сонин mn
“Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам эхлэхэд 24 хоног үлдээд байгаатай холбогдуулан Цагаан олимпын түүхэн замналыг спорт сонирхогчдод МҮОХ-ноос цувралаар хүргэж байгаа юм.
Өвлийн спортын тэргүүлэх гүрний нэгд зүй ёсоор ордог Норвеги улсад цагаан олимпын VI наадмыг зохион байгуулахаар ОУОХ шийдвэрлэсэн юм. Осло хоттой Италийн Кортина-д’Ампеццо, Америкийн Лэйк-Плэсид хотууд өрсөлдөж, санал асуулгад Осло 18, Кортина 9, Лейк-Плэсид 1 оноо авчээ. Өмнөх 5 олимпын дөрөвт нь багийн дүнгээр тэргүүлсэн норвегичууд энэ удаа нутаг дээрээ дахин манлайлна гэдэгт итгэл төгс байв.
Норвегийн ард түмэн олимп хүлээн авах болсон мэдээг баяртай хүлээн авч, гудамж талбайд томхон баяр наадам болж байжээ. Норвегичууд ямар нэг өвөрмөц зүйлээр түүхэнд тэмдэглэгдэхийг хүч байсан учир гүйлтийн тэшүүрийн тэмцээнийг 115 мянган үзэгчийн суудалтай хөнгөний цэнгэлдэхэд явуулахаар шийдэв. Энэ нь өвлийн олимпын түүхэн дээд амжилт болсон юм.
Мөн тэд олимпод зориулан уулын цанын шинэ замыг нийслэл Осло хотоос 113 км-ийн зайд орших Крёдсхерадад байгуулав. Түүнчлэн тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүс, сэтгүүлчдэд зориулан зочид буудал барьсан нь орчин үеийн тамирчдын тосгоны эхлэл байлаа.
 
Сонирхолтой баримтуудаас
 
Өмнөх олимпод улс төрийн шалтгаанаар оролцоогүй Герман, Японы баг энэ удаа эргэн иржээ. Тухайн үед зүүн, баруунаараа хуваагдаад байсан Германыг нэгэн тугийн дор оролцохыг ОУОХ санал болгосон ч Ардчилсан Германы баг энэ саналаас татгалзсан байна.
Зөвлөлт холбоот улс /ЗХУ/ дахиад л олимпын гадна үлдлээ. Дэлхийн томхон гүрнүүдийн нэг Зөвлөлтөд тухайн үед өвлийн спортын төрлүүд сайн хөгжөөгүй байсан гэдэг. Тиймээс том гүрний тамирчид бусдын элэг доог болохоос сэргийлэн ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарлах нь бий. Гэхдээ ЗХУ олимпод ажиглагчийн байр сууринаас оролцсон юм.
Цагаан олимпод Португал, Шинэ Зеландын баг анх удаа тоосоо өргөлөө. Нийт 30 орны 694 тамирчин /үүнээс 109 нь эмэгтэй/ зургаан спортын 22 төрөлд 22 багц медалийн төлөө өрсөлдөв. Бөмбөгтэй хоккей буюу бэндигийн спорт эхний бөгөөд эцсийн удаа олимпын хөтөлбөрт багтжээ.
Энэ удаагийн олимп зохион байгуулалтын хувьд өндөр түвшинд болж, ОУОХ-ноос магтаалын үг харамгүй сонссон гэдэг. Олимпын бамбарын буухиаг анх удаа эхлүүлсэн нь амжилттай болсон юм. Мөн уран гулгалтын талбайн мөсийг зориулалтын машинаар тавьсан нь тамирчдад ихэд таалагдсан байна.
 
Францын 12 настай хүү Ален Жиллети уран гулгалтад өрсөлдөж, өвлийн олимпын түүхэнд хамгийн залуу эрэгтэй оролцогчоор тодров. Тэрбээр Ослод дөнгөж долдугаар байр эзэлсэн ч найман жилийн дараа дэлхийн аварга болж байжээ.
Уулын цанын слаломын төрөлд Грекийн тамирчин Антин Милордос оролцсон бөгөөд 400 метр зайг туулахдаа 18 удаа унасан гэдэг. Сүүлдээ тэрбээр доош сууж, аажуухан гулгасаар барианд оржээ. Эмэгтэйчүүдийн слаломын төрөлд Америкийн Андреа МидЛоренс мөн л эхний эргэлт дээр унасан боловч үүнээс хойш чамбай уралдсаар хоёр уралдааны нийлбэрээр тэргүүлсэн байна. Унасан тамирчин олимпын аварга болсон түүх үүнээс өмнө болоод хойно хэзээ ч байсангүй.
Харин энэ олимпын гол баатар нь Норвегийн тэшүүрч Яльмер Андерсен байлаа. Тэрбээр 5000, 10000 метрт олимпын дээд амжилтыг эвдэн түрүүлэв. Мөн 1500 метрт өнгөлсөн. Гэхдээ энэхүү түрүүнд нь цасан шуурга багагүй тус болсон байна. Түүнийг замаа дуусгасны дараа цасаар шуурч, өрсөлдөгчдийнх нь цагаас багагүй хумсалсан юм.
 
 
Америкийн уран гулгагч Ричард Баттон Ослогийн мөсөн талбарт гурвалсан эргэлтийг анх удаа хийж, түүхэнд тэмдэглэгдэв. Энэ амжилтаараа тэр олимпын хошой аварга болсон билээ. Түүнд 10 шүүгч хамгийн дээд оноог өгсөн гэдэг. Энэ алдарт тамирчин олимпоос хоёр долоо хоногийн дараа дэлхийн аваргын тав дахь алтан медалиа аваад мэргэжилд шилжжээ.
Германы бобслейчид дөрөв болон хоёр хүнтэй багийн тэмцээнд аль алинд нь түрүүлэв. Багийн дөрвөн хүний нийлбэр жин 470 кг хүрч байжээ. 120 кг татдаг Лоренц Ниберл багийнхаа амжилтын гол үндэс байв. Бобслейн спортод тамирчид нь хүнд жинтэй байх тусам улам хурдалдаг. Энэ зүй тогтлыг немцүүд овжин ашиглаж чадсан байна. Харин олимпын дараа Олон улсын бобслейн холбооноос дөрвөн тамирчны нийлбэр жин 420 кг-аас илүүгүй байх ёстой гэсэн дүрэм гаргажээ.
Бөмбөгтэй хоккейн төрөлд Скандинавын хойгийн гуравхан улс оролцож Швед, Норвеги, Финланд гэсэн дарааллаар байр эзлэв. Бусдын нутаг дээр багийн дүнгээр илүүрхдэг норвегичууд энэ удаа дошин дээрээ 7 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль зүүн хол тасархай өнгөллөө. Гэвч тэдний энэ бахдам амжилтыг хоккейчид нь баллаж орхисон. Норвегийн шигшээ үнэнч хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө бүх найман тоглолтдоо хожигдож, сүүлийн байр эзэлсэн юм.
 
 
Канадын хоккейчид олимпын наадмаас ээлжит алтан медалиа авч, Америк, Шведийн баг удаалав. Тэд долоо дараалан ялаад сүүлийн тулаанд Америктай 3:3-аар тэнцжээ. Уг нь Чехийн баг авсан оноогоороо Шведтэй тэнцсэн. Гоолын зөрүү ч ойролцоо байлаа.
Шведүүд 48 шайб оруулж, 19-ийг алдсан бол Чехийн шигшээ 47 гоол хийж, 18-ыг хаалгандаа алдсан байна. Ингээд хоёр баг хүрэл медалийн төлөө нэмэлт тоглолт хийхэд шведүүд 5:3-аар ялсан юм.
Канадын хоккейчид ийнхүү эхний зургаан олимпоос таван алт, нэг мөнгөн медаль хүртэж, энэ спортын шилдэг гүрэн гэдгээ дахин нотолсон. Гэхдээ хоккейн эх орныхны хувьд энэ нь XX зуунд авсан сүүлийн алтан медаль байлаа. Учир нь дараагийн олимпоос ЗХУ гэсэн хоккейн хүчирхэг гүрэн тэдний замд хөндөлсөх болсон юм. Канадчууд Ослогийн олимпоос хойш чилийсэн 50 жилийг ардаа орхисоны эцэст 2002 онд Солт Лейкт аваргалсан билээ.
 
МЕДАЛЬ АВСАН ОРНУУД
 
Улс                Алт   Мөнгө  Хүрэл  Нийт
 
1.Норвеги       7        3          6       16
2. АНУ              4        6          1       11
3. Финланд      3        4          2        9
4. ХБНГУ          3        2           2        7
5. Австри         2        4           2        8
6-7. Итали       1        -           1        2
6-7. Канад        1        -          1        2
8. Их Британи  1        -           -        1
9. Голланд         -       3           -        3
10. Швед           -        -          4        4
11. Швейцар     -        -          2        2
12-13. Унгар      -       -          1        1
12-13. Франц    -       -          1        1
 
Нийт               22      22        23      67