sonin.mn
НЬЮ-ЙОРК. /CNN/. “Токио-2020” зуны Олимпын наадам коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон хэдий ч лхагва гарагт тийнхүү Япон, Австралийн софтболын багийн тоглолтоор эхэллээ.
Наадам эхэлж буй нь хэвийн амьдралдаа эргэн орохыг илтгэх хэдий ч үйл явдал өөрөөр эргэж болзошгүй юм. Спорт дэлхий дахинаа үргэлжилж буй хямралаас сатаарах сайхан боломжийг олгоно. Гэсэн ч бодит байдлыг үл мартахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус бидэнд уриаллаа.
“Олимпын бамбар 8 дугаар сарын 8-нд бөхөх үед 100 мянга гаруй хүн хорвоог орхих болно. Цар тахал бол шалгуур бөгөөд дэлхий дахин түүнд нь унаж байна. Цар тахал дууссан гэж бодож буй хүмүүс тэнэглэлийн ертөнцөд амьдарч байна” хэмээн Тедрос Аданом хэлсэн байна. 
Халдварын тохиолдлын тоо дэлхий дахинаа тэр дундаа Японд өсөн нэмэгдсээр буй энэ үед ДЭМБ-ын тэргүүн ийнхүү мэдэгджээ. Токиод нэгдүгээр сараас хойш өдөрт илэрсэн халдварын хамгийн олон тохиолдол лхагва гарагт бүртгэгджээ. Япон халдварын тохиолдлын тоог тогтоон барихаар шамдаж байгаа ч “Токио-2020”-г зохион байгуулагчид наадмыг хийнэ гэж нэгэнтээ зүтгэсэн юм. Гэсэн ч наадмын нээлтийн ёслол болоход ганц хоног үлдээд буй энэ үед Япон нийтийн эрүүл мэндийн хүрээнд арга хэмжээ авч хэрэгжүүлснээр дэлхий даяар тархалт нэмэгдэхээс урьдчилан сэргийлж чадах эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.
Олимпын наадамд оролцохоор дэлхийн 200 гаруй орны 11 мянга гаруй тамирчид хүрэлцэн ирж байгаа бол наадамтай холбоотой ажиллаж буй хүмүүсийн дунд халдварын тохиолдлын тоо 79 болоод байна. Тэдний 5 нь Олимпын тосгоны оршин суугчид бол 3 нь тамирчид юм. АНУ-ын гимнастикч Кара Икер, сагсан бөмбөгчин Кэти Лу Самуэльсон, теннисчин Кори Гауфф нарын коронавирусний шинжилгээний хариу эерэг гарснаар Олимпын мөрөөдөлдөө хүрэх боломж нь багасаж байна.
Үүнээс гадна нийгмийн эрүүл мэндийн салбарт нүүрлээд буй хямралын үеэр спортын томоохон уралдаан тэмцээн явуулахыг иргэдийнх нь дийлэнх нь эсэргүүцэж байгааг Японд явуулсан олон нийтийн санал асуулгууд харуулж байна. Олон улсын Олимпын хороо анх удаа гадаадын хөгжөөн дэмжигчдийг тэмцээн үзэхийг нь хориглох үед Токио онц байдлын дэглэмээ 8 дугаар сарын 22-ныг хүртэл сунгасан билээ.
Түүнчлэн АНУ цар тахлын нөхцөл байдал ноцтой байгааг мэдэгдээд, эрүүл мэндийн салбарын онцгой нөхцөл байдлаа сэргээжээ.
 
 
 
Хурдан тархдаг “Дельта” хувилбараас үүдэлтэй коронавирусний халдварын тохиолдлууд сүүлийн 3 долоо хоногийн хугацаанд АНУ-д бараг гурав дахин нэмэгдэж, 44 муж улсад өссөн үзүүлэлтүүд ажиглагджээ. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ “Дельта” хувилбар нийт халдварын тохиолдлуудын дийлэнх олонх буюу 83 хувийг эзэлж байна гэв.
 
 
 
“CDC”-ийн дарга, доктор Рошель Валенскигийн мэдэгдсэнээр, коронавирусний үзүүлэлт муудаж байгаагийн цаана нийтлэг нэг шалтгаан байна гэжээ. “Уг шалтгаан нь вакциндаа хамрагдаагүй хүмүүсийн цар тахал юм. Халдвар авсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн 97 гаруй хувь нь вакцин хийлгээгүй. Нас барсан тохиолдлуудын 99 хувь нь мөн вакциндаа хамрагдаагүй хүмүүс байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Үүний зэрэгцээ вакцинжуулалтын үзүүлэлтүүд ч мөн АНУ-д зогсонги байдалд оржээ. “CDC”-ийн мэдээлснээр тус улсад хүн амын тал орчим хувь нь вакциндаа бүрэн хамрагджээ. Харин вакцинаа хийлгээгүй хүмүүсийн дийлэнх нь вакциндаа хамрагдах магадлал бага байгааг судалгаа харуулжээ. “Вакцинжуулалтыг сунжруулж буй хүмүүс бодлоо өөрчлөхгүй бол манай улсад нэлээд хугацаанд халдварын дэгдэлт тасрахгүй гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах зөвлөх, доктор Энтони Фаучи анхааруулав. 
“Дельта” хувилбар давамгайлж буй Их Британид мөн халдвар, нас баралтын тохиолдлын тоо  өсөж байна. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон хязгаарлалтыг цуцалснаар нас баралтын тохиолдол улам нэмэгдэж болзошгүйг хүлээн зөвшөөрсөн хэдий ч ийм алхам хийх эрсдэлийг үүрчээ.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: монцамэ агентлаг