sonin.mn
Шатар улам бүр асар олон тооны хүмүүсийн эрхэлдэг ажил, хувь хүнийг хөгжихөд тусалдаг арга хэрэгсэл болсоор байна.
Шатар бол хүүхдэд баяр баясгалан, сэтгэл ханамж авчирдаг тоглоом төдийгүй, тэдний оюун ухааныг хөгжүүлэх, ухаандаа эрэгцүүлэн бодох чадварыг төлөвшүүлэх үр нөлөөтэй хэрэгсэл мөн. Шатар тоглох нь хүүхдийн дүрслэн бодох сэтгэлгээ, логик сэтгэлгээг хөгжүүлж, зорилго тэмүүлэлтэй, хэрсүү, буурь суурьтай болгон хүмүүжүүлдэг.
 
 
 
Шатар тоглож сурсан хүүхэд нь нягт нямбай, өөртөө шүүмжлэлтэй ханддаг, бие даан бодож шийдвэр гаргах чадвартай, эцсээ хүртэл тэмцдэг, ялагдахад сэтгэлээр унадаггүй дадалтай болсон байдаг. Шатар тоглодог хүүхдийн сурлагын амжилт өндөр байдаг нь туршилтаар нотлогдсон байна.
 
 
 
Шатраар хичээллэх нь хүүхдэд ойлгоц, анхаарал, дүрслэн бодолт, ой тогтоолт, сэтгэхүй зан төлвөө удирдах эхний хэлбэрүүд зэрэг сэтгэцийн олон процесст нь эерэг нөлөө үзүүлдэг байна. Шатрын тоглолт нь эрт дээр үеэс нийгмийн онцгой ач холбогдолтой байсан чухал шинж чанаруудыг цогцоор хөгжүүлж чадцаг, хүн төрөлхтний бодож олсон чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн шилдэг, сонирхолтой аргын нэг болжээ.
 
 
 
Ерөнхий боловсролын орчин үеийн үзэл баримтлалын төвд хүүхдийн бүтээлч чадварыг хөгжүүлэх асуудал тавигдаж байгаа билээ. Үүнд хүүхдийг шатар тоглож сургах нь чухал түлхэц өгөх юм.
 
 
 
Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ бага наснаас нь шатар тоглож сургах нь тэдний ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт мөн.
Иймд “Монгол айл өрх бүр нэг шатарчин төрүүлье!” гэсэн уриа дэвшүүлж байна.
 
 
 
Л.ҮРЖИНДОРЖ /Ахмад шатарчин\