sonin.mn
Спортын ертөнцөд монгол бүсгүйчүүд маань нэгэн түүхэн гайхамшгийг бүтээж, эх орон, элэг нэгтнүүдээ огшоогоод байгаа билээ. Тодруулбал, Египет Улсын Кайр хотод болсон Буудлага спортын насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний том калибрын гар бууны 25 метрийн дасгалд ОУХМ Ц.Мөнхзул 585 оноогоор (293+292) алт, ОУХМ Т.Баярцэцэг 564 оноогоор (277+287) мөнгө, Э.Хишигдэлгэр 557 оноогоор (286+271) хүрэл медалийг тус тус хүртсэнээр манай гурван тамирчин уг дасгалын бүх медалийг “хамсан”-ыг уншигч та мэдэж буй биз ээ. Ингээд олон зүйлийг эс нуршин БХЯ-ны “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн тамирчин ОУХМ, ахлагч Энхбатын Хишигдэлгэрийг энэ дугаарынхаа зочин хойморт урьж ярилцлаа. 
 
Юуны өмнө Танд уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе
 
Баярлалаа. “Соёмбо” сонины нийт уншигчдад бидний ярилцлага хүрэх мөчийн мэндийг хүргэе. 
Монгол бүсгүйчүүд буудлага спортын түүхэнд гойд амжилтыг үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн чихнээ цуурайтууллаа. 
 
Бахархалтай сайхан юм даа...
 
Тийм ээ. Үнэхээр сэтгэл өндөр байна. Дөрвөн жилд нэг удаа явагддаг Дэлхийн аваргын тэмцээний том калибрын гар бууны 25 метрийн дасгалд бид эхний гурван байрт шалгарч, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөндөө баяртай байгаа. 
 
Төрийн далбаагаа мандуулан, Төрийн дууллаа эгшиглүүлээд медалийн тавцанд зогсож байх агшинд хамгийн түрүүнд юу бодогдож байсан бэ? 
 
Үгээр илэрхийлшгүй, маш сайхан мэдрэмжийг авсан. Төрийн далбаагаа гурваар нь ижилсүүлж мандуулаад л, гурвуулаа Төрийн дууллаа дагаж дуулаад л, монгол хүн гэдгээрээ омогшоод л... Мөн миний хувьд тэр агшинд аавын охин болж төрснөөрөө илүүтэй бахархсан. Эх орныхоо нэрийг дуудуулаад л араас нь аавынхаа нэрийг дуудуулдаг учраас үнэхээр омогшдог.  
 
Буудлагын спорттой хэрхэн холбогдсон тухайд яриагаа үргэлжлүүлье...  
 
Анх 2015 онд ҮБХИС-ийн “Аваргаас аварга” буудлага спортын клубт элсэж, гавьяат дасгалжуулагч дэд хурандаа Л.Ундралбат багшийнхаа удирдлагад хичээллэж эхэлсэн. Миний хувьд Зэвсэгт хүчний хурандаа Ж.Энхбатын охин гэдгээрээ бахархдаг. Аав минь цэргийн хүн, тэр тусмаа спортын олон төрлөөр хичээллэдэг, мундаг тамирчин байсан болохоор багаасаа л ааваасаа үлгэрлэж өссөн. Аавыгаа дагаад марш тактикийн тэмцээнээс эхлээд аливаа уралдаан тэмцээний “бэлтгэлд гардаг” байлаа. Тийм болохоор надад спорт, түүн дотроо буудлагын спорт ойр байсан байх. Их сургууль төгсөх жилээ аавтайгаа ярьж сууж байгаад “Аав аа, би ямар нэгэн спортоор хичээллэвэл ямар вэ” гэхэд аав минь уриалгахан хүлээн авч, маш сайхан дэмжсэн. Тэгээд яг ямар спорт сонирхож буй тухай асуухад нь би өөрийн мэдэлгүй л буудлагаар явъя гээд хэлчихсэн. Аав минь ч ҮБХИС-д “Аваргаас аварга” клуб байдаг тухай хэлж, очоод шалгуулаад үз миний охин гэж зөвлөсөн дөө. Ингээд л буудлагын спорттой эргэлт буцалтгүй нөхөрлөж эхэлсэн юм. 
 
Харьцангуй богино хугацаанд хичээллэж байгаа ч дэлхийд данстай тамирчин болсон тань эрхгүй бахархал төрүүлж байна. Чамгүй хичээл зүтгэл, багагүй хөлс хүчний үнэ цэн энд оршиж буй нь ойлгомжтой...      
 
Баярлалаа, энэхүү спортоор долоо дахь жилдээ хичээллэж байна. Багадаа аавыгаа буудаж байхыг харж байсан учраас энэ спортоор хэн хүнээс илүү дурлан хичээллэж, бэлтгэл сургуулилтаа чин сэтгэлээсээ базаадаг. Буудлагын спортоор хичээллэж эхэлсэн даруйдаа л энэ спорт бол ерөөсөө л миний амьдрал юм байна, би энэ замналаар л явах ёстой юм байна гэж бүрэн дүүрэн итгэсэн. Анх клубт яваад ороход нэг их дотно, яг л гэртээ орж байгаа мэт мэдрэмж төрж билээ, огт танихгүй орчин хэр нь ээ. Миний хувьд долоо хоногийн зургаан өдөр нь өглөөнөөс орой хүртэл бэлтгэл хийдэг. Ингэж бүхий л амьдралаа зориулж буй учраас дэлхийн чансааны тэмцээнд амжилт үзүүлж чадсан юм болов уу гэж бодож байна. 
 
Буудлагын спортын хувьд бусад төрлүүдээс ялгарах онцлог нь юу вэ? Бас буудлагын спортоор хичээллээгүй байх үеийн болон хичээллэсэн Хишигдэлгэр хоёрын дунд ялгаа бий байх даа... 
 
Тэгэлгүй яах вэ, асар их ялгаа бий. Яагаад гэвэл буудлага бол цэвэр сэтгэл зүйн төдийгүй өөртэйгөө тулж ажиллах, өөрийгөө дотроо чимээлж, өөрөө би хэн бэ гэдгээ илүү таних боломжийг олгодог спорт. Тулааны аливаа спортуудаар хичээллэдэг тамирчид өрсөлдөгчтэй байдаг бол буудлагын тамирчны өрсөлдөгч нь зөвхөн өөрөө байдаг. Энэ нь надад маш их таалагддаг юм. Тэгэхээр энэхүү спортоор хичээллэснээр би илүү их төвлөрдөг, өөртэйгөө илүү ажилладаг, өөрийгөө олж таньсан, аливаад тууштай Хишигдэлгэр болсон. Буугаа бариад, урагшаа хараад, төвлөрөөд зогсох агшин хамгийн гоё. Орчноос тасарч, галын шугам дээр ганцхан би л зогсож байна гэсэн тэр мөчийг мэдрэх үнэхээр сайхан. 
 
Буудлагын спортын тамирчин болоод хамгийн анх ямар тэмцээнд хүч сорьж байв?  
 
Энэ спортод хөл тавиад гурван сар болсны дараа эх орондоо зохиогдсон нэгэн тэмцээнд оролцсон юм. Тэгээд чамгүй амжилт үзүүлж II зэрэг биелүүлсэн л дээ. Анхны эл амжилтдаа асар их урамшиж, илүү их хурцлагдсан. Бас надад ирээдүй байна гэж бодсон. Олон улсын чанартай анхны тэмцээний хувьд 2017 онд БНСУ-д зохион байгуулагдсан “Дэлхийн цом-2017” тэмцээн байсан. Дараа жил нь буюу 2018 онд мөн улсад болсон ДАШТ-д оролцсон. Түүнээс хойш ковидын нөхцөл байдлаас шалтгаалан ямар нэгэн тэмцээнд явж чадаагүй байж байгаад сая ДАШТ-д оролцлоо. 
 
Том калибрын гар бууны 25 метрийн төрлөөр эмэгтэйчүүд анх удаа өрсөлдөж, түүний эхний гурван байрыг Монголын тамирчид эзэлсэн гэдгээрээ энэ жилийн ДАШТ бидний хувьд их онцлог тэмцээн боллоо гэж харж байна...  
 
Тийм ээ, энэ төрөл бол олимпын төрөл биш, ДАШТ-ний төрөл. Бас энэ төрлөөр өмнө нь зөвхөн эрчүүд бууддаг байсан. Тэгээд эмэгтэйчүүд бууддаг болсон анхны тэмцээн болж таарсан, дээр нь эхний гурван байрыг нь Монголын тамирчид эзэлсэн нь түүхэн амжилт болсон. Өөрөөр хэлбэл, дэлхийн буудлага спортын түүхэнд анхны хэмээх нэгэн тодотголыг эх орныхоо нэртэй бөхөлж чадсандаа бид сэтгэл өндөр байна, багш дасгалжуулагч, баг хамт олноороо үнэхээр бахархаж байгаа. 
 
ДАШТ-д онч мэргэнээ сорин өрсөлдөж, хүрэл медалийн болзлыг хангахад багш тань танаас дутуугүй баярласан нь лавтай. Ер нь багш дасгалжуулагчгүйгээр аливаа амжилтыг төсөөлөх аргагүй шүү дээ... 
 
Тэгэлгүй яах вэ. Надаас илүү баярласан хүн бол миний багш. Намайг нэг юманд хүргэчих юм сан гэсэн маш их хүсэл, зорилго байдаг багшид маань. Тэгэхээр багшийнхаа энэ их хүсэл зорилгыг жаахан ч гэсэн биелүүлж, итгэлийг нь дааж амжилт үзүүлсэндээ сэтгэл өндөр байгаа. Ер нь Монголын буудлага спортыг гавьяат дасгалжуулагч дэд хурандаа Л.Ундралбат багшгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монголын ямар ч буудагч багшийн минь бэлтгэл сургуулилтад хамрагдсан л байдаг. Дэлхийн түвшинд алдар нэрээ цуурайтуулсан олон тамирчныг төрүүлж, сургаж бэлтгэж яваа эрхэм багшийнхаа  шавь гэдгээрээ бахархдаг. 
 
Тамирчин хүнийхээ хувьд Хишигдэлгэр ямар зарчим баримталдаг вэ? 
 
Тамирчин хүн ер нь зогсолтгүй байх хэрэгтэй гэж би боддог. Том ч бай, жижиг ч бай, амжилт гаргасан ч бай, үгүй ч бай тэмцээн бүрд өөрийгөө сорьж, түүнээсээ шат ахиж өөрөө нэг алхам урагшилж чадаж л байвал ирээдүйгээ бүтээж өгдөг л гэж хардаг.  
 
Тэгвэл зорилгын хувьд... 
 
Надад эцсийн зорилго гэж байхгүй, магадгүй би тийм амжилт үзүүлээд энэ спортоо болино доо гэдэг ойлголт огт байдаггүй. Би буудлагын спортоор л явна, юу хийж чадахаа харуулна, энэ спорт бол тэр чигтээ миний амьдрал. Мэдээж зорилго тавина, түүндээ хүрчхээд зогсохгүй, үргэлжлүүлсээр л байх болно гэсэн санаа. 
 
Таныг хүлээж байгаа хамгийн ойрын тэмцээн ямар тэмцээн байгаа вэ? 
 
Он гараад л олимпын эрх олгох тэмцээнүүд хүлээж байгаа. Тэр болгонд хүч чадлаа сорьж, олимпод оролцох эрх авахаар төлөвлөж, бэлтгэл сургуулилтаа тасралтгүй базааж байна. 
 
Ингэхэд Хишигдэлгэр Зэвсэгт хүчинтэй хэрхэн холбогдсон юм бэ? 
 
Би 2011 онд Сүхбаатарын нэрэмжит II сургуулийг төгссөн. Тэгээд 10 жилээ төгсдөг жилээ ааваасаа гуйж байсан л даа. Цэргийн хүн болъё гэж. Гэвч аав минь цэргийн амьдрал хэцүү, ганц охиноо энэ хатуу салбар луу оруулахгүй гээд зөвшөөрөөгүй. Тэгээд МУИС-д элсэн суралцаж, түүх судлаач мэргэжлээр 2015 онд төгссөн. Их сургуулиа төгсчхөөд, буудлагаар гурван жил хичээллэсний дараа Армийн дэлхийн аваргын тэмцээнд орох ёстой юм байна гэж бодсон. Ингэхийн тулд цолтой байх ёстой учраас Ахлагчийн дамжаанд шалгалт өгөөд, өөрөө бүх шалгуурыг нь давж ахлагч болсноор Зэвсэгт хүчинтэй холбогдсон. Ер нь л цэргийн хүн болох багын хүсэл мөрөөдөл минь ч унтраагүй байсан учраас давхар зорилгоо биелүүлсэн.  
 
Цэргийн хүний бахархал юу вэ? 
 
Мөрдэс дүүрэн, мөр цэх, толгой дээшээ яваа цэргийн хүнийг хараад өөрийн эрхгүй бахархдаг. Төрийн сүлдээ зулайдаа залсан бидэнд толгой гудгар явах эрх ч байхгүй гэж боддог юм. Миний хувьд бага байхаасаа л аавыгаа харж цэргийн хүнийг төсөөлж өссөн.
 
 
Аав минь яг л миний дээр хэлсэнчлэн мөрдэс дүүрэн, мөр цэх, толгой дээшээ явдаг сайхан хурандаа байлаа. Миний аав 1984 онд ЦНДС-ийн Ерөнхий цэргийн команд, байлдааны машин хуягт тээвэрлэгчийн ашиглалтын инженерийн ангийг төгсөж Зэвсэгт хүчинд 28 жил алба хаасан.
 
 
Аав минь цэргийн гурван төрөлтийн Монгол Улсын спортын мастер, хөнгөн атлетикийн ОУХМ төдийгүй ҮБХИС-д 2007-2014 он хүртэл галын бэлтгэлийн багш, цэргийн биеийн тамирын тэнхимийн даргын албыг хаших хугацаандаа тус сургуулийн сонсогч, оюутнуудыг дасгалжуулан Зэвсэгт хүчний марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс 15 алт, 18 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж тогтмол эхний гурван байрт шалгардаг байлаа тэр үед. Энэ нь ҮБХИС-ийн түүхэн дэх онцгой амжилт байсныг нь дурдахад таатай байна. Түүнчлэн 1989 онд армийн "Гранат мэргэн шидэлт"-ийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 127 онооны рекордыг эзэмшсэн. Энэхүү амжилтаа 21 жилийн дараа өөрөө 130 оноогоор шинэчлэн тогтоосон байдаг юм. Одоогоор энэ рекорд эвдэгдээгүй байна. Мөн аав минь олон улсын болон улс, хот, Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнүүдээс 100 гаруй медалийг хүртсэн байдаг. Тиймдээ ч би ааваараа үргэлж бахархаж явдаг даа.     
 
 
Цэргийн хүн, тэр тусмаа тамирчин аавын охин яалт ч үгүй л Зэвсэгт хүчин, спорттой холбогддог шиг санагдлаа... 
 
Тийм ээ. Удам дагаж, аавынхаа замналыг үргэлжлүүлэн түүчээлж яваа минь миний бахархал. Ер нь спортын удам бий надад. Аавын минь аав Архангай аймгийн Хашаат сумын харьяат Монгол Улсын заан Гомбодорж гэж хүн байсан. Нутаг усандаа “Арангомбо” хэмээх авгайлгаараа алдартай сайхан буурал байлаа. Ингээд бодохоор яалт ч үгүй л спорттой нөхөрлөж, энэ халуун тогоонд буцлах хувь ерөөл удмаас минь өгөгджээ гэж бодогддог. Энэ ташрамд ээждээ хамгийн их баярлаж явдгаа хэлмээр байна. Миний ээж насаараа л соёлын байгууллагад ажилласан СТА А.Пүрэвсүрэн гэж хүн бий. Амжилттай яваа эр хүний ард хүчирхэг эмэгтэй байдаг гэдэг дээ. Ээж минь яг л энэ үгийг батлах мэт ачлалтай хүн. Аавын минь арыг дааж, албаа нэр төртэй хаахын зэрэгцээ спортын талбарт амжилт гаргах боломжийг нь бүрдүүлдэг байсан бол одоо миний бат найдвартай ар тал болж байна. Юунд ч санаа зоволгүйгээр бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээн уралдаанд амжилттай оролцох бүрэн боломжийг ээж минь бүрдүүлдэг. 
 
Сүүлийн асуултыг Таны мэдэлд үлдээе... 
 
Баярлалаа. АЦК, хурандаа Ш.Аюурзана захирагчтай Зэвсэгт хүчний 353 дугаар анги, “Алдар” спорт хороо, “Аваргаас аварга” клубийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлаж, талархаж явдгаа илэрхийлье. Мөн түүнчлэн аавтай минь мөр зэрэгцэн алба хааж байсан үе үеийн хамт олон, анд найзууд, шавь нарт нь үргэлж баярлаж явдаг. Яг л аав шиг минь байж үргэлж дэмжиж, урамшуулдаг. Яагаад ч юм бэ аавын минь итгэл үнэмшил энэ хүмүүсээр дамжин үргэлжилж буй мэт мэдрэмж төрөөд байдаг юм.
 
 
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Улам их амжилтыг хүсье. 
 
 
Хошууч Д.Мэндбаяр
Эх сурвалж: "Соёмбо" сонин