sonin.mn
"Утасны анд" булангаараа “Токио-2020” олимпийн наадамд оролиох эрх аваад буй залуу тамирчинг онцолж байна. Түүнийг Болдсайханы Хонгорзул гэдэг. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн спортод цахиур хагалж буй залуу тамирчин бөгөөд саяхан Казахстан улсын Алматы хотод зохион байгуулсан олимпийн эрх олгох тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль, олимпийн эрх хүртсэн юм. Ирээдүйтэй тамирчин охин шаргуу хөдөлмөрлөсний эцэст ирэх зун Токиог зорих болзлоо хангаад байна.
 
 
-20 насандаа олимпийи наадмын эрх авсан сэтгэгдэл ямар байв?
 
-Мэдээж олимпийн эрх авсандаа баяртай байгаа. Гэхдээ амжилтандаа ханах болоогүй. Гэрийнхэн болон С.Мөнхдуулдах багш маань миний барилдаан бүрийн лайвыг үзэж, хажууд байгаа мэт л догдолж байсан гэсэн.
 
-Анх спорттой яаж холбогдов?
 
-Анх сургуулийнхаа чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ялагдчихсан. 38 кг-ын жиндээ хожигдчихсон юм. Тэгээд шарандаа биеийн тамирын хичээлийнхээ багшаас гуйсаар байгаад дээд жиндээ өрсөлдөж, мөнгөн медаль авч байлаа. Тэр үед С.Мөнхдуулдах багштайгаа таарахад “Маргааш бэлтгэлд ирээрэй” гэсэн. Багшийн хэлснээр маргааш бэлтгэл дээр нь очиход аль нь жүдо, аль нь чөлөөт бөх гэдгийг нь ялгаагүй. Тэр цаг үеэс хойш л тасралтгүй чөлөөт бөхийн спортоор хичээллэж байна даа.
Сургуулийн тэмцээнд анги бүрээс заавал нэг хүүхэд орох ёстой гээд л би орсон. Биеийн тамирынхаа хичээлд дуртай байсан тул тамирын багш “Хэн чөлөөт бөхийн тэмцээнд орох уу?” гэхээр нь “Би оръё” гээд хэлчихсэн. Тэрнээс өмнө бол барилдах талаар юу ч мэддэггүй, чөлөөт бөх, жүдогоо ялгадаггүй байлаа. Телевизээр чөлөөт бөхийн тэмцээн уралдаан гарч байвал сувгаа сольдог байсан бол одоо алгасч чаддаггүй.
 
-Чухал барилдаануудын өмнө хэрхэн өөрийгөө бэлддэг вэ?
 
 
 
-Барилдааны өмнө сандарч, түгшихээсээ илүү бие халаалтдаа төвлөрдөг. Тамирчин хүний хувьд бие халаалт гэдэг чухал. Тиймээс бие халаалтаа л сайн хийхийг хичээдэг. Мөн жингээ зөв хасч, жиндээ орох чухал байдаг.
 
 
 
Тэмцээн дөхөөд ирэхээр өөр зүйлд ч сатаарахгүй, өдрийн хоёр бэлтгэлдээ анхаарлаа хандуулдаг. Өөр зүйл дээр ч нервтээд байдаггүй дээ.
 
-Хэнээс хамгийн их үлгэр жишээ, урам зориг авдаг вэ?
 
-Хувь хүн талаасаа бол С.Мөнхдуулдах багшаасаа хүн яг ийм байх ёстой юм байна гэдэг ойлголтыг авдаг. Харин тамирчин хүн талаасаа шигшээ багийнхаа ах эгч нараасаа үлгэр дуурайлал авдаг. Ялангуяа О.Бурмаа эгчийгээ их хүндэлдэг.
 
- Мэдээж ойрын зорилго олимпоос медаль авах байх. Харин амьдралын хамгийн том зорилго, мөрөөдөл?
 
 
 
-Олимпийн аварга болчихоод гэр бүлтэйгээ дэлхийгээр аялмаар байна.
 
 
 
Ялангуяа далайн орнуудаар явж үзмээр байна. Бид гадаад руу тэмцээнд явдаг ч гэсэн тухайн орноороо аялах нь ховор. Бараг зааланд нь очиж барилдаад л буцаад ирдэг.
 
 
Б.Тамир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин