sonin.mn
Серб улсын нийслэл Белград хотноо ирэх 11 сарын 6-ны өдөр хүртэл явагдах 2021 оны Боксын дэлхийн аварга шалгаруулах XXI удаагийн тэмцээний нээлтийн ажиллагаа болж тоглолтын албан ёсны сугалаа тодорхой болжээ. Уг тэмцээнд оролцохоор 105 орон мэдүүлэгээ өгсөн байсан боловч эцсийн байдлаар 88 орны 510 тамирчин өрсөлдөх юм байна.
 
 
Тодруулбал Африк тивээс 11 орны 41, Америк тивээс 19 орны 86, Ази тивээс 20 орны 137, Европ тивээс 38 орны 246 боксчид өөр хоорондоо сугалаа таарч өрсөлдөхөд бэлэн болоод бэлтгэлээ ид базааж байна. 
 
 
 
Тоон үзүүлэлтээс цухас дурдхад энэ дэлхийн аваргын тэмцээний нийт 13 жин тус бүрд тамирчдаа оролцуулахаар Герман, Польш, ОХУ, Турк, Украйн, Узбек, Кени, Казахстан, Энэтхэг улс бүрэн бүтэн баг илгээсэн бол 12 орон зөвхөн “галзуу” ганц найдвараа явуулаад араас нь анхааралтай харж суугаа бололтой. Манай улсын хувьд 9 жинд хөвгүүдээ илгээсэн ч 75 кг-ын жинд тоглох гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн ковидын шинжилгээний хариу эерэг гарсан шалтгаанаар оролцох боломжгүй болсон сурагтай. Үлдсэн 8 жинд эхний даваандаа манайхан хаа газрын хэнтэй таарсныг бага зэрэг задлах гээд үзье.  
48кг. ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ Непал улсын тамирчин Рабин Тапатай тулах нь. Тапагийн хувьд өмнө нь маршал арт болон холимог тулааны төрлөөр явж байсан туршлагатай нэгэн бололтой. Сүүлийн үед Непалчууд боксоор илт сайжраад "овоо" байгаа. Манай Ган-Эрдэнэ энэ нөхрийг “машиндчихвал” дараагийн учраа нь эхний тойрогтоо гоц мөргөсөн Германы залуу тамирчин Кристофер Гоман байх болно. Манай тамирчны хэсэгт Казах, Узбек, Турк, Серб, Ирланд, Болгар, Кени, Шири Ланкийн боксчид орсон харагдана.
51 кг. ОУХМ Хархүүгийн Энхмандах Азербажаны тамирчин Масуд Юсуфзаде хоёрын ялсан нь Пуэрто Рико Шотланд хоёрын дундаас гарч ирсэнтэй тоглоод хожвол шилдэг наймд орж ирэх боломжтой. Манай хүн энэ наймд шалгарч чадвал Турк эсвэл Тайландтай хүрэл медалын төлөө тулж мэдэхээр байна. Тэрээр өөрийн хэсэгтээ Орос, Куба, Казах, Узбек гээд луугар “дайснуудтай” нэг дор биш ядаж л эвгүй хурц өрсөлдөгч Энэтхэг Хятад Солонгос эсвэл Герман, Польш, Болгар, Серб аль нь ч биш их дажгүй сугалаа таарчээ. 
54 кг-д СМ Энх-Амгалангийн Баярсайхан Тайландын 20 настай залуу боксчин Патифан Утайдатай үзэхнээ. Ялсан тохиолдолд Унгар, Барадос хоёрын хэн ялж гарч ирсэнтэй. Бүр цаашилбал олимп дэлхийн аварга Узбекийн Шахобидин Зойров Сербийн нэрийн өмнөөс орж байгаа Буриадын Тамир Галанов, Италийн Мануэл Каппа, Японы Томояа Цубой нарын дундаас гарч ирсэнтэй медалын төлөө тоглох боломж бий.
57 кг-д ОУХМ Хархүүгийн Энх-Амар Казахын Серик Темиржановтой тоглоно. Цаашаа Японыг ялж байж Орос Турк Польш Ирланд дараа нь медалын төлөө Куба, Герман, Армян, Энэтхэг гээд хатуухан учраануудын аль ялаад гарч ирсэнтэй өрсөлдөнө. Аваргыг ялж аварга болдог хойно манай хүү ч тэднээс бэргэж цэрвээд байх юмгүй үзэж тарах бизээ.
60 кг-д СМ Оюунбаатарын Тулга аралын Тринадод Тобаго улсын Донель Филипптэй таарчээ. Дараа нь Израйль Финланд хоёрын ялсантай нь тоглох ёстой. Финландын чечень гаралтай боксчин Арслан Катаев нь тулааны өөр төрөлд ч хүчээ сорьж байсан туршлагатай нөхөр юм билээ. Энэ жин эрт эдүгээ хэзээнээсээ монголчуудын гол найдвараа тавьдаг тоо тул элдэв таамаг бичилгүй ингээд сул үлдээх нь зүйтэй байх.  
63.5 кг-д СМ Баттөмөрийн Мишээлт Грекийн Василесос Макриганистай тулалдана. Гараад ирвэл Тайванын боксчинг хожиж байж Узбек, Киргиз, Япон гурвын аль ялсантай таарч тоглоод цаашлах хэрэгтэй болж байна. 
67 кг-д ОУХМ Баатарсүхийн Чинзориг Гватемалын боксчин Карлос Тобартай тоглоно. Ялаад гарч ирвэл Мексик Унгарын аль ялсаныг дахиж хожоод Узбек, Казах, Серб, Польш зэрэг нилээд төвөгтэй учраануудын аль нэгэнтэй таарч ялж байж хагас финалд хүрэх ёстой болж байна.  
71 кг: СМ Отгонбаатарын. Бямба-Эрдэнэ эхний тойрогт хийлсэн. Дараагийн тойрогт Польшийн Доминик Кида, Таиландын Пийрапат Ясунгнон нарын ялсантай тулалдахаар харагдана. Манайхны оролцож байгаа хамгийн хүнд жин тул үүнээс цаашихыг битүү хэвээр үлдээе. 
За тэгээд манайхан Белградын рингэнд хэрхэн тулалдахыг харах цаг ирж байна. Тив дэлхийн шилдэгүүд цугларч байгаа хойно хөнгөн зөөлөн амархан даваа гэж байхгүй нь ойлгомжтой. Тэртээ 43 жилийн өмнө Белградаас ах нарынхаа авчирч чадаагүй медалыг аваад зүүгээд ирээрэй. Бүх хөвгүүддээ амжилт ялалтыг хүсье!  
 
 
Д.Цэрэндорж