sonin.mn
Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний шилдэг дөрвөн баг тодорлоо. Итали, Англи, Испани, Данийн шигшээ цомын төлөө өрсөлдөх аяллаа үргэлжлүүлэх нь. Хагас шигшээд шалгарсан дөрвөн багаас түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар мэргэжилтнүүд Италийг нэрлэж байна. Тэгвэл финалд Итали-Англи гэсэн дуэлийг сонирхогчид үзэхийг хүсч байгаа юм. Тэмцээний шөвгийн дөрвийн эхний тоглолт маргааш шөнө 03:00 цагт Итали-Испанийн өрсөлдөөнөөр эхэлж, нөгөөдөр 03:00 цагаас Англи-Данийн тоглолтоор дуусна. Ингээд шөвгийн наймын тоглолтын товч тоймыг хүргэе.
 
Бельги 1:2 Итали
 
Гоол: Барелла 31 дэх минут, Инсинье 44 дэх минут, Лукаку 45+2 дахь минут
 
2018 оны дэлхийн аваргын хүрэл медальт Бельгийн шигшээ баг дэлхийн дөрвөн удаагийн аварга Италитай тоглолоо. Хашир туршлагатай ч харьж яваа хамгаалалтын шугам, цус сэлбэсэн хурдтай довтолгоотой хоёр багийн тоглолт тун сонирхолтой эхэлж эхний гоолыг зочин багийн хувиар тоглосон Италийн Никола Барелла оруулав. Түүний араас Лоренцо Инсинье өөрийн гоцлон тоглолт, гайхалтай цохилтоор багтаа итгэл төгс тэргүүллийг авчирсан. Тэгвэл бельгичүүд амархан бууж өгөхгүй гэдгээ харуулж Лукаку гоолдов. Гэвч хоёрдугаар үед гоол орсонгүй. Бельгичүүд тооны харьцааг тэнцүүлэх гэж бүхнээ дайчилсан ч Роберто Манчинигийн тактик, эгнээ хамгаалалт ашгаа өгч тоглолт дууссан. Ингэснээр Италичууд шөвгийн дөрөвт шалгарсан бол Лукаку, Эден Азар, Алдервайрелд, Вертонген, Куртуа, Де Брюне, Витцел, Мертенс тэргүүтэн гэртээ харихаар болов. Италийн шигшээ 13 дахь дараалсан ялалтаа байгуулж шигшээ багийнхаа шинэ амжилтыг бичиж байна. Дээрх хоёр баг хасагдах шатанд анх удаа таарсан нь энэ байлаа. Тэд таван жилийн өмнө буюу Евро-2016-гаар хэсгийн шатанд таарахад италичууд 2:0-ээр хожиж байв. 2019 оны аравдугаар сараас хойш ялагдаагүй байсан Бельгийн цуврал энэ хүрээд зогссон бол италичууд 2018 оны есдүгээр сараас хойш 32 тоглолтод ялагдаагүй явна.
 
Швейцарь 1:1 Испани
 
Гоол: Закари 8 дахь минут (авто гоол), 68 дахь минут Шакири. Торгуулийн цохилт 1:3
 
Дэлхийн аваргуудыг буулган авсан швейцарчууд, дэлхийн аваргын мөнгөн медальтнуудыг хожсон залуу Испанитай тоглолоо. Тоглолтын турш испаничууд бөмбөг эзэмшин довтолсон бол швейцарьчууд хамгаалан сөрөг довтолгоо эрэлхийлсээр үндсэн цаг, цаашлаад нэмэлт цаг 1:1-ээр өндөрлөв. Ингэснээр швейцарьчууд хасагдах шатны хоёр тоглолт дараалан торгуулийн цохилт цохихоор болсон. Гэвч тэд Францын эсрэг цохисон тоглогчдоо яг тэр дарааллаар нь гаргасан нь алдаа болж Испанийн хаалгач Унай Симон хоёр ч цохилтыг нь хааснаар испаничууд шөвгийн дөрөвт үлдэх нь тэр. Дээрх хоёр баг ЕАШТ-д анх удаа таарсан нь энэ ажээ. Харин ДАШТ-д гурван удаа хоорондоо таарч тоглож байсныг хөлбөмбөг сонирхогчид мэдэх биз. Түүхэндээ бүх тэмцээний хүрээнд 22 удаа таарахад испаничууд ердөө нэг л удаа хожигдсон байдаг.
 
Украин 0:4 Англи
 
Гоол: Харри Кейн 4, 50 дахь минут, Магуайр 46 дахь минут, Хэндерсон 63 дахь минут
 
2018 оны дэлхийн аваргын шөвгийн дөрөвт үлдэж байсан англичууд Украины шигшээг илт давуугаар буулган авлаа. Англичууд шөвгийн дөрөвт шалгарснаар үлдсэн тоглолтоо Лондон хотод, гэртээ хийхээр болов. Тэмцээн эхэлснээс хойш таван тоглолтод англичууд хаалгандаа нэг ч гоол алдаагүй бөгөөд тэдний түүхэн амжилт болон хаалгач Жордан Пикфордын нэр дээр бичигдлээ. Өмнөх нөхөрсөг тоглолттой нийлээд Английн шигшээ баг долоон тоглолт дараалан гоол алдаагүй анхны тохиолдол болжээ. Дасгалжуулагч Гарэт Саутгейт шигшээ багийг ДАШТ болон Европын аваргын хагас шигшээд хүргэсэн хоёр дахь дасгалжуулагч болсон байна. Түүний өмнө 1966, 1968 онд Алф Рамзи энэ амжилтыг үзүүлж байжээ. Англиас Харри Кейн хоёр гоол оруулснаар сүүлийн 26 тоглолтдоо 27 гоолд шууд оролцоод байна. Тэрбээр 18 гоол оруулж 9 гоолын дамжуулалт өгчээ.
 
Чех 1:2 Дани
 
Гоол: Делани 5 дахь минут, Долберг 42 дахь минут, Шик 49 дэх минут
 
Шөвгийн наймд хүрнэ гэж хэн ч таамаглаагүй хоёр баг хоорондоо тулж хэсгээсээ арай ядан гарсан даничууд хожлоо. Тэд тоглолтын эхний хоёр гоолыг хийж тэргүүлсэн бөгөөд үлдсэн цагт үр дүнгээ хамгаалж хагас шигшээд шалгарлаа. Чехээс Патрик Шик гоол оруулснаар энэ тэмцээний тав дахь гоолоо бичүүлж мэргэн буучдын жагсаалтыг Роналдугийн хамт тэргүүлж байна. Чехүүд өмнөх ЕАШТ-д Данийн шигшээг хоёр дараалан буулган авч байсан ч энэ удаа чадсангүй. Хоёр багийн сүүлийн зургаан тоглолтын тав нь тэнцээгээр өндөрлөж байжээ. Чехийн шигшээ ЕАШТ-д дөрөв дэх удаагаа шөвгийн наймд үлдсэн гэх амжилттайгаар тэмцээнээ дуусгаж байна.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин