сонин mn
Чөлөөт бөхийн спорттой амьдралаа холбож, үргэлжлэл болсон залуу үеийг  бэлдсэн гавьяат тамирчин, дасгалжуулагч Б.Оюунсүрэнтэй ярилцлаа. 
 
-Та спортын дэвжээнд анх 2006 онд  хөл тавьж байсан юм билээ. Тухайн үед яагаад бөхийн замналыг сонгож байв?
 
-Анх 2006 оны аравдугаар сараас чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Тус оны хавар ахлах ангиа төгсөөд, ЭЕШ өгөөд МУИС-ийн Эрдэс материалын химийн ангид орлоо. Гэвч энэ үед аав ээж хоёр маань авто ослоор бурхан болсон. Тэвчээр шавхсан үе байсан шүү. Зун нь манай улсад Оюутны дэлхий аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болсон. Тус тэмцээнийг телевизээр үзсэн юм. Тамирчид медалиа гардаж буй үеийг нь үзээд догдолсон. Эхлээд  О.Насанбурмаа, О.Бурмаа нар аавынхаа нэрийг дуудуулж буй нь яагаад ч юм надад нэг л сайхан мэдрэмж төрүүлсэн. Тухайн үед би аав ээжийнхээ нэрийг дуудуулж, ямар хүмүүсийн үр болохоо харуулъя гэж шийдсэн. Энэ үеэс дэлхийн тавцанд аавынхаа нэрийг дуурсгана гэсэн хүсэл оргилох болсон юм. Үүнээс эхлэлтэйгээр  чөлөөт бөхөөр барилдах шийдвэр гаргаж байлаа. Нэг өдөр оюутны ангийнхантайгаа багшийн дээдийн ойролцоо явж байгаад спортын төв ордны урдуур алхаж таарсан юм. Гэтэл зуны бөх үзэж байсан үеийн сэдэл орж ирээд шууд спортын төв ордон руу орохоор зориг шулуудсан. Ингээд л тамирчин болсон доо.
 
-Аливаад тэмүүлж, сурах хүслээр хөтлөгдөхөд багш хамгийн чухал. Таныг анх ямар багш тосч авсан бэ?
 
-Анх Спортын төв ордны Б зааланд очсон. Гэтэл тамирчид олон улсын хамтарсан бэлтгэл хийж байхтай таарсан. Өөрийн хүсэл зорилгоо хэлээд гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Спортын мастер Т.Дамбарагчаа багшид анх шавь болсон түүхтэй. Тухайн үед юу ч мэдэхгүй хүүхэд шигшээ багийн дасгалжуулагч дээр очоод “Би мундаг бөх болмоор байна” гэж хэлж байлаа. Энэ үеэс багш нар мэддэг, чаддаг зүйлээ бүгдийг нь зааж өгсөн дөө.  Хамгийн анх дөрвөн жилд нэг удаа болдог хүүхдийн их наадмаас хүрэл медаль авсан. Тэр үед 17 настай байлаа. Хүүхдийн наадам, өсвөрийн тэмцээнд оролцох сүүлийн жил байсан юм. Дараа жил 2008 онд насанд хүрэгчдийн тэмцээнээс медаль аваад улам урамшсан. 
 
-Та чинь 67 кг-ийн жинд барилддаг байсан билүү? 
 
-Анх 67 кг-ийн жинд тогтвортой барилддаг байсан. Харин 2019 онд улсын аваргаар жин нэмж 72 кг-д барилдаад түрүүлсэн. Энэ амжилтаараа ДАШТ-д оролцох эрхээ авч байлаа. Энэ ДАШТ-ээс хойш тамирчны замналыг дуусгасан. Эргээд бодоход спорт надад тэвчээр суулгаж, сэтгэлийн хаттай болгосон байна.
 
-Тамирчин хүнд үлгэр дууриалал авдаг, барилдаанаас нь суралцдаг хүн байдаг байх. Та барилдаж байх үедээ ихэвчлэн хэний барилдааныг үзэж, суралцдаг байв ? 
 
-Тамирчин бүр өөрийн онцлогтой. Миний хувьд найз гавьяат тамирчин О.Насанбурмаагийнхаа барилдааныг үзэж, үлгэр дуурайлал авдаг байлаа. Зөвхөн спортод ч биш амьдралын бүхий л үед намайг хамгийн ихээр ойлгож, дасгалжуулж, үргэлж хажууд минь түшдэг. Найзын маань хувьд чөлөөт бөхийн дэлхийн дөрвөн удаагийн медальтай, монголчуудын хайртай тамирчин. Найзтайгаа өдөр бүр хамт бэлтгэл хийж, их зүйл сурч, мэдэж авсан. Барилдааны үед гаргаж буй зан чанар, дайчин байдлыг нь харах сайхан байдаг.  
 
-Найзтайгаа  бүтээсэн хамгийн дурсамжтай үеэ эргээд дурсаач?
 
-Олон сайхан дурсамж бий. ДАШТ-тэй холбоотой хөгтэй, хөгжилтэй дурсамж их. Нэг удаагийн ДАШТ-д бид хоёр хамт явж таарсан юм. Тухайн тэмцээнд хоёулаа амжилттай оролцож, медаль хүртсэн. Манай эмэгтэй баг анх удаа  дэлхийд финалдаж багийн дүнгээр хүрэл медаль авч байлаа. Би О.Насанбурмаагийнхаа тэвчээрийг биширч, гайхдаг. Найз маань 63 кг-д жин хасаж барилдсан юм. Харин би 67кг-д барилдах байсан. Гэтэл яг тэмцээнд оролцохоор нисэхийн өмнөх өдөр найз дээр маань таван хатиг гарсан. Байнга халуураад. Тухайн үед бид хоёр жаахан хүүхэд байсан болохоор багш нартаа хэлбэл тэмцээнээс хасчихна гэж айгаад хэлээгүй. Өөрсдөө нууцаар цэвэрлэгээг нь хийсээр байгаад зорьсон газраа очсон. Халуураад их хэмжээний шингэн уусан учир  жин нь өглөө гэхэд 70 кг болчихсон байсан. Тэгээд 63 кг руу долоон кг хасаад тэмцээндээ орж байсан. Тухайн үед анхны олимпийн эрхээ авч, хүрэл медаль хүртсэн. Тэр үед найзынхаа асар их тэвчээрийг үнэлж, одоо ч хайрлаж, хүндэлдэг.   
 
-Тамирчин хүнд тулгардаг хамгийн том бэрхшээлийн нэг нь энэ байх даа? 
 
-Тамирчин хүний хамгийн том бэрхшээл нь өрсөлдөгч биш бэртэл байдаг. Бэртлээс хол байж, том зорилго тавиад хичээж байгаа бол хэзээ нэгэн цагт амжилтад хүрэх нь тодорхой. Мөн сайн өрсөлдөгчтэй барилдах нь ур чадвар, мэдрэмж сайжруулдаг давуу талтай. 
 
-Бэртэл гэмтлээс сэргийлэхийн тулд эхлээд юуг анхаарах ёстой вэ? 
 
-Бие халаалт сайн хийх хэрэгтэй. Мөн сунгалтын дасгал байнга хийх нь зөв. Бэлтгэлд орохоосоо өмнө бие халаалтаа сунгалтын дасгалаар эхлэх нь үр дүнтэй санагддаг. Сунгалт сайтай байснаар уян хатан чанар сайжирдаг. Мөн зөв хооллолт их чухал. Тамирчин хүн  хөлсөөрөө биед хэрэгтэй эрдсүүдээ алдаж байдаг. Үе хооронд байх ёстой амин дэмүүд удаан хугацаагаар алдагдсанаас болж хурдан бэртэж гэмтэх аюултай. 
 
-Тамирчин хүний хооллолт ямар байх ёстой вэ.Тогтсон дэглэм гэж бий юу?
 
-Хооллолт шинжлэх ухаан болтлоо хөгжсөн. Манайхан жин хасахаараа хоолоо хасдаг. Ажиллах чадвар, хийсэн бэлтгэлийнхээ 50 хувийг жин хасаж байхдаа алддаг. Үлдсэн 50 хувийнхаа нөөцөөр дэвжээнд барилддаг. Тиймээс амжилтаа ахиулахын тулд зөв хооллолт хэрэгтэй. Эрүүл байх, ажлын бүтээмж, сэтгэх чадвар хооллолттой шууд хамааралтай. Тамирчин нь энгийн хүнээс илүү хариу үйлдэл үзүүлэх чадвар нь хурдан байх ёстой. Дэвжээн дээр ялалт нэг секунд, дойлоор хэмжигддэг. Нэг секундийн хугацаанд ямар мэх хийхээ бодож амждаг байх ёстой. Бөх хүн хөл гар, бяраараа барилддаггүй. Толгойгоо ажиллуулж, сэтгэж ялалтад хүрдэг юм. Тиймээс хурдан бодох, сэтгэх тархины үйл ажиллагаа сайн байх хэрэгтэй. 
 
-Спорт залуу насных. Таны бодлоор эмэгтэй тамирчин хэдэн нас хүртлээ барилдвал амжилт гаргах боломжтой байдаг бол?
 
-Энэ нь тухайн тамирчны онцлогоос шалтгаална. Түүнээс эмэгтэй тамирчин яг тэр насандаа зодог тайлна гэсэн дүрэм байхгүй. Тамирчны насыг хязгаарлах боломжгүй гэж боддог. Хүн бүрийн биеийн онцлог харилцан адилгүй. Зарим хүн эмэгтэй тамирчдыг хүүхэд гаргаад карьераа дуусгадаг гэж ойлгодог. Гэтэл хүүхэд төрүүлсэн ч бэлтгэлээ хийгээд илүү сайн  барилдаж байгаа тамирчин олон бий.
 
-Тамирчин байгаад  дасгалжуулагч болоход танд ямар мэдрэмж төрсөн бэ?
 
-Хоорондоо асар их ялгаатай. Тамирчин зөвхөн өөрийн жин, биеийн байдал, бэлтгэл сургуулилтдаа анхаарна. Харин дасгалжуулагч олон тамирчны төлөө санаагаа чилээдэг. Тухайлбал, энэ хүүхдийн жинг нь хэрхэн хасах билээ, ямар зөвлөгөө өгөх үү, бэлтгэл нь таарч уу, сэтгэл санаа нь ямар байна, ар гэрт нь асуудал гараагүй байгаа зэрэг олон асуудалд анхаарах хэрэгтэй болдог. Би өөрөө дасгалжуулагч болоод л багшийгаа ойлгож,  хайрласан.  
 
-Таны шавь Б.Болортуяа олимпиос хүрэл медаль хүртсэн. Багшийн хувьд энэ үед шавиараа бахархах, омогших сэтгэл төрж байсан байх даа? 
 
-“Токио 2020”  олимпийн хүрэл медальт, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа миний шавь. Мэдээж шавиараа бахархаж, омогшсон. Болороо маань 2011 оноос барилдаж эхэлсэн. Би 2012 оны есдүгээр сараас дасгалжуулагчаар нь ажилласан. Түүнээс гадна өнгөрсөн жил насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Д.Отгонжаргал гээд охин бий. Энэ шавийг маань Сүхээ багш өөрөө надад хариуцуулж өгсөн. Ирээдүйд их амжилт гаргана гэж найддаг. Мөн Түмэнхүслэн, Отгонбаяр гээд шавь нар байна. Тэднийхээ амжилт гаргаж буйг хараад багшийн хувьд баярлаж явдаг. 
 
-Залуу тамирчид маань амжилт гаргахын тулд эхлээд ямар зан чанарыг өөртөө суулгаж, юуг анхаарах ёстой байдаг бол?
 
-Хамгийн гол нь сахилга баттай байх хэрэгтэй. Үүнээс л амжилт шалтгаалдаг. Тухайлбал, сахилга баттай тамирчин  бэлтгэлийн цагаа барина, таслахгүй, багшийн хэлсэн зүйлийг зөвөөр хүлээж авдаг. Мөн хувийн зохион байгуулалт, уйгагүй хөдөлмөр,  хүсэл зорилго, мөрөөдөл байх хэрэгтэй. 
 
 
 
Б.Нямсүрэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин.