sonin.mn
Дэлхийн жүдочид манай улсад ирж хамтарсан бэлтгэл хийх сонирхол  сүүлийн 10-аад жилийн хугацаанд эрс нэмэгдсэн. Энэ бүхэн 2008 оны олимпоос эхлэлтэй гэвэл хэтрүүлсэн болохгүй биз. Бээжингийн зуны олимпоос өмнө Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, Х.Болдбаатар, Д.Нямхүү тэргүүтэй цөөн тооны алдартай бөхийг дэлхийн жүдочид мэддэг байв. Жүдогоор хичээллэдэг хүүхдүүд ч харьцангуй цөөхөн байлаа. 2008 онд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр олимпын аварга, дараа жил нь буюу 2009 онд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Дэлхийн аварга болсноор Монголын жүдо олон улсад албан ёсоор данстай болсон түүхтэй. Яг энэ мөчөөс жүдогоор хичээллэх сонирхолтой хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж, тэр хэрээр манай тамирчдын ур чадвар, техникт мэдэгдэхүйц ахиц, дэвшил гарсан. Япон, Солонгос, Франц, ОХУ тэргүүтэй дэлхийд жүдогийн хөгжлөөрөө тэргүүлэгчид манайхантай хамтарсан бэлтгэл хийхээр цуварч эхэлсэн. Тэдний дунд тив, дэлхийд нэрээ дуурсгасан алдарт аварга Тедди Ринер, Шохой Оногоос эхлээд олон шилдэг тамирчин талын Монголд хөл тавьж, монголчуудын арга туршлагаас хуваалцаж байна.
 
Яг өнөөдөр л гэхэд дэлхийн 10 удаагийн аварга, олимпын хошой аварга, Францын жүдогийн тод од Тедди Ринер, дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт, Солонгосын алдарт жүдоч Ан Баул, Хван Хин Тэ тэргүүтэн манай улсад ирсэн.
 
Тэд манайхны нэг л чанарт маш их дуртай, суралцахыг хүсдэг. Тедди Ринер, Ан Баулын бодол яг адилхан аж. Тэр бол дайчин чанар. Тедди Ринер  “Монголчууд үнэхээр дайчин улс. Энэ чанар тэдний цусанд байдаг байх. Тиймээс би өөрийгөө эргүүлж олж авахын тулд Монголд ирсэн” хэмээн ярьсан бол Ан Баул “Монголчуудын дайчин чанар амжилт гаргах гол үндэс нь байж мэдэх юм. Монголын жүдочидтой барилдахад энэ чанар нь мэдрэгддэг” гэж хэлсэн. Дөрвөн орны 80 гаруй жүдочийн хамтарсан бэлтгэлээс хийсэн сурвалжилгаа хүргэе. 
 
ЭХЛЭЛ
 
Дөрвөн орны жүдочдын хамтарсан өглөөний бэлтгэл хоёр цаг орчим үргэлжлээд дуусаж байна. Гаднын болон дотоодын жүдочид гаднаас хэн нэгэн орж ирэхэд харсан ч хараагүй мэт царайлж, зөвхөн бэлтгэлдээ л анхаарал хандуулж байлаа. Дасгалжуулагчид болон албаныхан ямар шалтгаанаар бэлтгэлийн зааланд нэвтэрснийг хаа нэг асууна. Үнэндээ бэлтгэлийн үед дураараа зааланд орж, гарах хориотой байдаг аж. Тэр тусмаа гаднын хүмүүст. Гаднын хүн гэдэг нь үзэгч, хөгжөөн дэмжигч гэсэн үг. Эдгээр өдрүүдэд жүдогийн заалнаас хүний хөл тасрахгүй байгаа бололтой. Учир нь, алдарт аварга Тедди Ринер, Солонгосын шилдэг жүдоч Ан Баул нар бэлтгэл хийж байгаа шүү дээ. Тэднийг дэргэдээс нь харж, дурсгалын зураг татуулахыг хүссэн жүдогийн үнэнч фанатууд бэлтгэлийн заалны үүдэнд хүлээгээстэй. Харин дотор жүдочид бэлтгэлдээ шамдаад завгүй. Заалны зүүн урд буланд Тедди Ринер аварга амарч, бас хаа нэг ноцолдоно. Түүнтэй улсын начин Б.Амарзаяа, Б.Сугаржаргал нар хамт бэлтгэл хийж байх юм. Өнөөдөр хамгийн хүнд жинд Монголын нэрийг гаргаж яваа О.Цэцэнцэнгэл, Э.Мөнхжаргал нар алга. О.Цэцэнцэнгэлийн хувьд бэртэлтэй байгаа бол улсын хошой аварга Э.Мөнхжаргал эхний өдөр л бэлтгэл хийжээ. Харин өдгөө тэр хэсэг бөхтэй хотоос зайдуу үндэсний бөхийн бэлтгэл хийж байна. Жүдогийн улсын аваргаар +100 кг-д хамгийн багадаа 10 бөх зодоглодог. Тэд Тедди аваргатай хамт бэлтгэл хийвэл шаггүй зүйл сурч мэдэх нь дамжиггүй. Бэлтгэлийн заалны баруун урд Ан Баул зогсох. Гэхдээ тэр уржигдар /лхагва гарагт/ бэлтгэл хийхэд бус бусдыг ажиглахад гол анхаарлаа хандуулж байсан юм. Гаднаас орж ирсэн даруйдаа л нэг газар очоод зогссон. Бэлтгэл дуустал тэндээ л байлаа. Бараг хөдөлсөн ч үгүй. Хааяа нэг толгойгоо эргүүлэхээс өөр сүйдтэй үйлдэл хийсэнгүй. Зарим хүний барилдааныг тэр тун анхааралтай харж байсан.  Магадгүй бэлтгэл хийх гэдэг нь зөвхөн барилдаж, гүйж, харайхын нэр биш бололтой.  Өрсөлдөгчийнхөө үйл хөдлөл, арга барилыг анхааралтай ажиглаж, бясалгах нь нэг төрлийн бэлтгэл болдог бололтой. Харин бусад нь хөлсөө гартал бэлтгэл хийж, мэхний гүйцэтгэлээ сайжруулах, хэрхэн өөрт ашигтай барьц олж авах зэрэгт суралцаж байв. Бас хэт олон гаднын хүн хараад зогсохоор гадаадын жүдочид биеэ барьсан байх талтай. 
 
ТЭДНИЙ ДАРАА ХЭН ИРЭХ ВЭ
 
Монголын жүдо бөхийн хөгжил өндөр түвшинд хүрснийг илтгэх нэг хэмжигдэхүүн нь яах аргагүй дэлхийн шилдгүүд манай улсад бэлтгэл хийх санал тавьж буй явдал юм. Солонгос, Франц гээд л зогсох бус үүнээс цааш ч олон орны шилдгүүд Монголд ирэхээр ээлж, дараагаа хүлээж буй. Өнгөрсөн хугацаад Францын насанд хүрэгчид болон залуучуудын баг хоёр хуваагдаж манайхантай туршлагаа солилцоод буцсан байдаг. Харин Солонгосын тамирчдыг буцсаны дараа Оросоос 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ирэх гэнэ. Түүнчлэн бельгичүүд дахин ирэх бол Израилийн жүдочид анх удаа талын Монголд хөл тавьж, хамтдаа нэг сарын хугацаанд бэлтгэл хийх нь ээ. Түүнчлэн Канадын баг ч ирэх гэнэ. Зургадугаар сарын 24-нд эхлэх Улаанбаатарын “Их дуулга”-аас өмнө 5-6 орны жүдоч манай улсад хамтарсан бэлтгэл хийхээр ирэх аж. Харин “Их дуулга” дууссаны дараа нэлээд олон орны жүдочийг хамарсан тав хоногийн бэлтгэл болохыг албаныхан мэдээлэв. Ямар ч байсан жүдочид завгүй байх нь. Түүнчлэн Монголын жүдогийн фанатууд ч шинэ зочидтой танилцсаар байх бололтой. Багийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс байх нь монголчуудын анхаарлыг татаж буй нь мэдээж. Энэ жил тивүүдийн наадам олон болж байгаагаас гадна оюутны Универсиад наадамтай. Тиймээс дээрх томоохон тэмцээнүүдэд тааруулж бэлтгэл хийж байгааг шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар онцолсон юм. 
 
АВАРГУУД ЮУ ЯРИВ
 
Барууны орныхон харьцангуй нээлттэй байдгийн жишээг Тедди Ринерээс харж болно. Тэр маш нээлттэй ярилцдаг нэгэн аж. Өөрийгөө ч тэгж тодорхойлсон. Тэрбээр олимпоос хойш жүдогоор барилдаагүй учраас өөрийнхөө хэмнэлийг алджээ. Ингээд хаанаас өөрийнхөө дайчин чанар, хэмнэлээ олж авах вэ гэж бодсоны үндсэн дээр Монголыг сонгосон гэнэ. Өмнө нь Тедди манай улсад нэг удаа ирж байсан учраас Монголын жүдочид ямар орчинд, ямархуу бэлтгэл хийдгийг гадарлана. Түүний хувьд Бразилд бэлтгэл хийхдээ хэвтээ барилдаанаа сайжруулах зорилготой байж. Харин Монголд зөвхөн дайчин чанараа л эргүүлэн олж авахыг хүссэн ажээ. Энэ тухайгаа ярихдаа “Монголчуудын дайчин чанар цусанд нь бий.
 
Би өмнө нь ирэхдээ үүнийг мэдэрсэн. Ялагдсан ч цаанаасаа дайчин, эрч хүчтэй. Тиймээс л Монголд заавал дахин очиж бэлтгэл хийх ёстой гэж бодсон. Ингээд ирлээ. Үнэхээр сайхан байна. Ирсэндээ харамсахгүй гэдгээ мэдэж байсан. 
 
Яг л миний бодсон, санаснаар бүх зүйл сайхан байгаа. Монголчууд их найрсаг, заал танхимын дэд бүтэц сайтай, бэлтгэл нь чанартай байдаг нь энд ирэх бас нэг шалтгаан юм. Би барилдаагүй удсан болохоор мэдрэмжээ бага зэрэг алдсан юм шиг байна. Тиймээс үүнийгээ эргүүлэн олж авахад монголчууд тусална. Түүнээс биш мэх, техник давтах шаардлагагүй” гэв. Францын Тедди, Португалын Фонсека тэргүүтэн хүнд жингийн бөх ч өд шиг хөнгөн барилдаантай. Тэр нь Монголын жүдо сонирхогчдод таалагддаг бөгөөд тэдний барилдааныг үзэхийг хүсдэг. Ямартай ч Фонсека Монголд ирж барилдана. Харин Тедди яах бол. Түүнээс манай эх оронд болох тэмцээнд оролцох эсэхийг нь асуухад эхлээд ямар ч эргэлзээгүйгээр “Үгүй” хэмээн хариулсан. Гэхдээ Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга түүнд санал хүсэлт тавьсан учраас Улаанбаатарын “Их дуулга”-д барилдах эсэхээ дахин бодох шаардлага гарчээ.
 
Тэгэхээр МЖБХ-ны тэргүүний хүсэлтийг хүлээж авбал Улаанбаатарын дэвжээнд алдарт аваргын барилдааныг бид харж магадгүй нь. Тедди сэтгүүлчдэд нэгэн сонирхолтой хариулт өгсөн нь “Үндэсний бөхөөр барилдаж чадна. Би танай бөхийг сайн мэднэ” гэсэн явдал байлаа. Ямар ч байсан энд байх хугацаандаа тэр Бөхийн өргөөнд саатаж, бөх үзэх нь. Магадгүй зодог, шуудаг өмсөж, ганц өрөх боломж ч гарч мэднэ. Бүр монгол бөхийн бэлтгэл хийж үзэх бодолтой байгаа гэсэн шүү. 2024 оны Парисын олимп Теддигийн хувьд сүүлчийнх гэнэ. Тэр нутагтаа алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэх хүсэлтэй бөгөөд өөртөө ч итгэлтэй байгаа аж. Харин тус олимпын дараа албан ёсоор зодог тайлж, гэр бүлдээ анхаарал хандуулахаа хэллээ. “Би хоёр охин, нэг хүүтэй. Парисын олимпын дараа сайн аав, ханийн үүргээ илүү сайнаар гүйцэтгэхийг хүсэж байна. Хүү, охин хоёр маань хэдийнэ жүдогоор хичээллэж эхэлсэн. Өөрийн брэнд жүдоги, кимоно Олон улсын жүдо бөхийн холбоогоор баталгаажуулсан. Энэ бизнесээ үргэлжлүүлэн хийнэ” хэмээн ярьсан юм. 
 
Ан Баул аварга “Монголд ирээд бэлтгэл хийж буйдаа баяртай байна. Тэдний дайчин чанараас суралцах зорилготой” хэмээн ярилцлагын эхэнд дурдсан бол монгол жүдочдын талаарх бодлыг нь сонсоход “Тэд их хүчтэй, тэсрэлттэй. Би хааяа тэдэнтэй барилдахаар сандардаг талтай. Монголд ирснийх үүнийгээ засна. Танай жүдочдын арга барилаас суралцаж, өөртөө хэрэгжүүлнэ” хэмээн ярив. Ан Баул ирэх сард Улаанбаатар хотод болох “Их дуулга”-д оролцохыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа ч бие дааж шийдвэр гаргах боломжгүй гэнэ. Дасгалжуулагч нарын шийдвэрийг л дагах ёстой аж. Хэрвээ дасгалжуулагч нь зөвшөөрвөл дуртайяа Монголд ирж барилдан, фэнүүдээ баярлуулахыг хүсэж байгаагаа ярьсан юм.
 
 
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин