sonin.mn
Токиогийн зуны паралимпийн наадмын жүдо бөхийн төрөлд манай улсаас гурван тамирчин оролцож, гурвуулаа шагналт байрт шалгарсан амжилттай эх орондоо ирсэн билээ. Тэдний нэг нь олон улсын хэмжээний мастер Аажимын Мөнхбат юм. 2008 оноос жүдо бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн тэрбээр гурван ч паралимпийн наадамд оролцсон туршлагатай бөгөөд манай шилдгүүдийн нэг. Түүний хувьд хүүхэд ахуйгаасаа үндэсний бөх, чөлөөт бөх, жүдогоор хичээллэсэн нэгэн. Дэлхийн хараагүйчүүдийн наадмаас алт, мөнгө, Азийн паралимпийн наадмаас мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн түүнтэй ярилцсанаа хүргэе.
 
-Юун түрүүнд паралимпийн наадамд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Тэмцээнийхээ талаар товч мэдээлэл өгөөд ярилцлагаа эхлүүлэх үү?
 
-Баярлалаа. Энэ удаагийн наадам миний гурав дахь паралимп байлаа. Анх 2012 оны паралимпийн наадамд 60 кг-д зодоглож байсан бол 2016, 2020 онд ундсэн жиндээ буюу 66 кг-д өрсөлдсөн. Уг нь паралимпийн наадамд түрүүлэх зорилготой очсон. Түрүүлдэггүй юмаа гэхэд медаль дээр буух боломж байлаа. Харамсалтай нь, өөрийнхөө жижиг алдаанаас болоод медальгүй үлдсэн дээ. 
 
-Барилдаануудаа товчхон дүгнэвэл?
 
-Эхлээд Австрийн бөхийг цэвэр ялсан. Өмнө нь хоорондоо таарч байгаагүй тамирчин байсан. Дараа нь 66 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж буй Украины бөхөд ялагдлаа. Энэ бөхтэй би өмнө зургаан удаа таарч барилдахдаа хоёр ялж, дөрөв ялагдсан байв. Сүүлд Бакугийн гранпригийн шөвгийн дөрөвт таарахдаа дийлдсэн байсан юм. Тэгсэн чинь Токиогийн дэвжээнд дахин таарлаа. Санаснаа хийх гэтэл нэг л болж өгдөггүй. Тэгээд л ялагдсан даа. Харин торгуулийн тойрогт Японы бөхөд харамсалтай ялагдсан. Уг нь вазаригаар хошуучилж явсан ч 30 гаруй секундийн өмнө шийдсэн мэхэнд нь орчихсон, харамсалтай. Юу болоод өнгөрөв өө, би юу хийчих вэ дээ гэж бодсон. Өмнө нь нэг таарахдаа ялсан байсан учраас өөртөө итгэлтэй, сэтгэл зүйн хувьд давуу байсныг хэлэх үү. Эцсийн мөч хүртэл вазаригаар унасан байгаасай гэж бодсон. Даанч шүүгч цэвэр ялалт заасан даа. Хэдийгээр би түрүүлж вазари авсан ч хоёр торгуультай байсан учраас хөдөлгөж барилдахаас өөр аргагүй байдалд байлаа. Идэвх үзүүлэхгүй бол хоёуланг нь торгоод, би торгуулиар ялагдах гээд байсан юм. Эзэн орны бөх шүү дээ. Бүх зүйл хормын дотор болоод өнгөрсөн шүү. Ер нь бол би маш тайван, бэлтгэл ч сайн ханасан байлаа. Тэгээд тухайн өдрийн тэнгэр ивээгээгүй юм байлгүй.
 
-Дэлхий дахиныг хамарсан коронавирусийн цар тахлын улмаас манай улсын тамирчид бэлтгэл сургуулилалт хийх боломж тийм ч сайнгүй байсан гэж харж байна. Таны хувьд бэлтгэл хэр сайн байв? 
 
-Бэлтгэл сайн байсан шүү. Биеийн тамир, спортын улсын хорооноос тамирчдыг ‘‘Найрамдал”-д нэгдсэн бэлтгэлд гаргасан. Дараа нь Хандгайтад, мөн Батсүмбэрт, сүүлд “Мон-Алтиус” дээр 21 хоног бэлтгэлээ базаалаа. Хамгийн онцлууштай нь Монголын паражүдогийн холбооны ерөнхийлөгч, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ах маань бидний бэлтгэлийг өөрөө гардаж хийлгэсэн. Жин хасахад хүртэл хамт байж, өөрийнхөө чадвараас харамгүй хуваалцаж, бидэнтэй хамт байсан шүү дээ.
 
 
Цагаанаа гавьяатаас маш их зүйл сурсан. Тэр ч утгаараа паралимпээс медаль авна гэдэгтээ итгэлтэй явсан ч чадаагүй. Энэ дашрамд, Х.Цагаанбаатар ахдаа баярлалаа, бас уучлаарай гэж хэлье. 
 
 
-Японы бөхөд ялагдсаны дараа танд юу бодогдов?
 
-Парисын паралимпийн наадамд барилдана л гэж бодсон. “Парис-2024”паралимпээс медаль авч, намайг үргэлж дэмжиж тусалдаг хүмүүсийнхээ, Монголын ард түмнийхээ ачийг хариулна гэж бодож байна. Гуравхан жил юу байх вэ. 2021 он дуусч байна. Тэгэхээр бараг хоёр жил л үлдлээ.
 
 
 
Бүх алдаагаа засаад, 2024 оны паралимпийн наадмын медалийн тавцанд зогсож байхыг хүсч байна. Энэ бол миний ойрын хамгийн том зорилго.
 
 
 
Тиймээс одооноос бэлтгэлдээ анхаарлаа хандуулна. Надад олон хүн итгэж байсан. Тэр хүмүүсийг итгэлийг алдсандаа харамсаж байна.
 
-Та гурван наадамд оролцсон хүн. Гурвуулаа өөрийн гэсэн онцлогтой байсан байх. Энэ жил л гэхэд цар тахлын хатуу дэглэмийн дор, үзэгчгүй боллоо шүү дээ. Гурван наадмаа харьцуулбал?
 
-Анх 2012 онд Лондонд болсон паралимпийн наадамд 60 кг-д зодоглосон. Юугаа ч мэдэлгүй очсон, оролцсон, ялагдсан. Жин их хассан болохоор маш их ядарсан байсан. Учир нь, би өөрийн жиндээ эрхээ авч чадаагүй. Паралимпийн наадмын жүдогийн төрөлд эхний 12 тамирчин өрсөлдөх эрхээ авдаг. Миний хувьд 13 дугаарт эрэмбэлэгдэж, яг урдуураа таслуулсан. Ингээд нутагтаа очоод байтал намайг гавьяат тамирчин Б.Ууганхүүгийн оронд явуулахаар болсныг хэлээд дуудсан. Тэр үед Ууганаа маань бэртэл аваад наадмыг өнжсөн юм. Олигтой бэлтгэл ч хийх боломж гараагүй, надад. Жинтэйгээ зууралдсаар Лондоныг зорьсон. Ядарсан хүнээс барилдаан гарахгүй нь ойлгомжтой. Нэг л мэдэхэд ялагдсан. Юу ч болоод байгаа юм бүү мэд. Ийм л наадам болсон доо. Харин 2016 онд нэлээд сайн бэлтгэлтэй, медаль авах ч боломжтой байлаа. Хөдөлмөрийн баатар О.Балжинням багшаар удирдуулан жүдо бөхийн шигшээ багийнхантай хамт бэлтгэл хийж, 100 хувийн бэлтгэлтэй байсан. Жүдочдын хийдэг бүх бэлтгэлийг хийсэн байлаа. Өөрийнхөө үндсэн жинд оролцож байгаа учраас түрүүлэх зорилготой очсон ч жингээс болоод барилдаж чадаагүй. Жин илүү байсан учраас хасагдсан даа. Харамсмаар байгаа биз. Токиод бүх зүйл өөр байсан. Үзэгчгүй байгаа нь амар санагдсан, надад боломж олгож буй мэт. Х.Цагаанбаатар ахын хэлж, ярьж байгааг сонсоод л... Энэ хүн бидэнтэй хамт яваад, бүхий л хэрэгтэй зөвлөгөөг өгч, өөрөө бидний бэлтгэлийг хийлгэсэн нь маш том давуу тал байсан юм. Би хувьдаа маш их баярлаж байгаа, Х.Цагаанбаатар ахад. Даанч жижиг алдаанаас болоод боломжоо алдсан.
 
 
-Зохион байгуулалт ямар байв. Токиогийн паралимп танд ямар дурсамж үлдээв?
 
-Токиод анх удаа хөл тавилаа. Маш гоё цэгцтэй, хүмүүс нь найрсаг сайхан орон байна билээ. Би өмнө нь Японд очиж үзээгүй. Очих үзэх юмсан гэсэн мөрөөдөлтэй. Гэтэл эрхээ аваад Токиог зорих нь тодорхой болсон мөчөөс эхлээд догдолсон. Хүн ер нь залуу байгаа дээрээ газар орон үзэх хэрэгтэй юм билээ. Аргагүй л өндөр хөгжилтэй, биширмээр орон байсан шүү. Маш их таалагдсан. Зохион байгуулалтын хувьд яриангүй супер, өндөр зэрэглэлтэй. Хүнтэй харьцаж байгаа нь хүртэл нэг л өөр. Паралимпийн наадамд үйлчилж буй хүмүүсийн харилцаанаас эхлээд бүх талаараа үнэхээр сайхан мэдрэмж, дурсамж үлдээжээ. Өндөр хөгжилтэй орны хүмүүс нь хүртэл соёлтой байдаг юм байна. Зам харгуйгаас эхлээд хөгжлийн дээд цэгтээ хүрсэн мэт санагдсан шүү.
 
-Жин хасах нь тамирчдын хувьд бас нэг том сорил болдог гэж ярьдаг. А.Мөнхбатын хувьд хэдэн кг хасдаг вэ?
 
-6-7 кг л хасдаг. Бэлтгэлгүй үед миний жин 73 кг болно. Эндээс л жингээ хасна даа.
 
-Багадаа чөлөөт бөхөөр барилдаж байсан гэж сонссон. Хэдийд нь жүдо руу “урвачихав”?
 
-Ер нь багаасаа л ноцолдох, барилдах дуртай хүүхэд байлаа. 2003 онд Увс аймгийн баяр наадмын хүүхдийн барилдаанд шөвгийн дөрөвт шалгарсан. Эндээс урамшиж, бөхийн спортод хорхойссон. Шалихгүй мөртлөө сумын наадмууд хэсч барилдана. Аймгийн тойргийн барилдаанд оролцоно. Цолонд хараахан хүрч чадаагүй. Сумын наадамд дээд тал нь дөрөв давсан байдаг. Улсын аварга П.Бүрэнтөгс бид хэд нэг үеийнхэн. Харин их спортод хөл тавьсан нь 2006 оноос эхлэлтэй. Тухайн үед Увс аймгийн “Шандас” клуб дээр чөлөөт бөхийн секцэнд бэлтгэл хийж, аймгийнхаа тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн түүхтэй. Жүдогийн тамирчин болсон түүх нь ийм. Манай аймгийн хараагүйчүүдийн холбооны тэргүүн Болдбаатар ах намайг хайж гэрт ирсэн юм билээ. Би тухайн үед нь хадланд гарчихсан байж. Энэ хүн утасны дугаараа үлдээгээд, холбоо барихыг санал болгосон юм байна. Ингээд уулзахад надад боломжуудын талаар мэдээлэл өгч, тэмцээн нь болох гэж байна Улаанбаатар руу тэмцээнд явах уу гэдэг санал асуусан. Тухайн үед зардал мөнгө хэцүү байсан ч боломжуудыг нь сонсоод шууд л явах хүсэл төрсөн. Хэрвээ харааны бэрхшээлтэй гэдэг шалгуурт тэнцэхгүй бол би зардлаараа шатаад буцна шүү дээ. Гэхдээ энэ тухай огт бодоогүй. Зөвхөн олон улсад явах тухай л бодсон. Тэр л нүдэнд харагдсан хэрэг. Улмаар хараагаа шалгуулж тэнцээд Монголын бүх ард түмний спартакиадад оролцоод түрүүлсэн. Хөл аваад, хонгодоод, өмсөөд түрүүлж байлаа. Эндээс л жүдогийн амьдрал минь эхэлсэн дээ.
 
-Бас л эрсдэлтэй алхам хийж шүү?
 
-Тийм шүү. Хот мэдэхгүй, анх удаа Улаанбаатарт очих гэж байгаа хүн. Газар мэдэхгүй хэрнээ зориглоод л ирсэн. Ерөөсөө л би хараа муутай юм чинь тэнцэнэ гээд өөртөө итгэсэн байж. Тэгээд нөгөө олон улсын тэмцээн нь нүдэнд харагдаад. Одоо бодоход тэр зориг минь зөв байсан байна. Хэрвээ тэгэхэд зориг гаргаагүй бол өдийд би жүдогоор хичээллээгүй, паралимпэд оролцохгүй байсан шүү дээ. 2008 онд түрүүлж, дараа жил нь улсын аваргад бас түрүүлсэн. Тухайн үед ҮБТДС-ийн багш Батсүх гэж хүн надтай уулзаад “Энд ирж бэлтгэл хийх үү. Би пара жүдогийн дасгалжуулагч юм. Чи асуудлаа шийдчихээд хүрээд ир. Би чамайг бөх болгоно” гэсэн. Гэтэл өвөл нь телевизээр түүнийг бурхан болсон гээд эмгэнэл нь гарсан юм. Харин гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэн багш надтай уулзсанаар эргэлт буцалтгүй хотын иргэн болж, бэлтгэлээ хийж эхэлсэн дээ. Ер нь их адал явдалтай байсан шүү.
 
-Та анх олон улсын ямар тэмцээнд оролцсон юм бэ?
 
-Гуанжоугийн Азийн наадам. Том тэмцээнээр эхэлсэн байгаа биз. Бүр мөнгөн медалиар энгэрээ мялааж байлаа. Тэр цагаас хойш Инчёон, Жакартагийн наадамд оролцож, хүрэл медаль авсан. Азийн наадмын нэг мөнгө, хошой хүрэл медальтай. Мөн хараагүйчүүдийн дэлхийн наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн байна. Одоо паралимпээс медаль авчихвал миний жүдогоор хичээллэсний хэрэг бүтэх гээд. Тиймээс гол анхаарлаа Парисын паралимпийн наадамд хандуулж байна даа.
 
-Ингэхэд жилд олон улсын хэчнээн тэмцээн болж, манайхан хэдэд нь оролцдог вэ?
 
-6-7 тэмцээн болж байгаа юм. Манайхан 3-4 тэмцээнд оролцдог. Төсөв, санхүүгээс эхлээд хүндрэлтэй асуудал бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд хөгжил нь ч сайжирч, тэмцээний тоо ч нэмэгдэж байна. Ямар ч байсан чансааны өндөр оноотой тэмцээнүүддээ оролцоод явдаг. 
 
-Ойрын үед ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?
 
-Ирэх жил Азийн наадам, дэлхийн аваргатай. Энэ хоёрт оролцоно доо. Тиймээс удахгүй бэлтгэлдээ орно.
 
-Олон улсад амжилт үзүүлдэг тамирчдыг ивээн тэтгэх сонирхолтой аж ахуй нэгж, байгууллага олширсон. Таны хувьд аль нэг байгууллагад харьяалагддаг уу?
 
-Тамирчин хүний амжилтын гол үндсийн нэг нь ивээн тэтгэгч шүү дээ. Миний хувьд “Сүү” хувьцаат компани, “Мөнххада” компанийн тамирчин гэж явдаг. Цалингийн доод хэмжээ 420 мянган төгрөгөөр сар бүр цалинжиж байна. Энэ ташрамд, дээр дурдсан хоёр компанийн хамт олондоо, удирдлагуудад нь чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Намайг бүх талаар дэмжиж, үргэлж тусалж, урам зориг хайрладагт баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг олон сайхан амжилтаар хариулна.
 
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?
 
-Баярлалаа. Энэ боломжийг ашиглаж намайг дэмждэг бүх хүнд баярлаж явдгаа хэлмээр байна. Монголын паралимпийн хороо, БТСУХ, шигшээ багийн алба, Спортын анагаах ухааны алба, бэлтгэл хангалцсан олон улсын хэмжээний мастер О.Ууганбаатар, дасгалжуулагч Б.Нарантуяа, Т.Мөнгөнтуяа нартаа баярлалаа. Мөн бүх талаар тусалж, үргэлж зөвөөр үлгэрлэдэг хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар ахдаа, надад өдий болтол чаддаг бүхнээ харамгүй заасан гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэн багшдаа баярлалаа. Бас уучлаарай гэж хэлье. Гурван жилийн дараа болох “Парис-2024” паралимпийн наадмаас заавал медаль хүртэж, та бүхнийгээ баярлуулна.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин