсан тал бий. 
 
-Уралдах өдрийнхөө цаг агаарын байдлыг судлав уу.  Тэмцээний үед цаг агаартаа тааруулж цанын тосолгоо хийдэг байх?
 
-Дасгалжуулагч маань тэмцээний өдөр цаг агаар тогтуун байх нь гэж хэлсэн. Тэр өдөр 4-5 градус хүйтэн байсан ч уралдахад таатай байлаа. Үүнээс гадна уралдааны үед салхины хэмийг тооцоолох нь их чухал. Учир нь салхины хүчнээс шалтгаалж, хаана хурд хийх үү гэдгээ ярилцахгүй бол биеийн зарим хэсгээ хөлдөөх эрсдэлтэй. 
 
-Цаначин хүнд гараа хөлдөөх, унахаас эхлээд бэртэл гэмтэл амжилтад нь их нөлөөлдөг бололтой?
 
-Гүйлтийн цана нь биеийн зарим хэсгээ хөлдөөх магадлалтай хүнд спорт. Салхи сөрдөг болохоор гарын хуруунууд хөлдөх нь элбэг. Тиймээс гарандаа их анхаарах хэрэгтэй. Тэмцээний дараа гараа хүйтэн усанд хийхгүй бол хөлдчихсөн байдаг. Хөлдсөнийг нь мэдэхгүй дараагийн уралдаандаа оролцох нь эрсдэлтэй. 
 
-Цанын спортоор яагаад хичээллэх болов. Энэ спорт улирлын чанартай. Манай улсад төдийлөн хөгжөөгүй шүү дээ?
 
-Хүүхэд байхдаа л хөрш айлын ахыг дагаад гулгана гээд уул руу явдаг байлаа. Анх гулгахад л их сонирхолтой санагдаж байсан. Үүнийгээ аавдаа хэлтэл цанаар хичээллээд үз гэсэн юм. Цанатай болоод аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, амжилт үзүүлж эхэлсэн. Ингээд л урам орсон хүн чинь  энэ спортоор хичээллэхээр эргэлт буцалтгүй шийдсэн. Манай улсад зөвхөн өвөл уралддаг ч зун нь бэлтгэл хийх боломжтой болсон. Тиймээс би улирлын шинжтэй гэж хойш суухгүйгээр бэлтгэл сургуулилтаа өдөр бүр хийдэг. Мөн дүүдээ цанаар хэрхэн гулгахыг зааж байгаа. 
 
-Дүүгээ энэ тэмцээн дээр дагуулж ирсэн үү? 
 
-Гүйлтийн цанаар хичээллэж эхэлсэн цагаасаа дүүдээ гулгалтын талаар мэддэг бүхнээ зааж сургасан. Тиймээс энэ тэмцээнээс амжилт үзүүлэх биш хэрхэн зөв гулгадаг талаар  мэдлэгтэй болгох зорилготойгоор дагуулан ирсэн. Дүү маань өнөөдөр амжилт үзүүлэхгүй ч туршлагатай болно. Туршлагатай болсноор дараа дараагийн тэмцээнүүдээс медаль хүртэх боломжтой болно гэсэн үг. 
 
 
Д.Дарамбазар
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин