сонин mn
Бодибилдинг фитнесийн ОУХМ М.Мойлоог онцоллоо. Тэрбээр дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Угалзцэцэгийн охин юм.
 
Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг Монголын бодибилдинг, фитнесийн нэгэн зууны түүхийг бичилцэж яваа чадварлаг тамирчин билээ. Түүнээс өөр дэлхийд дөрвөн удаа түрүүлсэн тамирчин одоогоор Монголд байхгүй. Уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимд хэрхэн өөрийгөө ялж, хоббигоо мэргэжил, цаашлаад амжилт болгож болдгийн тод жишээ нь Г.Угалзцэцэг юм. Тэгвэл түүний охин ч мөн адил энэ спортод амжилт гаргаад эхэллээ. Өдгөө 24 настай М.Мойлоогийн хувьд уг нь АШУИС-ийг төгссөн, эмч мэргэжилтэй. Гэвч ээжийнхээ адил спортын ертөнцөд эргэлт буцалтгүй орсон.
 
 
Түүний хувьд ямарваа тэмцээн, уралдаанд явахдаа үргэлж ээжтэйгээ хамт оролцдог азтай нэгэн. Голчилж өрсөлддөг төрөл нь “Бикини” ажээ. Энэ нь эмэгтэй хүний биеийн хөгжлийг харуулахаас гадна гоо сайхан, бие бялдарын зөв тэгш байдлыг илэрхийлдэг юм байна. Мойлоо ээжтэйгээ хамт Олон улсын тэмцээнд оролцож Дэлхийн аваргаас “Junior” буюу залуучуудын бикини ангилалд хүрэл, Хятадад болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн ирээдүйтэй тамирчин. Үүнээс гадна Улсын аваргын залуучуудын алт, Оюутны аваргын мөнгө, “IFBB Pro Qualifier Mongolia” тэмцээний хүрэл медаль гээд түүний спортын замнал чамлахааргүй амжилтаар эхэлж байгаа юм.
 
 
Гавьяат тамирчин охиныхоо тухай “Миний охин намайг дөрвөн цаг бэлтгэл хийвэл таван цаг бэлтгэл хийдэг. Би нэг килограмм жин хасвал 1.5-ийг хасахын төлөө хөдөлмөрлөдөг. Түүнд минь шаргуу хөдөлмөрч зан бий. Охиноо хамгийн төгс, үзэсгэлэнтэй, мотаршгүй бикини моделын тамирчин болно гэдэгт итгэдэг” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.
 
 
“БАГШАА Л ЗӨВ СОНГОХ НЬ ЧУХАЛ”
 
М.Мойлоогийн хувьд өнгөрсөн онд АНУ-д болсон зэрэглэл өндөртэй “Mr.Olympia Amateur” тэмцээнд оролцож, “Бикини” төрөдд тавдугаар байрт шалгарсан юм. Энэ тэмцээнийхээ дараа “Энэ спортод дурлуулсан ээж, аавдаа баярлаж байна. Сайн тамирчин болохын төлөө хөдөлмөрлөнө” гэж байв. Түүний хувьд "бикини" ангилалд -60 буюу 160см-аас доош ангилалд өрсөлддөг. 2018 онд Тайландад болсон Бодибилдинг, фитнессийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний “Women`s Model bikini” төрөлд хүрэл медаль хүртсэн юм. Мөн 2019 онд 28 дахь удаагийн Бодибилдинг фитнессийн УАШТ-ий алтан медалийн эзнээр тодорсон билээ. Тэрбээр “Манай гэрийнхэн бүгд спортоор хичээллэдэг учир намайг анх хичээллэнэ гэхэд эсэргүүцэх хүн байгаагүй.
 
 
Спортоор хичээллэж, амжилт гаргая гэж бодвол эхлээд багшаа л зөв сонгох ёстой. 
 
 
Миний хувьд анх ээжээсээ зөвлөгөө авдаг байсан. Ээж минь тамирчин учир миний суурийг их сайн, зөв тавьсан гэж боддог. Харин хэрхэн үр дүн гарах нь тухайн тамирчны тэсвэр тэвчээрийн асуудал” гэсэн юм. М.Мойлоогийн хувьд өдөрт 3-4 цагийг заавал бэлтгэлдээ зориулдаг гэсэн. Мөн биеийн бэлтгэлээс гадна сэтгэлзүйн бэлтгэлтэй байхыг тамирчнаас спорт шаарддаг ажээ. Учир нь тэмцээн л учир ялж, ялагдана. Тиймээс аливаад сэтгэлээ бэлдэж чаддаг байх нь тамирчин хүний нэг давуу тал юм байна. М.Мойлоогоос хамгийн дурсамжтай тэмцээнийх нь тухай асуухад 2017 онд Хятадад болсон олон улсын тэмцээн гэж хариулсан юм. Учир нь тэрбээр тухайн тэмцээнд ээжтэйгээ хамт оролцож, нэг тайзан дээр зогсчээ.
 
 
 
Ч.Гантулга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин