sonin.mn
Азийн олимпийн зөвлөлөөс 2022 оны есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаад буй электрон спортын төрлүүдийг зарлалаа. Е sport-ынхон Азийн наадамд PUBG Mobile, Dota 2, Hearthstone, League of Legends, FIFA, Street Fighter V, Arena of Valor, Dream of the Three Kingdoms 2 гэсэн найман төрөлд медалийн төлөө өрсөлдөхөөр болжээ.
 
 
 
Спортын төрлүүдээ эрт зарласан нь оролцох багуудад бэлтгэлээ базаах хугацаа өгч байгааг Азийн олимпийн зөвлөлийн техникийн албаны захирал Хусейн Аль-Муссаллам ярьсан байна. Мөн тэрбээр “Тэмцээнийг энгийн үзэгчдийн сонирхлыг татахуйц гайхалтай орчинд явуулах болно” гэжээ.
 
 
 
Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 16-нд Оманы Мускат хотноо болсон Азийн олимпийн зөвлөлийн ерөнхий ассамблейгаар электрон спорт нь Азийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан билээ.
 
 
 
Б.Дэмбэрням
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин