sonin.mn
Европын хөлбөмбөгийн шилдэг 12 клубын удирдлагууд Европын Суперлиг гэдэг нэрийн дор тусдаа аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна гэдгээ зарлан мэдэгдсэнийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ болон бусад томоохон холбоод эрс буруушааж байна.
ФИФА-гийн албан тушаалтнуудын дүгнэн хэлснээр, дээрх шийдвэрийг санаачилсан хүмүүс хөлбөмбөгийн спортыг "элит ба бусад" гэсэн хоёр хэсэгт хувааж, эв нэгдэл, хүртээмжтэй байдал, шударга байдал, санхүүгийн шударга хуваарилалт гэсэн хөлбөмбөгийн үндсэн зарчмуудыг үл тоомсорлож байна.
Гадаадын хэвлэлүүдэд бичиж байгаагаар, “хувьсгалыг өдөөгч клубүүд”-ийн тоонд Английн "Арсенал", "Челси", "Ливерпуль", "Манчестер Юнайтед", "Манчестер Сити" ба "Тоттенхем", Италийн "Милан", "Интер" ба "Ювентус", түүнчлэн Испанийн "Атлетико Мадрид", "Барселона" ба "Реал Мадрид" багтаж байгаа ажээ. Удахгүй тэдэн дээр дахин 3 клуб нэмэгдэх ба чухам ямар клубууд вэ гэдэг талаар тодорхой мэдээлэл алга. Эдгээр 15 баг Суперлигийн үндэс суурийг бүрдүүлж, түүний бодлогыг тодорхойлох болно гэж клубүүдийн удирдагчдын хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
 
Лигийн аварга шалгаруулах анхны тэмцээнийг боломж бүрдсэн даруйд зохион байгуулах болно гэж бүх 12 багийн цахим хуудсанд бичсэн бол Америкийн хөрөнгө оруулалтын JPMorgan банк тэмцээнийг санхүүжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
 
“Газар хөдлөлт”, “төрийн эргэлт”, “урвалт шарвалт”
 
“Хамгийн агуу клубүүд, тоглогчдыг нэгтгэснээр Суперлиг нь Европын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээж байна. Ингэснээр дэлхийн түвшинд тэмцээнийг зохион байгуулж, санхүүгийн илүү өргөн дэмжлэгийг авах боломжтой болно” гэж Суперлигийн дэд ерөнхийлөгч бөгөөд “Манчестер Юнайтед” клубыг хамтран тэргүүлэгч Жоэл Глейер мэдэгдлээ.
Харин ФИФА-гийн мэдэгдэлд дурдсаныг үзвэл “олон улсын хөлбөмбөгийн бүтцээс гадуур байгуулагдсан, хөлбөмбөгийн хамгийн чухал зарчмуудыг үл хүндэтгэж буй тус лигийг ФИФА дэмжихгүй” гэжээ.  Түүнчлэн УЕФА болон тухайн 12 баг харьяалагддаг үндэсний хөлбөмбөгийн холбоод, дээд лигүүдийн удирдлагууд дургүйцлээ илэрхийлсэн байна. Мөн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Суперлиг байгуулах санаачилгыг шүүмжилжээ.
Дургүйцэж буй хүмүүсийн үзэж байгаагаар, шинэ Суперлиг байгуулагдсан нь зөвхөн санхүүгийн ашиг олох гэсэн сонирхлоос үүдэлтэй бөгөөд ийм лиг нь олон улсын аварга шалгаруулах бусад тэмцээнийг хуваарийг зөрчиж, үндэсний дээд лигүүдийн оршин тогтнох үндсийг бусниулах ажээ.
 
 
 
 
“Ливерпуль”, “Тотенхэм” клубүүдийн төвийн довтлогч байсан Дэнни Мерфи хэлэхдээ, Суперлигийг байгуулах нь “хүйтэн цэвдэг шийдвэр” гэсэн бол “Манчестер Юнайтед” багийн ахлагч асан Гари Невилл-ийн хувьд болж буй үйл явдал нь “жигшмээр муухай зүйл” ажээ. Английн шигшээ багийн хамгаалагч асан Рио Фердинанд-ын үзэж байгаагаар, Суперлиг байгуулах шийдвэрийн улмаас юуны түрүүнд хөгжөөн дэмжигчид хохирох болно.   
 
 
 
Хөгжөөн дэмжигчдийн холбоод, ялангуяа Английн фанатууд Европын Суперлиг байгуулах явдлыг эрс шүүмжлэн эсэргүүцэж байна. Шинэ лиг байгуулах шийдвэрийг дэлхийн хэвлэлүүдэд “газар хөдлөлт”, “хувьсгал”, “олон улсын хөлбөмбөгт гарсан төрийн эргэлт” гэх мэтээр янз бүрээр зүйрлэн бичиж байгаа юм.
 
Суперлигийн үйл ажиллагаа хэрхэн явагдах вэ?
 
Тус лигийн тэмцээнийг үндэсний аварга шалгаруулах тэмцээнүүдийн завсарлагаар, жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн ба эхний тэмцээн нь энэ онд багтаж явагдах бололтой. Тэмцээнд нийтдээ 20 клуб оролцох ба тэдгээрээс 15 нь үндсэн багууд, бусад тав нь өмнөх улирлын тэмцээний дүнгээр шалгарсан багууд байх юм.
Эдгээр 20 баг нь арав арваараа хоёр хэсэгт хуваагдах ба хэсгийн шилдэг 3 баг плейф-оффын шатанд автоматаар шалгарна. Үлдсэн хоёр багийг 4 ба 5 дугаар байр эзэлсэн багуудын хоорондын тоглолтын дүнгээр тодруулах ажээ.
 
 
Суперлигийн дарга Флорентино Перес
 
Европын Суперлигийн даргаар “Реал Мадрид” клубын ерөнхийлөгч Флорентино Перес сонгогдсон бол 4 дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг Андреа Аньелли ( "Ювентус"-ын ерөнхийлөгч), Жоэл Глейзер ("Манчестер Юнайтед"-ын хамтран тэргүүлэгч), Жон Уилльям Генри ("Ливерпуль"-ийн эзэн), Стэн Кронке ("Арсенал"-ын эзэн) нар хашихаар болжээ. Ингэснээр Суперлигийн удирдлагад Их Британи, Испани, Италийн төлөөлөл сонгогдсон байна. Цаашдаа эрэгтэйчүүдийн тэмцээнийг зохион байгуулсны дараа эмэгтэйчүүдийн Суперлигийг байгуулна гэж санаачлагчид мэдэгдсэн аж.
 
Болзошгүй үр дагаврууд
 
Суперлигт багтах клубуудыг үндэсний аварга шалгаруулах, Европын АШТ болон дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцуулахгүй гэж УЕФА болон ФИФА мэдэгдэж байгаа. Түүнчлэн дээрх клубүүдийн тоглогчид үндэсний шигшээ багтаа тоглох боломжгүй болно гэдгийг мөн анхааруулжээ.
Гэсэн хэдий ч эдгээр мэдэгдлийг бодитойгоор хэрэгжүүлэх нь тийм ч амар хэрэг биш, хэрэгжүүлэхийг оролдох аваас нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ гэдгийг спортын салбарын шинжээчид анхааруулж байна. Жишээ нь, хөлбөмбөгийн түүхэн дэх шилдэг довтлогчдын нэг Криштиану Роналду гэхэд Италийн “Ювентус”-т тоглодог, гэтэл Португалын хөлбөмбөгийн холбоо түүнийг улсынхаа шигшээ багт тоглуулахаас татгалзана гэдгийг төсөөлөхийн ч аргагүй билээ.  
 
 
Одоохондоо УЕФА, ФИФА хоёрын мэдэгдэл эвлэршгүй чанга хатуу мэт байгаа боловч асуудлыг зохицуулах цорын ганц арга зам бол хэлэлцээ мөн гэж шинжээчид үзэж байна. Шинэ Суперлиг байгуулах нь одоо төлөвлөгөө төдий зүйл биш, бодит хэрэг болсон, ийм учраас хөлбөмбөгийн байгууллага бүтцүүдийн хувьд бүгдээрээ хүлээн зөвшөөрөхүйц стратегийг боловсруулж эхлэх хэрэгтэй байна.
Элитийн лиг байгуулагдаж магадгүй гэсэн яриа хөөрөө 20 гаруй жилийн турш сонсогдсоор байгаа бөгөөд уг асуудлаар яриа хэлэлцээ явагдаж байгаа тухай 2018 оны 11 дүгээр сард Германы нэгэн сонинд эх сурвалжаас иш татан бичиж байлаа. Харин тухайн үед олон улсын хөлбөмбөгийн холбоодын удирдлага уг мэдээллийг төдийлөн анхаарч үзээгүй бололтой.
 
Б.Адъяа
Эх сурвалж: ВВС